Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0190/З |
Дугаар | 128/ШШ2023/0638 |
Огноо | 2023-08-22 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2023/0638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК /РД:/
Хариуцагч: С*******эст холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг залруулж бүртгэхийг даалгахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ж ХХК нь тус шүүхэд хандан Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Ж ХХК-аас С*******эст гаргасан хүсэлтэд тус хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1456 дугаар албан бичгээр ...шимтгэл төлөлтийн тайланг захирал Ц.Гын гарын үсэг, байгууллагын тамгаар баталгаажуулан ирүүлснийг нийгмийн даатгалын байцаагч хянан баталгаажуулсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй... гэх хариу өгсөн.[1]
2.2.Мөн Н*******арт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 01/98 дугаар хүсэлт гаргасныг тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/340 дүгээр албан бичгээр ...тухайн цаг үедээ хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэж үзэн шимтгэлийн тайлангаа өгч байсан бөгөөд цагдан хоригдсон асуудал үгүй учир...нийгмийн даатгалын шимтгэлээ зөвхөн ажил олгогчийн төлөх хувиар төлнө гэсэн нь хуулийн үндэслэлгүй...Нийгмийн даатгалын сангаас сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалтад нийцэхгүй... гэсэн агуулга бүхий хариу өгчээ.[2]
2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д Харин Ц.Г нь 2015 оны 09 дүгээр сараас хойших хугацааны тайланг нь хуулиар тогтоосон хугацаанд гаргах, даатгалын байгууллагад хүргүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гээд, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ж******* ХХК-иас С*******эс, мөн дүүргийн Т*******эст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С*******сийн Ж******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 сараас 2015 оны 08 сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.[3]
2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаас үзвэл, Ж ХХК нь БНХАУ-ын иргэн Y, M, J, W, Монгол Улсын иргэн Ц.Г нарын хувьцаа эзэмшигч гишүүдтэй[4] бөгөөд хөрөнгө оруулагч нар нь даатгуулагчийн хувиар 2011 оны 05 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдож байна.[5]
2.5. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт 1 дэх заалтад ...прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Год холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
2.6. Мөн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ...Ц.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.О, Б.Б, Ё.Э нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар мөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
2.7. Харин Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар ...Ц.Гыг П.Иг хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэх үндэслэлээр Ц.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.8. Дээрх шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар Ц.Гыг 274 хоног цагдан хоригдсоныг дурдаж, 6 дахь заалтаар Ц.Год урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг дурдсан байна.[6]
2.9. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын дагуу иргэн Ц.Г нь 274 хоног цагдан хоригдсон болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны ******* дугаар магадлалаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлыг Ц.Год олгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тус тус тогтоогдож байна.
2.10. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г нь ... Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлээ ...эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх нь тодорхойгүй хугацаанд хөрөнгө оруулагч нар 2011.01-2014.09 сар дуустал хугацаанд даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар ажил олгогч, ажилтан тооцож төлсөн[7]...эрүүгийн шүүхийн 2019 оны ******* тогтоолоор Ц.Гыг цагаатгаж, цагдан хоригдсон хугацааны нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулсан тул дээрх хугацааны шимтгэлийг 8 хувиар тооцож залруулж бүртгэх үндэслэлтэй... гэж тайлбарлан маргадаг.
2.11. Хариуцагч талаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Эрүүгийн хуулийн 253.1-ийн хэрэг нь цагаатгагдсан гэдэг асуудал яригдсан. Хоёрдугаарт 148 дээр цагаатгагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа гэх зүйлчлэлээр хэрэгсэхгүй болгосон гэдэг шийтгэх тогтоолын үндэслэлүүд байгаад байгаа юм. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ******* тоот шийтгэх тогтоолоор иргэн П.Иг хуурч 20.000.000 залилан авсан үйлдэл нь цагаатгаагүй... 2014 оноос эхлээд цагдан хоригдсон нотлох баримт хавтаст хэрэгт байгаа юм байна. Би үүнийг дутуу харсан байна. Яагаад 2010 оноос цагдан хоригдсон гэдэг агуулга яриад яваад байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна ... зэрэг агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг бүхэлд нь зөрчиж Ж******* ХХК-ийн захирал Ц.Гыг 2011 оноос огт үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүдэн шүүж, хэргээс нотлох баримт устгаж, засварлан, өөр баримт нөхөж бүрдүүлэн тус компанийн ашигт малтмалын 7304 тусгай зөвшөөрлийг эзэмших Монгол Улсын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 696 дугаартай шийдвэрийг хууль зөрчиж хүчингүй болгосон прокурор, шүүгч нарын үйлдэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул Ж******* ХХК 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сар дуустал хугацааны цалингийн шимтгэлийг даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар ажил олгогч ажилтан хоёроор тооцож тайланд тусгасан байсан. Эрүүгийн шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай тогтоол дээрх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж, Хүний эрхийн Үндэсний комиссоос Улсын Ерөнхий прокурорт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн 3/10 дугаартай шаардлага нь Ц.Гыг эрүүгийн хэрэгт холбогдуулж 10 жилийн хугацаанд 9 удаа шалгахдаа нийт 274 хоног цагдан хорьж, хорих ангид 3 сар ял эдлүүлж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж, түүний олон улсын гэрээ конвенц болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй дархан байх, гэм буруугүйд тооцогдох эрхүүдийг нь ноцтой зөрчсөн гэж дүгнээд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаартай тогтоолд Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлбөр гаргуулж олгосон. Мөн Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, С*******сийн 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 08 сар дуустал хугацаанд тасарсан тайланг нөхөж бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож тайланг нөхөж бүртгэхийг хариуцагчид даалгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төрөөс хүний эрх, эрх чөлөө, бусад баталгаа, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн хохирлыг төр хариуцаж арилгана гэж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-т Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан тэтгэвэр, тэтгэмж болон бусад эрхээр нөхөн сэргээлгэх эрхтэй гэж, 2019 оны Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг мөрдөнө гэж, мөн Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд хэнд ч эрүү шүүлт тулгах, хэнтэй ч хэрцгий хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэх ёсгүй гэж, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9 дүгээр зүйлд хууль бусаар хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй гэж, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 14 дүгээр зүйлд оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах эрхийг хүлээн зөвшөөрнө гэж тус тус заасан. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2-ын г-д хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнөх авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуй нэгж байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан бөгөөд мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуульд мөн энэ талаар тодорхой тусгасан. Шүүх уг Эрүүгийн хуулийн 253.1 гэсэн үйлдэл холбогдлыг цагаатгасан Хүний эрхийн Үндэсний комиссын дүгнэлт гарсан. Засгийн газрын нөөц газраас нөхөн төлбөр олгосон хуулийн тодорхой заалтууд байхад хариуцагч Ж******* ХХК-ийн тайланг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцож залруулж бүртгэхгүй байгаа нь тухайн аж ахуй нэгжийг хохироож байна гэж үзэж байна. Иймд С*******сийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1456 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, Ж******* ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны тайланг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон залруулж гүйцэтгэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хурал дээр хэлж байсан. Эрүүгийн хуулийн 253.1-ийн хэрэг нь цагаатгагдсан гэдэг асуудал яригдсан. Хоёрдугаарт 148 дээр цагаатгагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа гэх зүйлчлэлээр хэрэгсэхгүй болгосон гэдэг шийтгэх тогтоолын үндэслэлүүд байгаад байгаа юм. Иргэн Ц.Г нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар яаж төлөх вэ гэдгээ асар сайн мэдэж байгаа. Энэ дүрэм журамд заасан үүргээ биелүүлэх, төлөх үүрэгтэй гэдгээ ч мэдэж байгаа. Хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан гээд байгаа. Өмнөх хурал дээр ч би ингэж хэлж байсан. Дахиад давтаад хэлье. ******* дугаар шийтгэх тогтоол дээр цагаатгагдсан зүйл байхгүй. 148-аараа хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон гэдэг агуулгыг би яриад байгаа юм. Тэгэхээр Хүний эрхийн Үндэсний комиссын 2022 оны тайланг бариад онц ноцтойгоор зөрчсөн гэдэг асуудал яригдах уу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Засгийн газраас нөхөн төлбөр олгосон гэж байна. Энэ юуг үндэслэж олгосон бэ гэдэг талаар Ц.Г бид хоёр өмнөх хурал дээр маргаж байсан юм. Хууль зүйн сайдаас гарсан нэг тогтоол байна лээ. Энийгээ Ц.Г авсан бол нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өр төлбөрийг зохих хугацаагаараа төлөөд явахгүй боломж байсан байна гэж хоёулаа ингээд яривал яримаар юм байх юм ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн агуулгаар нь авч үзвэл, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтад ... захиргааны акт гаргуулахыг даалгах ..., 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах ... нэхэмжлэлийн төрлийг сонгон маргаж байна.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: гээд, 1 дэх заалтад "даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 7 дахь заалтад шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг; гэж заажээ.
3. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ: гээд, 2 дахь заалтад шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх; гэж, 19 дүгээр зүйлд Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх талаар дараахь эрх эдэлнэ: гээд, 4 дэх хэсэгт илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах; гэж тус тус зохицуулжээ.
4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэгэн зарчим байхаар заажээ.
5. Мөн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын[8] 2.г-д хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн даатгалын санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ; гэж журамлажээ.
6. Хууль тогтоомжийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа хуулийн этгээд нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээснийхээ хувьд шимтгэл төлөгч байх, харин тухайн хуулийн этгээдэд хөдөлмөрийн болон бусад төрлийн гэрээ байгуулан тодорхой чиг үүрэг гүйцэтгэж буй хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь даатгуулагч болох бөгөөд тэдгээр нь хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн бол уг хугацаанд ногдох даатгуулагчийн шимтгэлийн тооцоололд залруулга хийлгэх, энэ талаар шүүхэд маргах эрхээ хэрэгжүүлж шийдвэрлүүлэх боломжтой байна.
7. Энэ тохиолдолд шүүх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үүднээс тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, эсхүл хилс хэргээр хорих ял эдэлсний улмаас энэ нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэх, хувьцаа эзэмшигч нарт хамаарах даатгуулагчийн үүрэгт нь энэ нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг тодруулах учиртай байна.
8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс дараах үйл баримтууд тогтоогдов. Тодруулахад:
9. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 425, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу Ж******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Г нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 274 хоног цагдан хоригдсон талаар тус тус дурдсан байх бөгөөд энэхүү хугацааны тооцоололд талуудын хэн аль нь маргаагүй.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу шүүхийн шийтгэл тогтоолоор тогтоогдсон цагдан хоригдсон хугацааг дахин нотлохгүй.
11. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт 1 дэх заалтад ...прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Год холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
12. Мөн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ...Ц.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.О, Б.Б, Ё.Э нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар мөн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь уг захиргааны хэргийн үйл баримтад цаг хугацааны хувьд шууд хамааралтай байна.
13. Харин тус шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар ...Ц.Гыг П.Иг хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэх үндэслэлээр Ц.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[9] нь уг захиргааны хэргийн үйл баримтад цаг хугацааны хувьд хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.
14. Учир нь, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Цы 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор эрүүгийн ******* дугаар хэргийг Ц.Г нь П.Ид хуурч орон сууцыг 120.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч мэхэлсэн... гэх үндэслэлээр үүсгэсэн байх бөгөөд энэ хэргийг шүүх цагаатгаж шийдвэрлээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
15. Хэдий тийм боловч дээрх үйл баримт нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Гыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон хугацааг үгүйсгэхээргүй байна.
16. Нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 274 хоног цагдан хоригдсон, мөн холбогдох эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болж, цагаатгагдсан байх тул дээрх хугацаанд хамааралтай хэсгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж шүүх үзлээ.
17. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа, тайлангийн үүрэг нь сараар явагддаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хуанлийн сарыг бүтнээр бодон даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон залруулахыг даалгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал гэх хугацаанаас 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарны 01-ний өдрөөс 2015 оны оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарах цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул уг нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, мөн зүйлийн 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хугацаанаас 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарны 01-ний өдрөөс 2015 оны оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ