| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2026/0838/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/917 |
| Огноо | 2026-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/917
2026 04 06 2026/ШЦТ/917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Шүүгдэгч Ц.Н-Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
Иргэний нэхэмжлэгч Н.Б, Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц Н-Эд холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .............. хэрэг хариуцах чадвартай,
Х овогт Ц Н-Э /РД:...................................../,
Холбогдсон хэргийн талаар;
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н-Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу, хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулна. Иргэний нэхэмжлэгч нараас уучлалт гуйж байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Оны өмнө араас түс тас гээл явсан. Тэгээд буугаад харсан чинь ард нэг машин тэрний араас нэг машин ирж мөргөсөн байсан. Тухайн үйл явдал болсон өдөр буюу 12 сарын 20-ноос хойш энэ эмэгтэй нэг ч удаа залгаагүй. Энэ хүүхний дугаарыг замын цагдаагаас олон удаа гуйж байж аваад нэг удаа залгаад чи хохирлоо барагдуулахгүй юм уу гэсэн чинь цагдаа шүүх нь шийднэ биз дээ гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл огт байгаагүй. Энэ хүн дахиад ийм үйлдэл гаргаж магадгүй. Сая шүүхийн хэлэлцүүлэгт гурван хүүхэдтэйгээ амьдардаг талаар мэдлээ, одоо хохирлоо барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй. Бид хоёр ч гэсэн амьдралтай хохирлыг хурдан барагдуулж авмаар байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Өчнөөн өр зээлтэй над руу нэг ч удаа залгаагүй. Машин дотор нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Хөгшин настай эгчтэйгээ явж байсан учир орой нь толгой эргээд бид хоёр эмнэлэгт үзүүлсэн. Гэр хороололд амьдардаг тул түлээ нүүрсээ ч зөөж чадахгүй байна. Хохирлыг хурдан барагдуулж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгч Н.Бын “ ... Би 2025 оны 12 сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн ................... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон МУИС-н уулзвар дээр ирээд гэрэл дохио дээр зогсож байхад ард талаас нэг машин мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад очиход миний ард талаас Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл тэр машины ард талаас .............. маркийн машин мөргөөд зогссон байсан. ................. маркийн машины жолооч нь согтуу эмэгтэй хүн байсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Цгийн “...би 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн .................... маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон МУИС-ийн уулзвар дээр ирээд гэрэл дохио дээр зогсож байхад ард талаас нэг машин мөргөсөн тэгээд би урд талд зогсож байсан ............... маркийн машиныг мөргөөд зогссон. Тэгээд буугаад ирэхэд миний хойд талаас .................... маркийн дунд гарын жийп машин мөргөсөн байсан мөргөсөн машины жолооч талаар яваад очиход эмэгтэй хүн байсан тэр эмэгтэй жолооч согтуу байх шиг байсан архи үнэртэж байсан. Миний өөрийн машин байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,
Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,
Мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэлээр 1.78 хувийн согтууралтай гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эрх хасагдсан жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7741 дугаар шийтгэвэр /хавтаст хэргийн 51-53 дугаар тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №61 дугаартай ................. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,185,000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №2502 дугаартай ........................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,312,500 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.Н-Э “...Би 2025 оны 12 сарын 29-ний өдөр Hollywood бааранд 03 цагийн үед очсон юм. Тэгээд бааранд байхдаа 4 шил пиво уусан. Тэгээд 06-07 цагийн үед баарнаас гараад өөрийн эзэмшлийн ..................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Hollywood баарнаас гарч явж байгаад МУИС-ийн уулзвар дээр ирэх үед машины ард талаас мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирээд намайг авч яваад Эрүүлжүүлэх байранд очиж драгер багаж үлээлгэн шалгахад 1.78% гарч байсан. Анхаарал саринуулах үйлдэл хийж яваагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Х овогт Ц Н-Э нь ..............................тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо ................... УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгуулах зүйтэй гэж үзэж байна ...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Х овогт Ц Н-Э нь ....................................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо .............................улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн Иргэний нэхэмжлэгч Н.Бын мэдүүлэг / хавтаст хэргийн 14 дүгээр тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Цгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, Мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэлээр 1.78 хувийн согтууралтай гэх илтгэх хуудас /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/, Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эрх хасагдсан жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар тал/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7741 дугаар шийтгэвэр /хавтаст хэргийн 51-53 дугаар тал/, Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №61 дугаартай ..................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,185,000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/, Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №2502 дугаартай Toyota ........................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,312,500 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мөн эдгээр бичгийн нотлох баримтуудаар Ц.Н-Э үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2025 оны 12 сарын 29-ний өдөр Hollywood бааранд 03 цагийн үед очсон юм. Тэгээд бааранд байхдаа 4 шил пиво уусан. Тэгээд 06-07 цагийн үед баарнаас гараад өөрийн эзэмшлийн ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Hollywood баарнаас гарч явж байгаад МУИС-ийн уулзвар дээр ирэх үед машины ард талаас мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан юм. Тэгээд цагдаа ирээд намайг авч яваад Эрүүлжүүлэх байранд очиж драгер багаж үлээлгэн шалгахад 1.78% гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/ давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл байдаг.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.
Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Ц.Н-Э хувьд 2025 оны 12 дугаар сарын 29-ний шөнө дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.Н-Э нь 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 1.78 хувийн согтолттойгоор буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Н-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.Н-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг 1 жил хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ц.Н-Э нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Н-Эд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөртэй, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулах нь түүний гэм буруу, эрүүгийн хариуцлагын зорилгод тохирно гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-Эд оногдуулсан эрх хасах ялыг, хорих ял дээр нэмж оногдуулсан тул түүнийг уг ялыг эдэлж дууссны дараа тооцуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ц.Н-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-Эд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүй гэмт хэрэг/ зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Бд 1.185.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №61 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул,
шүүгдэгч Ц.Н-Ээс үнэлгээний төлбөр 107.000 төгрөгийг болон нийт 1.292.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Бд,
Иргэний нэхэмжлэгч Б.Цд 4,312,500 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №2502 дугаартай тээврийн хэрэгсэл, техникийн хохирлын үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул,
шүүгдэгч Ц.Н-Ээс үнэлгээний төлбөр 344,000 төгрөгийг болон нийт 4.656.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Цд тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаагүй, завсарлага авахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц Н-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Н-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-Эд оногдуулсан эрх хасах ялыг, хорих ял дээр нэмж оногдуулсан тул түүнийг уг ялыг эдэлж дууссны дараа тооцуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-Эд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н-Ээс хохирлын 1.292.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Бд, хохирлын 4.656.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Цд тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Н-Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ