Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00864

 

“Эрдкон инжиниринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01737 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 839 дүгээр магадлалтай,

“Эрдкон инжиниринг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох

Гэрээний үүрэгт 249 033 147 төгрөг гаргуулах, барилгын цахилгаан, дулааны узель байрлаж буй суурийн давхрын 2 өрөөг эзэмших, үнэ тарифыг тохиролцсон гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ширчинлхүндэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар, Н.Хангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдкон инжиниринг” ХХК нь 40 000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт 50 айлын орон сууц барих барилгын ажлыг гүйцэтгэхээр орон сууцны санхүүжилтийн корпорацитай /одоогийн Төрийн орон сууцны корпораци/ 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2007/22 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр захиалагч Орон сууцны санхүүжилтийн корпораци нь 700 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэгч “Эрдкон инжиниринг” ХХК нь борлуулалтаа хариуцан дээрх хөрөнгө оруулалтыг буцааж төлөхөөр тохиролцсон байсан. Захиалагчийн хүсэлтээр Сангийн яамнаас хөрөнгө оруулалт санхүүжилтийн журмыг өөрчилсөн гэсэн шалтгаанаар өмнөх 2007/22 тоот гэрээг шинэчлэн 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2008/2-18 тоот гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр захиалагч нь гүйцэтгэгчид төсвийн үнээр санхүүжилт олгож, орон сууцны борлуулалтыг захиалагч дангаараа хийх, ингэхдээ захиалагч нь барилгын суурь, зоорийн хэсгийн 134 286 000 төгрөгийг төсөвт өртгөөс хасаж, зоорийн хэсгийг гүйцэтгэгч борлуулахаар нийт 816 590 519 төгрөгийн санхүүжилтийг олгохоор гэрээнд тусгасан. Захиалагч тал хүлээсэн үүрэг болох хөрөнгө оруулалт буюу мөнгөөр санхүүжилт хийх үүргээ 1912 хоног /5 жил 3 cap/-оор хэтрүүлсэн зөрчил гаргасан. Барилгын ажлыг 2008 оны 2008/2-18 тоот гэрээгээр тухайн ондоо дуусгахаар байсан боловч захиалагч санхүүжилтийг хугацаанд нь олгохгүй байснаас шалтгаалж тэдний хүсэлтээр гэрээг нэмэлт гэрээгээр 2 удаа сунгаж байсан. Барилгыг ашиглалтад оруулах хугацаа хожимдож байсан хугацаанд барилгын орц, материалын үнэ хэд дахин өссөн. Бид Орхон аймаг дахь Капитал банкны салбараас 30 000 000 төгрөгийн зээл авах, бусдаас барилгын материал зээлээр авах, өөрсдөө хөрөнгө оруулах зэргээр хичээж ажиллаж барилгыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Захиалагч нь 50 айлын орон сууцны 1 м.кв-ыг 609 000 төгрөгөөр үнэлж, орон сууц захиалагчид борлуулсан. Манай компани захиалагчаас 2008 оны ажилд олгогдсон үнийн зөрүү 105 900 000 төгрөг ороод нийт өртөг 924 596 560 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татвар 84 054 233 төгрөгийг хасахад 840 542 237 төгрөг болж барилгын 1 м.кв-ыг нь 342 379 төгрөгөөр барьсан. Барилга барих хугацаа сунжирч байх хооронд Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 дугаар тушаал гарч барилгын ажилчдын цалинг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1,9 дахин, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263 тоот тушаалаар ажилчдын цалинг 2 дахин өсгөсөн. Захиалагч үе шаттай хөлс төлж, санхүүжүүлэх үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлж байснаас шалтгаалан барилгын ажлын явц удааширч, ажил зогсох байдал бий болсноос анх 45-50 ажилтан ажиллуулж байсан компанийн хувьд ажилчдаа цөөрүүлж, улмаар манаач, мастер гэх мэт 3-4 ажилтан ажлын талбай дээр цалингүй ажиллаж үлдсэн. Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 тоот тушаалаар олгогдох барилгын ажилчдын цалингийн өсөлтийн зөрүүд олгогдоогүй 103 617 852 төгрөг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 тоот тушаалаар цалингийн өсөлтийн зөрүү олгогдоогүй 103 617 852 төгрөг бүх өсөлтөөр нийт 207 235 704 төгрөгийн алдагдал гүйцэтгэгч талд үүссэн. Цалингийн өсөлтийг гэрээнд тусгаагүй явдал бол захиалагч тал тухайн үед нь шийдвэрлэнэ гэж байсан ба нэмэгдэл хөлсийг ажлын гүйцэтгэлийг үндэслээд шийднэ гэсэн боловч шийдээгүй. Хөрөнгө оруулалт удаашруулж байгаатай холбогдуулан бид Орхоноос Улаанбаатарт олон удаа ирсэн, н.Алдаржавхлан дарга биднийг хүлээн авахаа больсон. Мөн захиалагч талд 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан ч бидэнд түүний хариуг өгөөгүй. Цалингийн өсөлтийн зөрүүг тогтоосон Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 дугаар тушаал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 тоот тушаал зэрэг нь талуудын хооронд байгуулсан гэрээнд шууд үйлчлэх ёстой. Мөн “Эрдкон инжиниринг” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн байхад тухайн үеийн захиалагч болон одоогийн эрх залгамжлагч Төрийн орон сууцны корпораци нь санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 26 378 385 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлэхгүй байна. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил, 16 дугаар зүйлийн 16.1.3-т Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах гэсэн хуулийн заалтууд нь барилгын талаар шаардлага гаргах 3 жилийн хугацаа бөгөөд энэ хугацаанд гэрээний үлдэгдэл санхүүжилт болох мөнгийг саатуулах эрх байхгүй. Анх 2008 онд Орон сууц санхүүжилтийн корпорацитай байгуулсан гэрээний 3.7-д “баталгаат хугацаа нэг жил байна” гэж заасан ба “баталгаат хугацааны барьцаа нийт үнийн дүнгийн 1 хувь байна” гэж заасан. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад баталгааны мөнгө гэж санхүүжилтийн үлдэгдлийг саатуулах эрх байхгүй. Түүнчлэн, магадлашгүй ажлын зардал 15 419 058 төгрөгийг баримттайгаар гаргаж өгсөн боловч олгоогүй байна. Магадлашгүй ажилд аянганаас хамгаалах газардуулгад 2 916 058 төгрөгийн, 00-ийн өрөөний алчуур хатаагчид 2 500 000 төгрөгийн, фасаадны будаг хийхтэй холбогдсон ажилд 8 980 000 төгрөгийн, орцны давхар хаалга, саравчны ажилд 1 023 000 төгрөгийн ажил, хөлс багтаж байгаа. Хариуцагч талтай нийт санхүүжилтийн хэмжээний хувьд маргаан байхгүй. Иймд ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан цалингийн өсөлтийн зөрүү 207 235 704 төгрөг, магадлашгүй ажлын зардал 15 419 058 төгрөг, гэрээний санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 26 378 385 төгрөг, бүгд 249 033 147 төгрөгийг хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү. Одоогийн хариуцагч нь Орон сууц санхүүжилтийн корпорацийн эрх залгамжлагч бөгөөд энэ талаар өөр хэргийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолд Орон сууц санхүүжилтийн корпорациийн эрх загамжлагчийн хувьд хариуцагчаар татсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас барилгын цахилгаан, дулааны узель байрлаж буй суурийн давхрын 2 өрөөг эзэмших, үнэ тарифыг тохиролцсон гэрээ байгуулахыг даалгуулах хэсгээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдкон инжиниринг” ХХК болон Орон сууц санхүүжилтийн корпорацийн хооронд 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2008/2-18 тоот Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан. 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн барилгын гол төрлийн цемент, арматур, тоосго, блокны үнийн зөрүүд 77 247 041 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор тохиролцсон. Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 тоот тушаалын хүрээнд олгогдох барилгын ажилчдын цалингийн өсөлтийн зөрүүд олгогдоогүй 103 617 852 төгрөг, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 тоот тушаалаар цалингийн өсөлтийн зөрүү олгогдоогүй 103 617 852 төгрөг буюу бүх өссөн дүнгээр 207 235 704 төгрөг шаардсан нь үндэслэлгүй юм. Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 тоот тушаал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 тоот тушаалаар тус тус барилгын ажлын төсөв зохиоход хэрэглэх барилгын ажилчдын цалингийн жишгийг баталсан бөгөөд эдгээр нь 40 000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэгч буюу захиалагч талд гэрээний санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх үүрэг хүлээлгэсэн тушаал биш байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 тоот тушаалд “барилгын ажил гүйцэтгэх гэрээнд үнэ, тарифын өөрчлөлтийг тусгахаар заасан тохиолдолд шинэчлэн тооцож, харилцан тохиролцож хэрэглэхийг барилгын захиалагч, гүйцэтгэгч байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй” гэсэн. Хоёр талын гэрээнд үнэ, тарифын ялангуяа, ажлын хөлсний өөрчлөлтийг тусгахаар заагаагүй юм. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 263 тоот тушаалын хувьд бол барилгын ажилчдын тогтвор суурьшил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд энэ нь хоёр талын гэрээний үнийн тохируулга болохгүй. Мөн энэ нь гүйцэтгэгч байгууллагын дотоодын асуудал буюу ажилтан, албан хаагчаа тогтвортой байлгахад хамааралтай. Цалингийн үнийн өсөлтийг хэрхэн тооцсон нь тодорхой бус, өөрөөр хэлбэл, тус компани хичнээн ажилтантай, ажил, албан тушаалын байдлаас цалин яаж өссөн зэрэг нь ажилчидтай байгуулсан цалингийн үнийн өсөлтийн өмнөх болон дараах үеийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, тайлан балансаар нотлогдохгүй байна. Мөн цалингийн үнийн өсөлтөд тооцогдсон 207 235 704 төгрөгийг ажилчдын цалинд тооцогдож өгөгдсөн эсэх нь баримтаар нотлогдоогүй байдаг. Нэхэмжлэгч нэмэлтээр гаргаж өгсөн материалдаа цалингийн үнийн өсөлт тооцсон тухай тайлбар гаргасан бөгөөд тус тайлбараа туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээгээр баримтжуулжээ. Гэтэл цалингийн үнийн өсөлтийг гүйцэтгэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, төсвөөр бус хэдэн хүн, ямар хугацаанд, ямар цалингийн нөхцөлөөр ажиллаж байгаад үнийн жишиг өсгөсөн Барилга, хот байгуулалтын сайдын 210, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 263 тоот тушаалуудаар хэрхэн өөрчлөгдсөн, тус өссөн буюу өөрчлөгдсөн цалингийн жишгийн дагуу ажилтнууд цалингаа авсан эсэх тухай материал хэрэгт өгөгдөөгүй байна. “Эрдкон инжиниринг” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэх явцад нийтдээ 4 удаа магадлашгүй ажлын актыг үйлдэж 15 715 625 төгрөгийн зардлыг баталгаажуулсан байх бөгөөд эдгээр актад зааснаар улсын байцаагчийн тавьсан шаардлагын дагуу барилгын гадна талын ханыг дахин будаж шохойдох, ажлын төсөвт ариун цэврийн өрөөнд алчуур хатаагч тусгагдаагүйгээс уг ажлыг гүйцэтгэх, техникийн комиссын тавьсан шаардлагаар орцны хоёр хаалгыг давхар болгож бүргэд хаалга нэмж суулгах зардлыг магадлашгүй ажлын зардалд оруулахаар шийдвэрлэжээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Барилгын норм ба дүрэм батлах тухай 181 тоот тушаалаар батлагдсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.47-д “Магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэлт зардлын нөхөн төлбөрт зориулна. Үүнд, Боловсруулагдсан зураг төсөл батлагдсаны дараа, ажлын зургаар ажлын хэмжээг тодотгосон тодотгол, төслийн баримт бичиг батлагдсаны дараа ирүүлсэн төсвийн арифметик болон бусад алдаа, төслийн шийдлийн өөрчлөлт” гэж заасан. Ажил гүйцэтгэгч нь магадлашгүй ажлын зардалд оруулж тооцсон дээр дурдсан гүйцэтгэсэн ажлыг захиалагч албан ёсоор акт үйлдэн хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг захиалагч байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, баримтаар магадлашгүй ажил болох нь тогтоогдсон, захиалагчаас зөвшөөрөл авсан байх ёстой ч эдгээрийг хангасан нотлох баримт байхгүй. Тухайлбал, барилгыг улсын комисс хүлээн авах үед гарсан шаардлагаас орцны саравчны багана хийсэн байх жишээтэй. Ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын комисс ажиллуулж, барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 16 дугаар зүйлийн 16.1.3-т тус тус заасны дагуу барьцаа хөрөнгийн үлдэгдэл 26 378 385 төгрөг нь зөвхөн барилгыг чанар, стандартын шаардлагыг хангуулан ашиглалтад оруулахад зарцуулагдах ёстой. Хоёр тал тооцоо нийлээд хэн хэн нь тодорхой хугацаа хэтрүүлсэн байна гэдгийг зөвшөөрөөд энэ тал дээр хэн алиндаа хариуцлага хүлээлгэхгүй байхаар тохиролцсон. Ажил гүйцэтгэгч талд шилжүүлсэн санхүүжилт болон санхүүжилтээс 26 378 385 төгрөгийг “Эрдкон инжиниринг” ХХК-д шилжүүлэн өгөөгүй гэдэг талаар маргаангүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн бүртгэл хүчинтэй хэвээр байгаа тул манай байгууллага эрх залгамжлан авсан гэж үзэхгүй бөгөөд жинхэнэ хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01737 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан, хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас 26 378 385 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдкон инжиниринг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 222 654 762 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан “Эрдкон инжиниринг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 404 599 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 289 842 төгрөг гаргуулж “Эрдкон инжиниринг” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 839 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “Эрдкон инжиниринг” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 272 706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хариуцагчаас санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 26 378 385 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин Улсын Дээд шүүхийн 2015 оны 537 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн үндэслэлийг заахдаа зөвхөн гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар тохиролцсон” гэж үзсэнийг учир дутагдалтай гэж заасан байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээнд 2 дахь удаагаа буюу 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа “барилгыг ашиглалтанд оруулж хүлээлгэж өгөх хугацааны үнэд тохируулга хийхгүй байхаар тохиролцов” гэснийг үндэслэл болгоод Барилга, хот байгууллагын сайдын 2007 оны 210, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалуудаар өсгөх ёстой цалингийн нэмэлт өөрчлөлтийг энэхүү “нэмэлт өөрчлөлт”-д заагаагүй, эдгээр тушаалтай холбогдуулж ажлын хөлс буюу төсөв нэмэгдүүлэх тухайгаа ажил гүйцэтгэгч захиалагчид мэдэгдээгүй гэжээ. Энэ нь доорх үндэслэлээр үндэслэлгүй болох нь нотлогдоно. Үүнд яамдын сайдын тушаалуудаар цалин, ажлын хөлс нэмэгдүүлэн тогтоох үүрэг зөвхөн ажилд гүйцэтгэгчийн үүрэг биш. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй. Яамдын сайдын тушаалаар барилгын ажилчдын цалинг өсгөхөөр заасныг талуудын хоорондын гэрээнд орж буй өөрчлөгдсөн нөхцөл байдал. Уг тушаалууд нь нийтээр дагаж мөрдөх эрхийн актад хамаарах тул гүйцэтгэгч, захиалагч аль аль нь сайдын тушаалуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг авах үүрэгтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн ажил гүйцэтгэгч захиалагчид энэ тухай мэдэгдээгүй гэж заажээ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан 2 талын үүрэг боловч гүйцэтгэгч “Эрдкон инжиниринг” ХХК 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот албан бичиг, Барилга хот байгуулалтын яамны 2007 оны 210 дугаар тушаалаар цалин өссөн фондыг тусгасан, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот албан бичиг зэргээр болон бие хүмүүс томилолтоор явуулж шаардаж мэдэгдэж байсныг удаа дараагийн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгчид үгүйсгээгүй.

Хариуцагч ажил гүйцэтгэгчийн удаа дараагийн санал шаардлагад хариу өгдөггүй, үүнийгээ үгүйсгэдэггүй, ийнхүү хариу өгөөгүй нь “Дуугүй байх иргэний эрх зүйн зөвшөөрлийн зарчим”-д нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар тодорхой тайлбарласан ч шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Уг тушаалуудад тушаалын зорилгыг тодорхойлохдоо барилга байгууламжийн төсөвт цалингийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, барилгын ажилчдын тогтвор суурьшил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр тодорхойлжээ. Тушаалуудад барилгын ажилчдын цалингийн жишгийг “шинэчлэх”, “өөрчлөх” гэж зааснаас үзэхэд 2 байгууллагын хооронд байгуулсан дээрх гэрээнд шууд хамаарна, барилгыг ашиглалтад оруулаагүй байхад тушаалууд гарсан, тушаалуудад “өмнө барьж эхэлсэн барилын ажилчдын цалинг нэмэгдүүлэхгүй” гэж хязгаар тогтоогоогүй, шууд үйлчлэхээр заасан. Шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг үндэслэж сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар “Эрдкон инжиниринг” ХХК ажлын хөлсний зөрүү шаардах эрхгүй, Яамдын сайдын 210, 263 тоот тушаалууд барилгын ажилчдын цалинг өсгөсөн нь ажил гүйцэтгэгчид ажлын төсөв нэмэх шууд эрх олгохгүй гэж үндэслэлгүй, эсрэг дүгнэлт хийсэн. Шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан Иргэний хуулийг буцаан хэрэглэх үндэслэлээр хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах мэт дүгнэлт хийж гэрээнд өөрчлөлт оруулахыг үгүйсгэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн. Барилгыг 2012 оны 07 дугаар сард хүлээлгэн өгч гэрээ хэрэгжих хугацаанд 210, 263 тоот тушаалууд хамаарч байгаа тул хууль эрх зүйн актыг буцаан хэрэглэх тухай асуудал тухайн маргаантай харилцаанд хамааралгүй. Хэргийн 22 дугаар талд авагдсан цалингийн зөрүү 207 325 704 төгрөгийн тооцоог нотолсон шийдвэрт дурдсан ажлын цагийн баланс, цалин олгох хүснэгт, үндсэн ба туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн. Эдгээр баримтуудад хийсэн тооцоог хэрэгт хавсаргасан, харин эдгээр баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага 207 253 704 төгрөгөөс 15 000 000 төгрөгөөр дутуу тооцоо гарч буй ч хэргийн 22 дугаар талд авагдсан 210, 263 дугаар тушаалуудыг үндэслэн тооцож нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй.

Шүүх магадлашгүй ажлын зардал 15 419 058 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй. “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”-ийн 6 дугаар бүлгийн 6.48-д “Тогтмол үнээр тохирсон гэрээгээр гүйцэтгэсэн ажлын тооцоонд магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийн хэмжээг ажлыг хүлээн авах актаар тодорхойлно” гэж заасан. 2 талын гэрээг дүгнэсэн акт, тооцоог үүнд хамааруулах үндэслэлтэй. Тооцоог захиалагч зөвшөөрөхгүй байсаар 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн өдрийн орон сууцны барилгын гүйцэтгэлийн тооцоогоор баталсан, хариуцагчийн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж магадлашгүй ажлын зардал 15 419 058 төгрөг болохыг тодорхойлсон боловч олгодоггүй. Аянганаас хамгаалах газардуулагч 2 916 058 төгрөг, алчуур хатаагч 2 500 000 төгрөг, фасаадын будгийн ажил 8 980 000 төгрөг, орцны саравчны тулгуур, давхар хаалга 1 023 000 төгрөг нийт 5 төрлийн эдгээр ажлын тооцоо хэрэгт авагдсан. Хэргийн 2 дугаар талд авагдсан магадлашгүй ажлын зардлын талаарх тайлбар, эдгээр 5 төрлийн ажлын фото зургийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн, хариуцагч хэргийн материалтай танилцаад үгүйсгэсэн тайлбар, баримт ирүүлээгүй. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан хийх хүртэл хангалттай хугацаанд талууд хэргийн материалтай танилцсан байсан. Ажил гүйцэтгэгчийн магадлашгүй ажлын зардал тооцсон хүчин зүйлүүд дээрх дүрэмд заасан хүчин зүйлсэд хамаарахгүй гэж хариуцагч удаа дараагийн шүүх хуралдаанд А үгүйсгээгүй, хэрэгт үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй, “зөвшөөрөхгүй” гэж ерөнхийлөн тайлбарладгыг ахнаарч үзнэ үү. Захиалагч 2007, 2008 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн барилгыг санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа 5 жил 3 сараар алдагдсан, энэ талаар маргадаггүй, тооцоог хэрэгт хавсаргасан, энэ хугацаанд барилгыы материалын үнэ их хэмжээгээр өсч шинээр байгуулагдсан компанийн хувьд хүн хүч, хөрөнгө материалгүй болж, Капитал банкнаас 30 000 000 төгрөг, бусдаас 102 700 000 төгрөгийн барилгын материал зээлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар 26 000 000 төгрөгийн өртэй, туслан гүйцэтгэгч нарт цалингийн их хэмжээний өртэй, 2012 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэрэг хүндрэлтэй байдалд орж компани дампуурахад хүрээд байна.

Ажил гүйцэтгэгч барилгыг 1 м.кв-г нь 243 379 төгрөгөөр барьсан, захиалагч 50 айлын орон сууцыг 1 м.кв-г нь 609 000 төгрөгөөр борлуулснаас үзэхэд их хэмжээний ашиг олсон нь тодорхой байна. Шүүх Иргэний хуулийн тусгай ангид тодорхой зохицуулалт байхгүй нөхцөлд ерөнхий ангид заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Иймд гомдлыг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Эрдкон инжиниринг” ХХК нь хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдуулан цалингийн өсөлтийн зөрүү 207 235 704 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн дутуу 26 378 385 төгрөг, магадлашгүй ажлын зардал 15 419 058 төгрөг нийт 249 033 147 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч Орон сууцны санхүүжилтийн корпораци, хожим өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь 700 000 000 төгрөгийн санхүүжилт хийх, ажил гүйцэтгэгч “Эрдкон инжиниринг” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар хороололд 950 000 000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 50 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэх, орон сууцны борлуулалтыг хариуцан 700 000 000 төгрөгийг захиалагчид буцааж төлөхөөр тохирчээ.

Талууд дээрх гэрээг 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэн байгуулж, барилгын зоорийн хэсгийн 134 286 000 төгрөгийг төсөвт өртөгөөс хасаж, зоорийн хэсгийг гүйцэтгэгч хариуцан борлуулах, харин захиалагч 816 590 519 төгрөгийн санхүүжилтийг олгож, орон сууцны борлуулалтыг хариуцахаар тохиролцсон, нэхэмжлэгч барилгыг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

Талууд гэрээний хугацааг 2 удаа сунгасан, материалын үнийн өсөлтийн зөрүүд нэмэлт санхүүжилт олгохоор 2 удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 26 378 385 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төсөвт шууд тусгагдаагүй буюу магадлашгүй ажлын зардал нотлогдоогүй тул 15 419 058 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ.

Харин цалингийн өсөлтийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл нь захиалагч санхүүжилтээ гэрээнд заасан хугацаанд хийгээгүйгээс барилгын материалын үнэ, ажлын хөлсний үнэлгээ нэмэгдсэн, үүнтэй холбоотой Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210 дугаар тушаал, 2009 оны 263 дугаар тушаал гарсан гэж тодорхойлсноос үзэхэд төсөв нэмэгдсэн гэсэн агуулгаар бус захиалагч үүргээ хугацаандаа  биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзсэн байна. Тэрээр уг хохирлоо барилгын ажилчдын цалинг өссөн байдлаар тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр дүйцүүлэн тооцжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаас хойш захиалагчийн зүгээс санхүүжилтийг хугацаандаа хийгээгүйгээс ажлын үр дүн хугацаандаа бий болоогүй, 5 жилийн дараа буюу 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн, энэ хугацаанд барилгын материалын үнэ өссөн, ажлын хөлс нэмэгдсэн, тийм ч учраас талууд нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байсан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хохирлоо шаардах эрхтэй байна.

Захиалагч зөвшөөрч, ажил гүйцэтгэгчийн зүгээс баталсан барилгын ажлын төсөвт ажилчдын цалинг 77 976 499 төгрөг гэж тогтоосон байх ба нэхэмжлэгч нь уг төсвийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын  2007 оны 210 дугаар тушаалын дагуу 1,9 дахин өсгөж 103 617 852 төгрөг гэж, 2009 оны 263 дугаар тушаалын дагуу 2 дахин өссөн гэж дахин 103 617 852 төгрөг нийт 207 235 704 төгрөгийг шаарджээ. Түүнээс гадна өссөн дүнгээр  ажилчдадаа цалин олгосон гэх баримтуудыг шүүхэд өгсөн байна.

Талууд гэрээ байгуулснаас хойш барилгын ажил зогсолтын байдалтай байсан, 2009 оноос ажлыг зохих ёсоор хийж эхэлсэн байх тул цалингийн зөрүүг анх төсөвлөсөн 77 976 499 төгрөгийн зардлаас 2009 оны 263 дугаар тогтоолын дагуу 2 дахин өссөн гэж үзэхэд 155 952 998 төгрөгийн зардал  гарсан, нэхэмжлэгч ажилчдадаа өссөн дүнгээр цалин хөлс олгосон баримтуудаас үзэхэд хохирлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчид олгосон санхүүжилтэнд анх төсөвлөсөн цалингийн зардал 77 976 499 төгрөг орсон тул үлдэх 77 976 499 төгрөгөөр хохирсон гэж үзнэ.

Иймд хохирол 77 976 499 төгрөг, санхүүжилтийн дутуу төлбөрт 26 378 385 төгрөг, нийт 104 354 884 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 839 дүгээр магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/01737 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...26 378 385...” гэснийг “...104 354 884...” гэж, “...222 654 762...” гэснийг “...144 678 263...” гэж, 2 дахь заалтад “...289 842...” гэснийг “...679 724...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 272 706 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА