Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/01388

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01

182/ШШ2024/01388

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, Б овогт Б-н Л /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Гэрч *******-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.18-ны өдрийн 2543 дугаартай захирамжаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж, 47 262 497 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 464 500 төгрөгийг тус тус надаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээний ******* эстимэйт ХХК-ийг үнэлгээчнээр сонгож, миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг маань үнэлүүлсэн.

Гэтэл тус компани нь миний орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 168 004 092 төгрөгийн үнэтэй хэмээн үнэлсэн байна.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо орчимд манайх шиг орон сууцны 1 м.кв-ын үнэ 4 000 000-4 500 000 төгрөгийн хооронд үнэтэй байгаад энэ нь дунджаар 230 000 000 төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл миний өмчлөлийн дээрх орон сууцыг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн тул ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Б.******* нь өөрөө төлбөр авагч банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч хэрэглээгүй, түүний эгч нь Б.*******ийн нэр дээр зээл авч, хэрэглэсэн байдаг. Б.******* зээлийг өөрөө аваагүй учраас энэ төлбөрийг төлөх боломжгүй бөгөөд зээлийг бодитоор авсан хүн нь уг зээлээ төлөөгүйгээс ийм байдалд орсон байдаг. Орон сууцны үнэлгээ хэт доогуур үнэлэгдсэн бөгөөд энэ талаар баримт байхгүй болно гэв.

 

2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.18-ны өдрийн 2543 дугаар захирамжаар Б.*******оос 47 262 497 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 464 500 төгрөг гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг 2022 оны 4-243/7234 тоот албан бичгээр түдгэлзүүлж, 2022.05.26-ны өдрийн 223880288/02 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөр төлөх хугацаа заасан боловч төлбөрөө төлөөгүй тул 2023.04.21-ний өдрийн 223880288/05 дугаар тогтоолоор орон сууцыг хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу талуудаас орон сууцны үнийн санал авахад Б.******* нь 235 000 000 төгрөгөөр үнэлж санал гаргасныг төлбөр авагч тохиролцоогүй, үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан. Ингээд 2023.05.03-нд 5/167 тоот тогтоолоор ******* эстимэйт ХХК-ийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилж, хуульд заасан эрх үүргийг танилцуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.-т зааснаар үнэлгээ тогтоолгосон. Шинжээчээс нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг 169 004 092 төгрөгөөр үнэлсэн бөгөөд мөн хуулийн 55.3.-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023.05.16-ны өдөр 4-243/9683, 4-243/9684 тоот албан бичгээр мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнэ болох 169 004 092 төгрөгийн 70 хувь болох 118 302 864 төгрөгөөр албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2023.06.09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, 2023.05.25-ны өдөр 4-243/10507, 4-243/10508 тоот албан бичгүүд, анхны албадан дуудлага худалдааны 2023.05.23-ны өдрийн 6/22 тоот тогтоолыг танилцуулж, гардуулан өгч талуудад мэдэгдсэн. Хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой бүх баримтуудыг хавсаргасан.

Тухайн үед шинжээч томилсон тогтоол болон үнэлгээний тайланг танилцуулахад өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй шалтгааны талаар өөр харьцуулсан баримт гаргаж өгөөгүй. Төлбөрөө төл гэсэн шаардлага тавихад үүргийн гүйцэтгэлд байгаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулна гэдэг. Түдгэлзүүлэх захирамж дээр хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг түдгэлзүүлэх гэж байгаа болохоос төлбөр төлөх үүргийг түдгэлзүүлээгүй. Гэтэл нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ирдэггүй. Одоогийн байдлаар төлбөрт төлсөн нэг ч баримт байдаггүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгаа. Барьцаа хөрөнгөтэй төлбөр дээр данс битүүмжлэх ажиллагааг давхар явуулах боломжгүй, энэ ажиллагаа зогсдог. Ажил хийж байсан ч мөнгө татах боломжгүй болчихоод байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээч ******* эстимэйт ХХК-ийн үнэлгээчин нь хуульд заасны дагуу зах зээлийн бодит үнэлгээ тогтоож, үнэлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Гуравдагч этгээд ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Доржсүрэн би хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хуралдааныг миний эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2023.05.16-ны өдрийн 4-243/9683 тоот үнэлгээний мэдэгдэл, 2023.05.25-ны өдрийн 4-243/10507 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.05.23-ны өдрийн 6/22 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.04-ний өдрийн 12351 дугаартай Нэхэмжлэлийн буцаах тухай захирамж /хх-ийн 3-9/,

 

5.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.18-ны өдрийн 2543 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022.02.01-ний өдрийн 1512 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 152 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 75-79/, 2022.02.16-ны өдрийн 22380288 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.04.15-ны өдрийн 702 тоот албан бичиг, Б.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.05.25-ны өдрийн 22380288/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2023.04.10-ны өдрийн 22380288/05 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол, 2022.05.01-ний өдрийн Б.*******оос гаргасан үнийн санал, 2023.05.01-ний өдрийн 23/37 тоот ******* ******* ББСБ ХХК-ийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт /хх-ийн 80-84, 87-88, 92, 94-95/, 2023.05.03-ны өдрийн 5/167 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, шинжээч ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн 33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-138/, Б.*******, ******* ******* ББСБ ХХК нарт явуулсан 2023.05.16-ны өдрийн 4-243/9683, 4-243/9684 тоот Үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай албан бичиг, Өнөөдөр сонины 2023.05.25-ны өдрийн 102 /7661/ дугаарт нийтлэгдсэн албадан дуудлага худалдааны зар, 2023.05.23-ны өдрийн 6/22 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол / 139-147/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 85-86, 89-91, 93, 96, 141, 153/ зэргийг тус тус гаргасан.

 

6.Гуравдагч этгээд ******* ******* ББСБ ХХК-иас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, 54944311 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 195-196/ зэргийг гаргасан.

 

7.Тус шүүхийн шүүгчийн 2024.01.31-ний өдрийн 2280 дугаартай захирамжийн дагуу хариуцагч талын хүсэлтээр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024.02.19-ний өдрийн 230 тоот албан бичгээр ирүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2023.05.29-ний өдрийн 6918 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Б.*******оос 2023.05.22-нд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2023.10.06-ны өдрийн нэхэмжлэгчид шүүгчийн захирамж хүргүүлсэн тухай баримт-7 зэрэг, гэрч, үнэлгээчин *******ын мэдүүлэг баримт зэрэг хэрэгт авагдсан.

 

Зохигч талын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс,нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан, ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн 33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г буюу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, миний өмчлөлийн 2 өрөө орон сууц нь зах зээлийн үнэлгээгээр 1 м.кв-ын үнэ 4 000 000-4 500 000 төгрөгийн үнэлгээтэй ба энэ нь дунджаар 230 000 000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэлгээнээс хэт доогуур 169 004 092 төгрөгөөр үнэлсэн нь намайг хохироож, эрх ашгийг зөрчсөн, үнэлгээ эргэлзээтэй тул ******* эстимэйт ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ хүчингүй болох үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, төлбөр төлөгч Б.******* нь төлбөрөө сайн дураар төлөөгүй, ажиллагаануудыг хуульд зааснаар явуулж, барьцааны зүйл болох Б.*******ийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлүүлэхэд орон сууцны үнэлгээг 169 004 092 төгрөгөөр тогтоосон, энэ үнэлгээний мэдэгдлийг талуудад баталгаат шуудангаар хаягаар нь хүргүүлсэн, шинжээч ******* эстимэйт ХХК-ийн үнэлгээ хууль зөрчөөгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

 

3.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.23-ны өдрийн 2543 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 47 262 497 төгрөгийг 2022.01.18-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3.2. Шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.******* сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.01-ний өдрийн 1512 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 152 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, эдгээрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.02.16-ны өдрийн 22380288 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

 

3.3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.*******ид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул холбогдох хуульд заасан ажиллагааг явуулж, барьцааны зүйл болох нэхэмжлэгч Б.*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2022.05.25-ны өдөр битүүмжлэн, 2023.04.10-ны өдөр хураасан байна.

Эдгээр үйл баримт нь 2022.05.25-ны өдрийн 22380288/02 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2023.04.10-ны өдрийн 22380288/05 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоол зэрэг баримтуудаар нотлогдсон.

Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 7., 49., 54. дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 

3.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг 2023.05.01-нд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.*******оос 235 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний саналыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэнтэй төлбөр авагч ******* ******* ББСБ ХХК танилцаж, уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан улмаар шинжээч томилж орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан 2022.05.01-ний өдрийн Б.*******оос гаргасан үнийн санал, 2023.05.01-ний өдрийн 23/37 тоот ******* ******* ББСБ ХХК-ийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар нотлогдсон.

3.5. Хэрэгт шийдвэр гүйцэтгэгчийн 2023.05.03-ны өдрийн 5/167 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-ууд авагдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д ...мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй, этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 44 дүгээр зүйлийн 44.2.9.-д хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны үнэлгээг тодорхойлуулахаар ******* эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн үнэлгээчин ******* үнэлгээг гаргасан нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байна.

3.6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт заасан барьцааны зүйлийн үнийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, өмчлөгч нар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шинжээч томилсноор, шинжээч ******* эстимэйт ХХК нь 2023.05.12-ны өдрийн 33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-р нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 169 004 092 төгрөгөөр үнэлжээ.

Хариуцагч байгууллагаас талуудад үнэлгээний мэдэгдлийг 2023.05.16-нд мэдэгдэж, нэхэмжлэгч Б.******* хүлээн авсан болох нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан 2023.05.03-ны өдрийн 5/167 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, шинжээч ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн 33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан хавсралтууд, Б.*******, ******* ******* ББСБ ХХК нарт явуулсан 2023.05.16-ны өдрийн 4-243/9683, 4-243/9684 тоот Үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай албан бичиг, гэрч *******ын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн 33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаас үзэхэд шинжээч нь Б.*******ийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцыг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээний үндсэн аргууд болох өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргуудыг харьцуулан үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны байршил, барилгын бүтэц хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон хугацаа, орон сууцны гадна тохижилт, байршилтай ойролцоо, үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцнуудтай харьцуулах байдлаар зах зээлийн бодит үнэлгээг 169 004 092 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн ханшаас илтэд доогуур үндэслэлгүй тогтоосон, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд 2022 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 8 дугаар зүйлийн 8.2., 8.3., 8.4.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

5.Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн тухайн орон сууцны 1 м.кв-ын үнэ 4 000 000-4 500 000 төгрөг буюу нийт 230 000 000 төгрөгийн үнэтэй болох талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбар нь шинжээчийн тодорхойлсон хөрөнгийн үнэлгээг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр бөгөөд шинжээч ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн 33 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан түүний хавсралтууд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагуудыг хангасан байна.

Иймд хариуцагч байгууллагаас явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., 55.3.-т заасан болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасантай тус тус нийцсэн байна.

 

6.Хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2023.05.29-ний өдрийн 6918 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Б.*******оос 2023.05.22-нд тус шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь шинжээч ******* эстимэйт ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, түүний хавсралтуудыг 2023.05.16-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар 2023.05.22-ний өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргажээ.

Түүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023.10.04-ний өдрийн 12351 дүгээр захирамж гарч, нэхэмжлэлийг Б.*******ид буцаан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх шүүгчийн 2023.10.04-ний өдрийн 12351 дүгээр захирамжийг 2023.10.09-нд, нэхэмжлэл болон түүнтэй хавсаргасан баримтуудыг 2023.10.17-ны өдөр шүүхээс хүлээн авсан болох нь Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж хүргүүлсэн тухай баримт-7 гэсэн баримтаар нотлогдож, 2023.10.17-ны өдөр ******* эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчөөгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

7.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.23-ны өдрийн 2543 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч Б.*******ийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, байрны тоот хаягт байрлах, 58,68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 55.3.-т заасан журмыг тус тус зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

8. Гуравдагч этгээд ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний эзгүйгээр хэргийг хэлэлцсэн болно.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 2023.05.12-ны өдрийн ******* эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.13-ны өдрийн 182/ШЗ2023/07637 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА