Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

А.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О,

Шүүгдэгч А.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, Б.М,

Хохирогч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М даргалж, шүүгч Д.С, Г.М нарын бүрэлдэхүүнтэй хийсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор А.Б-д холбогдох 1916003070151 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт А.Б нь Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багт оршин суудаг, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДК..............  регистрийн дугаартай.

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Х-ын гэрт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч А.А-ыг олон удаа хутгалж, биед нь зүүн чамархайд 3, толгойн оройн хэсэгт 2, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын нэг, хоёрдугаар хурууны завсрын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд учруулж санаатай алахыг завдсан, мөн хохирогч Л.Х-ыг “...архи уусангүй...” гэх шалтгаанаар зодож биед нь дээд уруул шарх гэмтэл, зэвсэг буюу хутгаар зүүн гуя, баруун гарын эрхий хуруунд хутгалж, биед зүүн гуя, баруун гарын эрхий хуруунд шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол учруулсан үйлдлүүдийг прокурор онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т овогт А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Б 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх А.Б-ыг гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч А.Б-ын мэдүүлэг, хохирогч А.А, Л.Х, Т.Б, нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хүний биед олон удаа хутгаар санаатай халдан гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдах, мөн хохирогч Л.Х-ын биед халдаж хөнгөн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцсон.

А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдах гэж зүйлчилж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

 Хохирогч А.А-ын биед олон тооны шарх үүсгэсэн гэдгээр хүнийг алахыг завдсан гэж зүйлчилж мөн тухайн цаг хугацаанд цуг байсан гэх хохирогч Л.Х-ын биед хөнгөн гэмтэл учирсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан.

 

 Хохирогч А.А болон шүүх дээр гэрчээр мэдүүлэг өгч байсан Л.Х, Т.Б нарын өгсөн мэдүүлгээр А.Б нь хүнийг алах санаа зорилго байхгүй байсан, алахаар байсан бол намайг авч машинаар явж байхдаа алчих бүрэн боломж байсан гэх /А.А-ын мэдүүлэг/ архи уусан байсан нилээд согтуу үедээ ийм үйлдэл гаргасан, бид нар хоорондоо, өш хонзонгийн асуудал байхгүй нэг нутгийн ах дүүс гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хохирогч болон бусад гэрч нарын мэдүүлж байгаа болсон хэргийн нөхцөл байдлын талаарх мэдүүлэг өмгөөлөгчийн саналын үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тайлбарлаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гарах дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг тодорхой заагаагүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А-ыг А.Б нь санаатай алахыг завдсан гэх гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг буруу тайлбарлаж, тухайн зүйлчлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж тайлбарлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг хөнгөрүүлж ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралд оролцсон прокурор: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Х-ын гэрт согтуурсан үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч А.А-ыг олон удаа буюу 12 удаа хутгалж /шинжээчийн дүгнэлтээр/, биед нь зүүн чамархайд 3, толгойн оройн хэсэгт 2, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын нэг, хоёрдугаар хурууны завсарын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд учруулж алахыг завдсан, мөн цаг хугацаанд тэнд байсан хохирогч Л.Х-ыг  архи уусангүй гэж нүүрэн тус газар гараар цохиж дээд уруулд шарх гэмтэл үүсгэсэн, гуянд хутгалж, баруун гарын эрхий хурууг зүсч хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Энэ үйл баримт нь хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг машины арын суудал дээр унтаж байтал А.Б машины хаалга нээгээд “Гараад ир пизда минь. Би Х-г алчихлаа. Хүнийг ингэж алдаг юм.” гэсэн. Би гэрт яваад ортол Х-ийн нүүр, хамар, ам нил цус болсон гэрийнхээ зүүн хоймор хэсэгт сууж байсан. Хажууд нь Б, Б 2 сууж байсан. А.Б араас гартаа бор иштэй хутга барьсан орж ирсэн. Би гадаа байхдаа харанхуй байсан болохоор хутгыг нь хараагүй. А.Б баруун гартаа хутгаа бариад “Хувцсаа тайлцгаа би та нарыг бүгдийг чинь ална.” гэсэн. Тэгээд нэг Х-ийн хажууд очоод, нэг миний хажууд ирээд ална шүү гээд орилж чарлаж дайраад. Миний толгойн ар дагз руу гараараа 2 цохиод, хутгаараа миний эрүүний доороос өнгөцхөн хатгаад. Баруун шанаа руу бас өнгөцхөн хатгаж авсан. Тэгээд Х дээр очоод хөл рүү нь өшиглөж авсан. Би “Хутгаа тавьчих миний дүү. Хутга барьж болохгүй.” гэж аргадсан боловч үгэнд орохгүй байсан. Тэр үед зуухны арын хүхээгний доод талд 3 шил архи. Нэг кола ундаа хэвтэж байсан. Би 0.75 литрийн Соёрхол нэртэй архины шилийг аваад зуухны хэсэгт цохиж хагалаад шилний хүзүүг нь бариад “Наад хутгаа хая чи ойртоод үзээрэй.” гэсэн чинь А.Б харчихаад “Алнаа чамайг.” гээд хүрч ирээд зүүн талын суга руу нэг удаа, хавирга орчим нэг удаа хутгалсан. Би айгаад хутга барьсан баруун гарыг нь бариад авсан. Тэгээд түлхээд хойш нь суулгасан чинь босч ирээд миний зүүн шанаа руу өвдөглөсөн, би гараас нь хутгыг нь авах гээд дийлдэхгүй байхаар нь баруун гарын шуу орчмоос нь хазсан боловч хутгыг нь салгаж чадаагүй. А.Б хутгатай гараа угзарч татаад миний зүүн гарын эрхий хурууны салааг зүссэн. Би өвдөглүүлж, гараа зүсүүлээд хойшоо болтол намайг хөлөөрөө нүүр орчим руу өшиглөөд би хойшоогоо унасан. Тэр үед Х араас нь Б-ыг татсан чинь эргэж хараад Х-ыг хутгалах шиг болсон. Х “Яа яа чи намайг хутгалчихлаа.” гээд орилсон. Би тэр үед нь үүд рүү гарах гээд мөлхөж байтал араас барьж аваад зүүн гуяны ар хэсэг рүү хутгалаад, хутгаа сугалж аваад маш хурдан баруун дал, баруун мөр, баруун суганы доор 3 удаа хутгалаад намайг татаад толгой руу өшиглөж унагаасан. Тэр үед Х, Б 2 гэрээс гараад зугтсан. Б намайг хаяад тэр хоёрын араас “Алнаа та хоёрыг” гээд гараад явсан. Гэрт Б хоймор хэсэгт хэвтэж байсан, цус тогтоох, шарх боох юм байна уу гэхэд Б ах дуугарахгүй хэвтээд байсан. Тэгээд би босож чадахгүй арай хийж гэрийн хананаас зуураад мөлхөөд гэрийн босгоны орчим байж байтал Б гаднаас орж ирээд бас нүүр рүү өшиглөж унагаагаад дээрээс өвдөглөөд суусан. Хутгаараа баруун нүд рүү хатгах гээд 2 талын шанаа руу хатгаад “Үхлээ сонго. Хоолойгоо хэрчүүлэх үү? Нугас руу чинь хий хүү.” гээд байсан. Б-ыг гэрээс гараад явахаар нь зугтах гэтэл намайг савхин куртикнээс бариад авахаар нь куртикээ тайлж үлдээгээд нэг хөл дээрээ догонцоод гэрийн урдхан талд сайр дотор ороод суусан. Тэгсэн чинь “Хөөе пизда минь.” гээд намайг хайж байгаад машинаа асаагаад намайг хайсан. Намайг гэрлээ тусгаад хайж байгаад харчихаад машинтайгаа хурдтай ирэхээр нь би зугтаад жижиг хадан толгой дээр гарсан чинь ирээд тулаад зогсоод “Суу пизда минь ална шүү.” гэхээр нь айгаад машиных нь урд суудал дээр нь суусан. Х-ын гэрийн гадаа очоод Б хаалгаа нээгээд “Б пизда минь гараад ир.” гээд орилсон чинь Б удалгүй гарч ирээд хойд талын суудал дээр суусан. Тэгээд хөдлөөд явсан. Б хурдан ширүүн яваад байсан. Миний хутгалуулсан шархнууд өвдөөд байсан тул зөөлөн яваач гэж хэлсэн. Тэгээд хаашаа яваад байгааг нь мэдэхгүй миний ухаан балартаад, би суудлын хойд талыг налаад хэвтэж явсан. Б ганцаараа юм яриад “Чамайг цус алдуулж алнаа.” гэж байсан. Мөн “Энэ пизда намайг хаашдаа хийнэ. Х ч яахав.” гэсэн утга бүхий зүйл яриад яваад байсан. Тэгээд энэ айл хэнийх вэ гэхээр нь өндийгөөд харсан чинь Р байсан. “...Намайг энд буулгачих арга байна уу?” гэж хэлсэн чинь “Энэ хэнийх юм бэ?” гээд явдал нь удаашраад зогсох гэхээр нь би хаалгыг нь нээгээд машинаас өнхөрч буугаад Р-ийн хаалгыг цохиод Р ахын дүү хаалгаа нээгээрэй. Эмнэлэг дуудаарай гэсэн. Р хаалгаа нээсэн. Наад 2 хүнээ гэртээ оруулж болохгүй шүү гээд гэр лүү нь мөлхөөд орсон. Тэгээд Р-аар эхнэр лүүгээ утсаар яриулсан. Эхнэр удалгүй ирсэн. Үүрээр сумын эмч, цагдаа нар ирсэн. Надад яаралтай тусламж үзүүлж эмчилгээ хийгээд байх шиг байсан. Миний ухаан санаа балартаад, орж гараад байсан. Нэг мэдэхэд аймаг руу аваад явж байсан. Тэгээд аймагт ирж эмнэлэгт хэвтүүлсэн. Хутгалсан шарх нь нийт 16 удаа, үүнээс 7 шарх нь их гүн хутгалсан байсан. Маш их цус алдсан байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/,

 

Хохирогч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай гэр отрын 4 ханатай жижиг гэр, би гэрийнхээ зүүн талд унтаж байсан. Б намайг татаж чангаагаад миний хөлийн орчим сууж байсан, би өндийгөөд суусан. Тэгсэн Б “Пизда минь яагаад архи уудаггүй юм” гээд гараараа миний нүүрэн тус газар цохисон, миний уруулын зүүн дээд хэсэг сэт цохигдсон. Цус их гарсан. Би хөнжлийнхөө булангаар уруулынхаа цусыг дараад тонгойсон. Тэр үед Б гараад явсан. Удалгүй шилтэй архинууд оруулж ирээд хоймор хэсэг рүү шидээд “Архи ууна аа" гээд нэг аяганд хийгээд надад өгөөд “Уу.” гэхээр нь би “Уухгүй” гэсэн чинь Б өгөөд “Чи архи уу пизда минь” гэсэн Б архийг нь аваад уучих шиг болсон. Б гараад явсан би тэр хооронд нь дээлээ сэлдэн өмсөөд, гутлаа өмсөж амжаагүй байтал Б А-ыг дагуулаад орж ирээд, “Та нарыг би ална аа” гээд А тэр 2 зодолдсон. Зодолдож байгаад 2 тийшээ болсон чинь Б манай бор иштэй хутгыг барьсан байсан. Тэгсэн А “чи зэвсэгтэй бол би бас зэвсэгтэй” гээд 2 гартаа архины шилний хагархай барьсан байсан. Манай гэрийн зуух унасан. Тэр 2 дахиад урд урдаасаа дайраад барьцалдаж авсан. Б баруун гартаа хутга бариад зүүн гараараа А-ын куртикний захнаас барьж татаад А-ын куртик, цамц нь өөдөө сөхөгдөөд ууц нуруу хэсэг нь ил гарсан байсан. Тэр үед Б А-ын ар ууц хэсэг рүү нэг удаа хутгаа дүрж хутгалсан, би босож ирээд “Болиоч чи пизда минь. Хүн хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь А-ыг тавиад эргэж намайг заамдаж аваад дараад зүүн гуяны гадна талаас нэг удаа хутгалаад “Ална аа чамайг” гээд нүүр орчим хутгаараа зүссэн. Миний хамарны нурууны хэсгээр өнгөц зүсэгдсэн. Би гуяа дараад унасан, намайг хаяад буцаад гэрийн баруун хатавчны хэсэгт унасан байсан А-ыг барьж аваад “Ална аа та нарыг” гэж байсан. Би гуяндаа хутгалуулаад айж шоконд орсон байсан. Нэг харсан Б нь А-ын дээр нь гарсан хутгалаад байх шиг байхаар нь “Хүн аллаа шүү дээ чи” гээд дахиад очиж Б-ын хутганаас барьж авсан чинь баруун гарын эрхий хурууны 1 дүгээр үе орчим хутганд гүн зүсэгдсэн. Тэгээд би холдоод дийлдэхгүй юм байна. Хаашдаа алуулах юм байна гэж бодоод гэрийн шалан дээр хэвтэж байсан өөрийнхөө гар утсыг аваад хөл нүцгэн сэлдэн дээлтэй гараад зугтсан. /1 дүгээр хавтаст хэргийн ХХ66-71 дүгээр тал/,

Гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед манай нутгийн Б, Б гэх 2 хүн ирсэн. Гэрт тэр 2 хүн орж ирсэн. Тэр 2 хүн манайд орж ирээд мэнд ус мэдээд, “аймгаас явж байна” гээд халамцуу байдалтай явж байсан. Тэр 2 манай нөхөр А-ыг унтаж байхад нь босгоод нэг шил архи гаргаад манай нөхөрт уулгах гээд шахаад байсан. Манай нөхөр уухгүй байсан. Тэгсэн Б “Манайд очъё хамт явъя” гээд манай нөхрийг аваад гараад явсан. Манай гэрт тэр 2 удаагүй 20-30 минут орчим болсон байх. Тэгсэн шөнийн 04 цаг 15 минутад манай нутгийн Р гэх залуу над руу залгаад “А ах манайд ирлээ бие нь муу байна. Аймаар цус алдаж байна. Хутгалуулсан юм шиг байна.” гэж хэлсэн. Намайг очиход эхлээд хэсэг дуугарч чадахгүй амьсгаадаад байсан. Тэгээд хэсэг байж байгаад юм ярьсан “Намайг Б хутгалсан. Намайг ална гүйцээнэ гээд хутгалаад байсан. Намайг 15 хутгалсан.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дугаар тал/,

Гэрч Х.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн үед би эхнэр, хүүхэдтэйгээ унтаж байтал гэрийн хаалга цохиод “А ах нь байна” гэхээр нь хаалгаа тайлаад өгөхөд багийн Засаг дарга А ах байсан. “Ах нь хутгалуулчихлаа. Эмнэлэгт мэдэгдээд өг.” гэсэн. Би багийн эмч рүү залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд эхнэр рүү нь залгаж хэлсэн. Нүүр ам нь их цус болсон байсан. “Та архи уусан юм уу.” гэхэд “Би нэг их уугаагүй.” гэж байсан. Манайд орж ирээд гэрийн баруун талд хэвтээд өгсөн.” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дугаар тал/,

Гэрч Ж.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн үед нөхөр, хүүхэдтэйгээ гэртээ унтаж байтал гэрийн хаалга нүдээд “А ах нь байна” гээд байсан. Манай нөхөр босоод хаалга нээтэл багийн Засаг дарга А ах, “Ах нь хутгалуулчихлаа, цус алдаад байна эмнэлэгт дуудлага өгөөдөх” гээд гэрт орж ирээд баруун талд хэвтээд өгсөн. Нүүр ам, гар, хөл нь цус болсон, цус алдаж байсан. Өмд цамцтай байсан.” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед “А эгч эмч дуудсан. Өмнө өөр хүмүүс дуудлага өгсөн байсан байх удаагүй 30 минут орчмын дараа сумын эмч, цагдаа нар ирсэн. Тэгээд А ахыг аймаг руу аваад явсан. А ах эхнэр А-даа “Намайг П /Б/ алах шахлаа. Үхэх нь ээ. Эмч хурдан дуудаарай.” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар талд/,

Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тэр шөнө 03 цаг өнгөрч байх үед манай хадам ах Х миний гар утас руу өөрийн 9898....... дугаараас залгаад маш их сандарсан байдалтай “Энд П /Б/ намайг хутгалаад, А-г хутгалаад сүйд болж байна хурдан цагдаа, эмнэлэг дуудаж өгөөрэй. Би зугтаагаад уулан дээр гарсан байна хурдлаарай.” гэж сандарч ярьсан.” гэх мэдүүлэг /1 ХХ 103-105/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.А-ын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаартай “1. Л.Х-ын биед шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна.

2. Л.Х-ын биед дээд уруул, зүүн гуя, баруун хөлийн өсгий, тавхай, зүүн хөлийн тавхай, баруун гарын эрхий хуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Зүүн гуянд байх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дугаар талд/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.О, С.Ч, Б.Д нарын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 965 дугаартай “1. Х-ын биед хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын зүүн хэсэгт оёдол тавигдсан шарх, зүүн гуяд оёдол тавигдсан шарх, баруун хөлийн өсгий тавхайд шарх, зүүн хөлийн тавхайд шарх, зүүн хөлийн эрхий хуруунд хаван, цус хуралт, баруун гарын эрхий хуруунд шархтай гэмтэл тогтоогдсон байна.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын шарх нь ердийн явцаараа эдгэрэх боломжтой.

4. Шинжээч эмч Т.А-ын гаргасан 302 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт. /3 дугаар хавтаст хэргийн 50-52 дугаар талд/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С, С.Ч, Ц.Н нарын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 967 дугаартай “1. А.А-ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, мөр, зүүн чамархай, дагз, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, баруун суга, зүүн чамархай, дагз, баруун мөр, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. А.А-ын биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун дал, мөр, зүүн чамархай, зулай, дагз, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дүгнэлт гаргахдаа өвчний түүх, рентген зураг, шинжээч эмчийн үзлэгийг үндэслэсэн болно.

 3. А.А-ын биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хэвтээ болон босоо аль ч байрлалд үүсэх боломжтой.

4. А.А-ын биед үзлэг хийсэн гэмтлийн эмчийн үзлэг болон шинжээч эмчийн үзлэг, шархыг шалгаж оёдол тавьсан тухай тэмдэглэлээс үзэхэд шархны байрлал зүүн 10-11 дүгээр хавирганы түвшинд байх боломжтой байна.

5. Шинжээч эмч Т.А-ын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэсэн байдаг ба А.А-ын биед цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хурсан байдал тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт. /3 дугаар хавтаст хэргийн 35-41 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Г, Т.А, Н.Т, Ч.Э, О.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1138 дугаартай “1. А.А-ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, мөр, зүүн чамархай, дагз, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал, баруун дал, баруун суга, зүүн чамархай, дагз, баруун мөр, зүүн гарын долоовор хуруу, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, харин баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. А.А-ын биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун дал, мөр, зүүн чамархай, зулай, дагз, зүүн гарын долоовор хуруу зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба бусад баруун зүүн шанаа, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хүзүү, зүүн хацар, баруун сарвуу, баруун гарын эрхий, ядам хуруу, баруун зүүн шилбэнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээг А.А-ын биед үзлэг хийж, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн 5825 тоот өвчний түүх болон амбулаторийн карт, рентген зургийг үндэслэн дүгнэлт гаргасан байна.

4. А.А-ын биед учирсан цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хэвтээ болон босоо байрлалын аль алины үед үүсгэгдэх боломжтой ба яг аль байрлалын үед үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн 5825 тоот өвчний түүхэнд А.А-ын биед үзлэг хийсэн гэмтлийн эмчийн үзлэгт болон шинжээч эмчийн үзлэг, шархыг шалгаж оёдол тавьсан тухай тэмдэглэлээс үзэхэд шархны байрлал зүүн 10-11 дугаар хавирганы түвшинд байх боломжтой байна. Давтан ирүүлсэн рентген зургийг уншуулахад А.А-ын зүүн 10 дугаар хавирганы далд хугарал байгаа нь тогтоогдож байна.

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 300 тоот дүгнэлт үндэслэл муутай байна. Учир нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д “цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх: үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэсэн байдаг ба А.А-ын биед цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хурсан байдал тогтоогдсонгүй. Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №967 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт. /3 дугаар хавтаст хэргийн 63-71 дүгээр талд/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э, Б.У, Б.А, Ж.Г, Г.Э, Б.Г, Ш.Ц нарын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан 100 дугаартай “1. Хохирогч А.А-ын биед зүүн чамархайн 3 ширхэг, толгойн орой хэсэгт 2 ширхэг, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуяны тус бүр 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн шанаа, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацар, хүзүү, баруун гарын сарвуу ба 1, 4 дүгээр хуруу, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын 1, 2 дугаар хурууны завсарын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх /нийт 12 ширхэг/ гэмтэл нь тус бүр, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт болон баруун нүдний алимны салстын цус харвалт, мөн зүүн гарын 1, 2 дугаар хурууны завсрын шарх, мөн зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд нь тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

2. Хохирогч А.А-ын биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шарх /нийт 12 ширхэг/ гэмтэл нь тус бүр 1 удаагийн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад шарх, цус хуралт, зулгаралт, зүүн талын 10 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Хохирогч А.А-ын цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх нь хэвлийн хөндийд нэвтрээгүй байх ба энэ нь 2019 оны 09 дүгээр сарын 30 ба 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хэвлийн эхо шинжилгээгээр дотор эрхтнүүдэд гэмтэлгүй, хэвлийн хөндийд сул шингэн үгүй гэсэн шинжээр тогтоогдож байна.

4. Хохирогч А.А-ын биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хэвтээ, босоо аль ч байрлалд үүсэх боломжтой.

5. Хохирогч А.А-ын биед учирсан олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэвлийн хөндийд нэвтрээгүй байгаа тул шинжээч эмч Ө.С, С.Ч, Ц.Н болон шинжээч эмч Ц.Г, Т.А, Н.Т, Ч.Э, О.О нарын А.А-ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн 10 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо гэсэн нь зөв байна.

6. Хохирогч А.А-ын биед учирсан цээжний зүүн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь хэвлийн хөндий рүү нэвтрээгүй байна. Шарх хэвлийн хөндийд нэвтэрсэн тохиолдолд ямар эрхтэн гэмтсэнээс хамаарч хэвлийн хөндийд цус, шингэн, хий хуралддаг, мөн дотор эрхтэн гэмтээгүй ч гэсэн хэвлийн хөндийд цус хуралдана. Тухайн үед хэвлийн эхо шинжилгээгээр хэвлийн хөндийд сул шингэнгүй, гэдэс хий дүүрэнг ихтэй гэсэн нь дотор эрхтэн гэмтээгүйг харуулж байна. Иймд эмчлэгч эмчийн тавьсан оношоор шарх хэвлийн хөндий рүү нэвтэрсэн гэж үзэх боломжгүй болно.

7. Шинжээч эмч Т.А-ын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтийн 2 дугаар хариултад А.А-ын биед зүүн суганы арын шугамаар 12 дугаар хавирга түвшинд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, зүүн 11, 12 дугаар хавирганы хугаралтай гэсэн нь болон 4, 5 дугаар хариулт үндэслэлгүй байна. Шинжээч эмч Ө.С, С.Ч, Ц.Н нарын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 967 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Ц.Г, Т.А, Н.Т, Ч.Э, О.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1138 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 108-118 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5814 дугаартай “...ХГҮ-ээр хураан авсан гэх улаан хүрэн өнгийн иштэй, 20 см урттай хутган дээр цус илэрсэн. Цусны бүлгийн харьяалал тодорхойлох боломжгүй..” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Д-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5813 дугаартай “...1.ХГҮ-ээр хураан авсан гэх 10-10 УНЦ улсын дугаартай, “Ланд Крузер-200” маркийн авто машины суудлын бүрээс дээр цус илэрсэн.

2. АВО системээр В(111) бүлгийн харьяалалтай хүний цус байна. Иргэн А.А-ын гэх цус нь АВО системээр В(Ш) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дугаар тал/,

Хохирогч А.А-ын 5825 дугаартай өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 200-213 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхээс А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна.

А.Б нь хохирогч А.А-ыг санаатай алахыг завдах үедээ олон тооны шарх гэмтэл хохирогчид учруулсан нь дараах баримтаар тогтоогджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Э, Б.У, Б.А, Ж.Г, Г.Э, Б.Г, Ш.Ц нарын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан 100 дугаартай дүгнэлтэд: “1. Хохирогч А.А-ын биед зүүн чамархайн 3 ширхэг, толгойн орой хэсэгт 2 ширхэг, дагзны хуйх, баруун мөр, баруун дал, баруун суганы ар хэсэг, зүүн суга, цээжний зүүн доод хэсэг болон зүүн гуяны тус бүр 1 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун, зүүн шанаа, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн хацар, хүзүү, баруун гарын сарвуу ба 1, 4 дүгээр хуруу, баруун шилбэний зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, зүүн гарын 1, 2 дугаар хурууны завсрын шарх, зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх /нийт 12 ширхэг/ гэмтэл нь тус бүр, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт болон баруун нүдний алимны салстын цус харвалт, мөн зүүн гарын 1, 2 дугаар хурууны завсрын шарх, мөн зүүн талын 10 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд үүссэн тухай дүгнэжээ. /3 дахь хавтаст хэргийн 108-118 дахь талд / 

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Б.М-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаар дүгнэлтэд: “ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин хүрэмний урд энгэр хэсэгт: 1.8x0.1см, 3x0.1 см, 3.5 х0.1см, 3x0.1см, 2x0.1 см, ард талын хэсэгт 2.5 х0.1см, 2x0.1 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Улаан өнгийн цамцны урд энгэр болон ханцуй хэсгүүдээр 25см, 13 см, 65 см, 60 см, ард талын хэсэгт 1.5x0.1 см, 2x0.1 см, 2x0.1 см, хэмжээтэй зүсэлтүүдтэй. Саарал өнгийн богино ханцуйтай футболкны урд энгэр болон ханцуй хэсгүүдээр 30 см, 29.5 см, 42 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Улаан өнгийн богино ханцуйтай футболкны урд энгэр болон ханцуй хэсгүүдээр 32 см, 58 см, 2.2x0.1 см, ард талын хэсгээр 0.9x0.1 см, 0.8x0.1 см, 1.1x0.1 см, 1.5x0.1 см, 1.5x0.1 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Хар хөх өнгийн жинсэн өмдний зүүн гуяны ар талын хэсэгт 1.5x0.1 см хэмжээтэй зүсэлттэй. Саарал өнгийн ноосон өмдний зүүн гуяны ар талын хэсэгт 1.5x0.1 см хэмжээтэй зүсэлттэй. Хар өнгийн урт түрийтэй 1 хос гутлын зүүн хөлийн түрий хэсэгт 7x0.4 см, 1x0.1 см хэмжээтэй зүсэлтүүдтэй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин хүрэм, улаан өнгийн цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн футболк, хар хөх өнгийн жинсэн өмд, саарал өнгийн ноосон өмд, хар өнгийн урт түрийтэй хос гутал зэрэг хувцаснуудад үүссэн зүсэлт нь зах ирмэгүүд суналтгүй, сэмрэлгүй, жигд тасарсан байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад цооролт, урагдалт байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамц нь нилэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дүгээр хавтаст хэргийн 173-177 дугаар тал/

А.Б-ын хэрэг үйлдсэн санаа зорилгыг тогтоогоогүй гэх өмгөөлөгч Ж.Д-ийн гомдлын тухайд архидан согтуурч хохирогчийг олон удаа хутгалж буй үйлдэл нь хүнийг алахад чиглэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд сэдэлтийн хувьд танхайн шинжтэй байна. Хүнийг алахыг завдах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүд нь үйлдлийн арга хэлбэр, халдлагын зүйл, сэтгэхүйн байдал зэрэг хуульчилан тогтоогдсон байдлаараа ялгаатай ба дан ганц хүний биед учруулсан гэмтлийн /хөнгөн/ зэргээр нь адилтган зүйлчилдэггүй байна.

Хохирогч А.А-ыг олон удаа хутгалж /12 зүсэгдсэн шарх үүсгэж/ цус алдаж байхад шүүгдэгч түүнийг заналхийлэн машиндаа суулган чамайг цус алдуулж ална хэмээн авч явж буй үйлдлийг шүүх онц харгис хэрцгийгээр алахыг завдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/

Иймд яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                          ШҮҮГЧИД                             Т.Ж

                                                                                                                                Ч.Э