| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2026/1132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1113 |
| Огноо | 2026-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1113
2026 04 20 2026/ШЦТ/1113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Улсын яллагч К.Чимгээ/томилолтоор/,
Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З д холбогдох эрүүгийн 2609000000158 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.З /**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "**** " баарны 10 давхарт үл ялих зүйлийн улмаас хохирогч О.Г ыг гараараа цохиж биед тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.З нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "**** " баарны 10 давхарт үл ялих зүйлийн улмаас хохирогч О.Г ыг гараараа цохиж биед тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч О.Г ын "...Би 2025 оны 12 дугаар сарын 20-ны орой 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, **** шөнийн цэнгээний газрын 10 дугаар давхрын караокед үйлчлүүлж байх үед үл таних архи, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглэсэн эрэгтэй өрөөнд орж ирээд согтуурхаад байхаар нь өрөөнөөсөө гаргатал, коридорт дахин маргаан үүсгэн, миний баруун хацар луу нэг удаа алгадаж унагаасан. Хажууд байсан хүмүүс салгасан ч дахин миний баруун шанаа руу нэг удаа цохисон. Тухайн эрэгтэй нь маргааш нь надтай холбогдоод хамт эмнэлгээр явж миний эмчилгээний зардал, хохирлыг бүрэн барагдуулсан болно. Надад нэхэмжлэх зүйл, сэтгэл санааны хохирол байхгүй.." гэх мэдүүлэг. /хх-н 27х/,
М.Т-н хохирогчоор өгсөн "... Би тухайн өдөр буюу 2025 оны 12 сарын 20-ны шөнө ажлаасаа буугаад**** плазагийн 10 давхарт байрлах *** караокед ах эгч 2 маань үйлчлүүлж байх үед би очсон. Тэгээд үйлчлүүлээд сууж байх үед гаднаас үл таних 1 залуу орж ирээд агсам согтуу тавьсан. Тэр үед бид нар гарах гэж байна аа гээд амыг нь дагуулж тайвшруулж байгаад нөгөө залуугаа гаргасан. Тэгээд би ах эгч 2 болон нөхрийн хамт бид 4 өрөөнөөсөө удалгүй 3-4 минутын дараа гараад караокены коридор хэсэгт гарах үед нөгөө өрөө рүү орж ирж агсам тавьсан залуу шууд цохиод эхэлсэн. Манай үеэл ах О.Г болон манай нөхрийг цохиод дараа нь намайг бас цохисон. Тэр үед хүн ирж салгаад лифтэнд суугаад явсан. Намайг 1 удаа баруун талын шанаа орчим гараараа цохисон. О.Г ыг цохиулж байхыг харсан. Олон удаа цохисон. Нүүр рүү цохисон, газар унасан байх үед нь өшиглөж байсан. Манай нөхрийг цохисон. Манай нөхөр гомдол саналгүй гэсэн болохоос. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, сэтгэл санааны хохирлоо үзүүлэхгүй. Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...." гэх мэдүүлэг. /хх-н 8-9x/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №753 дугаартай шинжээчийн "...О.Г ын биед тархи доргилт, баруун чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, хамар, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-н 16-17х/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.З нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч О.Г ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Г.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн хувьд:
Хохирогч О.Г нь гэмт хэргийн улмаас гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй, хохирол барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.З ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.З ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З ыг 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС