| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2026/0473/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1136 |
| Огноо | 2026-04-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.5.1., 22.13, |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1136
2026 04 24 2026/ШЦТ/1136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Ө.Мөнхнавч, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Ж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Т, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Б, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502 00000 0000 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1. Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 0 дүгээр хороо, 000-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Боржигин овогт Бгийн М (РД:**0000000).
1.2. Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 0 дугаар байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Харцага овогт Знгийн А (РД:**0000000).
1.3. Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын хэлтэст жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүрэг 0 дугаар хороо Энэрэл хотхон 0-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Сад овогт Нгийн Г (РД:**00000000).
1.4. Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо Санрайс 00а-00 тоотод оршин суух, урьд:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 728 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 895 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн
Боржигон овогт Тгийн Т (РД:**0000000).
Холбогдсон хэргийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрэн сурвалжилж байгаа Ц.Г (РД:**00000000)-ыг Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад нь түүний нэр дээр гадаад паспорт гаргуулах гэсэн*******ийн хууль бус гуйлтаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 8 хорооны нутагт байрлах ажлын байран дээрээ 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт”-д Ц.Гыг “Өөрийн биеэр ирсэн, хуруу уншигдаагүй” гэх тэмдэглэгээг хийж, улмаар РЕ0896852 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
1.2. Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрэн сурвалжилж байгаа Ц.Г (РД:**00000000)-ыг Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад нь түүний нэр дээр гадаад паспорт гаргуулах гэсэн*******ийн хууль бус гуйлтаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах ажлын байран дээрээ 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт”-д Ц.Гыг “Өөрийн биеэр ирсэн, хуруу уншигдаагүй” гэх тэмдэглэгээг хийсэн тус хэлтсийн улсын бүртгэгч*******ын бүртгэлийг хянаж баталгаажуулан, улмаар **000000 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
1.3. Шүүгдэгч******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын хэлтсийн жолоочоор ажиллаж байхдаа эрэн сурвалжилж байгаа Ц.Г (РД:**00000000)-ыг Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад нь*******ийн Ц.Гын нэр дээр гадаад паспорт гаргуулах гэсэн хууль бус гуйлтын дагуу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр*******, ******* нарт өөрийн таньдаг дүүгээ гэж хэлэн хүсэлт тавьж, гадаад паспортыг гаргуулан авч давуу байдал бий болгосны хариуд*******аас 100,000 төгрөгийг авч, гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
1.4. Шүүгдэгч******* нь эрэн сурвалжилж байгаа Ц.Г (РД:**0000000)-ыг Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад нь түүний нэр дээр гадаад паспорт гаргуулах гэсэн хууль бус хүсэлтийг*******аар дамжуулан тавьж, улмаар 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр*******, ******* нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж РЕ0896852 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч давуу байдал бий болгосны хариуд*******т 100,000 төгрөг өгч гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас: Яллах дүгнэлт түүний хавсралтад дурдсан баримтууд баримтуудыг,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгчөөс: Хавтаст хэргээс /1хх-1, 1хх-4, 1хх-32, 1хх-10, 1хх-23-24, 1хх-28, 1хх-16, 1хх-20, 1хх-47, 1хх-58-59, 1хх-68, 1хх-78, 1хх-96, 1хх-99, 1хх-100, 1хх-101, 3хх-48, 3хх-68, 3хх-129, 4хх-96, 4хх-139, 4хх-183, 4хх-189/ баримтуудыг,
Шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгч нараас: шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгчөөс: “Хавтаст хэргээс /1хх-5, 1хх-8, 1хх-10, 1хх-33, 1хх-96, 3хх-68, 3хх-240, 4хх-54, 4хх-160, 4хх-174, 4хх-176/ баримтуудыг болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.М, *******,*******,*******.
1. Талууд дараах байр сууринаас шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцсон болно.
1.1. Улсын яллагчаас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, яллах байр сууринаас,
1.2. Шүүгдэгч*******, *******,*******, тэдгээрийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол шүүгдэгч*******, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлах байр сууринаас тус тус мэтгэлцсэн.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгч*******, ******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч*******ийг нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч*******ийг бусдад давуу байдал бий болгон зорилгоор төрийн албан хаагчид хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
3. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзвэл: Шүүгдэгч******* нь бусдын гуйлтаар гадаад паспорт гаргуулахаар төрийн үйлчилгээний албан хаагч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газарт жолоочоор ажилладаг*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн,******* нь улсын бүртгэлийн байгууллагад удаан жил ажилласан байдлаа ашиглан улсын ахлах бүртгэгч *******, улсын бүртгэгч******* нарт өөрийн танилдаа гадаад паспорт гаргуулах гэсэн зохиомол байдал үүсгэн гуйсан, улсын бүртгэгч******* болон ахлах бүртгэгч ******* нар нь Иргэний улсын бүртгэлийн хууль, Үндэсний энгийн гадаад паспорт олгох журмыг зөрчин*******ийн гуйлтаар гадаад паспорт авах хүсэлт гаргасан хүний талаар нягтлан шалгалгүйгээр эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын иргэн Ц.Гыг “Өөрийн биеэр ирсэн, хуруу уншигдаагүй” гэх тэмдэглэгээг хийж, бүртгэлийг хянаж баталгаажуулан, **0000000 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгсөн үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү нөхцөл байдал нь дараах баримтуудаар тогтоогдсон болно.
3.1. Шүүгдэгч *******,******* нар нь нийтийн албан тушаалтан буюу төрийн захиргааны албан хаагч,******* нь төрийн үйлчилгээний албан хаагч болох нь дараах баримтуудаар тогтоогдсон.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/10342 дугаартай албан бичгээр *******,******* нарын ажилд томилогдсон тушаал, албан тушаалын тодорхойлолт (1хх-ийн 36-52 хуудас) авагдсан байх ба ******* нь улсын ахлах бүртгэгч, ТЗ-6-аар цалинждаг,******* нь улсын бүртгэгч, ТЗ-6-2-оор цалинждаг байсан.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2-2/11884 дугаартай албан бичгээр ирүүлсэн*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт (4хх-ийн 57-70 хуудас) хэрэгт авагдсан ба ТҮ-3-аар цалинжин ажиллаж байжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4 дэх заалтад "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, тус хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” уг хуулийн үйлчлэлд хамааруулахаар тодорхойлсон ба *******,******* нар нийтийн албан тушаалтан байжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах” албан тушаал хамаарах талаар заасан буюу******* нь үйлчилгээний албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Харин шүүгдэгч******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, төрийн албанд ажилладаггүй хүн байжээ.
3.2. Шүүгдэгч*******ийн гадаад паспорт гаргуулахаар гуйсан хүн нь Монгол улсад байгаагүй, эрэн сурвалжлагдаж байсан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0-0в/6269 дугаартай “...Ц.Г нь Замын-үүд авто замын боомтоор 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр улсын хилээр гарах, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр орох чиглэлд бүртгэгдсэн байна...” гэсэн албан бичиг (1хх-ийн 54 хуудас), Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11а-г/14203 дугаартай “...Эрүүгийн 24010000000000 дугаартай хэрэгт Монгол Улсын иргэн Цийн Г (**00000000)-ыг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны “Улаан булант” зар мэдээгээр А-3620/3-2025 дугаартай олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна...” гэсэн албан бичиг (1хх-ийн 56 хуудас) тогтоогдсон.
3.3. Улсын бүртгэлийн системд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цийн Г /**00000000/-ийн регистрийн дугаараар иргэний бүртгэлийн системээс хайлт хийхэд Төрсний бүртгэл, гэрлэсний бүртгэл, иргэний үнэмлэхийн бүртгэл, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурууны хээний бүртгэл/, шилжин ирсэн, явсны бүртгэл, гадаад паспортын бүртгэл, хуучин иргэний үнэмлэхийн бүртгэл, архив, лавлагаа гэсэн мэдээллүүд харагдаж байна. Гадаад паспортын бүртгэл хэсэгт 2024.12.25, 2025.02.17-ний өдрүүдэд тус тус Хууль хяналтын байгууллагын шийдвэрээр хүчингүй болгосон төлөв харагдаж байна. Мөн Цахим материалын харах, ашиглах, завсарлах программ буюу цахим архивын мэдээллийн сангаас Ц.Гын регистрийн дугаараар хайлт хийхэд Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, төрсний бүртгэл, иргэний үнэмлэхийн бүртгэл, гадаад паспорт олголтын бүртгэл, гэрлэлийн бүртгэл, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэрэг мэдээлэл харагдаж байна. Уг мэдээллээс хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэсэн хэсгийг сонгон харахад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 883 дугаартай хяналтын улсын байцаагч Д.Нансалмаагийн дүгнэлтээр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь харагдаж байна. Хүчингүй болгосон үндэслэл нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Шувуу ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үндэслэлээр буюу Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн хүчингүй болгосон нь харагдаж байна...” гэсэн (3хх-ийн 186-198 хуудас) байх ба энэхүү нөхцөл байдлыг улсын бүртгэгч*******, ахлах бүртгэгч ******* нар харах боломжтой байсан гэж дүгнэхээр байна. Улмаар улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 6/10441 дугаартай албан бичгээр, Ц.Гын **0000000, **-0000000 дугаартай гадаад паспортыг хүчингүй болгосонтой холбоотой баримтууд (1хх-ийн 58-68 хуудас) хэрэгт хавсаргагджээ.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1/10269 дугаартай албан бичгээр*******д холбогдуулан явуулсан дотоод хяналт шалгалтын материалын хуулбараар (1хх-ийн 70-103 хуудас) давхар тогтоогдсон.
3.4. Хэргийн талаар оролцогч нар дараах байдлаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна.
Яллагдагч******* мэдүүлэхдээ “...Миний хувьд прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Манай Улсын бүртгэлийн газрын жолоочоор ажилладаг байсан “Мөнххуяг” гэх жолоочтой найзалдаг байсан гэж “Энхээ” гэж дууддаг эмэгтэй над руу “96000000” дугаараас 2024 оны 11 дүгээр сард над руу залгаад “М” ахаас дугаарыг чинь авлаа та надад хүний гадаад паспорт хэвлэлтээс гарахаар нь дундаас нь авч ирээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэж өгөх ёстой цэгүүд дээр паспортуудаа аваачиж өгөөд тухайн нэг цэгийн үйлчилгээ дээр ажиллаж байгаа улсын бүртгэгчээсээ гуйгаад паспортыг нь утсаар нь холбогдоод аваачиж өгч байсан тэгтэл надад 50,000 төгрөг бэлнээр надад өгч байсан. Энэ байдлаар “Энхээ” гэх хүнтэй утсаар холбогдоод ганц хоёр удаа аваачиж өгөөд мөнгө авдаг байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 20-нд санагдаж байна над руу “Энхээ” гэж дууддаг эмэгтэй “96000000” дугаараас “88000000” дугаар руу залгаад эзэн нь ирж амжихгүй хүний паспорт гаргах хэрэгтэй байна гэж хэлээд над руу мессежээр нэг хүний регистрийн дугаар явуулсан. Тэгэхээр нь би Энхээд хандаад эзэнгүй бол болохгүй ээ, гэхдээ дүүргүүдээр явж байгаад асууж үзье гэж хэлсэн. Би 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр санагдаж байна Баянхошуу нэг цэгийн үйлчилгээний төвд гадаад паспортын түгээлтээ хийж байхдаа тус нэг цэгийн үйлчилгээний төв дээр явж байхдаа улсын бүртгэгч*******ыг гуйгаад энэ хүний гадаад паспортыг гаргаад өгөх боломж байна уу гээд регистрийн дугаарыг нь өгөөд шалгаад үзээрэй гэж хэлээд гараад явсан. Регистрийн дугаарыг нь өгөхдөө мөнгийг нь тушаагаагүй байгаа шүү болохоор бол би маргааш мөнгийг нь тушаагаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд гараад явж байхад******* над руу утсаар залгаад энэ хүнийг би сүлжээнд бүртгэлээ гэхэд баталгаажуулах нь ******* ахлах шүү дээ та ямар ч байсан маргааш ирэхдээ мөнгөө тушаагаад ирээрэй гэж хэлсэн. Тэр үед нь би түгээлтээ хийгээд Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү явж байсан бөгөөд тус хэлтэс дээр очиход ******* ахлах байж байсан. Тэгэхээр нь би *******д хандаад*******аас нэг хүний гадаад паспорт бүртгээд өгөөч гэж гуйсан юм, хүн ирж амжихгүй байгаа юм аа та шалгаад баталгаажуулаад өгөөч гэж хэлээд гарсан… Би маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын байранд байж байхад “Энхээ” гэх эмэгтэй надад гадаад паспорт захиалсан төлбөр төлсөн баримтыг нь надад өгсөн. Би өдөр нь Баянхошууны салбар дээр очиход цайндаа гарчихсан байхаар нь би*******ын компьютерынх нь гар доор нь үлдээгээд******* руу залгаад баримтыг нь үлдээчихсэн шүү гэж хэлээд гараад явсан. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэвлэлтээс гарсан гадаад паспортуудаа Баянхошуу салбар дээр улсын бүртгэгч “Номин”-д хүлээлгэж өгөөд Ц.Гын паспортыг ах нь энийг авчихъя авсан хүн дээр нь ахыгаа биччих гэж хэлээд авч яваад “Энхээ” гэх хүнтэй утсаар ярьж байгаад 100 айл орчимд явж байхдаа өгсөн. Намайг Ц.Гын паспортыг өгтөл бэлнээр 100,000 төгрөг өгөөд яваад өгсөн. Түүнээс хойш би “Энхээ” гэх хүнтэй холбогдоогүй… Би *******,******* нарт гадаад паспорт захиалж байгаа хүн ирэх боломжгүй талаар тэр хоёрт уулзаад хэлсэн… ….Миний ажлын чиг үүрэгт иргэний захиалсан гадаад паспортыг дундаас нь авах чиг үүрэг байхгүй…” гэсэн (3хх-ийн 67-69 хуудас)
Яллагдагч******* мэдүүлэхдээ “…Миний бие Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу нэгдсэн үйлчилгээний төв 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад гадаад паспорт түгээлтийн жолооч******* өөрийн биеэр ирээд ахынх нь таньдаг дүү байгаа юм энэ хүнд паспорт хэрэгтэй байгаа өөрөө ирэх боломжгүй учраас гуйж байгаа юм би авахдаа өөрөө ирээд авчихна гэж хэлсэн. Би******* жолоочид хандаад ахлах баталгаажуулна би бүртгэсэн ч ахлах баталгаажуулахгүй бол хэвлэгдэхгүй шүү гэж хэлээд цайндаа гарсан. Цайнаас эргээд ороод ирэхэд ширээн дээр регистрийн дугаар бичээд үлдээсэн байсан. Тухайн өдөр ачаалалтай байсан болохоор Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхгүй байж байгаад******* жолооч руу залгаж яриад энэ хүн өөрөө байхгүй учраас боломжгүй гэж хэлсэн, тэгтэл ахдаа бүртгээд өгөөч ахлахад чинь би өөрөө хэлчихнэ гээд гуйсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө ажил дээр ирээд Улсын бүртгэлийн сангаас регистрийн дугаараар шүүж үзэхэд хаягийн зөрчилгүй, иргэний үнэмлэхийн хугацаа дуусаагүй, зургийг нь тулгаж шалгахад таарч байсан мөн уг иргэний бүртгэлийг хийхэд ямар ч хориг байгаагүй. Дээрх мэдээллүүдийг нь харчхаад ахлах бүртгэгч ******* руу залгаж жолооч******* надаас эзэн нь байхгүй хүний гадаад паспортын захиалгын мэдээллийг бүртгээд өгөөч гэж гуйгаад байна. Өөрийнх нь таньдаг хүн гэнээ гэж хэлтэл тийм ээ надад бас хэлсэн “Баталгаажуулж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэн Ц.Гын гадаад паспорт бүртгэх мэдээллийг бүртгэсэн. Ингэж бүртгэхдээ жолооч*******ийн гарт утасны 88000000 дугаарыг би цахим системд бүртгэсэн. Уг бүртгэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 24 минутад бүртгэж ахлах ******* 09 цаг 20 минут орчимд баталгаажуулсан байсан. Би бүртгэл хийсний дараагаар жолооч******* руу утсаар залгаад таныг гуйсан болохоор бүртгэсэн шүү, бүртгэл дээр таны дугаарыг оруулж өгсөн паспортоо хүлээж авахдаа иргэнээр нь өөрөөр авхуулаарай, мөн төлбөрийн баримтаа өгөөрэй гэж хэлтэл заа гэж хэлээд салгасан. Ингээд тухайн өдрийн үдээс хойш нь намайг цайндаа гараад явсны дараагаар ширээн дээр төлбөрийн баримт үлдээгээд яваад өгсөн байсан. Ингээд 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс “Драгон нэгдсэн үйлчилгээний төв”-д албан ёсоор батлагдсан хуваарийн дагуу ажиллахаар болсон. Ингээд тухайн иргэн хэрхэн яаж паспортоо авсан талаар мэдэхгүй байна… Системд орж шалгахад хориг байдаг эсэхийг шалгасан мөн өмнөх бүртгэлийг хүчингүй болгосон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт байсан. Тухайн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд хориг гэдэг үг байхгүй болохоор нь бүртгэчихсэн юм… Иргэн өөрийн биеэр ирээгүй байхад бүртгэж болохгүй,******* жолооч гуйсан учраас бүртгэсэн...” гэсэн байна. (3хх-ийн 141-143 хуудас)
Мөн гэрч Б.Н мэдүүлэхдээ “...Хэвлэлтээр ирсэн гадаад паспортуудыг түгээлтийн жолооч тухайн үйлчилгээний төвийг хариуцсан ахлах бүртгэгчид хүлээлгэн өгдөг юм. 2024 оны 07 дугаар сард манай үйлчилгээний төвийг хариуцсан ахлах бүртгэгч Б.Б нь ээлжийн амралттай байсан. Ахлах байхгүй учраас бүртгэгч нь нараас 1 нь гадаад паспортуудаа өдөр бүр хүлээн авдаг. Тухайн үед хүмүүс ер нь ээлжийн амралттай цөөхөн хүн ажиллаж байсан. Тэгтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспортын түгээлтийн жолооч******* надад тухайн өдөр хэвлэлтээс гарсан паспортуудыг өгөхдөө лацыг нь хөндсөн байдалтай паспортууд авч ирж өгсөн. Тэгээд өөрийнхөө авсан Ц.Г гэх хүний паспортыг******* жолооч хүлээн авсан гээд биччихсэн ирсэн. Би*******аас Ц.Г гэх хүний паспортыг яагаад авсан талаар тодруулж асуухад миний таньдаг хүн байгаа юм аа гэж хэлсэн… Уг нь хэвлэлтээс гарсан гадаад паспортуудыг лацтай нь хүлээн аваад Улсын бүртгэгч лацыг хөндөж задлаад тулгаж хүлээж авдаг.******* жолоочийн хувьд өөрийн ажилд хамааралгүй үйлдлийг хийж лацыг хөндсөн байсан. Жолоочийн хувьд хэвлэлтээс гарсан лацыг хөндөх эрх хэмжээ байхгүй….Миний мэдэхээр өмнө нь лацгүй гадаад паспортууд ирж байгаагүй. Дандаа ахлахууд хүлээн авдаг болохоор лацтайгаа ирдэг байсан….” гэжээ. (3хх-ийн 205-206 хуудас)
3.5.*******ийн гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл (3хх-ийн 229-232 хуудас), Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02-07а/8907 дугаартай: “...Жын Ц нь Ч агаарын боомтоор 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хилээр орох, 8 дугаар сарын 09-ний өдөр гарах чиглэлд бүртгэгдсэн байна...” гэсэн албан бичиг (4хх-ийн 26 хуудас), “Г” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 6к 25/822 дугаартай: “...Баримтын 30202507233***07 дугаараар Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаад паспорт захиалах үйлчилгээг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр **0000000 регистрээр 83,800 төгрөгийн төлбөр тушаасан байна. Ингэхдээ тус үйлчилгээг QPAY-р төлбөр төлсөн бөгөөд доорх хүснэгтэд төлбөр төлсөн мэдээллийг хүргүүлсэн байх ба данс эзэмшигч “...Ж Ц 83,800 төгрөг MN29000500561***4106...” гэсэн албан бичиг (4хх-ийн 54 хуудас) хэрэгт авагдсан. Улмаар шүүгдэгч******* нь өөрийн хүүхдийн эзэмшдэг дансаар паспорт захиалах үйлчилгээний төлбөр төлсөн нь Хаан банкны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 29/15846 дугаартай “... 5619***106 тоот дансыг **00000000 регистрийн дугаартай Ноён Ж Ц эзэмшдэг...” гэсэн албан бичгээр тогтоогджээ. (4хх-ийн 145 хуудас)
3.6. Юнител ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12-01/4853 дугаартай албан бичиг, 860000000 Бгийн М, 88228387 Бын Н нарын дуудлага, мессежийн лавлагаа (4хх-ийн 72-93 хуудас), Мобиком корпораци ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4/4652 дугаартай албан бичиг, 99000000-Згийн А, 99000000-Нгийн Г нарын дуудлага, мессежийн лавлагаа (4хх-ийн 96-101 хуудас), Скайтел ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ХМ25/1586 дугаартай албан бичиг, 96000000- Жын Тийн дуудлага, мессежийн лавлагаа (4хх-ийн 103-138 хуудас) хэрэгт авагдсан ба үүрэн холбооны операторуудаас гаргуулан авсан лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэлд (4хх-ийн 139-141 2025 оны 7 дугаар сарын 22-оос 23-ны өдрүүдэд*******, ******* хоорондоо харилцсан,******* нь*******тай холбогдсон,******* нь өөрийн хүүхэд болох Ж.Тийн нэр дээр бүртгэлтэй дугаараар*******тай олон удаа холбож байсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн шүүгдэгч******* нь*******ийн гуйлтаар *******тай утсаар холбогдон ярьж байсан талаар мэдүүлснийг дурдаад түүний мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн өөрийн гар утасны дуудлагын түүх (4хх-ийн 142-143 хуудас) зэрэг нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан мэдүүлгээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байна.
4. Прокуророос шүүгдэгч*******ыг улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрэн сурвалжилж байгаа Ц.Гыг Монгол Улсад байхгүй, Улсын бүртгэлийн газарт өөрийн биеэр ирээгүй байхад нь түүний нэр дээр гадаад паспорт гаргуулах гэсэн*******ийн хууль бус гуйлтаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монгол Улсын үндэсний цахим гадаад паспортын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт”-д Ц.Гыг “Өөрийн биеэр ирсэн, хуруу уншигдаагүй” гэх тэмдэглэгээг хийж, улмаар **0000000 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч ******* нь мөн*******ийн хууль бус гуйлтаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Гыг “Өөрийн биеэр ирсэн, хуруу уншигдаагүй” гэх тэмдэглэгээг хийсэн тус хэлтсийн улсын бүртгэгч*******ын бүртгэлийг хянаж баталгаажуулан, улмаар **0000000 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэжээ.
Яллах талаас шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн ашиг сонирхлыг эсрэг буюу олон нийтийн эрх ашгийг тэгш, шударгаар төлөөлөн, чиг үүргээ хэрэгжүүлэх, хуулийг дээдлэн ажиллах шударга ёсны тогтолцоог алдагдуулдаг үндсэн шинжтэй, улмаар аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд давхар халдаж байдаг.
Тус гэмт хэргийн объектив тал нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг, хор уршиг учруулсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бол, гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж, хүсэж үйлдсэн байдаг.
Хуульд "урвуулан ашиглах" гэдгийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор заасан.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.6 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт... авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ”, Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 2.2 дахь хэсэгт “Иргэн гадаад паспорт авах бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.6, 17.7-д заасны дагуу өөрийн биеэр бүртгүүлж, иргэн өөрөө, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авна” гэж, мөн 2.5 дахь хэсэгт “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн иргэний мэдээлэл зөрүүтэй, зөрчилтэй тохиолдолд гадаад паспорт олгохгүй” гэж заасныг улсын байцаагч*******, ахлах байцаагч ******* нар тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн албан тушаалтанд холбогдох бусад хуулиар хүлээлгэсэн хориглолтоос гадна албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж заасан.
Шүүгдэгч*******, ******* нар нь хууль дээдлэн, тэгш шударга, хариуцлагатайгаар, албаны ёс зүйг сахин ажиллах үүргээ биелүүлэлгүй гадаад паспорт олгохтой холбоотой хууль дүрмийг баримтлалгүй хамт ажилладаг хүний гуйлтыг биелүүлэх байдлаар бусдад давуу байдал үүсгэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Нэмж дурдахад шүүгдэгч*******, ******* нарын үйлдлийг албан тушаалдаа хайнга хандсан, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Учир нь хууль тогтоомжоор үндэсний гадаад паспорт нь гадаад улсад Монгол Улсын иргэнийг гэрчлэх баримт бичиг бөгөөд эрэн сурвалжлагдаж байгаа, гадаад паспорт олгохоос татгалзах хүн байхад хамт ажилладаг хүний гуйлтаар нөхцөл байдлыг нягтлан шалгалгүй, хууль дүрмийг зөрчин гадаад паспорт олгосон үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Харин прокуророос шүүгдэгч *******юурзаныг хамжигч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг дурдаж байна. Хамжигч гэдэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг ойлгодог бөгөөд ******* нь ахлах байцаагчийн ажлын чиг үүргийн дагуу хяналт тавих, хянан баталгаажуулах үүрэгтэй бөгөөд бусдын гуйлтаар гадаад паспорт гаргах үйлдэл хийж байгааг мэдэн, бүртгэгчийн паспорт олгох үйлдлийг баталгаажуулах үйлдэл хийсэн нь*******ын нэгэн адил гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй юм. Энэхүү дүгнэлт нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул хууль хэрэглээг зөвтгөн шийдвэрлэсэн болно.
5. Прокуророос шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж заасан.
Хуульд хатгагчийг тодорхойлохдоо гэмт хэргийн захиалагчийн шинжтэйгээр хуульчилсан ба "…захиалагч…" гэдэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор бусдад мөнгө, эд зүйл өгөх эсхүл түүний хүсэж сонирхсон, санал болгосон зүйлийг нь бүтээж өгөхөөр амлах зэргээр хэлэлцэн тохиролцож, бусдыг хөлслөн авсан этгээдийг ойлгодог. Харин эрх зүйн онолд "…хатгагч…" гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд бусдыг элдэв аргаар өдөөн түлхсэн, зоригжуулсан, оюун санаад зориуд нөлөөлсөн идэвхтэй үйлдэл хийсэн этгээдийг ойлгодог.
Шүүгдэгч******* нь төрийн албан хаагч бус, мөн улсын бүртгэгч*******, ******* нартай уулзаж байгаагүй, тэднийг танихгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэлэлцүүлгээр тогтоогдсон. Мөн түүнийг*******аар дамжуулан*******, ******* нарыг гэмт хэрэгт хатгасан буюу хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, хатгасан, хөлсөлсөн гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, нийтийн албан тушаалтныг гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэйгээр нөлөөлж гэмт хэрэгт татан оруулсан, зориуд хүргэсэн шинжийг хангахгүй, улсын бүртгэгч нарт элдэв аргаар нөлөөлөн, хууль бус үйлдэлд гарцаагүй хүргэсэн шинж байхгүй байна. Нөгөө талаас албан тушаалтан болох улсын бүртгэгч нар албан үүргээ хууль, дүрэмд заасны дагуу гүйцэтгэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүрэг хүлээж, аливаа хууль бус хүсэлтээс татгалзах, зүй ёсны шаардлагаа тавих ёстой ба энэхүү үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхээр зохицуулсан болно.
6. Хэрэгт авагдсан шүүгдэгч*******ийн тогтвортой мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр*******ийн гуйлтаар гадаад паспорт гаргаж болохоор байна уу гэж улсын бүртгэгч*******, ******* нарт хандсан, улмаар гадаад паспорт гарсны дараа 100,000 төгрөгийг*******аас авсан, тэд хоорондоо олон удаа харилцаж байсан нь үүрэн холбооны лавлагаа баримтаар тогтоогдсон зэргээс*******,******* нарын хооронд 100,000 төгрөг өгсөн, авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Улсын яллагчаас*******ийн гадаад паспорт гаргуулсны дараа*******т 100,000 төгрөг өгсөн үйлдэл нь гэмт хэрэгт хатгасан шинжтэй, хамтран оролцогч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хэргийн зүйлчлэл тохироогүй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн бол” гэж заасан, мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан.
Дээр дурдсанаар шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй боловч Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж төрөөс цалин авдаг, төрийн үйлчилгээний албан хаагч болно. Тэрээр улсын бүртгэлийн байгууллагад төрийн үйлчилгээний албанд олон жил ажилладаг байдлаа далимдуулан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ өөр, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй гадаад паспорт олгохтой холбоотойгоор шүүгдэгч*******аас 100,000 төгрөг авсан нь нийтийн албан тушаалтан бус этгээд хахууль авах гэмт хэргийн шинжийг хангасан, мөн шүүгдэгч******* нь төрийн үйлчилгээний албан хаагчид түүний төрийн албанд ажилладаг байдлыг ашиглан бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор 100,000 төгрөг өгсөн нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээс ял шийтгэлийн хувьд хөнгөн байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзсэн.
Тиймээс прокуророос шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгч*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчлөв.
7. Иймд шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгон зорилгоор төрийн албан хаагчид хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан. Тус хэргийн тухайд шүүгдэгч нар бусдад төлөх хохиролгүй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9.1. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч *******юурзаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.
9.2. Өмгөөлөгч С.Т, Б.Ж нар өөрийн үйлчлүүлэгч нар гэм буруугаа анхнаасаа хүлээсэн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэсэн бол, өмгөөлөгч Л.Б, Д.С нар өөрийн үйлчлүүлэгч нарын гэм буруугаа хүлээсэн, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
11. Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
12. Шүүгдэгч *******,******* нарын гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирно гэж дүгнэсэн. Тэдний бусдын гуйлтаар гадаад паспорт олгох боломжгүй хүнд хууль, журмыг зөрчин гадаад паспорт олгосон үйлдлийн шинж байдлыг харгалзан тэнсэж шийдвэрлүүлэх саналыг хүлээн аваагүй болно.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, зөвшөөрөгдсөн чиглэл, бүсчилсэн хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, тодорхой тохиолдолд ажиллах, сурах боломжийг олгодог буюу техник, технологийн тусламжтайгаар эрх бүхий байгууллагын хяналт дор хэрэгжүүлж, хяналт тавьдаг Эрүүгийн хуулиар тогтоосон ял юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэв.
Мөн хэргийн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч*******д эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг,
мөн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч *******д эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг,
мөн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч*******т эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч*******т торгох ялыг сонгон оногдуулах өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч******* нь 2018 онд 10,000,000 төгрөгөөр торгох ял, 2021 онд 15,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж торгох ялыг биелүүлсэн байх боловч хувийн байдлын хувьд дахин гэмт хэрэг үйлдэж байгааг харгалзан хорих ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзсэн.
Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тус хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд хэргийг тусгаарлаж хэлэлцэх, мөн хуулийн 29.2 дугаар зүйлд эрүүгийн хэргийн тусгаарлах үндэслэлийг заасан бөгөөд шүүгдэгч*******т холбогдох хэргийг өөр хэрэгт шалгагдаж байгаа үндэслэлээр тусгаарлах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгч*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Бгийн М, Згийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Нгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Тгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгон зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******юурзанын нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг,
шүүгдэгч *******д эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг,
шүүгдэгч*******т эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,******* нарт авсан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч*******т авсан эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас 100,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тус хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,*******,******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч*******т авсан улсын байцаагчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч*******т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,******* нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР