Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

      Д.Дашнямд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд  

 

   Прокурор Д.Шижиртуяа,

   Шүүгдэгч Д.Дашням

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал

   Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Д.Дашнямд холбогдох 2115001340205 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овогт Д-ын Дашням, 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Бүрэгхангай сумын * дүгээр баг Б гэх газар оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй

 

 Шүүгдэгч Д.Дашням нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр * дугаар хороонд иргэн Ч.Алтантуяаг бие хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

  Булган аймгийн Прокурорын газраас Д.Дашнямын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

  Шүүгдэгч Ө овогт Д-ын Дашнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашнямыг 1 /нэг/ жил , 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашнямд оногдуулсан 1 /нэг/ жил , 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашнямын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Дашнямаас гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Бүрэгхангай сумын * дүгээр баг * дугаар хороонд оршин суух хохирогч Өзөөд овогт Чүлтэмсүрэнгийн Алтантуяад олгожшийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Д.Дашням давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хохирогч талаас шүүх хурал болохоос өмнө ямар нэг эмчилгээний зардал болон нэхэмжлэх зүйлгүй, ирүүлээгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 06-ны шүүх хурал дээр хохирогч Ч.Алтантуяа 1,500,000 төгрөг нэхэмжилсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Ч.Алтантуяад хувиасаа 1,500,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн. Би хохирогч талаас нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие гэм буруугаа бүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөр ялаар сольж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.Дашням нь гэмт хэрэг үйлдсэн болохоо шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд сайн дураараа мэдүүлсэн тул гэм буруу дээр маргаагүй ба хийсэн хэрэгтээ гэмшиж хохирол төлбөрийг нотлох баримт шаардахгүйгээр төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байсан боловч уг хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 1 жил 5 сарын хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгч нь хохирогч Ч.Алтантуяагийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашням, түүний өмгөөлөгч Ч.Отгожаргал нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Шүүгдэгч Д.Дашням нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр * дугаар хороонд иргэн Ч.Алтантуяаг бие хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:

 -мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Дашнямын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Алтантуяагийн мэдүүлгүүд, гэрч Н.Баясаагийн өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бактериологийн шинжилгээний №4654 дугаартай хариу зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Д.Дашням нь хохирогч Ч.Алтантуяагийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүч хэрэглэж бэлгийн эрх чөлөөнд нь халдсан үйлдэл, хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүх түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Д.Дашням нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Ч.Алтантуяад төлж барагдуулсан, хохирогч нь “...гомдол саналгүй...” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Шүүгдэгч Д.Дашнямд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Дашнямын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Дашням болон түүний өмгөөлөгч Ч.Отгожаргал нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт  шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэв шүүгдэгч нь шүүхээс тогтоосон дээрх хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 241 дугаар шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашнямыг 1 /нэг/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/, 5 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй гэж,

тогтоох хэсгийн 3 заалтын: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашнямд оногдуулсан 1 /нэг/ жил , 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Д.Дашнямд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансуурлах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Шүүгдэгч Д.Дашням нь хохирогч Ч.Алтантуяагийн хохиролд 1,500,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дашнямд анхааруулсугай.

   4. Шүүгдэгч Д.Дашням болон түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

     5. Шүүгдэгч Д.Дашням нь нийт 50 хоног цагдан хоригдсон болохыг   дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашнямыг сулласугай.

   7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                         С.ЦЭЦЭГМАА

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН