Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх,

шүүгдэгч Х.Г,

шүүгдэгч Х.Г өмгөөлөгч Д.Д /онлайнаар/,

шүүгдэгч Б.Л /онлайнаар/,

шүүгдэгч Б.Л өмгөөлөгч Д.Т /онлайнаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Л, Х.Г нарт холбогдох 2002005300094  дугаартай эрүүгийн хэргийг 2022  оны  01  дүгээр  сарын  10-ны өдөр  хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Б Л 1982 оны 06 дугаар сарын 30-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын - дугаар баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал авч байсан, урьд ял шийтгэлгүй гэх, /РД: /

Монгол Улсын иргэн, М овогт Х Г 1985 оны 05 дугаар сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, НИК ХХК-д жолооч ажилтай ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дугаар байрны - дүгээр орцны - тоотод оршин суух, урьд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг хассан гэх, /РД: /

 Шүүгдэгч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Г хэргийг ашигтайгаар гаргуулахаар шинжээч нартай уулзана хэмээн амлаж, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хөөмий караоке ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийг Х.Г төлүүлэхээр шууд шаардаж иргэн Ц.А Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн төлбөрийг төлүүлсэн,

Мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Г утас руу 5465006870 данс руу 30 000 төгрөг, найз бензингүй алиа алдаж байна хөө гэсэн мессеж илгээн 30 000 төгрөг өгөхийг шууд шаардаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Л Хаан банк дахь 5465006870 дугаарын дансаар 30 000 төгрөгийг шилжүүлж авсан,

Шүүгдэгч Х.Г нь хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар нээрээ нас барсан гэх хэрэгт шалгагдаж байх үедээ хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Л албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.А Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Л Хаанбанк дахь 5465006870 дугаарын дансаар дамжуулан 30 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Л, Х.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Б Л нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М овогт Х Г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л оногдуулсан 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Х.Г оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

шүүгдэгч Б.Л, Х.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг, шүүгдэгч Х.Г оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч Б.Л, Х.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны ярианы бичлэг бүхий сиди 1 ширхэг, шүүх хуралдааны бичлэг бүхий сиди 1 ширхэг, нийт 2 шихэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Л гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа өөртөө давуу байдал олох зорилгоор санаачлага, сэдэлт гаргаж мөнгө өгсөн асуудал байхгүй. Б.Л бид 2-ын утсаар ярьсан бичлэгийн нотлох баримт байгаа. Хотод очоод шинжээчийн дүгнэлт гаргах шинжээч нартай уулзаж албан тушаалын эрх мэдлийг нь ашиглахаар уулзсан бол миний хэрэг ингэж шийдэгдэх байсан байх. Миний хувьд мөрдөн байцаалтын явцад өөрөө хүсэлт гаргасан байгаа. Миний өмгөөлөгч Г намайг таслагдаад орчихсоны дараа Авлигатай тэмцэх газар гомдол гаргачихсан байсан. Тухайн хэрэгт хяналт тавьж байсан прокурор ирж уулзахдаа мөрдөн байцаагч чинь чамайг дарамталж, мөнгө авсан асуудал байна уу, үнэн зөвөөр нь хэлээрэй гэхэд нь тухайн үеийн нөхцөл байдлыг үнэнээр нь хэлсэн. Б.Л над руу утсаар ярьсан бичлэг, бичсэн зурвасыг нь нотлох баримтаар өгсөн. Надаас ямар байдлаар мөнгө нэхдэг байсныг эхнэр болох Ш, хамт амьдардаг найз Г гэх найздаа байнга хэлдэг байсан. Мөнгө нэхдэг асуудлаар энэ 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг мөрдөгчид гаргаж байсан. Шаардлагатай бол дуудна гэж хэлснээс өөр арга хэмжээ аваагүй. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд миний санаа сэтгэл, сэдэлт, зорилгыг тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүгдэгч Х.Г өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож хэт их ял оноосон гэж үзэж байгаа. Х.Г Б.Л мөнгө өгсөн шалтгаан нь юу байсан талаас шүүх үзээгүй. Г өмгөөлөгчийн авлигатай тэмцэх газарт хандсан прокурор хэргийн нотлох баримтыг зохиомолоор бүрдүүлсэн, устгасан гэсэн утгатай гомдол гаргасныг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газар хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Г өмгөөлөгчийн прокурорт холбогдуулан гаргасан гомдолтой хэрэг бүртгэлтийн хэрэгт Х.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Л нь удаа дараа утсаар шөнийн цагаар залгаж амар тайван байх аргагүй чамайг цагдан хорино гэх байдлаар дарамт, шахалт үзүүлж мөнгө авсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн Ганбат өмгөөлөгчийн прокурорт холбогдуулан гаргасан гомдолтой хэрэгт Х.Г яллагдагчаар татан эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Миний хувьд Х.Г өмгөөлөгчөөр прокурорын шатнаас өмгөөлсөн. Х.Г нь Б.Л ямар байдлаар мөнгө нэхдэг байсныг эхнэр болох Ш, хамт амьдардаг найз Г нараас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатанд гаргаж байсан. Гэвч энэ хүсэлтийг үндэслэлгүйгээр анхан шатны шүүх хүлээн аваагүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр энэ хүсэлтээ дэмжиж хүсэлт тавихад бусад CD бичлэгээр нотлогдож байна, энэ хүмүүсийг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг хангаагүй үйлчлүүлэгчид маань хэт өндөр ял оноосонд гомдолтой байгаа. Үйлчлүүлэгчийг маань өөрөө прокурорт холбогдуулан гаргасан өмгөөлөгчийн гомдолтой хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Л нь дарамт шахалт үзүүлж мөнгө авсан гэх асуудлыг өөрөө хэлсэн байдаг. Тийм учраас ялаас чөлөөлөх боломж байсан. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч Х.Г ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Л нь нийтийн албан тушаалд хахууль авч ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Х.Г нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулж эд зүйл буюу 180 000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD дээр хураагдсан ярианы бичлэг, хэргийн оролцогч нарын Хаан банкан дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг. Хэргийн үйл явдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсоны үндсэн дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгж буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Х.Г хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаанд хасаж, 7000 нэгж буюу 7 000 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Тиймээс шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.Г нь Б.Л дарамт шахалтаас болж мөнгө өгсөн гэх тайлбарыг гаргаж байгаа боловч тухайн мөнгийг өгөхгүй байх боломж байсан. Хэрэв тухайн мөнгийг өгсөн асуудал байх юм бол хэрэг шалгагдаж байх хугацаанд мөрдөгчид холбогдуулан гомдол гаргаж шалгуулах бүрэн боломжтой байсаар байтал энэ талаар ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байдаг. Энэ хэргийн илэрч байгаа гол шалтгаан нь прокурорын үйл ажиллагаатай холбогдуулан өмгөөлөгчийн  гаргасан гомдолтой холбоотойгоор илэрч байгаа асуудал болохоос биш Х.Г нь сайн дураараа мөнгө нэхсэн асуудлыг илчлээгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Х.Г албаны шаардлагаар утсаар ярьж байсан нь үнэн. Х.Г утсаар ямар нэгэн байдлаар дарамталж мөнгө авсан асуудал байхгүй. Х.Г 180 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үүнтэй холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлье гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Миний хувьд Х.Г хэргийг аргалж өгнө гэж хийх ёсгүй үйлдлийг хийлгэсэн асуудал байхгүй гэжээ.

Шүүгдэгч Б.Л өмгөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Х.Г байр суурийг анхан шатны шүүх дээр сонссон, давж заалдах гомдлоос нь хараад илтгэхэд Х.Г нь хохирогч гэж үздэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан зүйл хийсэн өөрөөр хэлбэл хохирол хор уршиг бий болгосон байхыг хуульчилж өгсөн байгаа. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэсэн байр суурьтай байна. Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдлыг энэ талаараа үндэслэлтэй байна гэж үзэж нэмэлт тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл Х.Г нь миний хэргийг хэрэгсэхгүй болгоод өг, хууль бус үйлдэл хийхийг шахаж шаардах зэргээр өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл байхгүй гэдгийг анхан шатны шүүхийн шатанд хэлдэг,  давж заалдах гомдолдоо ч хэлж байна. Х.Г нь Б.Л мөнгө нэхэхэд нь худлаа хэлж байна гэдгийг мэддэг байсан. Миний үйлчлүүлэгчийн зүйлчлэлийг нь өөрчлөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй. Х.Г хувьд гэмт хэрэг үйлдээгүй харин залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч юм гэсэн байр суурьтай байдаг. Үүнийгээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Л нь хахууль авсан, шүүгдэгч Х.Г нь хахууль өгсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хангалттай шалгасны эцэст прокуророос шүүгдэгч нар хахууль өгсөн, авсан нь  нотлох баримтаар нотлогдсон гэж үзсэн тус бүр 2 үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүсэн ба анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед шаардлагатай гэрч асуугаагүй, санаа зорилго тогтоогоогүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах, хэргийн зүйлчлэл тохироогүй учраас зүйлчлэлийг өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг  саналууд гарсан боловч анхан шатны шүүх санал тус бүрийг няцаасан дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгасан ба тэдгээр нь үндэслэлтэй болжээ.   

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд  болох гэрч Х.О, Ц.А, Б.Л, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулганууд зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд тэдгээр нь хуульд заасан шаардлага зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй ба тэдгээрийг үнэлсэнтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гараагүй байна.

Шүүгдэгч Б.Л нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай зам тээврийн ослын хэргийн холбогдогч Х.Г хэрэгт шинжээчийн дүгнэлтийг ашигтайгаар гаргуулахаар шинжээч нартай уулзана хэмээн амлаж, хийх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хөөмий караоке ресторанаар үйлчлүүлсэн төлбөрийг Х.Г төлүүлэхээр шууд шаардаж иргэн Ц.А Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн төлбөрийг төлүүлж,

мөн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Г утас руу “5465006870 данс руу 30 000 төгрөг, найз бензингүй алиа алдаж байна хөө” гэсэн мессеж илгээн 30 000 төгрөг өгөхийг шууд шаардаж Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Л Хаан банк дахь 5465006870 дугаарын дансаар 30 000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус хахууль авсан,

шүүгдэгч Х.Г нь хэрэг бүртгэлтийн 172200104 дугаартай Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, “Боржигон мандал” өрхийн эмнэлгийн зүүн талын хатуу хучилттай асфальтан зам дээр 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд иргэн О.Ц нь замын хажууд зогсож байгаад 43-10 ГСА улсын дугаартай Норд бенз маркийн цистерн зориулалттай тээврийн хэрэгслийн чиргүүлд шүргүүлж газар дээрээ нас барсан гэх хэрэгт шалгагдаж байх үедээ хэргийг өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Б.Л албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай нь холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Ц.А Хаан банк дахь 5019097369 дугаарын дансаар дамжуулан 150 000 төгрөгийн,

мөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс иргэн Б.Л Хаанбанк дахь 5465006870 дугаарын дансаар дамжуулан 30 000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Х.О “...Г надад би Л хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан гэж хэлж байсан. Хоёрч удаа мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан ...” /1-хх 248/ гэх

гэрч Ц.А “...Намайг Хөөмий караокед ажиллаж байхад үйлчлүүлэгчийн хийсэн тооцоо гэж бодож байна...” /2-хх 25/гэх

гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Би энэ мөнгө хэрхэн орж ирснийг мэдэхгүй, санахгүй байна. Манай дэлгүүрээс худалдан авсан байж болзошгүй байна...” /2-хх16/ гэх мэдүүлгүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх170-176/,

Х.Г Хаан банк дахь 5990202956 тоот данснаас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04.03 цагт 5019097369 тоот / Ц.А/ дансанд 150000 төгрөг шилжүүлсэн  /2-хх 46/

мөн данснаас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12.42 цагт 5465006870 тоот / Б.Л / дансанд 30000 төгрөг шилжүүлсэн /2-хх 46/

мөн Б.Л Хаан банк дахь 5465006870 тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12.42 цагт 30000 төгрөг шилжиж орсон /2-хх 170/

мөн Ц.А Хаан банк дахь 5019097369 тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04.03 цагт 150000 төгрөг шилжиж орсон /2-хх 188/ болохыг тус тус нотлох дансны хуулганууд

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиний бичлэг зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Шүүгдэгч Б.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч Х.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилсэн нь тохирсон байх ба шүүгдэгч Б.Л үйлдэлд албан тушаалтны хувьд бусдыг хуурч мэхэлсэн буюу залилах гэмт хэргийн шинжгүй болох талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв болсон байна.

 Шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл хэсэгт заасан хэмжээний дотор ял оногдуулсан ч оногдуулж болох ялын санкцийн аль хэсгээр нь шүүгдэгч нарт ял оногдуулсныг харьцуулан үзсэний улмаас шүүгдэгч Х.Г оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нарт оногдуулж буй ял нь тэдний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршиг, санаа сэдэлт зэрэгт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.     

Шүүгдэгч Х.Г нь “ миний хувьд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор  Л мөнгө өгөөгүй, аргагүй байдалд орж өгсөн, авлигатай тэмцэх газрын комиссарт өөрөө мэдүүлсэн, энэ байдлыг шүүх харгалзан үзсэнгүй, ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү “ гэж давж заалдсан байна.

Шүүгдэгчийн давж заалдсан гомдол нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “ Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж, ялаас чөлөөлнө.” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэл зорилго гэж ойлгогдох боловч шүүгдэгч нь хахууль өгөх гэх хэрэг үйлдсэнээс хойш өөрөө сайн дураараа хэргээ илчлэх хангалттай хугацаа өнгөрсөн байхад уг боломжийг ямар нэгэн байдлаар ашиглаагүй байж зам тээврийн ослын хэрэгт шүүхээс ял шийтгэл хүлээсний дараа хорих ял эдэлж байх хугацаанд гэрчээр асуугдах үед хахууль өгсөн тухай мэдүүлснийг хэргээ сайн дураараа илчилж ирсэн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч тус бүрт ял шийтгэл оногдуулахдаа хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь ял оногдуулахад нөлөөлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус  зөрчсөн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлын  “... ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү “ гэснийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтны тус бүр “...7000 /долоон мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7000000 /долоон сая / “ гэснийг “...4000 / дөрвөн мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 /дөрвөн сая /  гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Г давж заалдсан гомдлын “... ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү “ гэснийг хүлээн авч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     О.ОДНЯМАА     

            ШҮҮГЧИД                                       Х.БАЙГАЛМАА                                                                                 

                                                                     Г.ТЭГШСУУРЬ