Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/49

 

 

 

 

 

 

 

 

                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж,

 

            Нарийн бичгийн дарга Б.М

            Улсын яллагч А.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.М, Б.Б

Орчуулагч Ц.З

Шүүгдэгч Л /L / нарыг оролцуулан тус шүүхийн 1-р хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л /L/-д холбогдох эрүүгийн 250.200.000.0... тоот хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, уул уурхайн бизнес эрхэлдэг, ам бүл 4, энхэр 2 хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын У, Ш дүүрэг, Я гудамж, ... дүгээр байрны .... тоотод оршин суудаг, урьд Монгол Улсад ял шийтгэгдэж байгаагүй, Л /L /

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л /L / нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр зохих зөвшөөрөлгүйгээр буюу хилийн боомт бус газраар 2025 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд БНХАУ-ын Э хот талаас Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэр болох Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч Л /L / мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Л /L/-ийн “...яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 2025 оны 7 дугаар сард наадмын амралтын өдрүүдэд буюу хил хаасан байхад орж ирсэн...Үндэсний их баяр наадмын 3 билүү 4 дэх амралтын өдрөөр З Э чиглэлээр Эрээн талаасаа баруун гар тийш хилийн торны доогуур шургаж гарсан...би шөнийн 22:00 цагаас Э явган гарсан, тэгээд бас сандарсан байсан учир яг нарийн хаагуур гарснаа тогтоож чадаагүй...хэрвээ одоо очвол хил нэвтэрсэн газраа зааж өгч чадахгүй байх гэж бодож байна...” гэжээ. /1-р хх-ийн 79-81, 84/

 

Шүүгдэгч Л /L / шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Л 1 сар гаруй хугацааны өмнөөс таних болсон...Л нь уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг гэж байсан...Би Л эхнэртэй нь хамтарч С дүүрэгт орон сууцны барилга барихаар ярилцаж байгаа, гэрээ байгуулаагүй гэжээ. /1-р хх-ийн 42-44/

Гэрч Л /L /-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Нөхөр Л маань 2025 оны 7 юм уу 8 дугаар сарын үед Монголд ирсэн...яг хэдний өдөр ирсэн гэдгийг санахгүй байна...би тухайн зургийг харлаа энэ зургийг бид хоёр “К” хотхоны ойролцоо юм уу тэр хавийн цэцэрлэгт хүрээлэнд авхуулсан санагдаж байна. тухайн үед бид 2 “К” хотхонд амьдардаг байсан. Харин энэ үед манай нөхөр Л нь БНХАУ-с Монгол Улсад ирээд удаагүй байсан ерөөсөө нэг юм уу хоёр л хонож байсан санагдаж байна...  гэжээ. /1-р хх-ийн 49-50/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол 1-р хх-ийн 01-02/

          Хилийн тагнуулын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/134 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 05/

Хилийн тагнуулын газрын 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0701/9 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 06/

Хилийн тагнуулын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0701/139 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 07/

Баримт бичигт 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 10-17/;

БНХАУ-ын иргэн Л эзэмшлийн Honor E2 Magic 7 загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-24/;

БНХАУ-ын иргэн Л эзэмшлийн I phone 16 pro max загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-29/

БНХАУ-ын иргэн Л эзэмшлийн I phone 16 pro загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 33-38/

БНХАУ-ын иргэн Л /L /-ийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /1-р хх-ийн 143-145/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Л /L / нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр зохих зөвшөөрөлгүйгээр буюу хилийн боомт бус газраар 2025 оны 07 дугаар сарын 13-14-ний өдрийн хооронд БНХАУ-ын Э хот талаас Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэр болох Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон, гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-44/, гэрч Л /L/-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 49-50/, Хилийн тагнуулын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/134 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 05/, хилийн тагнуулын газрын 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 0701/9 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 06/, хилийн тагнуулын газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0701/139 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 07/, баримт бичигт 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 10-17/, БНХАУ-ын иргэн Л эзэмшлийн Honor E2 Magic 7 загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-24/, БНХАУ-ын иргэн Л эзэмшлийн I phone 16 pro max загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-29/, БНХАУ-ын иргэн Л эзэмшлийн I phone 16 pro загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 33-38/, БНХАУ-ын иргэн Л ийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /1-р хх-ийн 143-145/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсийн хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л ээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн зүйлгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Л нь зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гадаад паспортыг шүүгдэгчид буцаан олгож, Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан байна гэв.

 

Өмгөөлөгч Ш.М шүүх хуралдаан дээр гаргасан өмгөөллийн үгэндээ “Шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр улсын яллагчтай санал нэг байна. Гэм буруу дээр маргаан байхгүй болно. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хүнийг ялгаварлан гадуурхгахгүй гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн улмаас хохирол учраагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн байгаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж оногдуулсан ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.”  

 

Өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан өмгөөллийн үгэндээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдалд байгаа. Шүүгдэгчийн хувьд Монгол улсад тодорхой хаягтай, гэр бүлийн хамт Монгол улсад амьдарч байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай байгаа. Шүүгдэгч нь зохих хэмжээгээр цагдан хоригдсон тул зохих цээрлэлийг хүлээсэн гэж үзэж байна. Иймд торгуулийн ялыг оногдуулж, торгох ялыг боломжит хугацаанд төлөх хугацааг тогтоож өгнө үү гэв.”

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг оногдуулсан болно.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өмгөөлөгч Ш.М шүүгдэгч нь Хятад улсад дарамт шахалтад орж ийм байдал орсон байх магадлалтай энэ байдлыг харгалзан үзэхийг хүссэн хүсэлт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялыг биелүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь 2025 оны 12 сарын 19-ний өдрөөс 2026 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл нийт 95 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 95 хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу /95х15/ торгох ялын нэг мянга дөрвөн зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорих таван мянга/ төгрөгийн торгох ялыг эдлэх ялаас хассан болно.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л н .......дугаартай гадаад паспортыг Гадаадын иргэн харьяатын газрын Д аймаг дахь газарт шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л /L/-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч нь шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2025 оны 12 сарын 19-ний өдрөөс 2026 оны 03 сарын 24-ны өдрийг хүртэл шүүгдэгчийн цагдан хоригдсон 95 хоногийн 1 хоногийг хорих ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцох буюу торгох ялын 1,425 /нэг мянга дөрвөн зуун хорин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорих таван мянга/ төгрөгийг торгох ялыг эдлэх ялаас хассугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л /L /-н ......... дугаартай гадаад паспортыг Гадаадын иргэн харьяатын газрын Д аймаг дахь газарт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л /L/-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.БОЛОРМАА