Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04808

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04808

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд******* регистрийн дугаартай,  тоотод оршин байх ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* иргэний бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох,

6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.******* нь тус компаниас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуу тусгаарлагчтай 110 ширхэг боодолтой нэг бүр нь 60,000 төгрөгийн үнэн бүхий чулуут хөвөнг нийт 6,600,000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд одоо хүртэл төлбөрөө өгөхгүй байгаа тул В.*******өөс 6,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгөн дүн бүхий өр төлбөрөө В.******* нь өөрөө хүлээн зөвшөөрч барагдуулна гэдэг боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлбөр барагдуулаагүй энэ талаар Цагдаагийн байгууллагад хандан шалгуулж 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1248 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, иргэний журмаар шийдвэрлүүл гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Нэхэмжлэгчээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/31 дугаартай Хариу мэдэгдэх хуудас-ыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч В.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагчаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбар нотлох баримт гаргаж өгч мэтгэлцээгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн хувьд дүгнэлт нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн бараа, материалын үнийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд гэрч Б. ... Рэс ХХК-ийн захирал , дэд захирал нар ирсэн хоорондоо юм ярьж байгаад яваад өгсөн үед ******* гэх хүн чулуут хөвөн авахаар ирж захиралтай уулзаад байсан ба захирал надад энэ залууд байгаа чулуут хөвөнгөө зээлээр өгчих өгсөн авсан гэсэн бичиг хийж өгөөрэй гэж хэлсний дагуу жижиг цаасан дээр 110 боодол шилэн хөвөнг 1 боодол нь 60,000 төгрөгөөр тохирч 6,600,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 15-нд Рэс ХХК-нд дансанд хийхээр тохирч өгсөн гэж, гэрч В.******* ... Тэгээд чулуут хөвөнгөө 110 боодлыг 60,000 төгрөгөөр тохиролцож нярав гэх хүнтэй цаасан хуудсан дээр гэрээ байгуулж зээлээр авсан. Тухайн үед төлбөрийг боломж муу байсан ба үргэлжлээд коронавирус гарч хөл хорио тогтоогоод ажил хийх боломжгүй болсон. Одоо төлж барагдуулна гэжээ. /х.х-ийн 8-11 дэх талд/

Дээрх баримтаар зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх хэлцлийн агуулга нь нэг талаас эд хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас үнэ төлөх үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Худалдан авагч В.******* нь гэрээний дагуу үнэ төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гараар бичсэн баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.*******өөс 6,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 120,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.*******өөс 120,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХЖАРГАЛ-Л