Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2024/00055/И |
Дугаар | 103/ШШ2024/00284 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00284
2024 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/00284 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ******* тауэрийн *** тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, ************* байрлах, ******* ХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Манай компани "*******" ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж 38,500,000 төгрөгийн үнэ бүхий " явахын редукторын араа" 1 ширхэгийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийлүүлж хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.1-т заасны дагуу барааны нийт дүнг дансанд шилжүүлэх эсвэл нүүрсээр төлөх ёстой байсан. Ингээд төлбөрийг төлөхгүй удаасаар байсан тул гэрээнд зааснаар төлбөрийг нүүрсээр авах хүсэлтийг өгсөн боловч төлбөрийг нүүрсээр өгөх боломжгүй гэж хэлсэн. Ийнхүү манай компанийн зүгээс удаа дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд тус тус уг төлбөрөө авах талаар албан бичиг өгч, биеэр очиж уулзаж байсан боловч нэг ч төгрөгийн тооцоог төлж барагдуулаагүй учир 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "*******" ХК-ийн нягтлан бодогч н. уулзахад танай компанид 2018 оны 12 дугаар сард 12 вагон, 2019 оны 01 дүгээр сард 4 вагон, нийт 16 вагон нүүрс гаргаж, тооцоог хаасан гэж хэлсэн. Манай компани ямар ч нүүрс аваагүй тул тухайн асуудлаар гийн хэлтсийн дарга Д.той холбогдоход "Танай компанийн хүн гээд нэг хүн ирээд эхнэрийн бие муу гээд гуйгаад суугаад байхаар нь өгчихсөн. Танай компаний хүн биш гэдгийг яаж мэдэх юм, гуйгаад байхаар нь зүгээр өгчихсөн. н. гэж хүн авсан танайхтай одоо тооцоо байхгүй, шүүх, цагдаагаараа яв" гэсэн, ингээд манай компанид төлөх төлбөрийг танихгүй Г. гэх хүнд өгсөн байсан тул 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Эрүүгийн дугаартай хэрэг үүсч, Авилгатай тэмцэх газарт хэрэг хянан шалгах ажиллагаа явагдсан. Уг хэрэгт манай компанийг төлөөлөн хохирогчоор компанийн ерөнхий захиралын албан тушаалтай Д.ийг тогтоосон байсан. Манай компанийн зүгээс "*******" ХК-тай л "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан ба албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэх нь тусдаа шийдэгдэх асуудал тул гэрээгээр тохиролцсон 38,500,000 төгрөгийг иргэний эрх зүйн гэрээний маргаан гэж үзэж иргэний шүүхэд хандахаар болж хохирогчоор тогтоох тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Д.ийг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн. Ийнхүү уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл явагдахад манай ******* ХХК буюу төлөөлөн Д.ийг хохирогчоор тогтоосон байсан тул "*******" ХК-иас иргэний журмаар гэрээний төлбөрийг гаргуулах боломжгүй байсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэргийн улмаас хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосноор иргэний журмаар "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргээ шаардах боломжтой болсон. Иймд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүрэгт "*******" ХК-иас 38,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани ******* ХК-тай 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан 38,500,000 төгрөгийн үнэ бүхий явахын редукторын арааг нийлүүсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барааны нийт үнийн дүнг дансанд шилжүүлэх эсвэл нүүрсээр төлөх боломжтой байсан. ******* ХК нь төлбөрийг төлөхгүй удсан тул гэрээнд зааснаар төлбөрийг нүүрсээр авах тухай албан бичгийг гэдэг хүнд явуулсан боловч нүүрсээр өгөх боломжгүй гэсэн хариу ирсэн. Манай компанийн зүгээс удаа дараа буюу 2018 оны 10, 11 сард, 2019 оны 9, 10 сард, 2020 оны 1, 9 сард тус тус төлбөрөө авах тухай албан бичгийг удаа дараа хүргүүлж байсан мөн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХК-ийн нягтлан бодогч уулзахад танай компанид 2018 оны 12 сард нийт 12 вагон, 2019 оны 1 сард нийт 4 вагон нийт 16 вагон нүүрсийг гаргаж тооцоог хаасан гэдэг мэдээг өгсөн. Манай компани нь ямар ч нүүрс аваагүй тухайн асуудлаар Санхүүгийн албаны дарга той холбогдоход танай компаний хүн гээд нэг хүн ирж уулзаад эхнэрийн бие тааруу байна гэж гуйгаад байхаар нь өгчихсөн. Танай компаний хүн мөн, бишийг би яаж мэдэх вэ, гэдэг хүн авсан, энэ асуудлаа шүүх, цагдаагаар шийдээрэй гэж хэлсэн. Ингээд манай компанид төлөх төлбөрийг танихгүй гэдэг хүнд төлсөн байсан тул 2020 оны 10 сард ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан, уг гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хохирогчоор компанийн Ерөнхий захирал үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч ийг тогтоосон байсан. Энэ хэрэгт 38,500,000 төгрөг гаргуулах асуудлыг иргэний эрх зүйн маргаан гэж үзэж иргэний шүүхэд хандахаар болсон тул хохирогчоор тогтоосон Прокурорын тогтоолыг хүчингүй болгуулахаар манайх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 10 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Прокурорын дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ийг хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул иргэний шүүхээр төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* ХХК-иас манай компани руу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 23 тоот албан бичгээр төлбөрөө нүүрсээр авах хүсэлтийг явуулсан байсан. Уг хүсэлтийн дагуу манайх 2018 оны 12 дугаар сард 12 вагон, 2019 оны 01 дүгээр сард 4 вагон, нийтдээ 16 вагоныг ******* ХХК руу зарлагын баримт гарган төмөр зам руу шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-ийн регистрийн дугаар, хаягийг тодорхой зааж өгсөн байсан. Тэгэхээр энэ нь нэг талаараа хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх маргаанаар эрх нь нөгөө талд шилжсэн гэсэн эрх зүйн маргаантай байгаа, ерөнхийдөө манай компани нь төлбөрийг нүүрсээр төлж барагдуулсан. Хариуцагч талын дотоод асуудалд үл ойлголцол гарсан байх, манай компаниас биш , Баясгалан нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийг гаргавал илүү зохимжтой байх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, худалдах, худалдан авах гэрээ, орлогын баримт, ******* ХК-д гаргасан хүсэлтүүд, Нийслэлийн Прокурорын газрын Хүсэлтийн хариу өгөх тухай албан бичиг, итгэмжлэл, хариуцагч талаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, ******* ХХК-ийн гаргасан хүсэлүүд, Улаанбаатар төмөр зам орлох падаан, Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Нийслэлийн Прокурорын болон ******* дүүргийн Прокурорын газраас, мөн Улаанбаатар төмөр замын ******* өртөөнөөс тус тус хэрэгт холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргуулан авсан.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн, худалдан авсан барааны үнэд нүүрс өгсөн гэж байгаа боловч манай байгууллага уг нүүрсийг хүлээн аваагүй учраас 38,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Харин хариуцагч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: гэрээний 5.2-т заасны дагуу ******* ХХК-ийн хүсэлтээр 14 вагон нүүрс нийлүүлсэн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь 38,500,000 төгрөгийн үнэ бүхий ЭШ-10/70 явахын редукторын араа z-99, m-12 /2-129047/ сэлбэгийг худалдаж, хариуцагч ******* ХК-д 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 7-9 хуудас/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 5.1-т .., барааны үнийн нийт дүн 38,500,000 төгрөгийг худалдагч талын банкны тоот дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлнө гэж, 5.2-т заасан Худалдан авагч тал төлбөрийг худалдагч талын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нүүрсээр төлбөрийг барагдуулж болно гэж тус тус тохиролцсон байна.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд: Танай байгууллагын хүсэлтээр Улаанбаатар Төмөр замын ******* өртөөгөөр дамжуулан 14 воган нүүрс нийлүүлсэн, ямар хүнд хүлээлгэн өгөхийг манайх хариуцахгүй, ямар ч байсан ******* ХК нь ******* ХХК-д хаягласан нүүрсийг нийлүүлсэн тул манайх төлбөрөө нүүрсээр бүрэн барагдуулсан гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Манай компанийн зүгээс удаа дараа буюу 2018 оны 10, 11 сард, 2019 оны 9, 10 сард, 2020 оны 1 болон 9 сард тус тус төлбөрөө авах талаар албан бичгийг хүргүүлж байсан, мөн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ******* ХК-ийн нягтлан бодогч очиж уулзахад танай компанид 2018 оны 12 сард нийт 12 вагон, 2019 оны 1 сард нийт 4 вагон нийлээд 16 вагон нүүрсийг гаргаж тооцоог хаасан гэдэг мэдээг өгсөн. Манай компани нь ямар ч нүүрс аваагүй тухайн асуудлаар Санхүүгийн албаны дарга той холбогдоход танай компанийн хүн гээд л нэг хүн ирж уулзаад эхнэрийн бие тааруу байна гэж гуйгаад байхаар нь өгчихсөн. Танай компанийн хүн мөн бишийг би яаж мэдэх юм бэ? гэдэг хүн авсан, энэ асуудлаа шүүх цагдаагаараа шийдээрэй гэж хэлдэг. Ингээд манай компанид төлөх төлбөрийг танихгүй гэдэг хүнд төлсөн байсан тул 2020 оны 10 сард ******* дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан, уг гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хохирогчоор компанийн ерөнхий захирал үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч ийг тогтоосон байсан. Энэ хэрэгт 38,500,000 төгрөг гаргуулах асуудлыг иргэний эрх зүйн маргаан гэж үзэж иргэний шүүхэд хандахаар болсон тул хохирогчоор тогтоосон прокурорын тогтоолыг хүчингүй болгуулахаар манайх өөрсдөө хүсэлт гаргасан гэж тус тус тайлбарладаг.
******* ХХК нь дээрх нүүрстэй холбоотой асуудлаар 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган хэрэг бүртгэлийн хэрэг нээж, ******* ХК-ийн , эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Доржийн од холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хянан шалгагдаж байгаа болох нь ******* дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба хохирогч ******* ХХК-ийн захирал Д. нь хүсэлт гаргаж түүнийг хохирогчоор тогтоосон шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгосон байна. /хх-67-113, 114 хуудас/
Иргэний хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д Гэрээ ёсоор худалдагч эд хөрөнгийг тээвэрлэгчид шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгөд ямар нэгэн таних тэмдэг буюу бусад хэрэгслээр тэмдэглэл хийгээгүй бол түүнийг илгээсэн тухай худалдан авагчид мэдэгдэж ачааны дэлгэрэнгүй жагсаалтыг илгээх үүрэгтэй гэж заажээ.
Улаанбаатар Төмөр замын ******* өртөөнөөс /2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд хамаарах/ ******* ХК-иас хүлээн авагч ******* ХХК-д хаяглан 14 вагон, 886 тонн /2 вагон 126 тонн, 2 вагон 127 тонн, 1 вагон 62 тонн, 1 вагон 59 тонн, 2 вагон 127 тонн, 2 вагон 134 тонн, 2 вагон 127 тонн, 1 вагон 61 тонн, 1 вагон 63 тонн/ нүүрсийг илгээсэн ба ачаа олгосон тухай тэмдэглэл, хүлээн авсан /гарын үсэг, нэр/ гэсэн хэсэгт ямар нэгэн гарын үсэг тэмдэглэл хийгдээгүй, ******* ХК нь нэхэмжлэгчид нүүрс илгээсэн талаар мэдэгдээгүй болно.
Гэрч С.Баясгалан :Би ******* ХК-д өгсөн сэлбэгний төлбөрт ******* ХК мөнгө гүй удах төлөвтэй болохоор нь нүүрсээр тооцоо хийх боломжтой юм байна гэж бодоод ******* ХХК-иас албан бичиг хийлгэж би ******* ХК-д хүргэж өгөх гэж байгаад замдаа Г.той таксинд тааралдаад ******* ХК-иас сэлбэгний мөнгөний оронд нүүрс авах гэж байгаа талаараа ярьсан Г. надаас би нүүрсийг нь зараад өгье гээд гуйгаад байхаар нь би шийдтэй хариу өгөөгүй. *******т очоод уурхай руу явахад би хамт явъя уурхай дээр очих ажилтай гээд надтай хамт очсон, тухайн үед надтай хамт уурхайд очихдоо намайг болон, ******* ХХК-ийг төлөөлж уулзаагүй Г. хамаатныхаа Ононгол гэх залуутай уулзсан би өөрөө албан бичигээ бичиг хэрэгт нь өгөөд явсан ямар нэгэн хүнтэй уулзалдаагүй, Г. намайг төлбөрийн оронд авах нүүрсийг чинь зарж өгөөд 10 хувийг нь авая гэхээр нь би хүнтэй хамтарч сэлбэг нийлүүлсэн бие дааж шийдвэр гаргахгүй гэж хэлсэн. Г. надаас болон ******* ХХК-д болон хэн нэгэнд мэдэгдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр сэлбэгний төлбөрийн оронд авах нүүрсийг авсан над руу сүүлд залгаад би *******аас нүүрсийг чинь авсан зараад мөнгийг нь бага багаар нь өгнө гэхээр нь чи найдвартай юм хийгээрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч Г.: Би 2018 оны 11 сард Баясгалан надтай хамт ******* ХК-ийн захирал дээр очсон. Тэгээд С.Баясгалан ******* ХК-ийн захиралд нь ".., энэ Г. гэдэг хүнээр дамжуулаад нүүрсээ авья..," гэж ярилцсан юм. Учир нь гэвэл С.Баясгалан өөрөө нүүрсээ борлуулж чадахгүй байна гээд надтай холбогдсон тэгээд би борлуулж өгөхөөр болж ******* ХК-ийн захирал дээр очсон. С.Баясгалан надад 3,000,000 төгрөг өгье нүүрсийг аваад борлуулаад өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн юмаа. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-нд ******* ХК-ийн захирал 2 вагон нүүрс ирээд Хүнс трейдын хажуу талд байдаг Карьер гэдэг зуурмагны үйлдвэрийн Зоригт-Очир гэдэг хүнд өгсөн. Би яг нүүрс ачиж буулгахад хажууд нь байгаагүй. Би фэйсбүүкээр "нүүрс зарна" гээд зар тавьсан, удалгүй Зоригт-Очир гэдэг хүн зарын дагуу надтай ирж уулзаад надтай хамт ******* ХК-д 2018 оны 11 сард хамт очиж байсан. Зоригт-Очир надруу 12 сард 2 вагон нүүрсний үнэ хийсэн, баримтыг нь би ******* ХК-ийн С.Баясгаланд бүгдийг нь өгсөн. Одоо сайн санахгүй байна, 2 вагон нүүрс хэдэн тонн байсныг нь мэдэхгүй байна. Би орж ирсэн мөнгөнүүдээс 17 сая төгрөгийг С.Баясгаланд өгсөн, 3 сая төгрөгийг С.Баясгалан намайг ав гэсэн болохоор нь авсан. Би ******* ХХК-ийн захирал Н.Пүрэвдорж, Д. нарыг танихгүй гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт ******* ХК нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн, эсхүл ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК ашиг олсон нөхцөл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХК нь 14 вагон, 886 тонн нүүрс нийлүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна.
Үүнээс дүгнэхэд уг нүүрсний хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа боловч эрх бүхий албан тушаалтан ******* ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй байна. Дээрх үндэслэлээр хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 211 дүгээр зүлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 38,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 350,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ