Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/05326

 

 

 

2023 11 30 101/ШШ2023/05326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 3,135,000 төгрөг, алданги 7,402,350 төгрөг, нийт 19,537,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Г.*******,

хариуцагч Э.******* /цахимаар/

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.******* миний бие Э.*******тэй 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Э.******* нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2,865,000 төгрөгийг төлсөн ба гэрээний дагуу зээлийн хүү болон төлбөрөө түүнээс хойш төлөөгүй өнөөг хүрч байна. Эхний нэг сарын зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, хоёр дахь сарын зээлийн хүү гэж үзээд, 9,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүү болох 3,135,000 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног татам 0,5 хувийн алданги тооцож 122 хоногийн 7,402,350 төгрөгийн алданги, үндсэн зээлийн 9,000,000 төгрөг, түүний хүү болох 3,135,000 төгрөг, нийт 19,537,350 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч хариу тайлбартаа зээлийн гэрээний бүх хугацааны зээлийн хүүгээ төлсөн гэсэн байна. Дансны хуулгыг шалгахад би 2,865,000 төгрөг авсан байгаа. Өгсөн дансны хуулгыг нь харахад 2, 3 хуудас нь давхцаад байсан тул давхцсан байгааг хасаж үзэхэд 2,865,000 төгрөг болсон. Би караокэд нь очоод 1,050,000 төгрөгийн юм авахад Э.******* даана гэж хэлсэн тул мөнгийг төлөөгүй, энэ мөнгийг зээлээс хасаж тооцохыг зөвшөөрч байна. Хариуцагчийн өгсөн 2,865,000 төгрөг дээр 1,050,000 төгрөгийг нэмэхэд нийт 3,915,000 төгрөг болж байна. Эхний 2 сарын хүү төлсөн гэж үзээд үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 3,135,000 төгрөг, нийт 11,135,000 төгрөгийг Э.******* төлөх үүрэгтэй байна. Уг мөнгөн дүнгээс зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцож хуульд заасны дагуу 50 хувиар бодоход 5,567,500 төгрөг, нийт 16,702,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.******* миний бие Г.*******оос 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өдрийн 180,000 төгрөгийн төлөлт хийж, сарын 10 хувийн хүүг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлсөн. 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г.******* нь зээлийн гэрээг цуцлах тухай иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүүг дуусгавар болгож, үндсэн зээл болох 10,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болно. Г.*******ын нэхэмжилсэн 19,537,350 төгрөгөөс миний төлсөн мөнгөн дүн хасагдаагүй байна. Дансны хуулгаар 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 5,600,000 төгрөг төлсөн нь нотлогдоно. Г.******* нь миний танилын үйл ажиллагаа явуулж байсан караокед орж 1,050,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, та нар 1,050,000 төгрөгийн тооцоотой үлдсэн байна гэхэд угаасаа надад өртэй учраас өрнөөс нь хасна гэж хэлээд явсан байсан. Би даана гэж хэлээгүй, би өртэй байсан учраас өрнөөсөө хасуулна. Би 10,000,000 төгрөг өгөх боломжтой, өөр нэмэлт алданги, хүү төлөх боломжгүй, энэ талаар нэхэмжлэгчид нь өөрт нь хэлсэн. Нэхэмжлэгч миний төлсөн төлбөрийг хасаж тооцоод зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, хүү 3,135,000 төгрөг, алданги 5,567,500 төгрөг, нийт 16,702,500 төгрөгийг шаардсаныг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1, 2/, 2023.01.19-ний өдрийн 0105 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /хх-3/, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, ХААН банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5-11/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Э.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, хариу тайлбар /хх-26/, 2023.01.19-ний өдрийн 0105 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ /хх-27/, Э.*******ийн ХААН банкны дугаартай данс, Капитрон банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28-46/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 9,000,000 төгрөг, хүүгийн төлбөрийн үлдэгдэл 3,135,000 төгрөг, алданги 7,402,350 төгрөг, нийт 19,537,350 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь төлбөл зохих зээлийн хүүг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гарган маргасан.

 

4. Г.*******, Э.******* нар нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлэх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3/

 

5. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

6.1. Хариуцагч Э.******* нь зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй ба нэхэмжлэгч Г.******* зээлийн гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн байх тул үндсэн зээл болон гэрээгээр тохирсон хугацаагаар заасан хувь хэмжээгээр тооцон зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

6.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Г.*******ын ХААН банкны дугаартай данс болон хариуцагч Э.*******ийн ХААН банкны дугаартай дансны хооронд мөнгө шилжүүлсэн орлого, зарлагын гүйлгээг харьцуулан судлахад хариуцагч нь 2023.01.22-ны өдөр 180,000 төгрөг, 2023.01.25-ны өдөр 180,000 төгрөг, 2023.01.28-ны өдөр 180,000 төгрөг, 2023.02.01-ний өдөр 180,000 төгрөг,2023.02.06-ны өдөр 525,000 төгрөг, 2023.02.08-ны өдөр 180,000 төгрөг, 2023.02.09-ний өдөр 180,000 төгрөг, 2023.02.11-ний өдөр 180,000 төгрөг, 2023.02.14-ний өдөр 180,000 төгрөг, 2023.03.01-ний өдөр 180,000 төгрөг, 2023.03.02-ны өдөр 180,000 төгрөг, 2023.03.04-ний өдөр 180,000 төгрөг, 2023.03.05-ны өдөр 180,000 төгрөг,2023.03.07-ны өдөр 180,000 төгрөг буюу нийт 2,865,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-5-11,28-46/

 

6.3. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч нь караокены төлбөр 1,050,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцуулна гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн.

 

6.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,135,000 төгрөг, нийт 11,135,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

 

7. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх ба зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн үүрэгт төлбөл зохих 11,135,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 5,567,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Э.*******ээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 8,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,135,000 төгрөг, алданги 5,567,500 төгрөг, нийт 16,702,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,834,850 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 241,463 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 16,702,500 /арван зургаан сая долоон зуун хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,834,850 төгрөг /хоёр сая найман зуун гучин дөрвөн мянга найман зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 241,463 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР