| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00321/И |
| Дугаар | 103/ШШ2024/00275 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2024/00275
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2024/00275 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие нь Х.******* 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл зээлдүүлж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Х.******* зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 60 хоногийн алданги 2,500,000 төгрөг, үндсэн зээл 5,000,000 төгрөг түүний хүү 1,000,000 төгрөг нийт 8,500,000 төгрөг болохоос үндсэн зээлд 2,500,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хариуцагч Х.*******гаас гаргуулж өгнө үү. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хүү, алданги тооцов, тэрнээс хойшх хүү, алдангыг тооцоогүй болно гэжээ.
2.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: .., хариуцагч Х.******* бид харилцан тохиролцож 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр миний Хаан банкны тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлэн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг авахгүй байхаар тохиролцсон. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөгийг 2,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн тал хувь 27,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамж 27,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ