| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 197/2026/0038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1120 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1120
2026 04 21 2026/ШЦТ/1120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч: О.Анужин,
Хохирогч: С.Ч-,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2509027171845 дугаартай Б.О т холбогдох хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О /**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Ч-т 8,000,000 /найман сая/ төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн Капитрон банкны зээлийн *** тоот дансаар 18,000,000 /арван найман сая/ төгрөгийн зээл гаргуулан авч, улмаар өөрийн эзэмшлийн М банкны *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 9,999,400 /есөн сая есөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Б.О нь “...2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Ч-т 8,000,000 (найман сая) төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн Капитрон банкны зээлийн *** тоот дансаар 18,000,000 (арван найман сая) төгрөгийн зээл гаргуулан авч, улмаар өөрийн эзэмшлийн М банкны *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 9,999,400 (есөн сая есөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг шилжүүлэн авч, залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Иргэн С.Ч-ээс 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хавсралтаар Капитрон банкны *** тоот дансны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дансны хуулга, гүйлгээний баримтын хуулбар (хавтаст хэргийн 2-6 дугаар талд),
Хохирогч С.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дүгээр талд),
Иргэн Б.О ийн эзэмшлийн М банкны *** тоот дансны хуулга, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-22 дугаар талд),
Хохирогч С.Ч-ийн эзэмшлийн Капитрон банкны зээлийн *** тоот дансны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гүйлгээний баримт (хавтаст хэргийн 24 дүгээр талд),
Хохирогч С.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар талд),
Хохирогч С.Ч-ийн Капитрон банкны *** тоот дансны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Б.О т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Б.О ийг С.Ч-т 8,000,000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн Капитрон банкны зээлийн *** тоот дансаар 18,000,000 төгрөгийн зээл гаргуулан авч, улмаар өөрийн эзэмшлийн М банкны *** тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 9,999,400 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь тус тус идэвхтэй бөгөөд хуурч мэхлэх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.О ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хэрэгт авагдсан баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоосноор энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ч-т нийт 18.000.000 төгрөгийн хохирол учирснаас 5.196.866 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Прокуророос шүүгдэгч Б.О т холбогдох эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээг тогтоохдоо түүнийг хохирогчид 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.
Хэрэгт авагдсан баримтууд, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч нь банкинд зээлийн хүүгийн төлбөрийг төлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдал болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг хүрээнд шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.О ээс үлдэгдэл 12,803,134 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ч-т олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.О ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух, газар ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.О ээс 12.803.134 /арван хоёр сая найман зуун гурван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ч-т олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС