Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар а2021/ДШМ/49

 


      Ч.Энхболдод холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

  Шүүх хуралдаанд:

  Прокурор Э.Гантулга

  Шүүгдэгч Ч.Энхболд

  Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Энхболдод холбогдох 2015002860065 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Чөдөрбаатарын Энхболд, 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын ***** дүүрэг * дүгээр хороо Арцат * дугаар гудамжны ** тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж байгаа

 

 

Шүүгдэгч Ч.Энхболд нь Булган аймгийн Б сумын ** дугаар багийн нутаг “И“ гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж 1.0 гр алт олборлож, байгаль орчинд 617.805 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Энхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Чөдөрбаатарын Энхболдыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхболдыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Энхболдод оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Энхболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 17 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх,

Шүүгдэгч Ч.Энхболд нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан хохирол 617.805 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, биологийн нөхөн сэргээлт хийх зардал 535.647 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны тооцооны төвөөр дамжуулан Булган аймгийн Бүрэгхангай сумын байгаль хамгаалах сангийн Төрийн сан дахь 100040355402 тоот дансанд тушаасныг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД9085084/, Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.0 грамм алтыг худалдан борлуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Robex5000 LC-7 загварын **-**УН улсын дугаартай экскаваторын үнэ болох 170.500.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Энхболдоос албадан гаргуулж тус тус улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Hyundai Robex5000 LC-7 загварын 06-38 улсын дугаартай экскаваторын 21N8-32206 дугаартай компьютер 1 ширхэг, Hyundai Robex 5000 LC-7 загварын 21N8-33000 дугаартай компьютер 1 ширхгийг хэрэгцээний дагуу өмчлөгч, эзэмшигч Ц.Батбаяр, Д.Баатарцогт нарт буцаан олгож,

Шүүгдэгч Ч.Энхболдыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай захирамжаар шилжүүлэн цагдан хорьсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол захирамжийг биелэлтийг хангаж,  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Гантулга эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 

“... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын 10 дахь заалтад Ч.Энхболдыг “энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй...” гэж дурдсан нь шүүгдэгч 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай захирамжаар энэ хэрэгт буюу эрүүгийн 2015002860065 дугаартай хэрэгт 42 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасч тооцох буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... эдлэх ялаас хасна” гэж хуульчилсны дагуу ялтанд оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгнөөс 42 хоног цагдан хоригдсон хоногийг 15 нэгжээр шилжүүлж 630.000 төгрөгийг хасч нийт торгуулийн ялыг 4.770.000 төгрөгөөр тогтоох байсныг буруу тайлбарлаж, шийдвэрлэсэн байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн хуулийн заалтыг баримтлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Э.Гантулгын эсэргүүцлийг үндэслэн Ч.Энхболдод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

   Шүүгдэгч Ч.Энхболд нь Булган аймгийн Б сумын * дугаар багийн нутаг “И” гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж, гэрч П.Энх-Амгалан, Ц.Батбаяр, Ц.Ганболд, Д.Баатарцогт нарын өгсөн мэдүүлгүүд, “Эко инженеринг” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/101 дугаар албан бичиг, шинжээчийн 03 дугаартай Залруулга хийсэн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4765 дугаартай дүгнэлт, “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн В21/06, В21/07, В21/08, В21/09 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Ч.Энхболдын гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

 Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогч нарын эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

  

Харин шүүгдэгч Ч.Энхболд нь энэ хэрэг буюу эрүүгийн 2015002860065 дугаартай хэрэгт 2021 оны  09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд нийт 42 хоног цагдан хоригдсон нь тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнийг “... энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... тооцож эдлэх ялаас хасна” гэсэн заалтыг хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болжээ.

 

Иймд энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхболдын цагдан хоригдсон 42 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаас хасч, эдлэх ялыг 4.770.000 /дөрвөн сая долоон зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 4.770.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр 132.500 /нэг зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын “энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй” гэснийг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН