Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 


Тиссэн Брэйдон Жонн-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

  Прокурор М.Сайнзаяа

  Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Х.Ургаа /онлайн/

  Хохирогч Г.Төмөрсүх

  Иргэний нэхэмжлэгч Г.Төмөрсүлд

  Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаа

Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаагийн давж заалдсан гомдлоор Тиссэн Брэйдон Жон-д  холбогдох 2015002480026 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Тиссэн Брэйдон Жон, 2002 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Канад улсад төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Булган аймгийн Х-Ө сумын * дүгээр багийн Т-ын *-*** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Тиссэн Брэйдон Жон нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Булган аймгийн Прокурорын газраас: Тиссэн Брэйдон Жонн-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

  Шүүгдэгч Тиссэн Брэйдон ЖоннЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Тиссэн Брэйдон Жонн-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тиссэн Брэйдон Жонн-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Тиссэн Брэйдон Жонн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлж,

Энэ хэрэгт шүүгдэгч Тиссэн Брэйдон Жонн нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тиссэн Брэйдон Жоннавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Тиссэн Брэйдон Жонн-оос нийт 2.928.246 төгрөгийг гаргуулж, 1.605.448 төгрөгийг Г.Төмөрсүхэд, 592.978 төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Батхуягт, 729.820 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Тамирт тус тус олгож, иргэний нэхэмжлэгч А.Батхуягийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.762.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Тамирын нэхэмжлэлийн шаардлагаас 181850 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Төмөрсүлдийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.260.000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөлийн зардлын 2.800.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож; хохирогч Г.Төмөрсүх, иргэний нэхэмжлэгч А.Батхуяг, Т.Тамир нар нь хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Г.Төмөрсүлд нь тээврийн хэрэгслийг сэргээн засварлахтай гарсан зардал нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд болон шууд бус хохирлын үнэлгээний дүнгээс хэтэрсэн тохиолдолд зөрүүг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тиссэн Брэйдон Жонн-оос 156.200  төгрөгийг гаргуулж Булган аймгийн Х-Ө сумын М багийн *-*** тоотод оршин суух, орчуулагч Г.Нарантуяад олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, **-** УНХ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч, эзэмшигч Г.Төмөрсүлдэд, “Samsung 6S edge 2016 загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Г.Төмөрсүлдэд, “I Phone 6s загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Т.Тамирт, Samsung W2014” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч А.Батхуягт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шүүх шинжээчийн дүгнэлтээр Г.Төмөрсүхийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Батсүх /А.Батхуяг/, Т.Тамир нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан. Уг гэмтэл осол болсон тухайн цаг хугацаанд мохоо зүйлсийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой болох нь эргэлзээгүй тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Үүнд, Шүүх шинжилгээний шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8050 тоот дугаартай Т.Тамирын биед зүүн зулайн оройн хэсгийн аалзны хальсны дотор голомтод цус харвалт, эрүү, баруун мөрөнд зулгаралт, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Тухайн цаг хугацаанд авсан голомтлог цус харвалт нь эдгэрэлтээс хамаарахгүйгээр амь насанд аюултай байх боломжтойгоос гадна харвалт нь эмчилгээгээр шимэгддэг, эсвэл мэс заслын аргаар эмчлэгддэг. Т.Тамир нь санхүүгийн боломжгүйгээс хувийн эмнэлэг болон гэрээр 2 сар гаран эмчлүүлж цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байхад шүүх ийнхүү дүгнэснийг,

Мөн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8056 тоот дугаартай А.Батхуягийн биед баруун талын 8, 9 дүгээр хавиргын далд хугаралт, цээж бүсэлхий, зүүн ташаа, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Батхуяг нь 2 хавирганы гэмтлийн улмаас 2 сар гаран гэрээр эмчлүүлж, гэмтлийн улмаас цаашид ажлаа хийх боломжгүй байсаар байхад шүүх ийнхүү шийдвэрлэснийг,

мөн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8054 дугаартай Төмөрсүхийн биед хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоогдсон боловч толгой /хуйх/-н хэсэгт үүссэн гэмтлийн улмаас хавдрын шинж илэрч, эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн байхад шүүх ийнхүү дүгнэлт хийснийг,

Батхуягийн эзэмшлийн, нууцлал сайтай 7.500.000 төгрөгөөр худалдаж авсан Samsung маркын утасны үнэлгээг үндэслэлгүйгээр үнийг тогтоосон байхад шүүх шийдвэрлэснийг, “Арвижих-Эстимент” ХХК-нийн шинжээч Д.Отгонцагаан, хохирогч Төмөрсүлд, Төмөрсүх, нэхэмжлэгч Батхуяг нарт утсаар тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй гэдгийг хэлсэн боловч энэ талаар шинжээчийн дүгнэлтэндээ тусгаж оруулаагүй байхад шүүх шийдвэрлэснийг,

шүүх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас төлсөн 2.800.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэжээ. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэснийг,

хохирогч, иргэний нэхэмжлэгчид хуулиар хамгаалагдсан эрх нь хязгаарлагдсан гэж эрх зүйн туслалцаа авсан. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болно. Иймд 2.800.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Мөн шүүх ЭХШХШТХ-ийн 8.2, 1.3, 1.8, 1.9-д заасан заалтуудыг зөрчсөн байхад анхааран үзээгүй төдийгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаан эхэлэхээс нэг цагийн өмнө хэргийн материалтай танилцсан байгаа.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжпэгч нарын тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, хор уршгийг тооцож гаргасан нэхэмжлэлүүдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Үүнд: Т.Тамирын 2020 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрийн хоол хүнс 15.850 төгрөг, 23.000 төгрөг, НӨАТ-ын буцаалтаас Х-Ө сумын “Баатарван” зочид буудлын тооцооны 60.000 төгрөг, Өмнөговь аймгийн зочид буудлын 68.000 төгрөг, нийт 181.850 төгрөгийн зардал нь тухайн хэрэгт хамааралтай байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Энэ зардал нь Тамир, Төмөрсүх, Батхуяг нар нь гэмт хэрэг гарсан газар машинаа оношилуулахаар очсон боловч прокурорын шийдвэрээр машиныг нь оношлуулахгүйгээр хэргийн газарт нь үлдээсэн цаг хугацаанд гарсан зардал юм. Мөн шүүх Төмөрсүлдийн ажилгүй байсан хугацааны 9.600.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл, гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Үүнд, Төмөрсүлдийн “Бэст бэйкэри” ХХК-нийн захирлын ажпаас чөлөөлсөн тухай тушаалд ажлаас халсан шалтгааныг дурьдсан, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байхад ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчид 2020 оны 07 дугаар сарын 08-наас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Батхуягийн 14.100.000 төгрөг, Төмөрсүлдийн 24.600.000 төгрөг, Төмөрсүхийн 19.895.000 төгрөг, Тамирын 13.247.950 төгрөгийн их хэмжээний хохирол, хор хохирол, хор уршиг учирсан байхад шүүх анхааран үзэлгүй шийдвэрлэснийг, хуулийн үзэл баримтлал нь хохирогчийн эрх ашгийг хамгаалахаар, батлагдсан байхад шүүх хохирогч, иргэний нэхэмжпэгчдийн хор хохирол, хор уршигийн нэхэмжлэлийн шаардлагаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна” гэв.

 

Хохирогч Г.Төмөрсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Миний бие авто осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан. Ажилдаа орох үед баруун гар маань үйл ажиллагаа нь сааталт орж баруун гараа өргөж чадахаа байсан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөө авсан. Эхний удаад эмчилгээний зардлуудаа нэхэмжилж байна. Эрүүл мэндийн хувьд хэцүү байна. Цаашид гаргах зардлаа иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх болно” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Төмөрсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Анхан шатны шүүх хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Нэг талыг хэт барьсан гэж үзэж байгаа. Тухайн мөрдөн байцаалтын шатанд бид нар эмнэлэгт зөндөө үзүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд эмнэлгээр их явж байсан болохоор хэргийн материалтай танилцаж гомдол гаргах ямар ч болж байхгүй байсан. Хохирогч нарын амь насны асуудал яригдаж байсан учраас бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бүгд ажилгүй, орлогогүй, бүгд санхүүгийн хувьд асуудал үүссэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай огт танилцаагүй. Цагдаа нар гарын үсэг зур гэсэн болохоор зурсан байсан. Хохирлыг бүрэн барагдуулах саналтай байна. Хохирогчийн эрх зүйн байдал маш их дордож байна. Ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардлыг гаргуулах саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хохирлыг бүрэн тогтоож, Эрүүгийн хуулийг үндэслэл журмын дагуу үнэн зөв хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий, хуулийг зөв тайлбарлаж, хэргийг үнэн бодит байдлаар шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгч, хохирогч нарыг хохирлоо Иргэний хэргийн анхан шатны шүүхэд баримтаа бүрдүүлж хохирлоо шаардах бүрэн эрхтэй болохыг дурдсан. Иймд хохирогч нар иргэний хэргийн анхан шатны шүүхэд баримтаа бүрдүүлж хохирлоо нэхэмжлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 

“...Хохирол хор уршигтай холбоотой шинжлэн судлуулах нэг бүрчлэн зааж тусгасан байдаг. Цалин хөлстэй холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн анхан шатны шүүхээр шаардах боломжтой гэж шүүх шийтгэх тогтоолд дурдсан байсан. Машины хувьд хохирлыг Иргэний хэргийн шүүхээр хандахаар нээлттэй үлдээсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувьд 4.1 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарагдах учраас өршөөлд хамаарсан. ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Тодруулбал: Шүүгдэгч Тиссэн Брэйдон Жон нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Булган аймгийн Х-Ө сумын 1 дүгээр багийн нутаг буюу Булган аймгаас Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих асфальтан зам дээр 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр **-** УАК улсын дугаартай “Хьюндай Портер-2” маркийн автомашиныг  жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад мөн Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийсний улмаас **-** УНХ улсын дугаартай “Тоёота Приус-20 мөркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогджээ.

 

  Дээрх ослын улмаас тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч Т.Тамир, А.Батхуяг, Г.Төмөрсүх нарын биед гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан, өөрөөр хэлбэл Т.Тамирын биед “зүүн зулайн оройн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт ... бүхий гэмтэл”, А.Батхуягийн биед “баруун талд 8, 9 дүгээр хавирганы далд хугарал...”, Г.Төмөрсүхийн биед “баруун шууны богтос ясны ил хугарал, хугарлын орчмын шарх... ”  бүхий гэмтлүүд учирсан талаар уг дүгнэлтүүдэд дурьдагджээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа энэ талаар давж заалдах гомдолдоо: “... Хохирогч, иргэний нэхэмжлэгчид 2020 оны 07 дугаар сарын 08-наас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Батхуягийн 14.100.000 төгрөг, Төмөрсүлдийн 24.600.000 төгрөг, Төмөрсүхийн 19.895.000 төгрөг, Тамирын 13.247.950 төгрөгийн их хэмжээний хохирол, хор хохирол, хор уршиг учирсан байхад шүүх анхааран үзэлгүй шийдвэрлэсэн, ... хуулийн үзэл баримтлал нь хохирогчийн эрх ашгийг хамгаалахаар, батлагдсан байхад шүүх хохирогч, иргэний нэхэмжпэгч нарын  хор хохирол, хор уршигийн нэхэмжлэлийн шаардлагаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэжээ.

 

    Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр гэмтлийн шинжийг агуулаагүй гэмтэл хамаарах ба үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан байхыг тус тус ойлгоно.

 

  Мөн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т “тархины хатуу хальсан дээрх, доорхи цусан хураа, ... цус харвалт ... ”, 3.1.10-т “... нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн ... ” зэрэг гэмтэл илэрвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар тусгасан байна.

 

  Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь “... хохирогч нар одоо болтол эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан ба дээрх ослын улмаас хохирогч нарын эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэдэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ.

 

   Энэ нь хэргийн бодит үнэнийг тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан ... хэргийн материалтай танилцах, ... нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах, ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, ... энэ талаарх баримт сэлт гаргаж өгөх” зэрэг хохирогчийн эрх, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 5-д заасан иргэний нэхэмжлэгчийн эрхийг бүрэн хангаагүй гэх үндэслэл тогтоогдож байна.

 

   Анхан шатны шүүх энэ талаар “... дүгнэлтэй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг танилцуулсан баримт ... авагдсан, ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна ...” гэж дүгнэсэн байх боловч тэдгээрт хэргийн материал танилцуулсан тухай баримтад шинжээчийн дүгнэлтүүдийн дугаарыг засварласан, нэмж бичсэн /хэдийд, хэрхэн засварласан нь тодорхойгүй/ байх тул мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйл, 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн, бодит байдлаар гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

  Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаагийн давж заалдсан гомдлын ” хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаар дурьдсан” хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Харин шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч С.Намжилмаагийн давж заалдсан гомдлын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорт буцаасугай.

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаагийн давж заалдсан гомдлын “хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаар дурьдсан” хэсгийг  хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

   3. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Тиссэн Брэйдон Жонн-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН