Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 0017

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.О, Б.А нарт

                                          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      С.Б

Шүүгдэгч                                                       Б.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Т.Э, С.Б

Хохирогч, иргэний нэхэмжлэгч               Б.Б

Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-н гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.О, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н О,

 

Б овогт Б-н А,

 

Шүүгдэгч Б.О-г        аймгийн “У” цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төсвийн захирагчаар ажиллаж байхдаа 2018 оны 10, 11 дүгээр саруудад багш Ө.А-г арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалинг олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн тохижилтод зарцуулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

- нийтийн албан тушаалтанУ” цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “С” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг гэж шахаж шаардан хясан боогдуулж 449,900 төгрөгийн өнгөт принтер авхуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, 

 

шүүгдэгч Б.Аыг “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар,

Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б овогт Б-н Од холбогдуулан Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Шүүгдэгч Б-н О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      - шүүгдэгч Б овогт Б-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан...хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянга төгрөгөөр торгох ялаар, 

-шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянга төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо:

... тус шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.О надад хахууль авах шунахай сэдэлт зорилго ерөөсөө байгаагүй мөн Б.А гэх хүн нь тухайн компанийн нягтлан бодогч гэдэг нь тодорхойгүй байдаг.

Цэцэрлэгийн эрхлэгч Б.О намайг С ХХК-ны ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэж буруутгасан. Гэтэл тус компанийн захирал Б.М нь цэцэрлэгээс хүсэлт ирээгүй гэдэг бөгөөд манай эхнэр л мэднэ гэж мэдүүлсэн байдаг.

Тус компанийн захирал Б.М болон нягтлан бодогч гэх Б.А нар нь гэр бүлийн хамааралтай болохоос Б.А нь С ХХК-нд хамааралтай эсэх нь хавтаст хэрэгт авагдаагүй байдаг, Компанийн тухай хуульд зааснаар компани 1 эзэмшигчтэй тохиолдолд гэр бүлийн дундын өмч болохгүй, зөвхөн эзэмшигчийн өмч байхаар хуульчилсан. Гэтэл тус компани нягтлан бодогч гэх Б.Ааас хахууль авсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

Гэтэл Б.О намайг өөрийн ажлын нэр төр, алдар хүндийг олж авахын тулд авлига хээл хахууль авсан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Авлига” гэж албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдлээр илрэх зөрчил гэж ойлгосон.

Б.О надад хувийн ашиг хонжоо олох ямар ч санаа зорилго байгаагүй бөгөөд багш нарын ажлын орчинг сайжруулж хүүхдийн сурч хөгжих боломжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан болно, мөн тус компанид ямар нэгэн давуу байдал олгоогүй юм.

Иймд Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309 тоот шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болгож, тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна гэж гомдол гаргасан ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б тайлбартаа: ... Гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б тайлбартаа: ... шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.А нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О нь “У” цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэгС” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “манайд 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг, гэрээний үнийн дүнгийн 1-2%-ийг жилийн эцэст өгдөг” гэж шахаж 449,900 төгрөгийн өнгөт принтер авахуулж цэцэрлэгийн хэрэгцээнд ашигласан хахууль авсан,

 

шүүгдэгч Б.А нь “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч нь хэдийгээр бусдаас шаардаж авсан өнгөт принтерийг хувьдаа аваагүй боловч өөрийн эрхэлж буй ажлын үүргээ гүйцэтгэхдээ өөртөө болон байгууллагадаа хэрэглэж байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь төрийн болон төрийн бус байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгон бусдаас хөрөнгө мөнгө шаардан авах нь Эрүүгийн хуулиар хориглосон гэмт үйлдэл болно.

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Од холбогдуулан Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Б-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан...хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-н 2018 оны 10, 11 дүгээр саруудад багш Ө.А-г арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалин олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн дотоод тохижилтод буюу 105.000 төгрөгөөр нурууны дасгалын төхөөрөмж авч эмчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн, 130.000 төгрөгөөр ханан дээр зураг зуруулах будгийн хэрэгсэл, зураачийн ажлын хөлсөнд зарцуулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Б.О-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...  гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан ... ... нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл ... гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нийтийн албан тушаалтан гэдэг нь Авилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн ... 4.1.2- зааснаар ... төрийн үйлчилгээний албаны удирдах тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч ... хамаарна гэж зааснаар шүүгдэгч Б.О-н цэцэрлэгийн эрхлэгч албан тушаал нь дээрх хуульд заасан албан тушаалд хамаарч байна.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч Б.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.400.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.О-н  ... Б.О надад хувийн ашиг хонжоо олох ямар ч санаа зорилго байгаагүй бөгөөд багш нарын ажлын орчинг сайжруулж хүүхдийн сурч хөгжих боломжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласан болно, мөн тус компанид ямар нэгэн давуу байдал олгоогүй юм. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Э.Ө-н ...    аймагт үйл ажиллагаа явуулдаг “С” ХКК-аар 455.000 төгрөгийн принтерийг авахуулсан ... гэх /1 хх- 27-29/

 

гэрч Н.Б-н ... би эхнэрээсээ ямар учраас яагаад өнгөт принтер авч өгсөн юм бэ гэж асуусан чинь “У” цэцэрлэгийн эрхлэгч нь өнгөт принтер авч өг гэж зогсоо зайгүй нэхээд байхаар нь арга буюу авч өгсөн гэж хэлсэн...”  гэх /4 хх- 87-88/ мэдүүлгүүд

 

“Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-40 хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай нурууны таталтын тоног төхөөрөмж 100,000 төгрөг, 4 салаа Лед гэрэл 35,000 төгрөг, EPSON Л380 маркийн өнгөт принтер 440,000 төгрөг болохыг тогтоов. Хамрагдсан эд зүйлсийн үнэлгээ 2018 оны 11, 12 дугаар сарын байдлаар 575,000 төгрөг... гэх /4 хх 109-114/ дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Н.Б-г Н.М гэж ташаа бичсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй бөгөөд цаашид ийм техникийн шинжтэй алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино.

Иймд шүүгдэгч Б.О-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

          ШҮҮГЧ                                                    М.ХҮРЭЛБААТАР

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР