Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 471

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар магадлалтай, Б.О-д холбогдох 1833000000001 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.О-ы гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Хархорин дахь сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт  тус тус зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 09 сарын 02-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Б-н О.

Б.О- нь 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө *** тоотод иргэн Б.О-, Л.Г- нарыг хутгалж, олон тооны шарх, гэмтэл учруулж,онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа Б.О-тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 31 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг эвдлэн гарч, оргон зайлсан,

Мөн Б.О-тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө *** тоотод орших иргэн С.Х-ийн гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 2 хос гутал хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Б.О-ыг хоёр хүнийг онц харгис хэрцгийгээр хутгалж алахыг завдсан, оргон зайлах, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6-д зааснаар Б.О-д 12 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.О-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 18 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 13 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 175 хоногийг хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.О-т оногдуулсан 18 жил 5 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.О-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,999,862 төгрөг гаргуулан Б.О-д олгож, хохирогч Л.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохирол 20,000,000 төгрөг, хохирогч Б.О- сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 6 дугаар заалтуудыг өөрчлөн найруулж,

3 дугаар заалтыг “3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4-д заасныг баримтлан Б.О-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хорих ялаар тогтоосугай” гэж,

6 дугаар заалтыг “6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.О-д оногдуулсан 18 жил 5 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.О- гаргасан гомдолдоо “... Би  миний үйлдсэн хэргийг бусдыг санаатай алахыг завдсан үйлдэл гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад Б.О- болон хохирогч Л.Г- нарыг алах санаа зорилго байгаагүй.

Би О-тай 2016 онд танилцсан. Бид хоёр дотно харьцаатай байсан ба гэр бүл болно, сууна гэж ярьдаг байсан.

Би О-тай Г-г хардаж түүний цээж рүү хутгалсан, түүний араас хөөсөн, мөн Оюунбадамыг ч олон удаа хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан буруугаа ч хүлээн зөвшөөрч байна.

Надад тэдний амь насыг хохироох алах санаа зорилго надад байгаагүй хэдий ч анхан шатны шүүх бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл байсан гэж дүгнэсэнтэй маргаагүй. Хохирогч нарын эрүүл мэнд сайжирсан байгаа тул завдсан үйлдэлд 5, 6 жилээс хэтрэхгүй ял оноох байх гэж бодож байсан. Гэтэл надад энэ үйлдэлд дээд хэмжээгээр нь 12 жилийн ял оноосонд гомдолтой байна. Одоо надтай хамт цагдан хорих байранд хоригдож байгаа бусдыг санаатай алсан хүн 8 жилийн хорих ял авчхаад сууж байгаа, миний үйлдлийн улмаас хохирсон хохирогч нар эрүүл саруул болчхоод явж байхад надад оногдуулсан ял хүндэдсэн байна гэж үзэж байна.

Миний үйлдлийн зүйл ангийг өөрчилж, хүндрүүлж ял сонсгох үед ээжтэйгээ уулзъя, хүнээс авах мөнгөний авлага авч хохирогч нарт өгье гэж бодож оргосон нь үнэн. Миний энэ үйлдлийн улмаас мөрөөрөө ажлаа хийж явсан албан тушаалтан нарын нэг нь албан тушаал буурч, нэг нь халагдсанд маш их харамсаж байна. Оргох явцдаа эзэнгүй гэрт нэвтрэн орж тэнд байсан пүүзийг авч өмссөн буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Шүүхээс надад 15 жил хорих ял оногдуулж, эдгээр ял дээр өмнө тэнсэн суллагдсан 3 жил 5 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 18 жил 05 сар 13 хоногийн хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би хэргийн талаар бүх л үнэнийг хүлээн мэдүүлсэн. Миний мэдүүлэг хохирогч Г-н шүүх хурал дээр мэдүүлсэн хэрэг гарахын өмнөх шөнө түүний ажлын газрынхан нийлж тэдний гэрт архидсан гэсэн мэдүүлгээр нотлон тогтоогдож байгаа. О-м энэ хүмүүстэй нийлж архидаж байхдаа шөнийн 3 цагын үед над руу залгасан, өдөр нь намайг өөрөө Хөтөлд хүрээд ир гэж дуудсан, ирэхэд надаас зугтаж Г-н гэрт орж нэг цаг орчим ирэхгүй алга болсон, хаалгаа онгойлгож өгөөгүй, ороход түүнтэй хамт газарт хэвтэж байсан зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгаад шүүх дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

Бусдын бие эрхтэнд халдаж хүнд гэмтэл учруулсан миний буруу гэдэгтэй маргахгүй байгаа хэдий ч энэ гэмт хэргийг гарахад хохирогчийн надтай сууж амьдарна гэж хуурч надаар тэжээн тэтгүүлж, миний сэтгэлээр тоглож байсан тодорхой хэмжээний буруу байгаа гэж би үзэж байна.

Би хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна. Миний ээж одоо 75 настай биеийн эрүүл мэнд сайн биш байдаг. Надаас болж ээж маань их шаналж, зовж байгаад их харамсаж байна. Би өөрийн буруугаа ойлгон гэмшиж байна. Иймд миний үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь заалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, хорих ялын дээд хэмжээнээс тооцож, ял оногдуулсан нь буруу байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайн гэмт хэрэг, мөн хуулийн 21.11 дүгээр зүйлд 1-д заасан цагдан хорих байрнаас яллагдагч оргон зайлсхийсэн гэмт хэргийг н.О-тай бүлэглэн үйлдсэн.

Анхан шатны шүүх бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлаагүй. Шүүгдэгч нь өмнө нь 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 181 дүгээр зүйлийн 181.2, 181.2.5, 279 дүгээр зүйлийн 279.1-д заасан үйлдэлдээ 18 жилийн хорих ял, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжаар 3  жил  5 сар 13 хоногийн өмнө тэнсэн суллагдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтыг барьж, нэмж, нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тооцсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар ял дүйцүүлэх асуудалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Хэрэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж нарыг хуулбарлан хавсаргасан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэг, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэг нь баримтаар авагдаагүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О-ы гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд Б.О- нь 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт Дөмбөнгийн За-5 тоотод иргэн Б.О-, Л.Г- нарыг хутгалж, олон тооны шарх, гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр алахыг завдсан,

Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа Б.О-тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цаг 31 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг эвдлэн гарч, оргон зайлсан,

Мөн Б.О-тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Жимстэй хороолол 6-08 тоотод орших иргэн С.Х-ийн гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч 2 хос гутал хулгайлсан гэмт хэргийн үйлдлүүдийн талаар шалгавал зохих асуудлыг гүйцэд шалгаагүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байж прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь илт хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх ёстой бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.О-ы хохирогч Б.О-, Л.Г- нарыг онц харгис хэрцгийгээр алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа завдсан болон төгс үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага, зарчмыг харгалзан үзэлгүй, хорих ялын хугацааг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ шүүгдэгч Б.О-ыг хорих байрнаас оргон зайлах болон орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг Б.О-тай бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал бий болсон байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүхүүд шүүгдэгч Б.О-д ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 13 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй бөгөөд түүнд 2004 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлж, дүйцүүлэн шийдвэрлэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, уг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулжээ.  

Тодруулбал, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 07 ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэг бүрэн биш буюу нотолгооны шаардлага хангаагүй, мөн тус шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэг байхгүй зэрэг нь Б.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж ялыг дүйцүүлэн хасч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй үндэслэл мөн тул цаашид анхаарч ажиллах талаар тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН