Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 137/ШШ2024/00121     

 

 

 

 

 

 

 

  2024         05         13                                 ....          

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ..-р хороо, ... тоотод үйл ажиллагаа явуулах .... ХХК-ний /РД:..., УБД:..../  нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ... аймгийн ... сум ... баг, .... дугаар талбайд үйл ажиллагаа явуулах ... ХХК-д /РД:..., УБД:.../ холбогдох

... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б нар оролцов.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь хариуцагч "...” ХХК-тай 2021 оны 10-р сарын 11-ний өдрийн ... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч талын мэдлийн ... дэх шилжүүлэн ачих ангийн 3-р талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15-р өндөрлөсөн салаа зам, терминалийн талбай дахь техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан ажил үйлчилгээ үзүүлэх, талбайд нүүрс ачиж буулгах, пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолохтой холбогдох бусад ажил үүргийг гүйцэтгүүлэх, үүний дагуу гэрээний төлбөрийг хийх үүргийн дагуу гэрээ байгуулагдсаны дараа гэрээний 4.2-т заасны дагуу 50,000 тн ачааны үйлчилгээний урьдчилгаа хөлс болох 439,000,000 /дөрвөн зуун гучин есөн сая/ төгрөгийн хариуцагч "...” ХХК-ийн дансанд шилжүүлсэн билээ.

Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш БНХАУ нь ковид-19-той холбоотойгоор хилээ хааж, нүүрс гаргах боломжгүй болсон учраас манай талаас хариуцагчийн талбайд 1 ч тн нүүрс буулгаагүй, ямар нэгэн ажил үйлчилгээ аваагүй юм.

Гэрээний 2 тал үүссэн нөхцөл байдлыг үндэслэн 2021 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр байгууллагын хөтөлж байсан нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хуураангуй бүртгэлийн тооцоо нийлсэн актаар "...” ХХК нь нэхэмжлэгч "...." ХХК-д 439 сая төгрөгийн өглөгтэй гэдгийг харилцан тохирсон боловч гэрээний урьдчилгааны төлбөрийг шилжүүлж өгөхгүй байгаа болно. Манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрөө удаа дараалан шилжүүлэн авахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, чирэгдэл учруулж байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн “...” ХХК-аас 2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан ... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 /дөрвөн зуун гучин есөн сая/ төгрөгийн хариуцагч "...” ХХК-аас гаргуулан, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ... ХХК-ний гүйцэтгэх захирал А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ХХК ... ХХК-д холбогдуулан "2021 оны 10-р сарын 11-ний өдөр байгуулсан Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай..... дугаартай гэрээний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөгийг ... ХХК-аас гаргуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэ нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д "Захиалагч нь Гүйцэтгэгчийн Терминалаар гэрээний хугацаанд сард 10,000 /арван мянган/ тонноос багагүй ачааг дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 10,000 тонноор суутган авна" гэсэн. Мөн гэрээний 4.1-д үйлчилгээний хөлс нь тонн тутамд 20 юань буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан ханш (1 юань 441,82 төгрөг)-аар тооцоход тонн тутамд 8,836.4 төгрөг байхаар тохиролцсон.

Гэрээний дагуу .... ХХК 50 тонн ачааг гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд буюу 2022 оны 04-р сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 10,000 тоннын буюу 88,364,000 төгрөгийн ачааг .... ХХК-ийн талбайгаар дамжин өнгөрүүлэх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн мөнгөө суутгуулахаар тохиролцсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... ХХК гэрээний дагуу ... ХХК-ийн талбайд ачаа буулгаагүй шалтгаанаа БНХАУ-д гарсан ковид-19 цар тахлаас шалтгаалсан гэжээ. Талууд гэрээ байгуулсан хугацаа буюу 2021 оны 10-р сараас хойш тээвэр хамгийн идэвхтэй явагдаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тээвэр явагдаагүй гэсэн тайлбартай холбоотой ямар нэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн ачаа явагдахгүй байгаа талаар .... ХХК-д хандаж ямар нэгэн мэдэгдэл ирүүлж байгаагүй юм. Иймд .... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай ...” ХХК нь ...” ХХК-тай  2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай “Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч талын мэдлийн.... дэх шилжүүлэн ачих ангийн 3-р талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15-р өндөрлөсөн салаа зам, терминалын талбай дахь техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ашиглан ажил үйлчилгээ үзүүлэх, талбайд нүүрс ачиж буулгах, пүүлэх, буулгасан ачааг нуруулдаж овоолохтой холбогдох бусад ажил үүргийг гүйцэтгүүлэх, үүний дагуу гэрээний төлбөрийг хийх үүргийн дагуу гэрээ байгуулагдсаны дараа гэрээний 4.2-т заасны дагуу 50,000 тонн ачааны үйлчилгээний урьдчилгаа хөлс болох 439,000,000 төгрөгийн хариуцагч "...” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш Бүгд Найрамдах Хятад Ард улсад ковид-19 цар тахлын өвчин гарсантай холбоотойгоор хилээ хааж, нүүрс гаргах боломжгүй болсон, мөн хариуцагч байгууллага нь Улаанбаатар төмөр замтай талбайн маргаан үүсгэж манай талаас хариуцагчийн талбайд 1 ч тонн нүүрс буулгах боломж олгоогүй, мөн ямар нэгэн ажил үйлчилгээ явуулаагүй юм. Гэрээний дагуу 2 тал үүссэн нөхцөл байдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоёр байгууллагын хөтөлж байсан нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлийн тооцоо нийлсэн актаар "....” ХХК нь нэхэмжлэгч "...." ХХК-нд 439,000,000 төгрөгийн өглөгтэй гэдгийг харилцан тохирсон боловч гэрээний урьдчилгааны төлбөрийг шилжүүлж өгөхгүй байгаа. Манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрөө удаа дараалан шилжүүлэн авахыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, чирэгдэл учруулж байна. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн харилцдаг мэйлээр 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэгэн рүүгээ тооцоо нийлсэн акт явуулж, 439,000,000 төгрөгийн өглөгтэй гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн “...” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ... дугаартай "Терминалын талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөгийн хариуцагч "....” ХХК-аас гаргуулан, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .... ХХК  нь хариуцагч .... ХХК-нд холбогдуулан  .... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал А.М цахимаар шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө интернэт сүлжээ нь тасарч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бөгөөд энэ тухайгаа шүүх хуралдаанд тайлбарлаж, намайг эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгнө үү, шүүхэд гаргасан тайлбараар шүүх хуралд оролцоно гэсэн хүсэлт гаргасан.

 

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б “хэргийн оролцогч цахимаар оролцож байгаа бол цахимаар оролцох шаардлагаа хангах ёстой. Өмнөх хоёр шүүх хуралдаанд хүсэлт гээд ямар ч нотлох баримтгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өнөөдөр мөн ийм байдалтай байгаад байна. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

 

  Иймд хариуцагчийн төлөөлөгчийн интернэт холболт салаад болохгүй байгаа тул намайг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг хүлээн авч хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хариуцагч .... ХХК нь “Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу  сард 10,000 тонноос багагүй ачааг терминалаар дамжуулан өнгөрүүлнэ. Терминалын талбайд ачаа буулгаагүй, мөн дээрх тоо хэмжээнд эс хүрсэн эсэхийг үл харгалзах ба үйлчилгээний хөлсийг 10,000 тонноор суутган авна. Гэрээний дагуу .... ХХК 50 тн ачааг гэрээ байгуулснаас хойш 5 сарын хугацаанд буюу 2022 оны 04 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 10,000 тонн буюу 88,364,000 төгрөгийн ачааг .... ХХК-ийн талбайгаар дамжин өнгөрүүлэх, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд шилжүүлсэн мөнгөө суутгуулахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч .... ХХК, хариуцагч .... ХХК нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ байгуулагджээ.

Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т  заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгийн хэлбэрээр хэлцэл байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 Нэхэмжлэгч тал гэрээний дагуу нүүрсний урьдчилгаанд 439,000,000 төгрөгийг шилжүүлсэн хариуцагч тал нь нэхэмжлэгч талд 439,000,000 төгрөгийн өглөгтэй байгаа нь талуудын хооронд тооцооны үлдэгдлийн баталгаагаар  тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан.

 Хариуцагч .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 439,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлыг шаардах эрхтэй” гэж заасан байна.

Үүрэг гүйцэтгэгч .... ХХК нь терминалын талбайг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч ... ХХК нь тухайн талбайд нүүрс буулгах, тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэх боломжгүй болсон байна.

Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээний дагуу нүүрсний урьдчилгаанд шилжүүлсэн 439,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.       

Хариуцагч .... ХХК нь нэхэмжлэгч .... ХХК-тай гэрээ байгуулсны дараа терминалын талбайг чөлөөлж өгөөгүйгээс нэхэмжлэгч талыг нүүрс буулгах тээвэрлэх зэрэг гэрээнд заасан ажлыг хийх боломжийг олгоогүй болох нь ... ХХК-ны 2022 оны 10 сарын 25-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, мөн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, ....дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн шийдвэр, .... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн магадлал  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.         

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь УБТЗ-тай түрээсийн гэрээний асуудлаар маргаантай байсан учраас гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагч ... ХХК-иас .... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Умард тээх ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т  зааснаар хариуцагч “...” ХХК-иас   ... дугаартай "Терминалийн талбайд ажил үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх тухай гэрээ”-ний дагуу нүүрсний урьдчилгаанд төлөгдсөн 439,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-нд олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2,352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.Ц