| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04631/И |
| Дугаар | 101/ШШ2023/04773 |
| Огноо | 2023-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2023/04773
2023 11 01 101/ШШ2023/04773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах ******* төв ХХК /РД: *******/-д холбогдох
43,942,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.******* нь 2022 оны 08 сарын 30-ны өдөр ******* төв ХХК-тай харилцан тохиролцож тус компанийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 43-р байрны 14 давхрын F загварын, 63,47 м.кв талбайтай 2 өрөө бүхий 1406 тоотын орон сууцыг захиалан бариулахаар дугаартай орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулсан.
Тус гэрээний 2.1-т орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2,400,000 төгрөг, нийт 152,328,000 төгрөгийн үнэтэй байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу Н.*******ээс дараах төлбөрүүдийг гүйцэтгэгч ******* төв ХХК-ийн Хаан банкны тоот данс руу шилжүүлжээ.
2022 оны 09 сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг, нөхөр А. данснаас,
2022 оны 09 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, нөхөр А. данснаас,
2022 оны 10 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн данснаас,
2022 оны 11 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн данснаас,
2022 оны 12 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн данснаас,
2023 оны 01 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн данснаас,
2023 оны 02 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн данснаас,
2023 оны 03 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн данснаас,
2023 оны 04 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, өөрийн дансаас тус тус шилжүүлж гэрээний төлбөрт нийт 40,500,000 төгрөгийг шилжүүлээд байгаа билээ.
Захиалагч Н.******* нь 2023 оны 05 сарын 08-ны өдөр гүйцэтгэгч ******* төв ХХК-тай уулзаж барилгын явцтай танилцахад орон сууцны барилга захиалан бариулах гэрээнд заасан Гео 43 блокын барилга баригдаж эхлээгүй, гэрээний 1.2-т заасан орон сууцны барилгыг 2023 оны 04 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулахаар тохиролцов гэх тохиролцоо хангагдах ямар ч боломжгүй, нөхцөлтэй байсан тул захиалагчийн зүгээс гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,500,000 төгрөгийг буцаан авах хүсэлт гаргасан.
Гүйцэтгэгч тал болох ******* төв ХХК-ийн зүгээс татгалзлыг хүлээн авч 2023 оны 05 сарын 08-ны өдөр 23/1-79 дугаартай албан бичиг үйлдэж 40,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 20,250,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 31-ний өдөр, үлдэгдэл төлбөр болох 20,250,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 10-ны дотор Н.*******ийн Голомт банкны тоот дансанд төлж барагдуулахыг энэхүү албан бичгээр илэрхийлж байнагэсэн боловч дээрхи хугацаануудад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй.
Талууд гэрээний 4.7, 9.4 дэх заалтуудаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 20,250,000 төгрөгийн 10 хоногийн алданги 1,012,500 төгрөг, 40,500,000 төгрөгийг 12 хоногийн алданги 2,430,000 төгрөг, нийт 3,442,500 төгрөгийн алданги нэхэмжлэхээр байна.
Иймд хариуцагч ******* төв ХХК-иас гэрээний төлбрт шилжүүлсэн 40,500,000 төгрөг, алданги 3,442,500 төгрөг, нийт 43,942,500 төгрөгийг гаргуулж Н.*******т олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* төв ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Н.*******ийн нэхэмжлэлтэй ******* төв ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүлээн аваад эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна.
Н.******* нь ******* төв ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын Баганат 43 төслөөс 14 давхрын 63,47 м.кв талбайтай, 2 өрөө бүхий 1406 тоот орон сууцыг захиалан бариулахаар болж тус компанитай 2022 оны 08 сарын 30-ны өдөр дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу график гарган тухайн орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлөх ёстой байсан бөгөөд тус гэрээний 2.1.1-т заасны дагуу 2022 оны 09 сарын 03-ны өдөр урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Энэ нь түүний нэхэмжлэлд дурдсан төлбөрийн эргэн төлөлтийн нөхцлөөс харагдаж байгаа бөгөөд гэрээний төлөлтийг хэрхэн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар гэрээг цуцлах санаачлага гаргаагүй бөгөөд компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд эдийн засгийн нөхцөл байдал, барилгын үнийн өсөлт зэргээс хамаарч удаашралтай явагдаж байгаа болно. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж энэхүү захиалгын гэрээний биелэлтийг хангах зорилгоор ажлаа гүйцэтгэж байгаа болно.
Манай компанитай байгуулсан гэрээний зүйл заалт дээр төсөл хэрэгжүүлэгч орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд захиалагч талд хүлээлгэн өгнө гэж гэрээлсэн бөгөөд гэрээний хүлээн өгөх хугацаа дуусаагүй бөгөөд дуусаагүй байхад гэрээний 4.7 болон 9.4 хэсгийг үндэслэн алданги нэхэмжилж буй үндэслэлгүй юм.
Эдгээр гэрээний заалтын алданги утга зүйн өөр нөхцөл байдлыг илэрхийлсэн алдангийн зохицуулалт юм. Захиалагч тал гэрээг цуцлах хүсэлтэй байсан бөгөөд бидний байгуулсан гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хойш цуцлах бол гэрээний нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх торгууль төлөх төлбөрийн буцаалтыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа олгоно.
Манай компани нь Иргэний хуулийн 205 дугаар зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй. Тийм учраас үндэслэлгүй нэхэмжлэлийг биелүүлэх боломжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 08 сарын 30-ны өдрийн дугаар бүхий орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ, орон сууц захиалгын гэрээний эргэн төлөлтийн хуваарь, А., Н.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Орон сууц захиалгын гэрээний төлбөр төлсөн баримтууд, ******* төв ХХК-ийн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 23/1-79 тоот Гео 43 блокын 1406 тоот байрны захиалагч Н.******* танаа гэсэн мэдэгдэл, өмгөөлөгч Д.*******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч ******* төв ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Э.ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* төв ХХК-д холбогдуулан 43,942,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Үндсэн төлбөр 40,500,000 төгрөг,
Алданги 3,442,500 төгрөг,
Захиалагч Н.******* нь гүйцэтгэгч ******* төв ХХК-тай 2022 оны 08 сарын 30-ны өдөр тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч ******* төв ХХК нь Баянзүрх дүүрэг, орон сууц, үйлчилгээний зориулалттай тоотын орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,
Захиалагч нь орон сууцны байрны 1 м.кв-ын үнэд 2,400,000 төгрөг, нийт 152,328,000 төгрөг төлөхөөр, захиалагч төлбөрийн урьдчилгаа 30,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 03-ны өдөр, үлдэгдэл 122,328,000 төгрөгийг хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүрийн 7-ны өдөр 48 сарын хугацаанд төлөхөөр талууд тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2022 оны 08 сарын 30-ны өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 сарын 30-ны өдрийн гэрээний 2.1-т Гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй орон сууцны 1 м.кв талбайн үнэ 2,400,000 төгрөг бөгөөд 63,47 м.кв талбайн нийт үнэ нь 152,328,000 төгрөг болно. Энэ үнэд НӨАТ орсон болно,
2.1.1-т Захиалагч нь төлбөрийн урьдчилгаа 30,000,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 03-нд, үлдэгдэл 122,328,000 төгрөгийг хавсралт 1-д тусгасан графикийн дагуу 48 сарын турш сар бүрийн 7-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов,
2.4-т Захиалагч тал нь төлбөрийг бэлэн бусаар хийсэн тохиолдолд Хаан банк төгрөгийн тоот дансанд шилжүүлж гүйцэтгэгч талд мэдэгдэнэ. Ингэхдээ гүйлгээний утганд блокын дугаар-хаалганы тоот, захиалагч овог нэр, утасны дугаарыг тусгана. График төлөлттэй бол гүйлгээний утгын хамгийн ард хэдэн сарын төлбөр гэдгийг бичнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч буюу захиалагч Н.******* нь орон сууц захиалгын гэрээний 2.4-т зааснаар гүйцэтгэгч ******* төв ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд А. Хаан банк дахь тоот данснаас 2022 оны 09 сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг,
мөн А. дээр дурдсан данснаас 2022 оны 09 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг,
Голомт банк дахь тоот данснаасаа 2022 оны 10 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг,
2022 оны 11 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг,
2022 оны 12 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг,
2023 оны 01 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг,
2023 оны 02 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг,
2023 оны 03 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг,
2023 оны 04 сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 40,500,000 төгрөгийг төлсөн болох нэхэмжлэгч Г.*******ийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч ******* төв ХХК энэ талаар маргаагүй болно.
А., Н.******* нар нь гэр бүл болсноо 2012 оны 07 сарын 04-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 10-20, 39 дүгээр тал/
Захиалагч Н.******* нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөг, мөн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийг 2023 оны 04 сарын 07-ны өдөр дуустал тус тус хуваарийн дагуу төлсөн ба тэрээр 2023 оны 05 сарын 08-ны өдөр барилгын явцтай танилцахад барилгын ажил эхлээгүй, барилгын суурийг ухаагүй, гэрээгээр тохирсоны дагуу орон сууц 2023 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд өгөх тохиролцоо хангагдах ямар ч нөхцөлгүй байсан тул гэрээний үнэд төлсөн мөнгөө буцаан авах хүсэлтийг гүйцэтгэгч ******* төв ХХК-д гаргасан талаар гүйцэтгэгч маргаагүй.
/ХХ-ийн 20 дугаар тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдсэнн нь дээр дурдсан баримтаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба хариуцагч гэрээгээр тохирсоны дагуу 2023 оны 04 дүгээр улиралд байрыг ашиглалтанд оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахааргүй тул захиалагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Гүйцэтгэгч ******* төв ХХК нь захиалагч Н.*******т хүргүүлсэн 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 23/1-79 тоот мэдэгдэлдээ:
Манай компани Гео 43 блокын 1406 тоот байрны захиалагч Норжмаа овогтой *******ийн байр захиалгын буцаалтын нийт төлбөр болох 40,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 20,250,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 31-ний өдөр, үлдэгдэл төлбөр болох 20,250,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 10-ны дотор Н.*******ийн Голомт банкны тоот дансанд төлж барагдуулахыг энэхүү албан бичгээр илэрхийлж байна.
Жич: Төлбөрийг тус дансанд бүрэн шилжүүлснээр гэрээг цуцласанд тооцно гэжээ.
/ХХ-ийн 20 дугаар тал/
Хариуцагч ******* төв ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй захиалагч Н.******* гэрээнээс татгалзан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлт гаргасныг гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч уг мөнгийг тодорхой хугацаануудад буцаан өгөхөө илэрхийлсэн байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4-т заасан нийт төлбөрийн 1 хувийг үйлчилгээний зардалд болон борлуулалт саатуулсны төлбөрийг захиалагч хариуцах үндэслэлгүй.
Хариуцагч тал эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлтөөс барилгын ажил удаашралтай байгаа гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ нь талуудын харилцан тохиролцон байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Мөн хариуцагч тал Н.*******ийг төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх тайлбарыг гаргасан ба тэрээр 2022 оны 09 сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг төлөхөөс мөн өдөр нь 15,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, захиалгын гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу сар бүрийн 7-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлөхөөр байсан бөгөөд 2022 оны 10 сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг төлсөн нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага болно.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
Хариуцагч ******* төв ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч Н.*******т хохирол учирсан гэж үзэхээр бөгөөд гүйцэтгэгч ******* төв ХХК нь Н.*******т гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,500,000 төгрөгөөс 20,250,000 төгрөгийг 2023 оны 05 сарын 31-ний өдөр, үлдэгдэл 20,250,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 10-ны дотор түүний Голомт банк дахь тоот дансанд төлөхөөр зөвшөөрч тайлбараа гаргасан ба хариуцагч талын хүлээн зөвшөөрсөн хугацаагаар нэхэмжлэгч талд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй.
20,250,000 төгрөг*0,5 хувь=101,250 төгрөг / 1 хоног/,
2023.05.31-2023.06.10-ний өдөр хүртэл 10 хоног /дараагийн 20,250,000 төгрөгийг өгөх өдөр/,
40,500,000 төгрөг*0,5 хувь=202,500 төгрөг /1 хоног/,
2023.06.10-2023.06.22-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 12 хоног,
Нийт 3,442,500 төгрөг. /1,012,500+2,430,000/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.
Хариуцагч ******* төв ХХК-ийн гүйцэтгэх үүрэг 40,500,000+1,012,500+2,430,000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч ******* төв ХХК-иас 43,942,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй.
2023 оны 10 сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минутанд товлосон хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч ******* төв ХХК-ийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс хуралдааныг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 16 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
/ХХ-ийн 20-25 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг ба хариуцагч ******* төв ХХК-итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь гадаад улсад зорчих болсон тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч ******* төв ХХК-иас 43,942,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404,663 төгрөгөөс 377,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 27,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, хариуцагч ******* төв ХХК-иас 377,663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3. Тус шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18536 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* төв ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 43,942,500 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН