| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0486/З |
| Дугаар | 128/ШШ2023/0652 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/ болон Б ХХК /РД:/-ийн түншлэл
Хариуцагч: Сны Тгад холбогдох гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б ХХК болон Б ХХК-ийн түншлэлээс Сны Тгад холбогдуулан Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн тоот Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03/7738 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зарласан ЭҮТӨҮГ/ дугаартай Үйлдвэрлэл технологийн паркын усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон Б ХХК болон Б ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдлыг хянаад зарим баримт, мэдээллийг дахин нягтлах, тодруулах шаардлагатай гэж үзэн захиалагчийн 2022 он 10 дугаар сарын 26-ны өдрийн ДҮ- дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.[1]
2.2. Мөн яамны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний 03/7766 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр дээрх тендерт оролцсон ******* ХХК болон *******-ийн түншлэлээс гаргасан гомдлыг, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/7818 дугаар албан бичгээр Б ******* ХХК болон Ц******* ХХК-ийн түншлэлийн гомдлыг тус тус хянаж, захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн 2022 он 10 дугаар сарын 26-ны өдрийн ДҮ- дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.[2]
2.3. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үнэлгээний хороо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, 75 хувийн саналаар ******* констракшн ХХК болон Б ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[3]
2.4. Үнэлгээний хорооны дүгнэлтийн а-д тендерт оролцогч Б ******* ХХК болон Ц******* ХХК-ийн түншлэлд тендерт шалгараагүй гэж дүгнэснийг[4] Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-******* дугаар албан бичгээр мэдэгджээ.[5]
2.5. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг хянаад Сны Тгын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр ******* констракшн ХХК, Б ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ТБ-******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн захиалагч буюу Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мэдэгдэж, хувийг Б ******* ХХК-д хүргүүлжээ.[6]
2.6. Улмаар дээрх мэдэгдлийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж 05 дугаар хурлын тэмдэглэлээр Б ХХК болон Б ХХК-ийн түншлэлээс ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[7]
2.7. Харин захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны ГЁ/134-12/5869 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд дахин зохион байгуулахыг Б ХХК-д мэдэгдсэн.[8]
2.8. Энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч Б ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасныг Сны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/8963 дугаар албан бичгээр ...тендер хүчинтэй байх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна...дээрх шийдвэрийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан үзэх боломжгүй гэх агуулга бүхий хариуг хүргүүлжээ.[9]
2.9. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ ...маргаан бүхий актын үр дагавраар тендер дахин үнэлэгдэж улмаар тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусаж, манай компанитай захиалагч гэрээ байгуулахаас татгалзаад байна. С хуулийн дагуу шийдвэр гаргасан бол Үнэлгээний хорооны 2022 оны 11 дүгээр сарын 21,22-ны өдрийн шийдвэр хэвээр үлдэж манай компани ажил гүйцэтгэх гэрээг хуулийн хугацаанд байгуулах боломжтой байсан..., манай компани шаардлага хангасан материал ирүүлсэн..., түншлэлээр орж байгаа компанид банкны тодорхойлолт заавал ирүүлэх шаардлага тавиагүй..., С шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдээгүй... гэж тайлбарлан маргаж байна.
2.9. Хариуцагч талаас дээрх гомдлын үндэслэлийг эс зөвшөөрч ...аливаа шүүхийн шийдвэр гараад биелэх боломжтой байх ёстой. Жишээлбэл, энэ маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон ч гэсэн Б ХХК-тай гэрээ байгуулах хууль, эрх зүйн хувьд боломжгүй. Яагаад гэвэл гэрээ байгуулах хүчинтэй хугацаа нь дуусчихсан. Үүнээс хойш ахиад 3, 4 удаа тендер зарлаад, одоо хүртэл тендер шалгаруулалт үргэлжлээд явж байгаа..., харилцагч банкнаас тодорхойлолт авсан байх, ижил төстэй ажил болон ажлын төсвийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм дүрэм, зааврын дагуу баталгаажуулан ирүүлсэн эсэхийг нягтлах нь зүйтэй....түншлэл байх эсэхээс үл хамааран тендерт оролцогчид тавигдах шаардлага Б ХХК-д ч мөн адил хамаарна..., захиалагчийн тендерт оролцох компаниудад тавьж байгаа шаардлагыг энэ нь хангасан байна, энэ нь хангаагүй байна гэдгийг С өөрөө шийдвэрлэх эрх зүйн боломж байхгүй... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороо манайхыг 3 удаа шалгаруулсан. Хамгийн сүүлийн байдлаар манайх шалгарч байсан чинь С хянасан. С бүхэлд нь хянахдаа дараах зүйлүүдийг буруу хянасан гэж үзэж байгаа. Шүүгчээ, та үүнийг анзаараарай. Сны гомдол хянасан зүйлд, сая Б ******* ХХК хэлж байна. Баахан зүйлээр шаардлага хангаагүй юм шиг мөртөө ингээд биччихсэн байгаа юм. Б ХХК ингээд, ингээд үзээрэй. Үүний 99,9 хувь нь юу гэсэн гэхээр, урьдчилан хянаж байгаа ажиллагаа шүү дээ. Үзээрэй, хянаарай, анхаараарай, магадлаарай гэсэн үгнүүд 10 заалтын 9-д нь байгаа юм. С урьдчилсан хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллага. Хуулиараа эрх үүрэг нь тавигдсан байгууллага өнөөдөр ийм шийд гаргасан. Үнэлгээний хороо тухайн үед үүнийг зайлшгүй үнэлж дүгнэхээс гарцгүй болгочихсон. Асуудал дээр Үнэлгээний хороо хуралдаад Сны шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан. Үнэлгээний хороо яагаад татгалзсан бэ гэдэг дээр Орхон аймаг дээр Б ******* ХХК хамгийн эцсийн хэлэлцүүлэг дээр бид татгалзаж байна гээд хэлсэн учраас үр дүн гаргаж чадаагүй. Үнэлгээний хороо тухайн үед Орхон аймагт дараах зүйлийг тайлбарласан. Шүүгч бас тодруулсан. Яагаад Сны шийдвэрийг хүлээж аваагүй юм бэ? Яагаад Сны гомдол хянасныг танайх хүлээж аваагүй Үнэлгээний хороо шийдвэрлэсэн дүгнэлтийг 100 хувь зөвшөөрч гаргасан юм бэ гэсэн. Үнэлгээний хороо дараах зүйлийг тайлбарласан. Нэгдүгээрт Сны сүүлд хянаж ирүүлсэн хариу тэрийг үзээрэй, энийг хянаарай гэсэн. С өөрөө энийг хангаж байна, эсвэл энийг хангахгүй байна гэдэг шийдвэр гаргах байсан. Тэгэхгүйгээр үзээрэй, төсвийг нь магадлаарай гээд бөөрөнхий зүйл хийсэн. Хангаад байгаа юм уу, хангахгүй байгаа юм уу гэдгээ хянах бүрэн боломжтой байгууллага нь хяналтаа хэрэгжүүлээгүй учраас манайх энийг хүлээж аваагүй гэсэн. Хоёрдугаарт нь ийм зүйл тавьсан байгаа юм. Б ХХК, түншлэгч Б ХХК тендертэй, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/377 дугаар албан бичгээр Х******* болон Х*******ны данснуудыг 2019 оноос хойш ашиглаагүй талаар мэдэгдсэн бөгөөд, зөвхөн Хас банкны дугаартай хугацаа хэтэрсэн, аливаа өр төлбөргүй тодорхойлолт ирүүлсэн нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.2.5-д заасан харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн төлбөргүй талаар тодорхойлолт ирүүлнэ, тодорхойлолтыг тендер зарласан өдрөөс хойш авсан байна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэснийг онцгойлон тайлбарласан. Нэгдүгээрт манайх түншлэгчээс банкны бичиг нэхээгүй. Ийм зүйлийг шаардаагүй. Шаардсан зүйлүүд нь 17.9 дээр байгаа түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой гэж байгаа. Үүн дээр банкны тодорхойлолтыг шаардаагүй. Юуг шаардсан бэ гэвэл толгой нь санхүүгийн чадавхын талаар гэж байгаа юм. байхгүй юу. Үндсэн бүлэгт дотроо задарч байгаа юм. Үндсэн бүлэг дотроо задрахаар тендерийн бичиг баримт ирсэн дүнгээр нийтдээ санхүүгийн чадавхын талаар заасан шалгуур үзүүлэлт, бусад баримтыг шаардана. Тухайн онд санхүүжих төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр байгууллага нийлээд 2,4 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой, эсвэл дансны үлдэгдэлтэй байх юм бол энэ тендерт сонгоно. Тендерийн баримт бичигтээ дээд лимит нь 2,4-өөр зааж байгаа юм. Тэгээд толгой компани нь 3,5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн бичгийг тендерт хүргүүлсэн. Түншлэгч байгууллага нь 1 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн. Нийтдээ 4,5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн бичиг өгсөн. Хоёрдугаарт цахим тендерээр санхүүгийн баримтуудыг шууд цахимаар хяначихна, ирүүлэх шаардлагагүй гэсэн байгаа юм. Сүүлийн 5 жилийнх гэсэн. Энэ хоёр компани нийлбэр дүн нь, зөвхөн толгой компани нь сүүлийн балансаараа 7,9 тэрбум төгрөгийн түргэн хөрвөх чадвартай. Түншлэгч Б ХХК нь 2,9 тэрбум төгрөгийн түргэн хөрвөх хөрөнгийн чадвартай. Өөрөөр хэлбэл энэ хоёр компани нийлээд нийтдээ 15,6 тэрбум төгрөгийн санхүүгийн чадвараа нотлох баримтаар өгчихсөн, ирүүлчихсэн байсан. Ганцхан энэ зүйл дээр унагаачихсан байсан учраас би хэлж байгаа юм. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тухайн шүүх хуралд хариуцагчаар орж байсан. Б ******* ХХК асуугаад байсан учраас дараах зүйлийг тайлбарлаж байна лээ. Манайх үүн дээр нотлох баримт цуглуулж өгсөн. Тендерийн бичиг баримтын нэмэлт шаардлага гэж байгаа. Тендерт оролцогч нэмэлт материалуудыг нууцлалгүйгээр өөрийн тендерт ирүүлнэ гэсэн байгаа юм. Үүний 8 дугаар зүйл дээр захиалагчийн санаачилгаар шүүх, харилцагч банк, эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, татварын хэлтэс өмнө үйлчлүүлсэн захиалагчийн бусад холбогдох байгууллагаас тендерийн бичиг баримттай холбоотой асуудлаар тодорхойлолт, лавлагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга бүхий мэдэгдлийг тендерт оролцогч баталгаажуулан өөрийн тендерийн баримт бичигт хавсарган ирүүлнэ гэсэн. Тендерийг ирүүлсэн материалаар үнэлнэ гэж байгаа юм. Ирүүлсэн материалаас мөн иймэрхүү эргэлзээтэй асуудал гарвал тодруулга авах эрх нь бидэнд байсан. Гэхдээ бидний аваагүй шалтгаан нь бид нэгэнт түншлэгч компаниас үүнийг нэхээгүй юм чинь шаардлагагүй байсан. Хэрвээ дээд лимит 2,4 тэрбум төгрөгийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгийг Б ХХК, Б ХХК мөнгөн дүн нь нийлээд 2,4 хүргэж байгаа бол бид үүн дээр нь тодруулга авч ажиллах нь зүйтэй байсан. Толгой компани нь өөрөө 100 хувь хангачихсан байгаа учраас үүнийг манайх цаашид шаардлагагүй гэж үзсэн юм. Тухайн үед ингэж үнэлгээ явагдаад, Сны шийдвэрийг хүлээж аваагүй. Манайх сонгон шалгаруулж гаргасан. Эцсийн шийдвэрийг үнэлгээний хороо гаргасан. Гэхдээ хаана буруутай үйл ажиллагаа явагдсан бэ гэвэл С. С өөрөө ажлаа хийгээгүй. Үүн дээр ахиад нэг зүйл хэлье. Тендерийн оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам гэж байгаа юм. Хуулиараа төрийн захиргааны төв байгууллага гаргана гэж байгаа Сны журам. Б ******* ХХК энэхүү тендер дээр нийтдээ 3 удаа маргаан Сд гаргасан. С яах ёстой байсан бэ гэвэл өмнөх гарсан асуудлаар дахиж асуудлыг хэлэлцэхгүй байх байсан. Тэгэхэд за яах вэ ингэсэн юм байна, гэхдээ энэ дотор нь ийм үг явж байна гэж байгаад орчихсон. Сны журам дээр нь байж байгаа. Орхон аймаг дээр бас тайлбарлаад байна лээ. 5.1 дээр Санд хүлээн авсан гомдлын агуулга, шаардлагаас хамааран дор дурдсан мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг захиалагч шаардаж болно. 5.1.12 дээр шаардлагатай бусад бичиг баримт, мөн 5.2 дээр гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл С холбогдох тушаалтнаас тайлбар авч болно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ байгууллагад тодруулга авах эрх нь байсан. Захиалагч руу хандаад танайх ийм тодруулга авах эрхтэй юм байна, энэ тодруулгаа банкнаас аваад нэмэлт нотлох баримтаар ирүүл гэдэг юм уу. Иймэрхүү процессууд хоёр банканд хоёуланд нь байсан. Тэгэхэд өнөөдөр С юу гэж үзсэн бэ гэвэл ингэж бичсэн байгаа юм. Хууль болон тендер хянах журам шаардлага хангаж байна, хангахгүй байна гэж нэг мөр шийдвэр гаргах тухай тодорхой зааж өгсөн байхад С гомдлыг хянаад юмыг яаж мэдэх вэ, хараарай, үзээрэй, магадлаарай гэх үгнүүд тавьсан шийдвэр гарсан байсан. Гэтэл Сны дээрх журмын 5.1.12-т гаргасан гомдлын дагуу нэмэлтээр шаардлагатай хүсэлт, баримт бичиг гаргуулан авах, 5.2 гомдол хянан шийдвэрлэж явцад гээд эрхүүдийг заасан. Гэтэл С хууль журмыг зөрчиж, шаардлага хангаад байгаа ч юм шиг, хангаагүй ч юм шиг шийдвэр гаргасан. Энэ ойлгомжгүй байдлаас болж Үнэлгээний хороо дахин хуралдах нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл нягтлан үзэх зүйтэй гэсэн бөөрөнхий утгатай зүйл гаргаж болно гэсэн эрхийг хууль журмаар олгоогүй байгаа юм. Хуулиар ч, журмаар ч олгоогүй. Тиймээс бид нэхэмжлэлийн шаардлагыг Сны Тгын дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Сая С нэг ийм юм яриад байх шиг байна. Б ******* ХХК-ийг орох эрх нь нээлттэй байгаа гээд яриад байх шиг байна. 2023 оны 01 дүгээр сард болсон тендерийн Үнэлгээний хороо захиалагч талаас тендерийн материалыг эрс өөрчилчихсөн. Манайх орох боломжгүй болсон. Дахиж оролцох ямар ч боломжгүй болгоод, боловсон хүчний асуудлуудыг нь зөрүүлчихсэн. Бусад асуудал, тендерийн бичиг баримтуудыг зөрүүлээд цахим дээр байршуулчихсан учраас манайх цаашид оролцох ямар ч боломжгүй болчихсон. Дээр нь захиалагч тал Б ******* ХХК-ийг тэгж буруутгаж байна лээ. Та нар дахиад оролцож байгаа гэдэг чинь анхны манай шийдвэрийг зөвшөөрөөд байдаг гээд маргачихдаг юм байна лээ. Тийм учраас бид оролцоогүй. Анхны манайхыг сонгосон шалгаруулалтаа хүчинтэйд тооцуулах гээд. Мөн тендерийн бичиг баримтыг бид цахимаар болон бичиг баримтаар юу гэж өгсөн бэ гэвэл шүүхийн шийдвэрийн өр авлагагүй тухай тодорхойлолтууд, шүүхийн маргаангүй байгаа тодорхойлолтуудыг бүгдийг нь тухайн тендер хийсэн өдрөөр нь гаргаж өгсөн. Мэдэгдлээ өгсөн байгаа. Энэ бичиг баримтуудаас С тайлбарлах байх. Нийтдээ 6 зүйлээс хангаагүй байна гэж үзэхдээ тавд нь хянаарай, үзээрэй гээд өгчихсөн. Яагаад Санд гомдол гаргаад байна гэвэл өмнө нь Б ******* ХХК энэ асуудлаар гомдол гаргачихсан байсан. Яаж гомдол гаргасан гэвэл би материалыг нь шүүхэд хавсаргаж өгсөн. Сүүлийн гомдлоос өмнөх гомдол дээр Б ХХК ийм ийм зүйлийг хангаагүй байна гэж баахан юм бичиж байгаад хамгийн сүүлд нь бусад шаардлагуудыг мөн хангаагүй байна гээд өгчихсөн. Сны журам юм. Ирүүлсэн гомдлоор дахиж хандах юм бол хүлээж авахгүй, шууд буцаана гэсэн журамтай. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Тийм. Өмнөх гаргасан асуудлаа дахиж хүлээж авахгүй гэсэн. Түүн дээр нь Б ******* ХХК ийм зүйлийг хангаагүй байна гэж байгаад хамгийн сүүлд нь Б ХХК бусад асуудлаар тендерийн материалыг хангаагүй байна ерөнхийд нь, тэр чигээр нь хангаагүй байна гээд заачихсан байдаг. Гээл С сүүлийнхийг хүлээж авч хянахдаа урьд нь гомдол гаргасан байна гэж дурдангуутаа, шууд гэхдээ ийм ийм зүйлийг магадлаарай гээд өгчихдөг. Өмнө нь өөрөө бусад этгээдүүдэд бүх материалыг тендерийг хянаад өгөөч, хангаагүй байна гээд өгчихсөн. Б ******* ХХК 3 удаа гомдол гаргаж байгаа. Нэг, хоёр хоёуланд нь байж байгаа. Гурав дээр нь нарийвчлаад банк гээд 7 асуудлаа өгсөн байсан. Энийг хангасан, хангаагүй гэж өгч байгаа Сны шийдвэрт гомдолтой байна. Өөрөөр хэлбэл 2, 3 зүйл байна. Нэгдүгээрт нь гомдлыг шууд буцаах байсан. Хоёрдугаарт нь түншлэгчээс шаардаагүй байж, бид гаргаж чадахгүй шүү дээ. Үнэлгээний хорооныхон тодорхой зааж байна лээ. Бид хэрвээ жолооны үнэмлэх нэхсэн бол түншлэгчээс жолооны үнэмлэхээ л нэхнэ. Тийм зүйл шаардаагүй байсан учраас бид тухайн үед Сны шийдвэрийг хүлээж аваагүй. Үүнийг манайх шаардаагүй гээд Үнэлгээний хорооны протокол дээр ч байгаа. Банкны бичиг шаардаагүй байж, энэ дангаараа толгой гаргачихсан байгаа биз дээ? Өөрөө 15 тэрбум төгрөгийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө гэж гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл дээд лимит нь захиалагчаас 2,4 тэрбум байхад оролцогч байгууллагаас нийт 15 тэрбум төгрөгийг хангаад, давуулаад биелүүлчихсэн байхад болохгүй шүү дээ. Балансыг нь өгчихсөн байна. Цахимаар оролцогчоо татаж байгаа. Сд ч татах эрх нь байгаа. Тиймээс бид ийм зүйлээр маргаж байгаа юм гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэгчийн зүгээс Сны Тгын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар гомдол хянасан тухай хууль бус албан бичигтэй холбогдуулж маргаж байгаа. Уг албан бичгийг эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Энэ бол нэгдсэн шийдвэр болсон. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж, зөрчигдсөн буюу Б ХХК-ийг шалгаруулсан тендерийг энэ гомдол хянасан тухай албан бичгээр буюу маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгожээ гэдгийг мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингэхдээ 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримтыг хавсаргаж, маргаан бүхий захиргааны актыг буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй гэсэн агуулгаар гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх хуулийн зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага өөрөө хариуцна. Захиргааны байгууллага хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гаргуулах, шаардлагатай тохиолдолд бусад хэлбэрээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах хуульд заасан шаардлагыг 43.2 дахь хэсэгт зохицуулсан. 43.8 дахь хэсэгт захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж хуульчлан тогтоосон хуулийн зохицуулалт бий. 2023 оны 02 дугаар сараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид үргэлжилж байгаа. Энэ асуудлаар хариуцагчийн зүгээс энэ баримтыг гаргаж өгөөгүй нь мэдэгдээгүй гэсэн энэ агуулга харагдаж байна. Яагаад Захиргааны ерөнхий хуулийн агуулга буюу ерөнхийлөн хуульчилсан хуулийн зохицуулалт энэ тендерийн маргаан дээр нэрлэгдэх болсон бэ гэвэл сая Б ******* ХХК болон хариуцагчийн зүгээс энэ тендер одоог хүртэл зарлагдаад явж байгаа., тодорхой байдлаар зарлагдсан, тендерт оролцогч шалгараагүй гэж байна. Хэдийгээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлээгүй ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр тухайн акт хүчин төгөлдөр болно. Энэ хуулийн зохицуулалтынхаа дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс яагаад энэ талаар дурдаад хэлээд байгаа гол санаа нь энэ тендер шалгаруулалт маргаан бүхий захиргааны акт гарсны дараа явагдсан хэдий ч, энэ захиргааны актын үйлчлэлийг 02 дугаар сараас эхэлж мэдсэн даруйдаа нэхэмжлэгч компани тасралтгүй маргаж байгаа шүү. Өнөөдөр 09 сарыг хүртэлх хугацаанд буюу 7 сарын хугацаанд тасралтгүй маргаад энэ хугацааг хүрсэн гэж дурдах нь зүйтэй. Аливаа тендер зарлах нь захиалагчийн бүрэн эрх, тендерийн баримт бичгийг захиалагчийн зүгээс өөрөө боловсруулдаг гэж харилцагчийн зүгээс тайлбартаа дурдлаа. Маргаан бүхий захиргааны актад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг үндэслэж Б ХХК-ийг шалгаруулсан холбогдох шийдвэрийг нь хүчингүй болгож байгаа. 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын агуулга энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох өөрчлөх. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалт буюу захиргааны актыг бичгээр гаргах хуульд заасан энэ агуулгад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагаанд баримталбал зохих тусгайлан зохицуулсан зарчим, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх юм. Энэ хуулийг зөрчсөн гэдэг зорилго маргаан бүхий захиргааны актын аль хэсгээс харагдаж байна вэ? Тендерийн баримт бичгийг зөрчсөн гэдэг агуулга харагдаад байгаа юм уу? Эсвэл тендерийн баримт бичиг өөрөө эргэлзээтэй гэх агуулга харагдаад байгаа юм уу? Нэхэмжлэгч ч, гуравдагч этгээд ч Сны Тга ямар нэгэн байдлаар мухарлах замаар нягтлан шалгах ёстой гэдэг байдлаар бөөрөнхийлсөн агуулгаар гаргасан нь ойлгомжгүй төөрөгдөлд оруулж байна гэдэг. Гомдол хянах замаар тухайн асуудлыг бүрэн тодруулах боломж бололцоо нь байсан. Хуулийн аль зохицуулалтыг зөрчиж 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад заасан агуулгад шууд хамаарах вэ? Энэ нь ойлгомжгүй, тодорхойгүй асуудал байгаа юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэлчихсэн учраас товчхон хэлье. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-ын гол санаа нь санхүүгийн чадавхын талаар нотлох процессыг тусгаж өгөөд байгаа юм. Маргаан бүхий захиргааны актын 17.2.5-ын зохицуулалт дээр зөвхөн Б ХХК гэдэг түншлэгчийг 4 дэх хэсэгтээ оруулаад байгаа юм. 17.2.5-ыг Б ХХК нь зөрчсөн. Гэхдээ Б ХХК зөрчөөгүй гэдэг. Яагаад гэвэл тусгагдаагүй учраас зөрчигдөөгүй гэж хараад байгаа юм. Дараа дараагийн асуудлууд нь нягтлан шалгах ёстой гэдэг. Хариуцагчийн зүгээс гаргасан хариу тайлбар дээрээ ч дурдсан байсан. Сангийн сайдын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаал буюу нийтэд илэрхий баримт дээр тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 5.2 дахь хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл С холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно. Нягтлан үзэх шаардлагатай гэдэг энэ өнцгөөс С холбогдох албан тушаалтнуудыг асуух замаар зөрүүтэй байдлаа арилгах бүрэн боломж бололцоо байдаг. Нягтлан үзэх шаардлагатай гэдгээр энэ компанийг үгүйсгээд шалгаруулсныг нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулж байгаа хэсэг дээр үндсэн 2 асуудал яригдаж байгаа юм. Эхнийх нь, сая хэлсэн тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдол хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргаад байгаа гомдлыг хянан шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн нь эхний агуулга. Хоёр дахь агуулга нь Б ******* ХХК-ийн гаргасан асуудал, гомдлыг нь С хүлээж авахгүй байх ёстой байсан гэдэг агуулгыг ярьж байна. Эхнийх нь яагаад С Б ХХК-тай холбогдуулж гаргасан гомдол дээр дахин үнэлгээ хийх зүйтэй байна гэдэг шийдвэрийг гаргасан гэдэгт дараах 3 үндэслэл байгаа юм. Эхнийх нь, аливаа тендер зарлаад, захиалагч өөрөө ямар шаардлага тавиад тендерт оролцогчийг сонгон шалгаруулах нь тухайн бараа, ажил үйлчилгээ дээр захиалагчийн бүрэн эрхийн асуудал. Ингээд захиалагч өөрөө ийм, ийм зүйлсийг хангасан тохиолдолд энэхүү тендерээр тендерийн болон бараа, ажил үйлчилгээг явуулъя гэдэг асуудлууд яригддаг. Үүнтэй холбогдуулаад Б ХХК болон түншлэгч Б ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/370 дугаар албан бичгээр зөвхөн Х******* болон Худалдаа хөгжлийн банкны мэдээллүүдийг ирүүлсэн. Харин захиалагчийн зүгээс тавьсан шаардлагыг тендерийн өгөгдлийг хүснэгтийн 17.2.5-д тодорхой тусгасан байгаа. 17.2.5-д харилцагч банк тус бүрээр хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. Дээрх ирүүлж байгаа тодорхойлолт нь тендер зарласнаас хойших хугацааных байна гээд тодорхой бичсэн. Ингэж тодорхой биччихээд байхад зөвхөн Х******* болон Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтуудыг ирүүлснээрээ энэхүү шаардлагыг хангаж байна гэж үзэх нь өрөөсгөл. Энэхүү шаардлагыг хангаагүй байна гэдэг шийдвэрийг гаргасан эхний үндэслэл нь. Хоёрт нь тендер зарлаад, Үнэлгээний хороо гаргаад байгаа шалтгаан нь тухайн тендертэй холбогдуулаад ажил, бараа, үйлчилгээг худалдан авах, хийлгэх бүхий л нарийн зүйлсийг Үнэлгээний хороо мэргэжилтнүүдийг нь оролцуулж шийдвэрлээд байгаа юм. Үүн дээр үнэлгээний хороо гэдэг нэг тусдаа институц байгаад, тэр нь тендерт материалаа ирүүлж байгаа компаниуд тендерийн шаардлагаа хангасан уу, үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд 2 зүйлийг бүрэн гүйцэд шалгаж, нягтлаагүй байдаг. Тухайлбал, тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.6-д тухайн тендерийн бараа ажил үйлчилгээгээр хэрэгжүүлж байгаа ажлын 25-аас доошгүй хувь нь барилгын минерал, шугам сүлжээтэй холбоотой ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлсэн байна шүү гэдэг шаардлага тавьсан. Энийг 25 хувь байна уу, байхгүй байна уу гэдгийг Үнэлгээний хороо шийдвэрлээгүй буюу тэрийг гүйцэт нягталж үзээгүй. Ийм учраас үүнийг дахиж нягталж үзэх нь зүйтэй юм байна шүү гэдэг нэг дэх асуудал. Хоёр дахь нь тендерт түншлэлээс тендерт хавсарган ирүүлсэн ажлын төсөв, цалин, нэмэгдэл, дайвар зардлыг тооцоолох ёстой байсан. Ийнхүү тооцоолохдоо тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын одоо хүчингүй болчихсон байгаа тушаалыг үндэслээд энэхүү тооцооллоо хийчихсэн юм байна. Тиймээс та бүхэн одоо хүчинтэй байгаа тушаалын хавсралтаар батлагдсан журам, зааврын хүрээнд тооцооллоо хийх ёстой. Ингэж хийх нь тендертээ тавигдаад байгаа шаардлагуудыг хангах үндэслэл болох юм байна гэдэг дахиад гурав дахь асуудал яригдаад байгаа юм. Ийм 3 асуудал байна. Нэхэмжлэгчийн зүгээс С өөрөө дахин үнэлгээ хийлгэхээр Үнэлгээний хороо руу буюу захиалагч руу шийдвэрийг нь хүчингүй болгож буцаах хууль зүйн үндэслэлгүй гэдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.3-д тодорхой заасан байгаа. Хэрвээ захиалагч тухайн тендертэй холбогдуулаад тухайн ажиллагаануудаа бүрэн гүйцэд хийгээгүй тохиолдолд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгоод, энэ бүгдийгээ дахиад бүрэн гүйцэд хийснийхээ дараа тендер шалгаруулалтаа явуулахыг захиалагчаас шаарддаг эрхийг хуулиар олгоод өгчихсөн. Энэхүү эрхээ хэрэгжүүлэхээр Снаас шийдвэрээ гаргасан байгааг шүүгч анхаар үзнэ үү.... Эхнийх нь нэхэмжлэгч сая ярьсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх ёстой байсан гэж ярьсан. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хэлсэн. Энэ мэдэгдэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 3.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-ийн 1.7-гийн дагуу захиалагчид байдаг үүрэг. Хоёрт нь Б ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах ёсгүй байсан гэдэг дээр тодорхой хэлсэн. Тухайн гомдол гаргаагүй асуудлуудаар, жишээлбэл энэ тендертэй холбоотойгоор ахиж гомдол гаргах эрхтэй болчихсон байна. Жишээлбэл, бид иргэний хэрэг дээр иргэний гэрээтэй холбогдуулаад нэг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэхэд дахиад тэр гэрээтэй холбоотойгоор бусад асуудлуудаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байдагтай адилхан юм гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Хамгийн гол маргаан бүхий асуудал болох 17.2.5 дээр энэ материалыг ирүүлэх ёстой байсан юм уу, ёсгүй байсан юм уу? Нотлох баримт шинжлэн судлах хэсэг дээр тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.9-ийн е-г харлаа. Тухайн 9-ийн е дээр тендерт оролцогч нь тухайн тендерийн шаардаж байгаа бүхий л материалуудыг ирүүлэх ёстой гэдэг агуулгаар бичигдсэн байгаа. Тиймээс 17.2.5 дээр заасан материалуудыг тендерт оролцогч буюу Б ХХК болон Б ХХК хоёр хоёулаа ирүүлэх ёстой байсан юм байна гэдэг агуулга яриад байгаа юм. Ахиад нэг зүйлийг залруулж хэлэх нь зүйтэй байх. Тэр нь жишээлбэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг ойлгох юм бол энэ юу гэсэн үг юм бэ гэвэл тухайн түншлэлээр тендерт оролцож байгаа компаниуд нь банканд зээл, төлбөртэй, сүүлийн 3 жил алдагдалтай ажиллачихсан ч гэсэн тухайн хөрвөх чадвартай хөрөнгөөрөө нөгөө хоёрыгоо үгүйсгээд байж болохгүй юм. Энэ гурвууланг нь хангах ёстой гэдгийг захиалагч өөрөө тухайн тендерийн өгөгдлийн хүснэгтэд оруулаад ирчихсэн асуудлыг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй болов уу. Шүүх зөвхөн бичгийн нотлох баримтыг үндэслэж, тухайн баримтыг үнэлж дүгнэж шийдвэрээ гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орхон аймагт болсон шүүгчийн ярьсан ч юм шиг, яриагүй ч юм шиг, эсвэл Үнэлгээний хороо ярьсан ч юм шиг, яриагүй ч юм шиг хов живийн асуудлаар тайлбар хийгээд байгаа нь нотлох баримтын буюу шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхгүй юм. Хамгийн сүүлд нь аливаа шүүхийн шийдвэр гараад биелэх боломжтой байх ёстой. Жишээлбэл, энэ маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон ч гэсэн Б ХХК-тай гэрээ байгуулах хууль, эрх зүйн хувьд боломжгүй. Яагаад гэвэл гэрээ байгуулах хүчинтэй хугацаа нь дуусчихсан. Үүнээс хойш ахиад 3, 4 удаа тендер зарлаад, одоо хүртэл тендер шалгаруулалт үргэлжлээд явж байгаа процессын асуудал байгааг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 асуудал дээр үндэслээд дахин үнэлэх манай шийдвэр гараад байгаа. Эхнийх нь банкны мэдэгдлийг бид ирүүлэх албагүй байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаад байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйл, нэр томьёоны хэсэг дээр тендерт оролцогч гэж хэн юм бэ гэдгийг тайлбарласан байдаг. Энэ нь дангаараа тендер ирүүлсэн этгээд, эсвэл хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын хувьд хамтран ажиллах гэрээ байгуулаад оролцсон түншлэгч байгууллагыг хэлж байгаа юм. Энэ түншлэл байгууллага нь өөрөө энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхыг үнэлэх гэсэн хэсэг дээр тендерт оролцогч болоод үнэлэгдэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чи ирүүлэх ёстой, би ирүүлэх ёстой гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл тендерт оролцогч гэдэг томьёоллын дагуу нэгдээд нэг тендер ирүүлж байгаа бол захиалагчийн шаардаад байгаа санхүүгийн чадавхыг үнэлэхтэй холбоотой шаардлагыг хангах ёстой гэсэн үг. Бүр нарийвчлах юм бол тендерийн баримт бичгийн ТШЗ 17.2.5 дахь шаардлага манайд хамаагүй байсан гээд байгаа. Үүн дээр түншлэлд хамаатай юу, хамаагүй юу гэж огт захиалагч нарийвчлаагүй. Гэтэл энэ тендерийн баримт бичгийн ТШЗ 17.9 дээр бүүр ойлгомжтой бичсэн байгаа. Түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. ТШЗ 17.9-ийн е дээр түншлэлийн гишүүн бүр энэхүү тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж тендерийн хамт ирүүлнэ. Энэ бол маш ойлгомжтой тайлбарласан. Захиалагч өөрөө шаардсан. Үүний дагуу тендерт оролцогч түншлэл болоод орж байгаа бол түншлэлийн гишүүд бүгдээрээ тус бүрдээ материалаа гаргаж өгөөд, тендерээ ирүүлэх ёстой байсан юм байна. Энэ асуудал нь бид нар гаргаж тавиад байгаа асуудал биш юм. Гомдол гаргасан компанийн үндэслэлийн хүрээнд хянаад энэ асуудал нь илэрч байна. Энэ асуудал албан бичигт тусгагдсан байна. Дээрээс нь нягтлах гэж ийм шийдвэр гаргалаа, энэ нягтлах гэдэг нь бөөрөнхий байсан гэдэг асуудал ярьж байгаа юм. Яагаад манайх нягтлах гэдэг шийдвэрийг гаргах болсон бэ гэвэл захиалагчийн тавьсан шалгуур мэргэжлийн түвшинд тавьсан шалгуур юм. Мэргэшсэн барилгын инженер хүмүүст л энэ шалгуур үзүүлэлтийг тооцоолж гаргаж ирэх боломжтой. Яагаад гэвэл сүүлийн 4 жил буюу 2018, 2019, 2021 онуудад тендерт санал болгож буй инженерийн шугам сүлжээний гол магистраль шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын тусгай зөвшөөрлийн хүрээнд, түүнээс биш гэрээний үнийн дүнгээс гарах, тооцоолол хийх ямар ч боломжгүй. Бид нар дээр ирсэн тендерийн материалд гэрээний үнийн дүнгүүд, хэн хаана ямар ажил хийсэн бэ гэдэг мэдээлэл илэрхий ирсний хувьд ирсэн. Гэтэл энэ шаардаад байгаа тусгай зөвшөөрлийн хүрээнд энэ гэрээний хэдэн хувь нь, аль ажил нь хийгдсэн юм бэ? Бидний хувьд энэ үнийн дүнг гаргах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бид нар барилгын инженер биш. Ажлын байрны тодорхойлолтоороо ч бид нар барилгын инженер байх албагүй юм. Тийм болохоор үүнийг бид нэг талд нь энэ зөв байсан юм байна, эсвэл буруу юм байна гэж шийдвэрлэх ямар ч боломжгүй. Үндэслэл байхгүй. Хэрвээ тэгж шийдвэрлэх юм бол энэ шийдвэр өөрөө хууль бус болно. Тиймээс хуулиараа ч гэсэн Үнэлгээний хороо, захиалагч өөрөө үнэлгээ хийх эрхтэй, үүрэгтэй учраас энэ асуудлыг нь нягтал, гомдолд дурдаад байна, тиймээс энэ асуудлыг нь нягтлах нь зүйтэй гэж бичсэн байгаа. Хамгийн сүүлд хүчингүй болсон төсвийн аргачлалын дагуу төсвөө тооцсон байна, энэ нь болохгүй байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төсвийнхөө дагуу тооцоогүй байна гэдэг үндэслэлийг гомдолдоо дурдсан. Энэ төсөвчний төсөв нь албан ёсных байсан юм уу, хүчингүй болсон тушаалаар бодсон юм уу, бодоогүй юм уу гэдгийг бид хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Яагаад гэвэл бид нар өөрөө эрх бүхий мэргэшсэн төсөвчний эрхтэй хүн байхгүй. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтоороо ч эрх бүхий төсөвчин байхыг биднээс шаарддаггүй. Үүнийг хэн хийх үүрэгтэй вэ гэхээр эрх бүхий төсөвчин төсвөө төсвийн дагуу хийсэн юм уу, одоо мөрдөгдөөд байгаа хүчин төгөлдөр тооцооллын дагуу хийсэн юм уу гэдгийг Үнэлгээний хороонд байгаа эрх бүхий төсөвчид нягтална уу гэхээс биш хуулийн мэргэжилтэн ч үүнийг хараад хэлэх ямар ч боломжгүй. Тиймээс үүнийг буруу, зөв гэж шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ гомдолд дурдсан байгаа учраас үүнийг нь нягтал, үнэхээр хүчингүй болсон тушаалын дагуу тооцсон аргачлалаар хийгээд байгаа юм биш биз дээ? Тийм байвал үнэлгээгээ дахин хийгээд, шийдвэрээ гаргах үүрэгтэй. Яагаад гэвэл тухайн Үнэлгээний хороо Монгол Улсын хуулийн дагуу хуулийг сахин мөрдөх үүрэгтэй. Ийм учраас нягтлах гэдэг агуулгаар шийдвэрлэгдээд явсан. Тиймээс захиргааны хууль бус актын шинжийг агуулаагүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:
1.1. Маргаж буй Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн тоот Гомдол хянасан тухай албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын зарласан ЭҮТӨҮГ/ дугаартай Үйлдвэрлэл технологийн паркын усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон Б ******* ХХК болон Ц******* ХХК-аас гаргасан гомдлыг хянаж, ******* констракшн ХХК, Б ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосон 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ТБ-******* дугаар шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн захиалагчид мэдэгджээ.[10]
1.2. Тодруулбал, эрх бүхий этгээд гомдлыг хянахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мөн хуулийн 55.3.3 дахь заалтад заасныг тус тус хууль зүйн үндэслэл болгожээ.
1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж, мөн зүйлийн 55.2 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж тус тус зохицуулсан.
1.4. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: гээд, мөн зүйлийн 55.3.1 дэх заалтад энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;, 55.3.3 дахь заалтад зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж тус тус заажээ.
1.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, тендерт оролцогчоос захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг С хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд захиалагчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах эрх хэмжээтэй байна.
1.6. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас судлан үзэхэд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үнэлгээний хорооны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтийн а-д тендерт оролцогч Б ******* ХХК болон Ц******* ХХК-ийн түншлэлд тендерт шалгараагүй гэж дүгнэснийг[11] Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-******* дугаар албан бичгээр мэдэгдсэн[12] байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг С хянаж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн нь хуульд нийцсэн байна.
1.7. Улмаар Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн тоот Гомдол хянасан тухай албан бичгийг захиалагчид хүргүүлсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үнэлгээний хороо дахин хуралдаж 05 дугаар хурлын тэмдэглэлээр Б ХХК болон Б ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, Б ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснээр[13] Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн дугаар шийдвэрийн биелэлт хангагдсан гэж үзнэ.
1.8. Мөн захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны ГЁ/134-12/5869 дүгээр албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй талаар Б ХХК-д мэдэгдсэн[14] үйл баримтын хувьд Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн тоот Гомдол хянасан тухай албан бичгийн үндэслэлийг дүгнэх боломжгүй бөгөөд ...энэ захиргааны актын улмаас захиалагч гэрээ байгуулахаас татгалзсан гэх нэхэмжлэгч талын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
1.9. Түүнчлэн Б ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны ГЁ/134-12/5869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг Сны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/8963 дугаар албан бичгээр ...захиалагчийн шийдвэртэй холбогдуулан тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг урьд хянасан..., тендер хүчинтэй байх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон байна...дээрх шийдвэрийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан үзэх боломжгүй гэх агуулга бүхий хариуг хүргүүлсэн[15] байх бөгөөд захиалагчийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр болон түүнийг хянасан Сны шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй болохыг тэмдэглэж байна.
1.10. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон Сны дээр дурдсан албан бичгүүдээс ЭҮТӨҮГ/ дугаартай Үйлдвэрлэл технологийн паркын усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн дугаар шийдвэр нь тендер хүчинтэй хугацаанд хамаарч гарсан боловч тендерийн хүчинтэй хугацаа нэгэнт дуусгавар болсон энэ тохиолдолд маргаж буй шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт үүсэхээргүй байна.
1.11. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн дугаар шийдвэр нэгэнт хэрэгжиж дууссан тул гэрээ байгуулахаас татгалзсан захиалагчийн шийдвэр болон цаашид тухайн тендерт холбогдон гарах шийдвэрийн үндэслэлд хамаатуулах үндэслэлгүй бөгөөд тендерийн хүчинтэй хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэгэнт дуусгавар болсон буюу дахин зарласан сонгон шалгаруулалт одоогоор үргэлжилж байгаа тохиолдолд гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянасан Сны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүйн дээр хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй байна.
1.12. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: гэж, мөн зүйлийн 106.3.1 дэх заалтад захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасан бөгөөд хэрэгжиж дууссан буюу үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох тухай эрх зүйн ойлголт байхгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
1.13. Тиймээс тендерийн хүчинтэй хугацаанд гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянасан Сны шийдвэрийн үйлчлэл нь тухайн тендерийн хүчинтэй хугацаанд хамаарах бөгөөд тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул ...захиргааны актыг хүчингүй болгосноор Б ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон захиргааны актын үйлчлэл сэргэнэ... гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
1.14. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын зүгээс маргаж буй Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн дугаар шийдвэрийн 4, 5, 6 дахь заалттай холбогдуулан маргасан.
1.15. Маргаж буй шийдвэрийн 5, 6 дахь заалтын агуулгаас үзэхэд гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Снаас захиалагчид хандан нэхэмжлэгч компанийн түншлэлээс ирүүлсэн ижил төстэй ажлын туршлагын нийлбэр нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д заасантай нийцэж байгаа эсэхийг, мөн нэхэмжлэгч компанийн түншлэлээс тендертээ хавсарган ирүүлсэн ажлын төсвийг зохиохдоо Барилга, хот байгуулалтын сайдаас баталсан боловч хүчингүй болсон тушаалд үндэслэн тооцсон гэх гомдлыг нягтлан үзэхийг зөвлөсөн шинжтэй байгааг хууль зүйн хувьд буруутгах боломжгүй.
1.16. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэгт заасан чиг үүргээ холбогдох эрх бүхий байгууллага болох С хэрэгжүүлэхдээ тендерт оролцогчдоос гаргасан гомдлын үндэслэл бүрт хариу өгөхөөс гадна захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаанд анхаарах асуудлыг тайлбарлах, зөвлөх нь уг чиг үүрэгт хамаарна гэж үзнэ.
1.17. Маргаж буй шийдвэрийн 4 дэх заалтын тухайд, Снаас ... зөвхөн Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 47/1144 дугаартай хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-т Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. Дээрх тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байна гэсэн шаардлагыг хангаагүй байна гэсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-ын агуулга, зорилгод нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт болсон гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.
1.18. Иймд дээрх үндэслэлүүдээр ******* констракшн ХХК, Б ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Шүүх хуралдааны явцад шийдвэрлэсэн хүсэлтийн тухайд:
2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд Б ******* ХХК-аас уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт[16] гаргасныг хэлэлцээд дараах үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.гэж заасан.
2.3. Нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан Сны Тгын 2022 оны 12-р сарын 14-ны өдрийн тоот Гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын улмаас Б ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд талуудын хэлсэн тайлбар зэргээс тогтоогдсонгүй.
2.4. Тодруулбал, хэрэгт авагдсан Сны Тгын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/8963 тоот Хариу хүргүүлэх тухай албан тоотод[17] нэхэмжлэгчийн маргаж буй тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсныг мэдэгдсэн, мөн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 119/ШШ2023/0009 дугаартай захирамжаар тус шүүхэд Б ******* ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэгт нэхэмжлэгч Б ******* ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа энэ тохиолдолд уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын улмаас Б ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.5. Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхгүй байх тул шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэг, 55.3.1, 55.3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК болон Б ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ