| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04182/И |
| Дугаар | 182/ШШ2024/01588 |
| Огноо | 2024-04-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/01588
| 2024 04 12 | 182/ШШ2024/01588 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Т.Энхтуяа, Т.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух Г овогт Г-ийн ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, Цагдаагийн ерөнхий газар,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах Улсын ерөнхий прокурорын газар нарт холбогдох
Гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б,
Хариуцагч Улсын ерөнхий прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,
Иргэдийн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.*******гөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.*******гийн биед ******* халдаж хүндэвтэр гэмтлийг учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогддог. ******* гэдэг нь цэцэрлэгийн туслах багш, Г.******* нь цэцэрлэгийн угаагч юм. *******, Г.******* нарын хооронд маргаан үүсч харилцан зодолдсноос С.Номин-Эрдэнийн биед хөнгөн, Г.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Бусдыг гэмтээчихээд түрүүлж гомдол гаргасан хүн нь эрх ашгаа хамгаалуулж байна. Г.******* нь ямар ч боловсролгүй ба хууль эрх зүйн ямар ч мэдлэггүй. Г.******* яллагдагчаар татагдаж, мэдүүлгээ өгөөд шалгуулаад явж байхад *******д нь эрүүгийн хэрэг үүсгээгүй, үүсгэхээс татгалзсан. Харилцан зодоон учраас хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах журамтай. Гэвч С.Номин-Эрдэнийг яллагдагчаар татсаны дараа хэрэгсэхгүй болгосон. Г.******* гомдол гаргаагүй учраас С.Номин-Эрдэнийг цагаатгасан гэдэг. Гэтэл шүүх хохирогч нь ******* байна, Г.******* гомдол гаргаагүй гээд түүнийг 500 000 төгрөгөөр торгож, *******д ямар ч хариуцлага хүлээлгээгүй үлдсэн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болчихсон.
Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр гэмтэл учруулсан бол хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байдаг. *******д хүндэвтэр гэмтэл үүсгэсэн С.Номин-Эрдэнийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргахад шүүхээр шийдэгдсэн гэж прокурор нь татгалзсан байдаг. Татгалзсан прокурор, цагдаа нарт холбогдуулж, Мөрдөн байцаах газрын тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг шалгах хэлтэст Г.*******д хүндэвтэр гэмтэл учирсан байхад хөнгөн гэмтэл учирсан С.Номин-Эрдэнийг гэмгүй болголоо гэж гомдол гаргасан.
Гэтэл Монгол улсад хууль ялгаатай үйлчилдэг учраас Г.******* нь хамгийн доод зэргийн ажил эрхэлдэг үйлчлэгч учраас төрийн байгууллагаар ялгаварлан гадуурхагдсан байна. Мөн уг гомдлыг цагдаагийн хэлтэс нь хүлээн авахаас татгалзсан. Энэ хүн 500 000 төгрөгөөр торгуулсан. Ялгаварлан гадуурхагдсан нь тодорхой байна. Гомдол удаа дараа гаргаад байхад ЦЕГ, УЕПГ нь хүлээн авдаггүй, шалгадаггүй, ямар ч үйлдэл хийгээгүй. Хариуцагч нар нь С.Номин-Эрдэнийн ойр дотны хүмүүс танил гэсэн үг юм. Хэрэв хувийн ашиг сонирхлын зүйл байхгүй бол ЦЕГ, УЕПГ уг хэргийг шалгах ёстой гээд доод шатны байгууллагадаа үүрэг өгөөд шалгуулах ёстой байсан.
Иймд Г.******* эрүүгийн шүүхээр эрхээ хамгаалуулж чадаагүйн төлөө энэ иргэний шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан. Г.*******д сэтгэл санааны болон бусад ноцтой хохирол маш их учирсан гэж үзэж байна. Г.*******д хүндэвтэр гэмтэл учирсан байхад ЦЕГ, УЕПГ нь Г.*******д холбогдуулж шийтгэх тогтоол гаргуулсан. Үндсэн хуулийг зөрчиж, ялгаварлан гадуурхаж, төр нь Г.*******г ноцтойгоор гомдоосон. Иймээс Иргэний хуулийн 8, 9, 497, 498, 511 дүгээр зүйлд заасны дагуу сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг 10 000 000 төгрөг гээд юунд үндэслэж гаргаад байгаа нь тодорхойгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгийг хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан хариуцах үүрэгтэй гэж заасан. Иймээс нэхэмжлэгчид цагдаагийн байгууллага ямар гэм учруулсан талаар өөрөө нотлох ёстой. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн, буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирол учруулсан бол уг гэм хорыг тухайн хүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар заасан байна.
Энэ зохицуулалтаас авч үзвэл эрүүгийн 2208000000449 дугаартай Г.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг шалгахдаа цагдаагийн алба хаагч ямар буруутай үйл ажиллагаа явуулснаар нэхэмжлэгчид сэтгэл санааны гэм хорыг учруулсан байгааг нотлох баримтгүй. Үндсэн хууль болон Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах бүх үйл ажиллагаа нь прокурорын хяналтад, энэ хэрэг цааш үргэлжлэх эсэх бүхий л үйл ажиллагаа прокурорын байгууллагын хяналтад байдаг. *******тэй холбоотой асуудлыг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал гаргасан боловч прокурорын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг татгалзаад хаасан үйл баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасны дагуу цагдаагийн байгууллагаас манай албан хаагчийн ямар буруутай үйл ажиллагааг ямар баримтаар буруу гэдгийг нотолсон нь тодорхойгүй.
*******, Г.******* гэдэг хүмүүстэй холбоотой асуудал эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдээд, шүүхийн тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Энэ шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг буруутай, буруугүй, энэ дээр авч хэлэлцэх ёстой байсан, хэлэлцэх ёсгүй байсан гэдэг байдлаар хэлэлцэх эсвэл ямар нэгэн байдлаар прокурорын байгууллага, цагдаагийн байгууллагын албан хаагч нарыг ямар буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад, тийм баримт байхгүй байхад сэтгэл санааны хохирлын улмаас 10 000 000 төгрөг гэдэг хийсвэр тоо тавиад нэхэж байгаа нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.-т заасны дагуу эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санааны хохирол, учирсан хор уршгийн мөнгөн хэлбэрийн хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан байдаг. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм хорын хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа нь зөв боловч энэ хохирлын хэмжээг тодорхойлсон үйл баримтууд хавтаст хэрэгт байх ёстой, гэтэл ийм баримтууд байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамаарах ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байдаг. Хэрэгт байгаа баримтаас үзвэл цагдаагийн байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн нотлох баримт цуглуулах үйл ажиллагаа явуулж, прокурор нь тухайн хэрэг маргаан нь эрүүгийн хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх ёстой гэж хянаад, шүүхээс шийтгэх тогтоол нь гараад хүчин төгөлдөр болсон учраас цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Улсын ерөнхий Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч ямар баримтыг үндэслэж яагаад дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус хохирол гаргахтай холбоотой зохицуулалт байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримт байхгүй. Г.*******д эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос хянаад 2022.06.20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 25 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоолоор С.Номин-Эрдэнийн зүгээс түүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахаар зориуд хүргэсэн, үйлдэлдээ санаатай хандсан гэх гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байна гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2022.06.26-ны өдөр Г.*******д хэргийн материалыг танилцуулж, шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хугацаанд Г.*******гөөс ямар нэгэн гомдол гараагүй. Шүүх хуралдаанд ч энэ асуудал яригдсан, шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан. С.Номин-Эрдэнийн Г.*******гийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудалд санаатай үйлдэл тогтоогдохгүй гэдэг үндэслэлийн талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1., 6.2. дугаар зүйлд заасан үндэслэл журмаар прокурор, цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж шийдвэрлэсэн. Прокурорын байгууллага болон цагдаагийн байгууллагаас шалгаад энэ асуудал дээр хууль зүйн дүгнэлтээ хийгээд энэ тогтоол хууль зүйн хүчин төгөлдөр болсон учраас шалгаагүй гэдэг үндэслэлээр гомдол гаргах нь учир дутагдалтай юм.
Иймд Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйлдлийг мөрдөн шалгахдаа болон прокуророос хянаж шийдвэрлэхдээ хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Г.*******д ямар сэтгэл санааны хохирол учраад байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зохигч болон гуравдагч талууд өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ нотлох баримтуудыг цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан. Нотлох баримт гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчид байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс яагаад 5 000 000 төгрөгийн хохирол учирсан, ямар хохирол учирсан талаар хэрэгт ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. С.Номин-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай байх гэж бодож байна. Прокурорын 25 дугаартай тогтоолыг дахин харах нь зүйтэй байх. Хариуцагч ЦЕГ, УЕПГ нь нэхэмжилсэн 10 000 000 төгрөг өгөх асуудал дээр учир дутагдалтай байна. ЦЕГ, УЕПГ нь хууль тогтоомж, дүгнэлт дээр үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.19-ний өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоол бэлэн мөнгөний орлогын баримт, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023.05.22-ны өдрийн 282 тоот албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.*******д явуулсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.05.15-ны өдрийн 04-1/3419 тоот албан бичиг, Буянтай ачтан эмнэлэг-ийн рентген оношилгоо / хх-ийн 7-10,11-19, 90/, Г.*******д явуулсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2023.04.25-ны өдрийн 9/5-3363 тоот, 2022.10.17-ны өдрийн 9/5-5880 тоот албан бичгүүд, Г.*******д мэдэгдсэн Улсын ерөнхий Прокурорын газрын 2022.12.12-ны өдрийн 4/ 2871 тоот, 2023.03.23-ны өдрийн 4/661 тоот гомдол шилжүүлэх тухай мэдэгдэх хуудсууд, Нийслэлийн Прокурорын газрын 2023.01.24-ний өдрийн 1/456 тоот, 2023.04.03-ны өдрийн 1/1113 тоот Гомдлын хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудсууд, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023.01.05-ны өдрийн 37 тоот Гомдлын хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 89, 91-96/, Г.*******гийн 2023.04.17-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын тусгай субъектын хэлтэст гаргасан гомдол /гарын үсэггүй/, Нийслэлийн ерөнхий Прокурорт Г.*******гөөс гаргасан 2023.01.14-ний өдрийн гомдол Улсын ерөнхий Прокурорын газарт гаргасан Г.*******гийн 2023.02.11-ний өдрийн гомдол /хх-ийн 97, 103-104/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Г.*******гөөс гаргасан гэх 2022.08.08-ны өдрийн гомдол /гарын үсэггүй/ /хх-ийн 105/ зэргийг,
6. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас нотлох баримтаар, төлөөлөг томилсон тухай итгэмжлэл, 2023.09.15-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023.09.15-ны өдрийн Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг /хх-ийн 33-34/ зэргийг,
7.Хариуцагч Улсын ерөнхий Прокурорын газраас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэлийг /хх-ийн 30/ тус тус гаргасан.
8. Хариуцагч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2023.12.01-ний өдрийн 15722 дугаартай захирамжийн дагуу, Улсын ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023.12.07-ны өдрийн 661 тоот албан бичгээр ирүүлсэн 2022.02.11-ний өдрийн Шинжээчийг томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.02.15-ны өдрийн 2886 дугаартай Шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай Г.*******г танилцуулсан тухай цагдаагийн байгууллагын 2022.03.10, 2022.06.26-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлүүд, 2022.04.11-ний өдрийн хэргийн материал танилцуулсан тухай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баримт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.06.20-ны өдрийн 25 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол /хх-ийн 50-57/,
Тус шүүхийн 2024.02.02.-ны өдрийн 46 дугаартай, 2024.02.23-ны өдрийн 72 дугаартай тогтоолын дагуу Улсын ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024.03.04-ний өдрийн 180 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн 2022.02.11-ний өдрийн Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2022.02.21-ний өдрийн Г.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, С.Номин-Эрдэнийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, 2022.02.11-ний өдрийн *******эс авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн 137-146/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Улсын ерөнхий Прокурорын газар болон Цагдаагийн ерөнхий газарт тус тус холбогдуулан, бусдад зодуулж, биед хүндэвтэр гэмтэл учирсан үйлдлийг хуулийн дагуу шалгаж тогтоохгүй, татгалзаж шийдвэрлэн эрх ашгийг хохироосон гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нар дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, 2022.02.11-ний өдөр *******, Г.******* нарын хооронд маргаан үүсч харилцан зодолдсоноос С.Номин-Эрдэнийн биед хөнгөн, Г.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах журамтай байхад хөнгөн гэмтэл учруулсан Г.*******г гэм буруутай гэж үзэж 500 000 төгрөгөөр торгож шийтгэх тогтоолоор ял шийтгэсэн, харин хүндэвтэр гэмтэл учруулсан С.Номин-Эрдэнийн үйлдлийг прокурор 2022.06.25-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж 25 тоот тогтоол гаргасан нь ялгаварлан гадуурхсан, цагдаа, прокурорын байгууллагад удаа дараа гомдол гаргахад хүлээж авдаггүй, шийдвэрлэдэггүй, хууль бус ажиллагаа явуулж хохироосон учир хуульд заасны дагуу өөрийн эрхээ хамгаалуулж сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий Прокурорын газраас хувь тэнцүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж мэтгэлцсэн.
2.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, эрүүгийн 2208000000449 дугаартай Г.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг шалгахдаа цагдаагийн алба хаагч ямар буруутай үйл ажиллагаа явуулснаар нэхэмжлэгчид сэтгэл санааны гэм хорыг учруулсныг нотлох баримтгүй, хуулийн дагуу ажиллагааг явуулж *******д яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал гаргасан боловч прокурорын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг үүсгэхээс татгалзаж 2022.06.25-нд шийдвэрлэсэн, бүх үйлдэл, үйл ажиллагаа прокурорын хяналтад явагддаг, прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон, мөн Г.*******г С.Номин-Эрдэнийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022.07.19-ний өдрийн 938 дугаартай шүүхийн шийтгэх хүчин төгөлдөр болсон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийнх 497.1., 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон баримтгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хариуцагч Улсын ерөнхий Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, Г.*******д эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос хянаад С.Номин-Эрдэнийн зүгээс түүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахаар зориуд хүргэсэн, үйлдэлдээ санаатай хандсан гэх гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байна гэж үзэн 2022.06.20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 25 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн, 2022.06.26-ны өдөр Г.*******д уг тогтоол, хэргийн материалыг танилцуулж, шүүхэд шилжүүлсэн, энэ хугацаанд Г.*******гөөс ямар нэгэн гомдол гараагүй, энэ хэргийг мөрдөн шалгахдаа болон прокуророос хянаж шийдвэрлэхдээ хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй, мөн Г.*******д сэтгэл санааны хохирол учирсан, 5 000 000 төгрөгийн хохирол учирсан талаар хэрэгт ямар нэг баримт гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
4. Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлж оролцсон иргэдийн төлөөлөгч *******аас нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, хариуцагч ЦЕГ, УЕПГ нь нэхэмжилсэн 10 000 000 төгрөг өгөх асуудал дээр учир дутагдалтай байна, ЦЕГ, УЕПГ нь хууль тогтоомж, дүгнэлт дээр үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогджээ.
Энэ нь зохигчдын тайлбар болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.19-ний өдрийн 938 дугаар шийтгэх тогтоол зэргээр нотлогдсон.
Хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлал авагдаагүй боловч 2022.08.08-ны өдрөөр огноолсон гарын үсэг зурагдаагүй, Г.*******гийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол гэх баримтыг нэхэмжлэгчээс гаргаж, Нийслэлийн Прокурорын газрын 2023.04.03-ны өдрийн 1/1113 тоот Гомдлын хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудсанд ...Г.******* төнд холбогдох эрүүгийн 2208000000449 дугаартай хэрэгт 2022.06.28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн болно... гэж бичигдсэн байх бөгөөд зохигчид дээрх шийтгэх тогтоолд Г.******* гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж шийтгэх тогтоолыг хэвээр баталж шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргаагүй зэргээс үзэхэд 2022.07.19-ний өдрийн 938 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
5.2. Г.******* болон ******* нар 2022.02.11-ний өдөр маргалдан, бие биеийнхээ эрх чөлөөнд халдах явцад Г.*******гийн биед зүүн гарын чигчий хурууны 3-р шивнүүр ясны далд хугарал, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмт учирсан болох нь хэрэгт авагдсан 2022.02.11-ний өдрийн Шинжээчийн томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.02.15-ны өдрийн 2886 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.
5.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн мөрдөгчийн 2022.02.21-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоолуудаар эрүүгийн 2208000000449 дугаартай хэрэгт Г.******* болон ******* нарыг тус бүр хохирогчоор тогтоож, 2022.02.21-ний өдөр Г.*******, ******* нараас хохирогчийн мэдүүлэг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.06.20-ны өдрийн 25 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоолд: яллагдагч Г.*******, хохирогч ******* нар шалны мод авсан гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар тухай үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд тухайн гэмтлийг С.Номин-Эрдэнийн зүгээс түүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахаар зориуд хүргэсэн, үйлдэлд санаатай хандсан гэх гэм буруугийн санаатай хэлбэр түүний үйлдэлд тогтоогдохгүй байна...үйлдэл нь...бие биеэсээ зууралдсан үйлдлийн улмаас Г.*******гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан байна гэж дүгнэх үндэслэл болж байна. Иймд түүний үйлдлийг хохирогч Г.*******гийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэж дүгнэн 2208000000449 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримт нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
5.4. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.06.20-ны өдрийн 25 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол болон эрүүгийн 2208000000449 дугаартай хэргийн материалтай Г.*******г танилцуулсан тухай 2022.03.10, 2022.06.26-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлүүд, түүнчлэн 2022.04.11-ний өдрийн хэргийн материал танилцуулсан тухай шүүхийн баримт, 2022.07.19-ний өдөр эрүүгийн хэрэг хэлэлцсэн шүүх хуралдаанд Г.******* оролцсон тухай шийтгэх тогтоол зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
6. Нэхэмжлэгч Г.******* өөрийг нь хохирогчоор тогтоосон, *******д холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн хяналтын прокурорын 2022.06.20-ны өдрийн 25 дугаартай тогтоолтой 2022.06.26-нд танилцсанаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй бөгөөд хэрэгт энэ талаар баримт авагдаагүйн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* гомдол гаргаж мэдэхгүй. Цагдаа энэ эрхийг нь ойлгуулаагүй учир гомдол гаргаагүй гэж тайлбарласан нь мөрдөгч болон прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
7. Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022.10.17-ны өдрийн 9/5-5880 тоот, 2023.04.25-ны өдрийн 9/5-3363 тоот албан бичгүүд, Улсын ерөнхий Прокурорын газрын 2022.12.12-ны өдрийн 4/ 2871 тоот, 2023.03.23-ны өдрийн 4/661 тоот Гомдол шилжүүлэх тухай мэдэгдэх хуудсууд, Нийслэлийн Прокурорын газрын 2023.01.24-ний өдрийн 1/456 тоот, 2023.04.03-ны өдрийн 1/1113 тоот Гомдлын хариу өгөх тухай хариу мэдэгдэх хуудсууд, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023.01.05-ны өдрийн 37 тоот Гомдлын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Г.*******гөөс гаргасан *******д холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулах, Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулж иргэнийг ялгаварлан гадуурхаж цагдаагийн байгууллагын ажилтнууд, прокурорууд хуульд заасан ажиллагааг явуулахгүй байгааг шалгуулж тогтоолгох тухай хүсэлт, гомдол, өргөдөлд цагдаагийн байгууллага болон прокуророос хариуг өгч шийдвэрлэж байсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас Г.*******д холбогдох эрүүгийн 2208000000449 дугаартай хэргийг шалган шийдвэрлэх явцад болон уг хэрэгт хяналт тавин ажиллах явцад мөрдөгч, прокурорууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл, нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.
8. Иргэний хуулийн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.‑д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, 229.2.-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, 498 дүгээр зүйлийн 498.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасан.
9.Хуулийн эдгээр зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч Г.*******д гэм хорын хохирол шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үүргээ зөрчсөнөөс үүссэн гэм хорыг төр хариуцаж арилгах бөгөөд уг хохирлыг шаардах эрхийн үндэслэл нь төрийн байгууллагын ажилтны буюу гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Тодруулбал, нэхэмжлэгч Г.*******д холбогдох эрүүгийн 2208000000449 дугаартай хэргийг шалган шийдвэрлэх явцад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан талаар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хяналт тавих ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 4.1., 4.2., 4.3.-т заасан эрх, үүргээ зөрчсөн талаар шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд мөрдөгч, прокурорын ямар үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгч Г.*******гийн эрх ашгийг зөрчсөн болох нь тодорхойгүй, хариуцагч Цагдаагийн ерөнхий газар болон Улсын ерөнхий Прокурорын газрын гэм буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэх үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.19-ний өдрийн 938 дугаар шийтгэх тогтоолд ...2.4. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь санаатай байх ба тус үйлдлийг салгах оролдлогыг хохирогч хийсэн, мөн тэдний үйлдлийг гэрч нар харсан, салгасан байхаас гадна тус маргаан эхэлж төгсөх хүртэл үйл явцад шүүгдэгчийн гарын чигчий хуруу гэмтсэн эсэх асуудал огт мэдэгдээгүй буюу шүүгдэгчийн гарын чигчий хурууг хохирогч, эсхүл салгасан этгээд санаатайгаар гэмтээсэн асуудал огт тогтоогдоогүй байх тул тус асуудлаар мөрдөн шалгах, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах боломжгүй гэж үзнэ. Тус хэргийг өмнө нь прокурорт буцаасан, харин прокурор нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул прокурорын шийдвэрийн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй, шүүгдэгч нь прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэв... гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.
10.Нэхэмжлэгч Г.******* нь гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг нэхэмжилж, үүнд шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг биелүүлж төлсөн бөгөөд уг 500 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч Г.*******гийн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага болох торгох ялыг биелүүлж төлсөн гэх 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1., 229.2.-т заасан гэм хорын хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч гэм хорын хохиролд буюу сэтгэл санааны хохирол болон бусад хохирлыг нийт 10 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй, мөрдөгч, прокурорын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олох байсан орлогоо алдсан, сэтгэл санааны үр дагавар үүссэн, эрүүл мэндээр хохирч зардал гаргасан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргах, бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4., 230 дугаар зүйлийн 230.2.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцах бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байна.
11.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзвэл, хариуцагч байгууллагуудын хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Г.*******д 10 000 000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
12.Хэрэгт авагдсан Г.*******гийн 2023.04.17-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын тусгай субъектын хэлтэст гаргасан гомдол, 2023.02.11-ний өдрийн Улсын ерөнхий Прокурорын газарт гаргасан гомдол зэрэг нь гарын үсэггүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий Прокурорын газраас тус бүр 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг гэм хорын хохиролд гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Т.ЭНХТУЯА
Т.ЗОЛЗАЯА