Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/MA2017/0276

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0276

Улаанбаатар хот

 

Г.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нарангарав нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Нямдаваагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргад даалгаж, тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Нямдаваад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан 88 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 371 333 төгрөгийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.Нямдаваад олгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болон бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтний албан тушаалуудын аль нэгэнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулж, томилох талаар хариуцагчаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд гаргаагүй тохиолдолд тус Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх ажлын байранд инженерийн мэргэжилтэй хүн ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзаагүй, “бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн“ гэж албан тушаалын ангилал салсан бодит нөхцөлийг нэхэмжлэлд дурдагдаагүй нөхцөлийг шүүхийн шийдвэрт тусгаж хариуцагчид захиргааны шинэ актыг гаргахыг даалгасан шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр үйл ажиллагаа гэж үзэж байна.

... Тус байгууллагад ажиллах мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага өндөрсгөх, тодорхой албан тушаалтны хувьд давхар мэргэжилтэй байх ажлын шаардлагыг бий болгосонтойгоор нэхэмжлэгчийн ажиллах ажлын байранд тавигдах шалгуурт “Холбооны инженер” буюу IТ болон Оптик инженерийн нарийн мэргэжил шаардагдах болсныг байгууллагын зохион байгуулалт, дүрэм болон бүтэцдээ тогтоож өгөх шаардлага байгааг, өмнө албаны чиг үүргийг тодорхойлсон хэм хэмжээг харгалзаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн үгээр, шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Нямдаваагаас “Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих дансанд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага гаргажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/45 дугаар захирамжаар байгуулагдсан Худалдан авах ажиллагааны алба нь өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг орон нутагт хуулийн дагуу зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан бөгөөд тус албаны даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаар тушаалаар худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилогдсон Б.Нямдаваа нь худалдан авах ажиллагаанаас гадна програм хангамж, нягтлан бодогчийн ажил үүргийг давхар гүйцэтгэж байсан, тангараг өргөж, ТЗ-5 шатлалаар цалинжсан төрийн жинхэнэ албан хаагч байжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг тогтоохдоо Орон нутгийн өмчийн газарт Худалдан авах ажиллагааны алба харьяалагдахаар зааснаар Завхан аймгийн Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар урьд бие даан ажиллаж байсан Худалдан авах ажиллагааны албыг татан буулгаж, тус албыг Орон нутгийн өмчийн газарт харьяалуулан, үйл ажиллагааных нь дүрмийг баталжээ.

Шинэчлэн баталсан Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагааны дүрмийн 1.2-т “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт заасан чиг үүргийг Худалдан авах ажиллагааны алба хэрэгжүүлэхээр, өөрөөр хэлбэл, тус албаны чиг үүргийг өөрчлөлгүй Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд нийцүүлсэн төдийгүй тус албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдсан, зөвхөн мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарийг шинэчлэн тогтоосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 дүгээр захирамжаар байгуулагдсан Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны газар нь дарга, бараа зөвлөх үйлчилгээний худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн, ажил худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, нийт 4 орон тоотойгоор батлагдсан нь өмнөх худалдан авах ажиллагааны албаны дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн-2 гэсэн орон тоотой харьцуулахад албаны мэргэжилтний орон тоо хэвээр хадгалагдсан байна.

Хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актаар Г.Нямдавааг давхар эрхэлж байсан ажил үүрэгтэй нь холбогдуулж програм хангамж, төлөвлөлт хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна“ гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /хууль дээдлэх/, 4.1.5 /төрийн алба мэргэшсэн тогтвортой байх/-д заасан зарчимд нийцээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Үүнээс гадна шүүх нэхэмжлэгч Г.Нямдаваа шинэ бүтцээр батлагдсан мэргэжилтний албан тушаалын алиных нь шалгуур үзүүлэлтийг илүү хангаж байгаа эсэхийг тодруулж, түүнийг уг албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэх, үүний тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 /шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, тухайн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх/-д зааснаар захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс тухайн шийдвэрт гомдоогүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу уг шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэснээ шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгаагүй, тухайлбал, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих дансанд төвлөрүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг шийдвэрлээгүй, захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг өөр агуулгаар ойлгогдохоор тусгагдсан зэргийг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “69 дүгээр зүйлийн” гэсний өмнө “46 дугаар зүйлийн 46.2” гэж нэмж, “олгосугай” гэснийг “олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтын “болсонд тооцсугай” гэснийг “болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                                  Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР