Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2024/00069/И |
Дугаар | 137/ШШ2024/00114 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2024/00114
2024 05 08 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ...-р хороо, ... хороолол, .... тоотод оршин суух, Б овогт Б-ын М /РД:.../, утас:..../-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .... дүүрэг, ...-р хороо, ... тоотод оршин суух, ... ажилтай, Г овогт Х-ийн Б. /РД: ..., утас:.../
Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, .... гудамж, .... тоотод оршин суух, А овогт Г-ийн О /РД:..., утас:..../
Хариуцагч: .... аймгийн .... сум, ... баг, .... гудамж, ... тоотод оршин суух, А овогт Б-ийн Г /РД:..., утас:.../ нарт холбогдох
Гэрээний үүрэг, алданги 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгч төлөөлөгч Х.Б /цахим/, хариуцагч Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.О-тэй 2021 оны 9 сарын 15-ны өдөр ... дугаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Shaanxi SX4255 маркийн ... улсын дугаар бүхий зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, тээврийн хэрэгслийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас 20,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.Гэрээний 3.5 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:2021 оны 09 сарын 15-нд иргэн Х-тай харилцан тохиролцож ... улсын дугаартай чирэгч автомашинийг 20,000,000 төгрөг урьдчилан төлж үлдэгдлийг зээлээр худалдан авсан. 2021 оны 10 сарын 13-нд Хятад улсын хил хаагдсан тул ямар ч тээвэрлэлт хийж чадаагүй. 2022 оны турш тус автомашиныг худалдан борлуулах оролдлогыг Х бид хоёрын талаас хийсэн боловч зарагдаагүй. 2023 оны 06 сар сарын 01-нээс эхлэн хил хооронд тээвэрлэлт хийж эхэлсэн. 2023 оны 08-р сард Х-н хүргэн Б.М-тай утсаар ярьж тус чирэгч машины үлдэгдэл төлбөрийг 15,000,000 төгрөгөөр эцэслэн тохиролцсон. Энэ үнийн дүнгээс өнгөрсөн оны 9 ба 12 сард тус бүр 3,000,000 төгрөг үлдэгдэл мөнгийг 2024 оны 06 сард төлж дуусахаар тохиролцсон. Гэвч өнгөрсөн оны 09-р сард тус автомашинд 5,500,000 төгрөгөөр моторын бүтэн ээлж засвар хийсэн тул тохиролцсон мөнгөө өгч чадаагүй. Одоогоор 13,000,000 төгрөг бөөнд нь өгөх боломжгүй байна. Иймээс сар бүр 2,000,000 төгрөг төлж дуусгах саналтай байна. Төлбөрийг сар бүрийн эхний 10 хоногт төлөх болно. Өнгөрсөн жилд Б.М-тай тохиролцсон 15,000,000 төгрөгөөс илүү мөнгө өгч чадахгүй” гэжэ
Хариуцагч Г.О-ийн төлөөлөгч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Б.М-аас худалдан авсан ... авто чирэгчийг хил хаалттай байсан учир тээвэрт явуулж чадаагүй. Зөвхөн 2023 оны 06 сараас эхлэн явуулж эхэлсэн. Зайлшгүй шаардлагатай байсан тул 2023 оны 09 сард моторын ээлж хийлгэсэн. Иймээс 2023 оны 08 сард М-тай тохиролцож үнийн дүн болох 15,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөөс 2023 онд төлөлт хийж чадаагүй. Ээлж засварт зарцуулсан 5,000,000 төгрөгийг би өөрөө гаргасан тул 20,000,000 төгрөг болон алданги мөнгө өгч чадахгүй. Харин үлдэгдэл 13,000,000 төгрөгийг сар бүр хэсэгчлэн энэ оныг дуустал төлөхөд бэлэн байна” гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г-ийн охин хариуцагч Г.О-тэй 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ... дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Shaanxi SX4255 маркын .... улсын дугаар бүхий зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, тээврийн хэрэгслийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас 20,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг гээд нийт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Г тухайн гэрээг байгуулж байх үед байгаагүй. Гэвч хариуцагч О-ийн аав Г би өөрөө хариуцаж явах ёстой гэсэн учраас Г-ийг мөн хариуцагчаар татаад дээрх мөнгийг нэхэмжилж байгаа” гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тухайн үед ковид гараад хил хаагдсан байсан. Тэгээд би Х-той ойлголцоод, тохиролцож, ярилцсан. Энд ингээд машин явахааргүй болсон болохоор төлбөрийг төлж чадахгүй нь ээ, миний өгсөн 20,000,000 төгрөгийг өгөөд машинаа буцаагаад авчих гэж хэлсэн. Эсвэл хамтдаа зарах гэж үзье гэж хэлсэн. Бүтэн 2022 оны туршид зарах гээд зарж чадаагүй. Х өөрөө хүртэл ирээд хүнд үзүүлье гээд ирж байсан. 2022 оны 08 дугаар сард Х ирээд чиний өгсөн 20,000,000 төгрөгийг өгч чадахгүй юм чинь 30,000,000 төгрөгөөр зараад 10,000,000 төгрөгийг нь хүргэндээ өгчихье гэсэн боловч зарж чадаагүй. 2023 оны 06 дугаар сараас би машиныг явуулж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сард М-тай утсаар яриад ийм нөхцөл байдалтай байна гэдгээ хэлсэн. Ах нь мөнгийг нь хуваагаад төлье гэж хэлсэн. Үнийн дүнгээ 15,000,000 төгрөгөөр тохирсон. 2023 оны 06-09 сар хүртэл яваад моторын ээлж хийсэн. Тэгэхгүй бол мотор нь масло хаяад байсан. М-тай ярихдаа оны өмнө 7,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сар гэхэд 8,000,000 төгрөг өгье гэж тохирсон. Гэвч моторын ээлж хийгээд төлж чадаагүй. Одоо бол 15,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэсэн боловч харилцан тохиролцож чадсангүй. Тэгээд М би нэгэнт хуульч хөлсөлсөн учраас алданги тооцуулж авна гэж хэлсэн. Түүнээс Х-той харилцан ярилцаад яваад байсан”гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
- 2024 оны 02 сарын 29-ний өдрийн итгэмжлэл
- 2021 оны 09 сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ
-.... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.М, Г.О нарын иргэний үнэмлэхний хуулбар
- Хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт,
- Г.О-ийн Б.Г-д олгосон итгэмжлэл,
- Хариуцагч Г.О-ийн хариу тайлбар зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.О, Б.Г нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Г.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариуцагч Б.Г оролцсон болно.
Хариуцагч Б.Г, Г.О нар нь худалдах, худалдах авах гэрээний төлбөрт 15,000,000 төгрөг төлнө. Машины мотор бооход 5,000,000 төгрөг зарцуулсан. Машины эзэн М-тай утсаар ярьж 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, алданги төлөхгүй гэж маргав.
Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Г.О нарын хооронд 2021 оны 09 сарын 15-ны өдөр ... улсын дугаартай, SHAANXI SX4255 маркийн чирэгч зориулалтай зүтгүүрийг 40,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлбэрээр хэлцэл байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө буюу ... улсын дугаартай, SHAANXI SX4255 маркийн чирэгч зориулалтай зүтгүүрийг худалдан авагч буюу хариуцагчид шилжүүлэн өгснөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж үзэв.
Хариуцагч тал нь дээрх гэрээний дагуу худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэд 40,000,000 төгрөг төлөхөөс 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,000,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан байна. Хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2021 оны 12 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч гэрээний үлдэгдэл үнэ 20,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгааг үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Б.М-тай утсаар ярьж 15,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд “Хариуцагч нь нэхэмжлэгч Б.М-тай 15,000,000 төгрөг төлөх талаар ярилцаж тохиролцоогүй” гэж мэтгэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын 15,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөр болон алдангийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.
Иймд нэхэмжлэгч нь хууль буюу гэрээнд зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Г шүүх хуралдаанд “Алданги тооцно гэж харилцан тохиролцоогүй нотариатын бэлэн загвар дээр тэгж бичигдсэн байх гэж бодож байна. Би хүүхдээ очоод л гарын үсгээ зурчих гээд хэлсэн” гэж тайлбар гаргав.
Гэрээний талууд гэрээний гол нөхцөл, үнэ, алданги зэргийг харилцан тохиролцож гэрээ байгуулан гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд ноцтой төөрөгдлийн улмаас буюу хууран мэхэлж хийсэн гэх мэт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.
Талууд худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтад “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд “гэрээний 3.5-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5 хувиар алданги төлнө гэдгийг 0,5 хувь гэж залруулсан болно.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчийн гэрээний хугацаа хэтрүүлсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 20,000,000 төгрөгний 50 хувь болох 10,000,000 төгрөгийн алданги тооцсон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй эрхтэй” гэж заажээ.
Иймд хариуцагч Г.Одгэрэл, Б.Гансүх нараас гэрээний хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг 20,000,000 төгрөг, үүргийн хугацаа хэтрүүлсэний алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхтулгад олгохоор шийдвэрлэв. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.6-д зааснаар хариуцагч Б.Г, Г.О нараас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги 10,000,000 төгрөг нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 307,950 /гурван зуун долоон мянга, есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Г.О нараас 307,950 /гурван зуун долоон мянга, есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц