| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04422/И |
| Дугаар | 182/ШШ2024/01216 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/01216
| 2024 03 18 | 182/ШШ2024/01216 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б хаягт байрлах, ******* ******* ******* констракшн ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч байрлах, ******* банк ХК /РД:*******/-д холбогдох,
2021.11.23-ны өдрийн 346900337363 тоот Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Засгийн газрын тогтоолын дагуу аж ахуйн нэгж байгууллагад арилжааны банкаар дамжуулан олгосон хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, 2021.11.23-нд 346900337363 тоот Зээлийн гэрээ-г ******* банк ХК-тай байгуулсан. Тухайн үед цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал байсан ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эрмэлзэн ажиллаж байсан боловч банкны зүгээс бидэнд мэдэгдэлгүйгээр зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, үндэслэлгүйгээр хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
Бид гэрээний чөлөөт байдлын зарчимд суурилж нэгэнт байгуулсан гэрээ учраас гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх, өөрчлөх, өөрчилсөнтэй холбоотойгоор нэмэлт гэрээ, эсхүл гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй тухай мэдэгдсээр байхад талуудын харилцан тохиролцоогүй зээлийн хүүгээр зээлийн хүүг тооцож нэхэмжилснийг хууль зөрчсөн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний гол нөхцөлийн хуульд заасан үндэслэл журмын дагуу чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд хариуцагч нь нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр зээлийн гэрээнд дур мэдэн өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, манай байгууллагын эрхэд халдаж гэрээгээр тохиролцоогүй зээлийн хүүг удаа дараа шаардаж байна.
Хуульд зааснаар гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний гол нөхцөлийн өөрчлөх эрх нь зөвхөн гэрээний талуудад байх ба талууд гэрээний нөхцөлийг өөрчлөхийг зөвшөөрөөгүй тохиолдолд аль нэг тал гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах тухай арга хэмжээ авахаар заасан. Хариуцагч банк зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлсэнийг хууль бус болохыг тогтоолгох нь зээлийн гэрээний дагуу тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймд хариуцагч нь нэг талын санаачилгаар зээлийн гэрээний хүүг нэмэгдүүлэн нэмэлт өөрчлөлт оруулсан нь хууль бус болохыг тогтоолгож, зээлийн гэрээний 2.1.4-т заасны дагуу зээлийн хүүг жилийн 3 хувиар тооцохыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан, үүнийг дэмжиж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь Монголбанкнаас шалгаж байх үеийн мэдэгдэл байхгүй, хүүг нэмэгдүүлсний дараа мөнгө төл гэх байдлаар бидэнд хандаж байсан. Улсын байцаагчийн мэдэгдлийг бидэнд өгөхгүйгээр хүүгээ төл гэж шаардсан нь үндэслэлгүй юм. Хүү нэмэгдүүлсэн үндэслэл нь улсын байцаагчийн мэдэгдэл гэж тайлбарладаг. Хүүг нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулсан нь хууль бус болсон. Бид 2023.03.31-нд улсын байцаагчийн мэдэгдэл гарсныг мэдсэн байдаг. Энэ зээлийн гол тусгай нөхцөл нь хүү бага, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх юм. Энэ нь бараа материалыг авна, энэ банк руу, тэр компани руу мөнгө шилжүүлнэ гэх мэт зүйлийг заавал мэдэгдэх шаардлагагүй. Гэрээний чөлөөт зарчмын үндсэн дээр зээлийн зарцуулалтыг зээлдэгч ******* банканд тайлагнах шаардлагагүй юм. Бид улсын байцаагчийн мэдэгдэлд гомдол гаргаагүй. Нэг талын санаачилгаар зээлийн гэрээнд өөрчлөлт орсон нь үндэслэлгүй үзэж зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байгаа. Улсын байцаагчийн мэдэгдэл гарсан ч гэрээний талууд гэрээнд өөрчлөлт оруулахдаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой, ингээгүйгээс бидний эрх ашиг зөрчигдөөд байгаа юм гэв.
2.Хариуцагч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк нь ******* ******* ******* констракшн ХХК, *******, нартай 2021.11.23-ны өдөр 346900337363 тоот Зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй, жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хүүгийн хэмжээ бага байгаа нь ажлын байрыг дэмжих, цахилгаан, хий, уур, агааржуулалтын эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготой байсан.
Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд 189.1.-д заасны дагуу гэрээний нөхцөлийг чөлөөтэй байгуулах эрхтэй. Зээлийн гэрээг харилцан тохиролцож, зөвшөөрч байгуулсан. Зээлийн гэрээний 2.1.4-т жилийн 3 хувийн, сарын 0,25 хувийн хүүтэй байхаар, гэрээний 2.1.6.1-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол, 2.1.6.2-т зааснаар зээлдэгч зээлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад дамжуулан зээлдүүлсэн бол гэрээний 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид зээл олгогдох үеийн үйлчилгээний хүү, шимтгэл ерөнхий нөхцөлийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар тооцохоор тохиролцож гэрээндээ зааж гарын үсэг зурсан байдаг.
******* ******* ******* констракшн ХХК нь зээлийн гэрээний дээрх нөхцөлүүдийг үүсгэсэн буюу 90 ба түүнээс дээш хоногоор зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн. Энэ нь хэрэгт байгаа зээл, хүүгийн тооцооллоос харагдана. Зээлийг зориулалтын бусаар ашигласан гэсэн нь Монголбанкнаас ******* банканд хийсэн шалгалтаар илэрсэн 2023.02.20-ны өдрийн Улсын байцаагчийн мэдэгдлээр тогтоогдсон.
Иймд банк гэрээний дагуу ******* ******* ******* констракшн ХХК-ийн зээлийн хүүг Үйлчилгээний хүү, шимтгэл, ерөнхий нөхцөл-ийн эргэлтийн хөрөнгийн хүүгийн дагуу жилийн 20,4 хувь, сарын 1,7 хувь болгож шилжүүлсэн. Үүнийгээ зээл олгосон үеэс эхлэн тооцож шилжүүлсэн. Гэрээнд ингэж заасан. Зээлдэгчээс нийт төлсөн төлбөрийг хасаж тооцсон. Нэхэмжлэгч нь банкыг шалтгаангүйгээр хүүг нэмсэн гэж гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж байгаа нь үндэслэлгүй, банк гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, тохиролцсоны дагуу хүү тооцож, хүү тооцооллын хүснэгтийг гаргаж байсан. Гэрээний нөхцөл биелэгдээгүй, гэрээнд заасан тохиолдол бий болсон учраас хүү өөрчлөгдсөн.
Монголбанкны хянан шалгагч тус банк дахь зээлдэгч нарын зээлийг түүвэрлэж, ******* ******* ******* констракшн ХХК-ийн зээлийн хувийн хэргийг шаардсанаар зээлийн эдийн засагч нь нэхэмжлэгчид танай зээлийг шалгаж байна гэж захирал эд 2023.02.20-ноос 2023.02.23-ны хооронд мэдэгдсэн, С.Батхүү захирал руу утсаар олон удаа ярьж мэдэгдсэн. Үүний дагуу нэхэмжлэгчээс баримтаа өгөөч гэж шаардахад шаардлага хангахгүй 2 баримт ирүүлсэн, түүнийгээ шаардлага хангах байдлаар олж өгнө үү гэж олон удаа хэлсэн. Мөн ажил дээрээ дуудаж уулзаж байсан. Ингэхэд өөрсдөө өгөөгүй, арга хэмжээ аваагүй. Мэдэгдлийг бичгээр 2023.03.31-ний өдөр мэдэгдсэн. Бид нар мөн очиж, уулзсан. Мэдэгдэл явуулахаас өмнө ч олон удаа уулзсан. Баримтыг нь олуулах гэж зөндөө шаардаж, үзсэн. 2023.02.10-ны өдөр шалгалтын комисст гээд өөрсдөө хуулбараар албан бичиг ирүүлж байсныг хэрэгт өгсөн. ******* захиралтай уулзсан хурлын протокол хийсэн байгаа, түүнд тодорхой байгаа шүү дээ.
Анх зээлийн гэрээ байгуулахад гэрээний 2.1.6-д 300 000 000 төгрөгийн зээл нь ажлын байр дэмжих зорилготой хатуу нөхцөлтэй, зээл зориулалтын дагуу бус байх, хугацаа хэтрүүлэх ямар нэгэн үндэслэл байхгүй шүү гэдгийг харилцагчид амаар тайлбарлаж, гэрээг уншуулж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулж, зээл авсан. Зээлийг 90 хоногоор хугацаа хэтрүүлсэн, зориулалт бусаар ашигласан тохиолдолд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү рүү шилжинэ гэдгийг маш сайн танилцуулж гарын үсэг зуруулсан.
Уулзалт дээр Монголбанкны хяналт, шалгалт орсны дараа зээл зориулалтын дагуу ашигласан гэдгээ баталж чадаагүй, гаалийн бичгээ өгөөгүй, Хятад улсын компани руу мөнгөн гуйвуулга хийсэн гэрээг өгөөгүй. Танайх Хятад улс руу шилжүүлсэн 618 200 юанийн бараа материал худалдан авсан гэрээгээ өг гэхэд мөнгө шилжүүлсэн гуйвуулгын баримтад бичсэн Yiwu Qutian trading гэх компаниас өөр Өвөр монголын И гэдэг компанитай хийсэн гэх худалдах, худалдан авах гэрээ хуулбараар өгсөн байсан. Энэ нь хяналт, шалгалтын явцад илэрсэн. Мөн гэх данс руу 618 200 юанийг шилжүүлсэн байдаг мөртлөө данстай өөр гэрээ буюу Өвөр монголын И компанийн гэрээ авчирч өгсөн. Дансны дугаар, компанийн нэр зөрсөн. Мөн их хэмжээний бараа материал авсан бол гаалийн мэдүүлэг байх ёстой байсан, гэтэл энэ нь байхгүй байсан.
Зээлийн мөнгийг бэлнээр авч болохгүй гэж анхааруулсан байхад өөр тооцооны төв дээр очиж 20 000 000 төгрөг бэлнээр авсан, үүнийг зарцуулсан баримтаа өг гэхэд хуулбараар монголиа ХХК-ийн нэхэмжлэх авчирч өгсөн. Тухайн компанийхаа дансны хуулгыг авчирч өг гэхэд мөн л өгөөгүй. Дансны хуулга нь байгаад, тухайн компани нь агааржуулалт, хийн хоолой нийлүүлдэг компани мөн байсан бол өөр хэрэг шүү дээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон буюу зээлийг зориулалтын дагуу ашигласан, хугацаанд нь зээлийн эргэн төлөлтийг төлж байсантай холбоотой баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй. Улсын байцаагчийн мэдэгдэл дээр маргаагүй гэдгийг тайлбараараа хэлж байна. Шаардлага гаргах эрх нь байсан боловч хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. Анх зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Талуудын харилцан тохиролцсоны дагуу зээлийн графикийг гаргаж, зээлийг төлүүлж байсан. Зээлийн гэрээний 2.1.6-д заасан нөхцөл байдал бий болсон учраас зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, биелүүлээгүй гэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 2021.11.23-ны өдрийн талуудын хооронд байгуулсан 346900337363 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, /хх-ийн 4-5, 7-10, 12/ зэргийг,
4. Хариуцагч ******* банк ХК-иас нотлох баримтаар, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, тус банкнаас нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн 2023.04.25, 2023.05.09, 2023.06.15-ны өдрүүдийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-лүүд, уг мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлсэн тухай Монголшуудан ХК-ийн баримтууд, 2021.11.23-ны өдрийн 346900337363 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, ******* банк ХК-ийн Иргэдийн зээлийн судалгааны хэлтсээс galbayar.b@statedank.mn хаягаас naranchimeg.sa @statedank.mn хаягт явуулсан 2023.03.14-ний өдрийн цахим захидал, хүү тооцооллын хүснэгт, 450034346900337363 тоот зээлийн дансны хуулга, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, банкууд, Зээлийн батлан даалтын сан, Монголбанкны хамтарсан 2021.03.05-ны өдрийн 7/201305/09-144, 0521/87, 01/73 тоот Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2021.03.19-ний өдрийн А-85/76, 38, А/32 тоот Журам батлах тухай тушаал, Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам, зээлийн хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 18-19, 28-29, 31-44, 46, 56-65, 77-91/, ******* банк ХК-иас ******* ******* ******* констракшн ХХК-д явуулсан 2023.03.31-ний өдрийн 25-10 23/ 75 тоот албан бичиг /хх-ийн 111/, ******* ******* ******* констракшн ХХК-иас ******* банк ХК-д явуулсан 2023.02.10-ны өдрийн 23/003, 2023.03.30-ны өдрийн 23/005 тоот албан бичгүүд, гадаад хэл дээрх 2021.09.11-ний өдрийн МН20210909 тоот, 2021.10.25-ны өдрийн МН20211020 тоот Худалдан авах гэрээ, түүний орчуулгууд, 11-075 тоот 20 000 000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэх /хх-ийн 112-117/, ******* банкны 2021.12.02-ны өдрийн 618 200 юанийн дүн бүхий гадаад гуйвуулгын даалгавар, мемориалын баримтууд, харилцах дансны харилцагчийн хуулга, уулзалтын тэмдэглэл, Монголбанкны хянан шалгагчийн Зээл шалгах хүснэгт, ******* банк ХХК-ийн захирлын 2021.01.08-ны өдрийн А/06 тоот тушаалаар баталсан ******* банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл /хх-ийн 118-120, 124,126-128, 141-148/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2024.01.15-ны өдрийн 1185, 2024.01.31-ний өдрийн 2257 дугаар захирамжуудын дагуу Монголбанкнаас ирүүлсэн тус банкны 2024.02.16-ны өдрийн Б-10/106 тоот албан бичиг, Улсын байцаагчийн Хуулийн шаардлага хангуулах тухай 2023.02.20-ны өдрийн 2023/12039/002 дугаартай мэдэгдэл, 2024.03.06-ны өдрийн Б-10/153 тоот албан бичиг /хх-ийн 99-101,141/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлж, гэрч *******ын мэдүүлэг хэрэгт авагджээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК нь хариуцагч ******* банк ХК-д холбогдуулан 2021.11.23-ны өдрийн 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зээлийн гэрээний хүүг үндэслэлгүйгээр нэмж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль бус тус гэрээний 2.1.4-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодруулан нэхэмжилсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийг хариуцагч ******* банк ХК нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс, нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ, гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх, өөрчлөх, өөрчилсөнтэй холбоотойгоор нэмэлт гэрээ, эсхүл гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй тухай мэдэгдсээр байхад нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр зээлийн гэрээнд дур мэдэн өөрчлөлт оруулж, манай байгууллагын эрхэд халдаж гэрээгээр тохиролцоогүй зээлийн хүүг удаа дараа шаардаж мэдэгдэл өгч байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ, зээлийн гэрээний 2.1.4-т жилийн 3 хувийн, сарын 0,25 хувийн зээлийн хүүтэй байхаар заасан бөгөөд гэрээний 2.1.6.1-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол, 2.1.6.2-т зааснаар зээлдэгч зээлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад дамжуулан зээлдүүлсэн бол гэрээний 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, цаашид зээл олгогдох үеийн Үйлчилгээний хүү, шимтгэл ерөнхий нөхцөл-ийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийн хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувьд шилжүүлэн тооцохоор тохиролцож гэрээнд заасан, дээрх зээлийн хүүг өөрчлөн тооцох үндэслэлүүд бий болсон нь зээл, хүүгийн тооцоолол, Монголбанкнаас шалгалт хийж, 2023.02.20-ны өдрийн Улсын байцаагчийн мэдэгдэл гарснаар тогтоогдсон, зээлдүүлэгч гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй, гэрээнд заасан заалтыг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрыг дэмжих зорилгоор Ажлын байр дэмжих зээл-ийг банкуудын эх үүсвэрт тулгуурлан, аж ахуйн нэгжид Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцаанд талуудын эрх, үүргийг тодорхойлж, Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, банкууд, Зээлийн батлан даалтын сан, Монголбанкны хамтарсан 7/201305/09-144, 0521/87, 01/73 тоот Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ-г 2021.03.05-ны өдөр байгуулсан байна.
Дээрх гэрээний үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах зорилго бүхий Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2021.03.19-ний өдрийн А-85/76, 38, А/32 тоот Журам батлах тухай тушаалаар Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам -ыг баталжээ.
3.2.Эдгээр баримт бичгийн хүрээнд нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК болон иргэн *******, нар нь ажлын байр дэмжих зорилгоор, цахилгаан, хий, уур, агааржуулалтын эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар хариуцагч ******* банк ХХК-иас 300 000 000 төгрөгийн зээл авч, талууд харилцан тохиролцон 2021.11.23-нд 346900337363 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан байна.
Уг зээлийн гэрээний 2.1.4-т Зээлийн хүү: Зээлдэгч төлөх хүү сарын 0,25 хувь, жилийн 3 хувь байна гэж, 2.1.7-д Нэмэгдүүлсэн хүү: энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэн тооцон эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно... гэж, 2.1.8-д Зээлийн хугацаа: 36 сар. Зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов гэж зээл, зээлийн хүүний хэмжээ, төлөх хугацаа, хариуцлагын талаар талууд тохиролцож заажээ.
3.3. Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204098717 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 601 дүгээр байр, 73 тоот 49,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204118000 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 607 дугаар байр, 76 тоот 96,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцаалж 2021.11.23-ны өдөр MN450034346900337363 тоот Барьцааны гэрээ-г талууд байгуулсан байна.
Эдгээр үйл баримтууд нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, зохигчдын тайлбараар нотлогдсон.
3.4.Талуудын хооронд байгуулсан 2021.11.23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т заасан шаардлагыг болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1., 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
3.5. Зээлдэгч нь 2022.06.30-наас 2023.03.14-ний хооронд зээлд 65 303 387 төгрөг, зээлийн хүүд 10 627 237 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 57 686 төгрөг, нийт зээлийн төлбөрт 75 988 310 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга зэргээр нотлогдсон бөгөөд зээлдэгчийн зээлийн хүүг жилийн 3 хувь болон 20,4 хувиар тус тус тооцсон зээлдэгчээс төлсөн зээлийн төлбөрийн хэмжээний талаар талууд маргаагүй байна.
4.Талуудын хооронд байгуулсан 2021.11.23-ны өдрийн 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.5-д Зээлийн хүүгийн дэмжлэг: Засгийн газрын 2021.02.17-ны өдрийн 42 дугаар тогтоолын дагуу зээлдэгчийн зээлд жилийн 6 хувийн хүүгийн дэмжлэгийг Засгийн газраас хариуцаж төлнө, 2.1.6-д Энэхүү гэрээний 2.1.4-т заасан зээлийн хүүг банкны эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн түвшинд шилжүүлэх нөхцөл: 2.1.6.1. Зээлдэгч зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн бол ...2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж цаашид зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн эргэн төлөлтийн зориулалттай зээлийн дээд хүү болох ...жилийн 20,4 хувиар тооцно. 2.1.6.2. Зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан, бусдад дамжуулан зээлдүүлсэн тохиолдолд ... 2.1.5-д заасан зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж цаашид зээл олгогдох үеийн ҮХШЕН-ийн эргэлтийн хөрөнгийн зээлийн дээд хүү болох сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар тооцох ба зээл олгосон өдрөөс эхлэн тухайн хүүгээр зээлийн хүүг нөхөн хуримтлуулж төлүүлнэ, 2.1.7-д ...Энэхүү гэрээний 2.1.6-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү нь энэхүү гэрээний 2.1.6-д заасан зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тус тус заасан байна.
Үүнээс үзэхэд, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн дагуу зохигчид зээлийн гэрээний 2.1.6.1, 2.1.6.2-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд буюу зээлдэгчийн гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл үүссэн нөхцөлд зээлийн үнэ болох сарын 0,25 хувийн, жилийн 3 хувийн хүүг өөрчилж, тухайн зээл олгогдох үеийн банканд хэрэгжиж байсан ******* банк ХХК-ийн захирлын 2021.01.08-ны өдрийн А/06 тоот тушаалаар баталсан Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-ийн 7.2.2-т заасан эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн дээд хэмжээгээр буюу сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувиар нэмэгдүүлж тооцох, ингэхдээ зээл олгосон өдрөөс эхлэн хүүг хуримтлуулж тооцохоор тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь бизнесийн зээлийн бүтээгдэхүүний нэг төрөл болох эргэлтийн хөрөнгийн зориулалттай дээрх зээлийг ашиглахдаа гэрээний үүргээ зөрчиж зээл болон зээлийн хүүг 90 хоногоос дээш хугацаанд төлөөгүй, зээлийг зориулалт бусаар ашигласан, бусдад дамжуулан зээлдүүлсэн тохиолдолд Засгийн газрын 2021.02.17-ны өдрийн 42 дугаар тогтоолын дагуу Засгийн газраас хариуцаж төлөх жилийн 6 хувийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, зээлийн хүүг банкны эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн түвшинд шилжүүлэн нэмж тооцохоор талууд гэрээний 2.1.6-д 2 үндэслэлээр заан тодорхойлжээ.
5. 2021.03.05-ны өдрийн Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээ-ний 2.1-д Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилт дараахь ерөнхий нөхцөлтэй байна...2.1.8. Зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах нөхцөл, хариуцлага: Зээлдэгч зээлийн төлбөр /зээлийн үндсэн төлбөр эсвэл хүүгийн төлбөр/-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэх гэж, 7.7-д Монголбанк дараахь эрхтэй:...7.7.2. Сангийн яамтай хамтран болон дангаар хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгахыг шаардах... гэж, 7.8-д Монголбанк дараахь үүрэгтэй:...7.8.2. Гэрээний 2.1.8-д заасан нөхцөл үүссэн бол тухайн зээлдэгчид хамаарах зээлийн хүүгийн дэмжлэгийг шилжүүлэхийг зогсоох... гэж,
Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам -ын 7.3-т Монголбанк нь банк энэ журмын 2.1-д заасан нөхцөлөөр, 3.1-д заасан шаардлагыг хангасан зээлдэгчид зээлийг олгосон эсэх, зээл олгосноос хойш зээлийн ашиглалт, зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, зээлдэгчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд тогтмол хяналт тавьж байгаа эсэхэд банкнаас ирүүлсэн тайлангийн хүрээнд зайнаас хяналт тавьж, газар дээр нь шалгана, 7.4-т Монголбанк нь шаардлагатай тохиолдолд зээлдэгчтэй холбоотой нэмэлт баримт материал, тайлан мэдээг ирүүлэхийг банкнаас шаардана гэж тус тус заасан байна.
Үүний дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК-ийн ******* банк ХХК-иас зээлсэн 300 000 000 төгрөгийн зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, хүүгийн тооцооллыг Монголбанкнаас 2023.02.047-ноос 2023.02.13-ны өдрийн хооронд хянан шалгаж, Монголбанкны хянан шалгагчийн буюу Улсын байцаагчийн Хуулийн шаардлага хангуулах тухай 2023/12039/002 дугаартай мэдэгдлийг 2023.02.20-ны өдөр үйлдсэн байна.
6.Дээрх Улсын байцаагчийн мэдэгдэлд зээлдэгч ******* ******* ******* констракшн ХХК-ийг Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-нд тусгагдсан Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээний 2.1.8, Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжитэд хяналт тавих журам-ын 7.2.2-т тус тус заасан шаардлагыг хангаагүй, зээлийг зориулалт бусаар зарцуулсан гэж дүгнэн уг зээлийг хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлэхийг ******* банк ХК-д даалгаж шийдвэрлэжээ.
7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК болон иргэн *******, нар нь ажлын байрыг дэмжих зорилгоор цахилгаан, хий, уур, агааржуулалтын эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан 300 000 000 төгрөгийн зээлийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан ******* банкны 2021.12.02-ны өдрийн 618 200 юанийн дүн бүхий гадаад гуйвуулгын даалгавар, мемориалын баримтууд, зээлийн болон харилцах дансны харилцагчийн хуулгууд зэргээр ******* ******* ******* констракшн ХХК-ийн 450034346900337363 тоот зээлийн данснаас 2021.11.30-нд 140034346900337242 тоот харилцах дансанд 300 000 000 төгрөгийг шилжүүлсний дараа 2021.12.02-ны өдөр Хятад улсын Yiwu Qutian trading компанийн тоот дансанд 618 200 юань буюу 276 953 600 төгрөг шилжүүлсэн, 2021.12.01-ний өдөр 20 000 000 төгрөгийг 140034346900337242 тоот харилцах данснаас ******* бэлнээр авсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
Тодруулбал, нэхэмжлэгч нь зээлийн хөрөнгийг зээлийн зориулалтын дагуу цахилгаан, хий, уур, агааржуулалттай холбоотой барилга угсралтын үйл ажиллагааг явуулахаар багаж, тоног төхөөрөмж, эд зүйл зэргийг худалдан авсан тухай санхүүгийн баримт, гаалийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтгүй, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээ явуулсан гэж үзэх ямар нэгэн баримтгүй буюу зээлийн 300 000 000 төгрөгийг зарцуулсан талаарх нотлох баримтгүй байна.
Нэхэмжлэгчээс, зээлдүүлэгч ******* банк ХХК-д гаргаж өгсөн гэх 2021.11.22-ны өдрийн 11-075 дугаартай 20 000 000 төгрөгийн дүн бүхий монголиа ХХК-ийн нэхэмжлэх, гадаад хэл дээрх Өвөр монголын Жү И ХХК-тай байгуулсан гэх 2021.09.11-ний өдрийн МН20210909 тоот, 2021.10.25-ны өдрийн МН20211020 тоот Худалдан авах гэрээ, түүний орчуулга зэрэг баримтууд нь хуулбараар авагдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлага хангаагүй байгаа нь зээлдэгч ******* ******* ******* констракшн ХХК-ийг 300 000 000 төгрөгийн зээлээ зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлийг нотлохгүй болно.
Энэ талаар Монголбанкны хянан шалгагчийн үйлдсэн Зээл шалгах хүснэгт-д зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь баримтаар нотлогдоогүй, нотлох баримт байхгүй гэж тэмдэглэсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.6.2-т зааснаар зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан болох нь Монголбанкны хянан шалгагчийн буюу Улсын байцаагчийн 2023/12039/002 дугаартай мэдэгдэл, гэрч *******ын мэдүүлэг, хариуцагч талын тайлбараар нотлогдож, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг бүрдүүлж цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК нь 2021.11.23-нд 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.6.2-т зааснаар зээлдэгч зээлийг зориулалт бусаар ашигласан гэх нөхцөл бий болсон гэж үзэж хариуцагч банкаас зээлийн үнэ болох сарын 0,25 хувийн, жилийн 3 хувийн зээлийн хүүг өөрчилж, тухайн зээл олгогдох үеийн банканд хэрэгжиж байсан Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-ийн 7.2.2-т заасан эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүд шилжүүлэн, сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүгээр тогтоож зээл олгосон өдрөөс эхлэн тооцон мэдэгдлүүд хүргүүлсэн нь Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээний 2.1.8, Ажлын байрыг дэмжих зээлийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих журам-ын 7.2.2-т заасан болон 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний 2.1.6, 2.1.6.2-т заасантай нийцсэн байна.
8.Хариуцагч банкнаас нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн 2023.04.25, 2023.05.09, 2023.06.15-ны өдрүүдийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-үүд, уг мэдэгдлүүдийг зээлдэгчид хүргүүлсэн тухай Монголшуудан ХК-ийн баримтууд, ******* банк ХК-иас ******* ******* ******* констракшн ХХК-д явуулсан 2023.03.31-ний өдрийн 25-10 23/ 75 тоот албан бичиг, 2023.04.13-ны өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч тал Монголбанкнаас зээлийн баримтад хяналт шалгалт хийж байгаа талаар мэдэгдээгүй, Улсын байцаагчийн мэдэгдэл гарсныг 2023.03.31-нд мэдсэн гэж тайлбарлаж байна.
Гэвч Монголбанкнаас явуулсан зээлийн хяналт шалгалтын үед зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь зарцуулсан талаарх баримтуудыг гаргаж өгөхийг зээлдүүлэгч банк, нэхэмжлэгчээс байнга шаардсаны дагуу хуулбараар буюу шаардлага хангаагүй хэлбэрээр гадаад хэл дээрх Өвөр монголын Жү И ХХК-тай байгуулсан гэх 2021.09.11-ний өдрийн МН20210909 тоот, 2021.10.25-ны өдрийн МН20211020 тоот Худалдан авах гэрээ, түүний орчуулга, нэхэмжлэх зэргийг банканд ирүүлж байсан, тус компаниас ******* банк ХХК-д 2023.02.10-ны өдөр 23/003 тоот, 2023.03.30-ны өдөр 23/005 тоот албан бичиг явуулж байсан байдлуудаас үзэхэд өөрийнх нь авсан зээлийн талаар хяналт шалгалт явагдаж байгаа тухай мэдээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар танилцуулж мэдэгдэж байсан тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцааж эсэргүүцээгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Монголбанкны хянан шалгагч, Улсын байцаагчийн Хуулийн шаардлага хангуулах тухай 2023.02.20-ны өдрийн 2023/12039/002 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч түүнд гомдол гаргасан баримтгүй, уг мэдэгдэлд гомдол гаргаагүй талаар тайлбарласан болно.
9.Талуудын хооронд байгуулсан 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний 8.4-т Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Ийнхүү оруулсан нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэсэн байх бөгөөд талууд үүний дагуу гэрээний 2.1.6.1, 2.1.6.2-т заасан зээлийн хүүг банкны эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн түвшинд шилжүүлэх 2 нөхцөлийг гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр оруулж энэ тухай гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч талын нэг талын санаачилгаар үндэслэлгүйгээр зээлийн гэрээнд дур мэдэн өөрчлөлт оруулсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
10.Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК, иргэн *******, хамтран зээлдэгч нар нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид байх бөгөөд хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6., 241.7.-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
11.Хэрэгт авагдсан ******* банк ХК-ийн Иргэдийн зээлийн судалгааны хэлтсээс [email protected] хаягаас naranchimeg.sa @statedank.mn хаягт явуулсан 2023.03.14-ний өдрийн цахим захидал, ******* ******* ******* констракшн ХХК-иас ******* банк ХК-д явуулсан 2023.02.10-ны өдрийн 23/003, 2023.03.30-ны өдрийн 23/005 тоот албан бичгүүд, гадаад хэл дээрх 2021.09.11-ний өдрийн МН20210909 тоот, 2021.10.25-ны өдрийн МН20211020 тоот Худалдан авах гэрээ, түүний орчуулгууд, 11-075 тоот 20 000 000 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэх зэрэг баримтууд хуулийн шаардлага хангаагүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
12.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн зээлдүүлэгч ******* банк ХК нь зээлийн гэрээний 2.1.6, 2.1.6.2-т заасан зээлийн хүүг эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүд шилжүүлэн сарын 1,7 хувь, жилийн 20,4 хувийн хүүгээр тооцсон нь гэрээний 2.1.4-т заасныг зөрчин хууль бусаар нэг талын санаачилгаар зээлийн гэрээнд дур мэдэн өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2., 9.4.3.-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах үндэслэлгүй гэж үзэн ******* ******* ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.,116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийг 9.4.2., 9.4.3.-т заасныг баримтлан хариуцагч ******* банк ХК-д холбогдох, талуудын хооронд байгуулсан 2021.11.23-ны өдрийн 346900337363 тоот Зээлийн гэрээ-ний 2.4.1-д заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай даалгах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА