Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2024/00039/И |
Дугаар | 182/ШШ2024/01055 |
Огноо | 2024-03-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/01055
2024 03 06 | 182/ШШ2024/01055 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, Ж овогт Г-ийн******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б хаягт түр оршин суух С овогт Х-н ******* /РД:*******/-т холбогдох,
Нийт 3 226 354 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэрээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.******* нь Б гараажийн харуулын ажил хийж үйл ажиллагааг хариуцаж байсан. Энэ үед манай ******* хаус ХХК нь орон сууцны конторын үйл ажиллагааг явуулж байсан. Х.******* нь гарааш эзэмшигчдээс ашиглалтын зардал болох халуун хүйтэн ус, дулааны төлбөрийг 1 зогсоолд сард 25 000 төгрөгөөр тооцон цуглуулж аваад ******* хаус ХХК болон ******* хотхон СӨХ-д дамжуулж өгдөг байсан. Х.*******ийн төлөх ёстой төлбөрийн тайланг хэлэлцэж тооцоход 10 993 994 төгрөг дутагдаж, төлбөр гарсан. Үүнээс тухайн үед өөрийнх нь цувуулж төлсөн 3 867 840 төгрөгийг хасаад 7 126 154 төгрөг үлдсэн байсан. Энэ нь 2013 оны 04 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарын хоорондын хугацааны төлбөр юм. Энэ 7 126 154 төгрөгийг Х.******* төлөхгүй, ажлаасаа гараад алга болсон. Иймд би өөрийнхөө цалингаас сард төлсөөр байгаад дуусгасан. Х.*******аас энэ мөнгөө нэхэмжилж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг нь тодорхойгүй болж олдохгүй байсан учир би түүнийг эрэн сурвалжлуулж, одоо байгаа хаяг нь болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрын 00 тоотод оршин суудаг хаяг нь 2021 онд тодорч, цагдаагийн байгууллага олж өгсөн. Энэ тухай баримтуудыг би бүгдийг нь хэрэгт өгсөн. Х.******* надтай 2021.05.13-нд нотариат дээр эвлэрлийн гэрээ байгуулж, 7 126 154 төгрөгийг 2021.07.20-ны дотор төлөхөөр болж гарын үсгээ зурж тохиролцсон. Үүнийхээ дагуу 2021.05.20-ны үед 3 899 800 төгрөгт нь зурагт, угаалгын машин зэрэг цахилгаан барааг шинээр нь худалдаж авч өгсөн. Үлдэх 3 226 354 төгрөгийг өгөхгүй удсан, өгвөл цахилгаан бараа авч өгнө гээд байгаа учраас би шүүхэд хандаж мөнгөө нэхэмжилсэн. Х.*******ийн дутаасан төлбөрийн мөнгийг би төлөхгүй бол тухайн 28-1, 28-2 байрнуудын халаалт, халуун, хүйтэн усыг хааж оршин суугчдад эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байсан учраас өөрийн цалингаасаа төлж дуусгасан юм. Х.******* надтай 2021.05.13-нд Эвлэрлийн гэрээ хийж баталгаажуулсан, тэр гэрээндээ орон сууц ашиглалтын конторт төлөх 7 126 154 төгрөгийг******* өөрөөсөө төлсөн, ******* төлөхгүй алга болсон гээд биччихсэн байгаа, өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан байгаа. Иймд хариуцагч Х.*******аас 3 226 354 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.*******аас шүүхэд гаргасан тайлбартаа: Х.******* миний бие нь Г.Өлзийдэлгэрт нийт 7 126 154 төгрөгийг өгөх нь үнэн болно. Г.Өлзийдэлгэртэй уулзаад бүхэлд нь өгөх мөнгө байхгүй, тохиролцъё гэж гуйсан. Би Г.Өлзийдэлгэрт миний цалингийн картыг аваарай, сар бүр 650 000 төгрөг ордог юм. Хүн чанар гаргаад сар бүр 100 000 төгрөг надад өгч байгаарай гэсэн боловч татгалзсан. Зээл авъя гэхээр хүрэлцэхгүй байгаа учраас би дагавар охин н.Отгонжаргалын нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас чадлынхаа хэрээр зээл аваад өгье гэхэд зөвшөөрсөн юм. Би охиныхоо нэр дээр зээл аваад нийт 3 899 800 төгрөгийг авч өгсөн. Үүнд том зурагт, автомат угаалгын машин зэргийг авч өгсөн. 2 жилийн хугацаанд төлсөн...Үүнийг аваад явахдаа одоо ингээд болсон баярлалаа, баяртай гээд салсан байхад одоо үлдэгдэл гээд нэхэж байна...Тэгээд зээл авч өгье гэсэн боловч зөвшөөрөхгүй байгаа юм. Үүнийг харж үзнэ үү. Хэлсэн үгэндээ байж чадаагүй учраас би дахин зээл авч чадна. Өөр бололцоо байхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Х.******* болон Г.Өлзийдэлгэр нарын хооронд байгуулсан 2021.05.13-ны өдрийн 0966 бүртгэлийн дугаартай Эвлэрлийн гэрээ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2021.02.08-ны өдрийн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.14-ний өдрийн 3399 дугаартай шийдвэр /хх-ийн 3-6/ зэргийг нотлох баримтаар гаргаж, хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр нь хариуцагч Х.*******т холбогдуулан, түүний төлөх төлбөрт төлсөн 3 226 354 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч Х.*******ийн 28-1, 28-2 дугаар байруудын гараажийн харуулаар ажиллаж байх үедээ гарааш эзэмшигч нараас төлсөн ашиглалтын зардлын 10 993 994 төгрөгийг дутаасан бөгөөд түүнээс 3 867 840 төгрөгийг төлж, 7 126 154 төгрөгийг төлөхгүй оршин суугчдын эрх ашгийг хохироох эрсдэлтэй байсан тул өмнөөс нь төлж барагдуулсан, үүнээс цахилгаан бараагаар төлсөн 3 899 800 төгрөгийг хасаж үлдэх 3 226 354 төгрөгийг төлөх үүрэгтэй, төлнө гэдгээ баталгаажуулж 2021.05.13-нд Эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч Х.******* нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Г.Өлзийдэлгэрт нийт 7 126 154 төгрөгийг өгөх нь үнэн, бүхэлд нь өгөх мөнгө байхгүй, би миний цалингийн картыг аваарай, сар бүр 650 000 төгрөг ордог юм. Хүн чанар гаргаад сар бүр 100 000 төгрөг надад өгч байгаарай гэсэн боловч татгалзсан, зээл авч өгье гэсэн боловч зөвшөөрөхгүй байгаа, үүнийг харж үзнэ үү, өөр бололцоо байхгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан, зохигчдоос гаргасан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Хариуцагч Х.******* нь Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны, 28-1, 28-2 дугаар байрны ******* хотхон СӨХ-д гараажийн харуулаар ажиллаж, автозогсоолын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхдаа гарааш эзэмшигчдээс төлсөн ашиглалтын зардал болох халуун хүйтэн ус, дулааны эрчим хүч ашигласны төлбөрийг зохих байгууллагад дутуу төлж, өр төлбөрт үүссэн 7 126 154 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр түүний өмнөөс төлсөн байна.
3.2.Дээрх үйл баримтын талаар хэрэгт баримт авагдаагүй хэдий ч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.14-ний өдрийн 3399 дугаартай шийдвэрт ...Худай овогтой ******* нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, ******* хотхон СӨХ-ны зогсоол хариуцагч Х.*******ийн ус, дулааны төлбөрийн өрийн тооцоо...зэрэг... нотлох баримтуудаар тогтоогдож... гэж дүгнэсэн байна.
Мөн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Дэлгэрмаагийн гэрчилж, Х.******* болон Г.Өлзийдэлгэр нарын хооронд байгуулсан 2021.05.13-ны өдрийн 0966 бүртгэлийн дугаартай Эвлэрлийн гэрээ-ний 2.1-д ...******* хотхоны зогсоолын үйл ажиллагааг Х.******* хариуцан ажиллаж байхдаа орон сууц ашиглалтын конторт төлөх 7 126 154 төгрөгийг төлөөгүй өөртөө хэрэглэж хохирол учруулсан. Уг мөнгийг Г.Өлзийдэлгэр өөрөөсөө орон сууц ашиглалтын конторт төлж хохиролгүй болгосон. Х.******* өнөөдрийг хүртэл дээрх дурдсан мөнгийг төлөөгүй алга болсон...Талууд тохиролцон энэхүү гэрээг байгуулав. Гэрээний гол зорилго нь үл маргах журмаар уг мөнгийг төлж барагдуулахад оршино... гэж, 3.1-д ...Х.******* нь дээрх нэхэмжилсэн 7 126 154 төгрөгийг 2021.07.20-нд үл маргах журмаар төлнө гэж, 3.3-т ...Хэрэв төлөхгүй бол шүүхээр маргааныг шийдвэрлүүлнэ. Г.Өлзийдэлгэрийн ХААН банкны 5026651786 тоот данс руу шилжүүлнэ гэж тус тус заажээ.
3.3.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Х.*******ийн бусдад үүсгэсэн өр төлбөрийг нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр төлж барагдуулсан, түүнчлэн 7 126 154 төгрөгийг Х.******* Г.Өлзийдэлгэрт төлөхөөр хоорондоо тохиролцож байсны дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь уг үйл баримтын талаар эсэргүүцэж маргаагүй, 7 126 154 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
4.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д зааснаар үүрэг хууль буюу гэрээнд зааснаар үүсэх бөгөөд дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр, хариуцагч Х.******* нарын хооронд Х.*******ийн бусдад төлөх 7 126 154 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон гэрээ, тохиролцоо талуудын хооронд үүсээгүй буюу гэрээний харилцаа үүсээгүй байна.
5.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, 491.3.-т Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах үйлдэл хийсэн этгээдэд хохирол учирсан бол энэхүү хохирлыг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээд нөхөн төлөх... гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр нь Баянгол дүүрэг, 17 дугаар хорооны, 28-1, 28-2 дугаар байрны оршин суугчдын халуун хүйтэн ус, дулааны эрчим хүчээр хангагдах эрх ашиг зөрчигдөж хохирол учрах, үүнээс улбаатай хариуцагчид эд хөрөнгөд хохирол, зардал учрах зэрэг нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хариуцагч Х.*******ийн ******* хотхон СӨХ-д гараашийн харуулаар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа гарааш эзэмшигчдээс төлсөн ашиглалтын зардал болох халуун хүйтэн ус, дулааны эрчим хүч ашигласны төлбөрийг зохих байгууллагад төлөөгүйгээс үүссэн 7 126 154 төгрөгийн өр төлбөрийг өөрийн санаачилгаар төлсөн үйл баримт тогтоогджээ.
6.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6.-д Бусдын үүргийг даалгаваргүй гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэр нь Х.*******ийн бусдад төлөх өр төлбөрийн үлдэгдэл 7 126 154 төгрөгийг өмнөөс нь өөрийн хөрөнгөөр төлж зардал гаргасан нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээ зэрэг баримтаар нотлогдсон тул хариуцагч Х.******* нь дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 3 226 354 төгрөгийг шаардах эрхтэй.
7.Нэхэмжлэгчийн дээрх 7 126 154 төгрөгийг зохих байгууллагад төлж барагдуулсан үйлдэл нь хариуцагч Х.*******ийн ашиг сонирхолд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр энэ талаар буюу өөрийн хөрөнгөөр цалингаасаа өр төлбөрийг нь барагдуулсан талаар хариуцагчид мэдэгдэн, улмаар талууд эвлэрлийн гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлж байсан нь хэргийн баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.5.-д заасны дагуу бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.
8.Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэрийн, хариуцагч Х.*******ийн өмнөөс түүний бусдад төлөх ёстой өр төлбөр болох 7 126 154 төгрөгөөс төлсөн 3 899 800 төгрөгийг хасаж үлдсэн 3 226 354 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
9.Хариуцагч Х.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023.03.06-ны өдрийн 182/ШЗ2024/04306 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэснийг дурдав.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66 572 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3., 491.6.-д зааснаар хариуцагч Х.*******аас 3 226 354 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Өлзийдэлгэрт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 66 572 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА