Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/01624

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15

182/ШШ2024/01624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х хаягт байрлах, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байранд байрлах,  ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

******* ******* хотхоны 47 А, Б, Е байруудад илэрсэн барилгын зоорийн давхрын ус тусгаарлагчийг технологийн дагуу хийлгэх, нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах, хүүхдийн тоглоомын талбайн гадна ба дотор ашиглагддаг савлуур, гулгуур, түүнтэй адил тоглоомуудыг хийлгэх, хотхоны автомашины болон явган хүний орц, гарцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөх, хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдэх зэрэг доголдлуудыг арилгаж, Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрмийн хийж гүйцэтгэхийг даалгах, барилгын орцны хаалга солиулах, нийтийн эзэмшлийн шугам хоолойд гарсан гэмтлийг засварлуулахад зарцуулсан 4 509 340 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг  2022 оны 07 дугаар сарын 28-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С,

Хариуцагч ******* констаркшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* СӨХ, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* хотхоны 47 А, Б, Е байрны нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд барилгын зоорины давхрын ус тусгаарлалтыг технологийн дагуу хийгдээгүй талаарх шаардлагын хувьд ус тусгаарлагч хийх нь тухайн барилгын насжилт, эдэлгээ, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын үндэс байдаг. Гэтэл эдгээр байруудын зоорины давхарт бороо ихтэй үед ус дүүрэх, оршин суугчид авто зогсоол ашиглах боломжгүй болох, цахилгааны масс үүсэх, барилгад суулт өгч барилгын насжилтад нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавар үүсдэг. Зоорийн давхарт ус дүүрч буй шалтгаан нь ус тусгаарлалтыг технологийн дагуу хийгдээгүй, ус зайлуулах болон уснаас хамгаалах өндөрлөгөө трапыг зориулалтын дагуу хийгдээгүй асуудал юм. Тийм учраас энэхүү ажиллагааг холбогдох стандартын дагуу ус дүүрэхгүйгээр хийхийг ******* ******* ХХК-д хийлгэхийг даалгах юм.

Дараагийн шаардлагын хувьд 47А, Б, Е байруудын гаднах автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, автомашиныг зөрөх чиглэлээр явуулдаг нэг урсгалыг нэмж гаргах шаардлагатай. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3.-т зааснаар төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүйг нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашин зогсоол байх ёстой бөгөөд автомашины зогсоолыг хуульд заасан хэмжээнд байгуулаагүй. Мөн зураг төслөөр батлагдсан 47Б байрны араар тойрч гарах, орц гарцыг хааж, хаалт барьж, хуульд холбогдох стандартыг зөрчиж, оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа. Энэ нь аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас автомашины зөрөх урсгалыг стандартад нийцүүлж гаргахыг даалгах шаардлага гаргаж байгаа.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасны дагуу хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдэхийг даалгах гэсэн шаардлага байгаа. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т барилга байгууламжийг ашиглалтад ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж заасан. Энэ хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч нь тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Гэтэл 1 жилийн хугацаа нь өнгөрсөн. ******* ******* ХХК-ийн хувьд хамтарсан үзлэг хийж, холбогдох зөрчил байвал үүнийг тэмдэглэж, зөрчлийг арилгах арга хэмжээ хийгээд тэмдэглэл үйлдэхгүй байгаа. Иймээс Барилгын тухай хуульд заасны дагуу хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдэхийг даалгах шаардлага байгаа.

Байруудын орцны 3 хаалга сольсон болон шаардлагатай засвар үйлчилгээ хийсний төлбөрт 4 509 340 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд хуульд заасан барилгын чанарын баталгаа гаргах хугацаанд эдгээр гэмтлүүд гарсан. Тухайлбал технологийн дагуу хийгдээгүй байсан зөрлийг арилгаж, СӨХ-ны зардлаар ажиллагаанууд хийсэн. 2020.06.17-ны өдөр 47 А байрны 53, 62 тоотод хана ухаж шугам янзалсан, 2020.07.06-ны өдөр 47 А байрны 13 давхарт 25 мм-ийн сангийн шугамын зориулалттай хаалт 6 ширхэг, муфт 24 ширхэг, 5 мм-ийн фа /холбоос/ 5 ширхэг, 25 мм-ийн резьба 6 ширхэг, 25 мм-ийн шугам хоолой 4 ширхэг тус тус сольсон. 2020.10.16-ны өдөр 25 мм-ийн 2 ширхэг муфт, 1 метр шугам, 1 ширхэг трок, 2021.05.19-ний 7 метрийн шугам 4 ширхэг зэргийг авч холбон хана ухаж хийсэн. Орцнуудын хаалга нь хэтэрхий хүнд байсны улмаас код, цоож нь эвдэрсэн. Тиймээс хаалгыг засах шаардлагатай болсон учраас хаалгыг сольж хийсэн. Эдгээрийг янзлуулах, солиулахад гарсан зардалд нийт 4 509 340 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч тал иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж байгаа боловч Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8.-д зааснаар буюу хуульд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцаа үүссэн байгаа. Хариуцагч Барилгын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас 3 байрны оршин суугчдын тав тухтай хэвийн амьдрах нөхцөл зөрчигдөөд байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу одоогийн Алтай хотхоны баруун урд байршилд тус тус газар эзэмшдэг бөгөөд өөрсдийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс хямд төсөр үнээр орон сууцтай болгох зорилгоор өөрсдийн газар дээр орон сууцны барилга байгууламж бариулах сонгон шалгаруулалтыг зарласан байдаг.

Уг сонгон шалгаруулалтын хүрээнд хариуцагч ******* ******* ХХК шалгарч эдгээр байгууллагуудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг нь Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн нийтийн зориулалттай орон сууцын байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй байх этгээд юм. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3.-т зааснаар СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй байна.

Тус СӨХ-ны дүрмийн 4.4-т холбоо нийтийн зориулалттай орон сууцын байшинг дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд зориулж сангийн хөрөнгө бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгө, орон сууц өмчлөгчдийн эрх ашиг тав тухтай амьдрах боломжоор хангах гэж тодорхойлоод, 5 дугаар зүйлд үйл ажиллагааны чиглэлээр орон сууц, түүний дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, зам талбай, зогсоол, тэдгээрийн эмх цэгц, цэвэрлэгээ үйлчилгээ, оршин суугчдын ая тухтай амьдрах цэвэр орчныг бүрдүүлэх, тэдний эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, оршин суугчдын хариуцлагыг өндөржүүлэх, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө зарчмыг хангахад холбооны бүхий л үйл ажиллагаанд чиглэгдэнэ гэж тодорхойлсон байна.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4., Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2., 149 дүгээр зүйлийн 149.2.-т зааснаар сууц өмчлөгч үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гарган сууц өмчлөгчдөөс шаардах эрхтэй болохоос нэхэмжлэлд дурдсан асуудлаар шаардлага гаргах ямар нэгэн хууль зүйн үндэслэл эрхгүй. Өөрөөр хэлбэл, СӨХ-ны гүйцэтгэх захиралд нэхэмжлэлд дурдсан шаардлагуудаар нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй. СӨХ-ны гүйцэтгэх захирал 2 ба түүнээс дээш оршин суугч буюу сууц өмчлөгч өөрсдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдсөн байдлаар гомдол гаргасан бол тэдний хүсэлтээр СӨХ-ноос оршин суугчдын зөрчигдсөн эрхийг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, гэтэл ийм баримт хэрэгт авагдаагүй.

Сууц өмчлөгчдийн холбоо болон ******* ******* ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн гэрээний болон бусад харилцаа үүсээгүй. Гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулсан асуудал ч байхгүй. Ямар үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан шаардлагуудыг хариуцагч биелүүлэх ёстой гэдэг нь нэхэмжлэлээс харагдахгүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан 4 509 340 төгрөгийн хувьд, орцны хаалга эвдэрсэн асуудлын тухайд ашиглалтын явцад өөрийнх нь материал буюу эд хөрөнгийн элэгдэл, эсвэл ашиглалтын горим зөрчигдсөн эсэхээс шалтгаалж хаалга сольсон нь нотлогдоогүй, баримт хэрэгт авагдаагүй. Энэ хаалга ямар стандарттай, чанар нь ямар байх ёстой юм бэ, товчлуур нь хэдэн удаагийн даралтыг мэдрэх боломжтой байх гээд тестлэгдсэн, тогтоосон стандарт шаардлага, норматив ямар байх ёстой талаар тогтоосон баримт байхгүй.

Хаалга ашиглалтын явцад оршин суугчдын олон удаагийн үйлдэл, код мэдэхгүй тохиолдолд гажиж хөшиж татсанаас үүдэлтэй эвдэрсэн үү, юунаас болж хаалга эвдэрсэн гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ эвдэрсэн, чанарын шаардлага хангаагүй бараа материалаар хийсэн гэж үзээд байгаа бол энэ нь мөн нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т заасны дагуу хот суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бүрэн эрхлэн гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хангагч байгууллага болох Хэрэглэгчдэд үйлчлэх төв /ХҮТ-10/ нь энэ үүргийг хариуцаж ажиллаж байгаа. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1., 14.2.3., 14.2.4.-т заасан үүрэгтэй. Шугам хоолойд эвдрэл гэмтэл гарсан нь ашиглалтын горим алдагдсан эсэх, шаардлага хангаагүй шугам хоолой тавигдсан эсэхийг нэхэмжлэгч нотолсон байх ёстой боловч баримт байхгүй. Гадна шугам сүлжээг холбогдох газарт буюу Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа ХҮТ 10-д хариуцуулж, актаар хүлээлгэн өгсөн. Доторх шугам сүлжээний хувьд оршин суугчдын өмчлөлийн зүйлийн асуудал болно, оршин суугчдад мөн хүлээлгэн өгсөн. Иймд 4 509 340 төгрөгийн зардлыг хариуцагч хариуцах үүрэг байхгүй болно.

Барилгын зоорины давхрын ус тусгаарлалтыг технологийн дагуу хийгдээгүй гэж байна. Технологийн дагуу хийгдээгүй гэдэг нь нотлогдоогүй, энэ талаарх ямар ч баримт хэрэгт авагдаагүй. ******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний нь дагуу барьсан барилга байгууламжуудын зоорины давхрын хананы ус тусгаарлалтыг технологийн дагуу хийсэн эсэхэд хяналт тавьдаг эрхтэй субъект төр буюу түүний байгууллага буюу Барилгын хөгжлийн төв, улсын комисс дүгнээд хүлээн авсан. Суурийн ажлыг хүлээж авсан актууд хэрэгт байна. Шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдсан байна. Иймд хариуцагчийг зоорийн давхрын ус тусгаарлагчийг барилгын норм дүрмийг зөрчиж хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Дараагийн шаардлага нь хотхоны автомашины болон явган хүний гарц, орцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөх, байруудын гадна автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, автомашин зөрөх чиглэлээр явуулдаг нэг урсгал гаргахыг даалгах гэсэн шаардлага байна.

******* ******* ХХК нь зураг төслөөс өөрөөр хийсэн зүйл байхгүй. Орон сууцны хотхон 5-6 блокоор төлөвлөгдсөн. Түүний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх шаардлагагүйгээр үлдсэн босоогүй барилгуудыг нь хийж болно гэсэн. Энэ орон сууцын хотхон 5-6 блок бүхий барилга байгууламж бөгөөд нэг төлөвлөлт, ногоон байгууламж, явган хүн, автомашины орц гарц, зогсоолтой. Энэ норм дүрмийг хангасан, зөрчөөгүй гэдгийг шалгаж үзээд төрийн байгууллага, улсын комисс хүлээж аваад дүгнэлтээ гаргасан. Батлагдсан зураг төсөл дээр хэдэн машины зогсоол байгаа юм, түүнээс нь хэдийг нь хассан, орц гарц нь хаана байх ёстойг буруу хийсэн талаарх баримт байхгүй.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-д заасны дагуу хамтарсан үзлэг хийж, тэмдэглэл үйлдүүлэхийг даалгах гэсэн. Энэ ажил нь СӨХ-г байгуулагдахаас өмнө хийгддэг. Барилгын тухай хуулийн 14 үгээр зүйлийн 14.3.-д зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулаад зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна, энэ хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч буюу автор, захиалагч болон ашиглагч нь тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгуулах талаар тэмдэглэл үйлдэнэ гэж 14.4.-т заасан. Гэтэл ******* ******* ХХК хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад хамтарсан үзлэг хийх, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэх үүрэггүй. ******* ******* ХХК нь 2 ТӨХК-ийн захиалгын дагуу ажил гүйцэтгэж байгаа, 3 байрыг захиалагч нар хүлээж авсан.

Хариуцагч ******* ******* ХХК нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20., 22., 30., 37., 38. ,39 дүгээр зүйлүүдэд заасан зохицуулалт, барилгын норм ба дүрмийг хангаж ажилласан, тухай бүр мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, шаардлагын дагуу зөрчлийг арилгаж ажилласан талаарх хэрэгт баримтууд авагдсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны 19/07 дугаартай бүртгэлийн гэрчилгээ, холбооны дүрэм, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооноос УБЦТС ТӨХК болон ******* ******* ХХК-д явуулсан 2019.05.07-ны өдрийн 09 тоот, 2019.09.20-ны өдрийн 38 тоот, 2020.06.22-ны өдрийн 46 тоот албан бичгүүд, Хот байгуулалт хөгжлийн газарт явуулсан 2020.01.07-ны өдрийн 02 тоот, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт явуулсан 2020.01.22-ны өдрийн 11 тоот, Нийслэлийн Засаг даргад явуулсан 2020.10.27-ны өдрийн 64 тоот албан бичгүүд, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын байцаагчийн 2019.10.31-ний өдрийн 034/91 дугаартай Заавал биелүүлэх албан шаардлага, Хот байгуулалт, хөгжлийн газрын ******* ******* ХХК-д явуулсан 2019.11.19-ний өдрийн 05/4415 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичиг / 1 хх-ийн 8-26, 39/, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо болон Ган урлал ******* ХХК-ийн хооронд 2020.03.01, 2020.09.14-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримтууд, тус СӨХ-ны Төрийн банк ХК дахь дансны хуулгууд, ОСНААУГ ОНӨААТҮГ-ын Суугчдад үлдэх хувь гэх дуудлагын баримтууд, Мөнхтуяарах МТБ ХХК-ийн 2020.08.24-ний өдрийн Дүгнэлт гэх баримт /1хх-ийн 46-62, 2 хх-ийн 244/ зэргийг шүүхэд гаргасан.

4. Хариуцагчаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, 2012.06.22-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013.06.04-ний өдрийн 456/2013 тоот, 2018.09.13-ны өдрийн 1225/2018 тоот Магадлалын ерөнхий дүгнэлтүүд, тэдгээрийн хавсралтууд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын үйлчилгээтэй орон сууцны загвар зургууд, 2012.09.25-ны өдрийн УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 335-2012 тоот Хамтран ажиллах гэрээ, 2018.12.05-ны өдрийн 2018/696 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Од-Орд ХХК-ийн 2018.11.11-ний өдрийн 291 тоот албан бичиг, зураг, ТС-65/2012 тоот Ажил гүйцэтгүүлэх тендерийн баримтууд /1 хх-ийн103-104, 109-114, 130-131/ ******* ******* ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт явуулсан 2019.11.19-ний өдрийн 19/11/19 тоот албан бичиг, 2018.10.19-ний өдрийн Халаалтын узель, гадна инженерийн шугам сүлжээг хүлээлцсэн акт, зураг төслийн Инж байгууламж ХХК-ийн боловсруулсан УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын орон сууцны барилгын гадна ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлын зураг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 салбарын 2022.10.24-ний өдрийн 273 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018.10.04-ний өдрийн 5/1407 тоот ОСНААУГ ОНӨААТҮГ-т явуулсан албан бичиг, Эрчим хүчний яамны 2015.02.25-ны өдрийн 6/821 тоот Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичиг, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын орон сууцны барилгад захиалагчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, Уран-Асар ХХК-ийн Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт хийсэн ерөнхий дүгнэлт, ******* ******* ХХК-иас Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст явуулсан 2019.12.17-ны өдрийн 13/12/17 тоот Зөрчил арилгасан тухай албан бичиг /1 хх-ийн 29, 36, 74-117, 122-129, 132-146, 2 хх-ийн 41-59/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2022.10.25-ны өдрийн 13483 дугаартай захирамжийн дагуу томилогдсон шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналт /Хот төлөвлөлт/-ын улсын байцаагчийн 2022.12.22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт түүний хавсралтууд /1 хх-ийн 156-243, 2 хх-ийн 1-115/,

тус шүүхийн шүүгчийн 2023.02.07-ны өдрийн 2205 дугаартай захирамжийн дагуу томилогдсон шинжээч Хотын стандарт, хяналтын газрын барилга техникийн хяналт /Хот төлөвлөлт/-ын улсын байцаагчийн 2023.06.02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 187-198/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гэрэл ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* хотхоны 47 А, Б, Е байруудад илэрсэн барилгын зоорийн давхрын ус тусгаарлагчийг технологийн дагуу хийлгэх, нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах, хүүхдийн тоглоомын талбайн гадна ба дотор ашиглагддаг савлуур, гулгуур, түүнтэй адил тоглоомуудыг хийлгэх, хотхоны автомашины болон явган хүний орц, гарцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөх, хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдэх зэрэг доголдлуудыг арилгаж, Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрмийн хийж гүйцэтгэхийг даалгах, барилгын орцны хаалга солиулах, нийтийн эзэмшлийн шугам хоолойд гарсан гэмтлийг засварлуулахад зарцуулсан 4 509 340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах, хүүхдийн тоглоомын талбайн гадна ба дотор ашиглагддаг савлуур, гулгуур, түүнтэй адил тоглоомуудыг хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхээс, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах, хүүхдийн тоглоомын талбайн гадна ба дотор ашиглагддаг савлуур, гулгуур, түүнтэй адил тоглоомуудыг хийлгэхийг хариуцагчид даалгах тухай хэсгээс татгалзасныг баталж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ, тус СӨХ нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны ******* ******* хотхоны 47 А, Б, Е /47-1, 47-2, 47-3/ орон сууцны байруудын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор 2018 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсан, хариуцагч Барилгын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас 3 байрны оршин суугчдын тав тухтай хэвийн амьдрах нөхцөл зөрчигдөөд байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, тус барилгыг барьж ашиглалтад оруулсан ******* ******* ХХК нь:

байруудын зоорийн давхарт ус тусгаарлалтыг технологийн дагуу хийгээгүйгээс ус дүүрэх, зогсоолын талбайг ашиглах боломжгүй болох, барилгад суулт өгөх, цахилгааны хүчдэл үүсэх зэрэг сөрөг үр дагавар үүсдэг тул зөрчлөө арилгаж, ус тусгаарлагчийг технологийн дагуу хийлгэхийг даалгах,

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3.-т заасныг зөрчиж, хотхоны автомашины зогсоолыг хуульд заасан хэмжээнд байгуулаагүйгээс оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, галын аюулаас сэргийлэх, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжтой болгон, гэнэтийн аюул, ослын үед автомашины болон явган хүний орц гарцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөж хийхийг даалгах,

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3., 14.4., 14.5., 14.6.,14.7.-д заасныг хэрэгжүүлэн байруудад хамтарсан үзлэг хийлгэж, тэмдэглэл үйлдэн зөрчлийг арилгахыг даалгах,

3 байрны орцны хаалгыг сольж, нийтийн эзэмшлийн шугам хоолойд үүссэн гэмтлийг засварласан зардалд төлсөн 4 509 340 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, эдгээр нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ, тус компани Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны ******* ******* хотхоны 47 А, Б, Е орон сууцны байруудыг барьсан ба уг барилгууд нь батлагдсан зураг төслийн дагуу, норм нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт шаардлагыг хангаж гүйцэтгэсэн, барилгын материал нь зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангасан гэж үзэн 2018.12.05-ны өдрийн 201/696 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-р баталгаажуулж, захиалагч УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн хяналтын инженерүүд, зураг төслийн зохиогчийн хяналтын инженерүүдийн бүрэлдэхүүнтэй хүлээн авсан.

Тухайн 3 байрны орцны хаалга эвдэрсэн нь ашиглалтын явцад өөрийнх нь материал буюу эд хөрөнгийн элэгдэл, эсвэл ашиглалтын горим зөрчигдсөн эсэхээс шалтгаалж хаалга эвдэрсэн эсэх нь нотлогдоогүй, эвдэрсэн гэх талаар баримт хэрэгт авагдаагүй, ОСНААУГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв /ХҮТ-10/-д барилгын гадна инженерийн шугам сүлжээг, халаалтын узель зэргийг актаар хүлээлгэн өгсөн, дотор шугам сүлжээ болон орон сууцны эд хөрөнгийг оршин суугчдад хүлээлгэн өгсөн, ямар норм дүрэм зөрчсөн нь нотлогдоогүй, 4 509 340 төгрөгийн зардлыг хариуцах үүрэггүй,

барилгын зоорины давхрын ус тусгаарлалтыг технологийн дагуу хийсэн нь барилгыг улсын комисс хүлээн авсан акт, суурийн ажлыг хүлээж авсан актуудаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, зоорийн давхрын ус тусгаарлагчийг барилгын норм дүрмийг зөрчиж хийсэн гэж үзэх боломжгүй,

хотхоны автомашины болон явган хүний гарц, орцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөх, байруудын гадна автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, автомашин зөрөх чиглэлээр явуулдаг нэг урсгал гаргахыг даалгах гэсэн үндэслэлгүй, батлагдсан зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх боломжгүй, барилгын норм дүрмийг хангасан, зөрчөөгүй гэж үзэн захиалагч, эрх бүхий байгууллагууд хүлээн авсан,

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу хамтарсан үзлэг хийж, тэмдэглэл үйлдүүлэхийг даалгах гэсэн нь үндэслэлгүй, энэ ажил нь СӨХ-г байгуулагдахаас өмнө хийгддэг, хуульд заасан тохируулга, зүгшрүүлэлтийн 1 жилийн хугацаа өнгөрсөн байхад хамтарсан үзлэг хийх, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэх үүрэггүй,

нэхэмжлэгч СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.6.-д зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс буюу 2-с доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр шүүхэд хандах эрхтэй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1. Хариуцагч ******* ******* ХХК нь 2012 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-ийн эзэмшлийн газарт баригдах орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТС-65/2012 дугаартай тендерт оролцон шалгарч, захиалагч УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-иудтай 2012.09.25-ны өдөр 335-2012 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээнд 2013.03.01, 2015.01.29-ний өдрүүдэд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж 335/2012 тоот болон 110 тоот гэрээнүүдийг байгуулсан байна.

Уг гэрээнд зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт захиалагч УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын 594 айлын орон сууцны хорооллын барилгыг батлагдсан зураг төсөл, барилгын норм, дүрмийн дагуу чанартай гүйцэтгэн, захиалагч болон зохиогчоор баталгаажуулан барьж дуусган гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна.

3.2. Тус орон сууцны барилгад Улаанбаатар хотын ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2012.06.22-ны өдөр баталсан А/333-1.45 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар-ын дагуу УБЦТСТӨХК-ийн 2012.09.14-ний өдрийн 1787/2012 дугаартай техникийн нөхцөл, УСУГ-ын 2012.08.30-ны өдрийн 431/12 дугаартай техникийн нөхцөл, Эрчим хүчний хүчний газрын 2012.07.27-ны өдрийн 41/2012 дугаартай техникийн нөхцөл, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн 2012.08.27-ны өдрийн Д604/2012 дугаартай техникийн нөхцөлүүд олгогдож, Уран Асар ХХК-ийн 2012 онд боловсруулсан ЭА-12/12 шифртэй барилгын зураг төслийг Онцгой байдлын ерөнхий газрын 2013.03.01-ний өдрийн 05/03 дүгнэлт болон Барилгын хөгжлийн төвийн 2013.06.04-ний өдрийн 456/2013 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус баталгаажуулж, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын үйлчилгээтэй орон сууц загвар зургийг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.09.16-ны өдөр баталсан байна.

3.3. Хариуцагч ******* ******* ХХК нь дээрх барилгыг барьж, эрх бүхий этгээдээс орон сууцны барилга, байгууламжийн ажлын гүйцэтгэл, чанар, холбогдох бичиг баримтад үзлэг, шалгалт хийж уг барилга байгууламжийн ажил нь зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж дүгнэн эхний ээлжийн өндөр төвөгшилтэй ангиллын, зоорьтой, 14 давхар 124 автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй, 339 айлын хүчин чадал бүхий А, Б, Е, G орон сууцны барилга, байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Эдгээр үйл баримтууд нь 2012.06.22-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013.06.04-ний өдрийн 456/2013 тоот, 2018.09.13-ны өдрийн 1225/2018 тоот Магадлалын ерөнхий дүгнэлтүүд, тэдгээрийн хавсралтууд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын үйлчилгээтэй орон сууцны загвар зургууд, 2012.09.25-ны өдрийн УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 335-2012 тоот Хамтран ажиллах гэрээ, 2018.12.05-ны өдрийн 2018/696 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтүүд, түүнд хавсаргасан баримтууд зэргээр нотлогдсон.

3.4.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд 2 буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах бөгөөд хэрэгт нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан талаарх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 5.3., 5.4.-т заасан холбоог зохион байгуулах сууц өмчлөгчдийн хурал, түүнээс гарсан шийдвэр зэрэг баримтууд авагдаагүй байна.

Хэдийгээр дээрх баримтууд хэрэгт авагдаагүй ч хариуцагч компаниас УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын 594 айлын орон сууцны хорооллын барилгын эхний ээлжийн 3 блок 339 айлын орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулж, 2018.10.04-ний өдөр оршин суугчдад орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, улмаар сууц өмчлөгчдийн 2018.10.08-ны өдрийн анхны хуралдаанаар ******* ******* сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, тус холбоонд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хариуцагч ******* ******* ХХК-ийн барьсан 47 А, Б, Е орон сууцны байруудын өмчлөгчид бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, ******* ******* сууц өмчлөгчдийн холбооноос УБЦТС ТӨХК болон ******* ******* ХХК, бусад холбогдох байгууллагад хүргүүлж байсан албан бичгүүд, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны 19/07 дугаартай бүртгэлийн гэрчилгээ, холбооны дүрэм зэргээр нотлогдсон.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэх хязгаарлагдмал эрхтэй, 2 ба түүнээс дээш сууц өмчлөгчийн хүсэлтээр гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд хандах эрхтэй бөгөөд сууц өмчлөгчдөөс хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэлд дурдсан асуудлаар шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарлаж байгаа ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т зааснаас үзэхэд сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго, үүрэгтэй байна. Иймд 47 А, Б, Е орон сууцны байруудын сууц өмчлөгч, холбооны гишүүдийн эрх ашгийг хамгаалан нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд нэхэмжлэл гарган мэдүүлэх эрхтэй.

5. Хариуцагч ******* ******* ХХК нь УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын 594 айлын орон сууцны хорооллын барилгыг барихдаа 47 А, Б, Е орон сууцны байруудын зоорийн давхрын ус тусгаарлагчийг технологийн дагуу гүйцэтгээгүй, барилга байгууламжийн норм, нормативын шаардлагыг зөрчсөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-д зураг төслийн дагуу баригдсан байх, 14.1.2.-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх шаардлагуудыг хангаагүй гэж үзэх баримтгүй байна.

Хэрэгт авагдсан, шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналт /Хот төлөвлөлт/-ын улсын байцаагчийн 2022.12.22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-д болон шинжээч Хотын стандарт, хяналтын газрын барилга техникийн хяналт /Хот төлөвлөлт/-ын улсын байцаагчийн 2023.06.02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-д: ...Батлагдсан 11А-12/12 шифртэй зураг төсөл /Огтлол 1-1, БА хуудас-9 дугаарлалт/-өөс үзэхэд 1 давхрын +0.00 түвшнээс доош зоорийн давхрын шалны гадаргуу -3.60 м байгаа нь хөрсний устай хэсэгт зоорийн давхар байрлаж байгааг харуулж байна. Мөн зураг төсөлд зоорийн давхрын ус зайлуулах хоолой /трапп/-ны зураглал тусгагдаагүй тул зураг төсөлтэй тулгах боломжгүй байна.

Үзлэг шалгалтын үеэр зоорийн давхрын ус зайлуулах хоолой /трапп/-ны хэсэг шавар хог хаягдлаар дүүрч битүүрсэн, 2023.05.11-ний өдрийн байдлаар ус тогтсон /урд өдөр 2023.05.10-ны өдөр бороо, хур орсон/, уснаас үүдсэн барилгын бүтээцэд гарсан эвдрэл байхгүй байв. Ус тогтож буй асуудал нь тус барилгын байрлах байршил нь ус ихээр тогтдог газарт байрлах бөгөөд хур тундас ихтэй үед автомашины гарааш руу ордог пандусны хэсэгт уснаас хамгаалсан өндөрлөгөө буюу хаалт байхгүй, ус зайлуулах хоолой /трапп/-ны хэсэг шавар дүүрч битүүрсэнээс зоорийн давхарт хурын ус тогтсон, мөн хойд талд байрлах орон сууцны 51/А дугаар байр, 43/Д дугаар байрны өндөржилтийн түвшинд хийгдсэн зам талбайн хөрсний нягтруулсан налуугаар гадна орчны гадаргуугийн ус ордог байх магадлалтай.

Мөн...суурийн нүх ухсан тухай 2013.07.10-ны өдрийн актуудад Суурийг 4.6 м гүн хүртэл экскаватороор ухаж, 350 маркийн бетон, СТПЗС арматур, Солонгос улсад үйлдвэрлэсэн хэв хашмал /нум/ зангидаж хийсэн талаар болон гүний усыг насосоор гадагшлуулсан, сууринд шатлал гараагүй, суурийн ус тусгаарлагчийг гялгар уут дэвсэж, ул бетоныг 10 см-ийн зузаантай цутгаж, ус тусгаарлагчийг хийж, зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, мөн суурийн хажуугаар усны хамгаалалт, битум түрхлэг түрхэж, дулаалгын хөөсөнцөр хийж, хайрган хөрс, асгамал хөрсөөр дарж дүүргэсэн талаар тусгажээ...Мөн гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан 2016.09.22-ны өдрийн 1 болон 2 дугаартай актад хөрсний ус дээр байх үед угсрагдсан системд гаднаас ус орж байгаа эсэхийг шалгахад ус нэвтрээгүй талар тусгажээ. Зураг төслийн Инж байгууламж ХХК-д 2013 онд боловсруулсан УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын орон сууцны гадна ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлын зураг нэршилтэй ИБ-53/2013 шифртэй зураг төслийн УАТГ 2 дугаарлалт бүхий хуудасны тайлбар хэсэгт хөрсний ус 2.6-3.1 м-ээс илэрсэн бөгөөд хур тунадас элбэг жил тогтсон түвшингээс дээш 2.5 м-р дээшлэх талаар мөн тусгагдсан байна... гэж дүгнэжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч нь А/333-1.45 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар, Уран Асар ХХК-ийн 2012 онд боловсруулсан ЭА-12/12 шифртэй барилгын зураг төслийн дагуу тухайн барилгуудын үндсэн бүтээц, цутгамал төмөр бетон хавтан бүхий суурийг хийхдээ экскаватороор 4,6 м гүн ухаж, 350 маркийн бетон, СТПЗС арматур, хэв хашмал зангидаж хийсэн, гүний усыг насосоор гадагшлуулсан, суурийн ус тусгаарлагчийг гялгар уут дэвсэж хийсэн, ул бетоныг 10 см-ийн зузаантай цутгаж, мөн суурийн хажуугаар усны хамгаалалт, битум түрхлэг түрхсэн, дулаалгын хөөсөнцөр хийж, хайрган хөрс, асгамал хөрсөөр дарж дүүргэн барьж байгуулсан нь зураг төслийн дагуу гүйцэтгэсэн талаар 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтууд болох Суурь хийсэн акт, Суурийн нүх ухсан акт, 2016.09.22-ны өдрийн Гадна бохир усны системийг угсарсан сорилтоор шалгасан акт, зургууд, инженер геологийн Таван үндэс ХХК-ийн 2012 оны УБЦТС ХК-ийн ажилчдын орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер геологийн судалгааны дүгнэлт, Инж байгууламж ХХК-ийн ИБ-53/2013 шифртэй, 2013 оны УБЦТС ТӨХК, ТБЦДС ТӨХК-ийн ажилчдын орон сууцны барилгын гадна ус хангамж, ариутгах татуургын шугамын ажлын зураг, Барилгын хөгжлийн төвийн 2013.06.04-ний өдрийн 456/2013 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтууд, 2018.07.19-ний өдрийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын орон сууцны барилгад захиалагчийн хяналт хийсэн нэгдсэн дүгнэлт, Уран асар ХХК-ийн Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт хийсэн ерөнхий дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдсон.

Иймд нэхэмжлэгчийн 47 А, Б, Е орон сууцны байруудын зоорийн давхрын ус тусгаарлагчийг технологийн дагуу засварлаж гүйцэтгэхийг даалгах тухай шаардлагыг хангах боломжгүй болно.

6. Нэхэмжлэгч нь хариуцагч компани 47Е байрны араар тойрч гарах орц, гарцыг хааж хаалт барьсан нь оршин суугчдын эрх ашгийг хохироосон, нийт талбайн 30-аас доошгүй хувьд нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх гэсэн шаардлагад нийцүүлэн автомашины зогсоол байгуулаагүй гэж үзэж хотхоны автомашины болон явган хүний орц, гарцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөхийг даалгахаар шаардсан.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25.-д гадна тохижилтын ажил гэж барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах үйл ажиллагааг ойлгохоор заасан.

Тухайн орон сууцны барилгуудын зураг төслийг боловсруулсан Уран-Асар ХХК-ийн 2012, 2018 оны УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын үйлчилгээтэй орон сууц гэсэн нэршилтэй загвар зургийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Ерөнхий архитекторын ажлын албанаас 2018. 09.16-ны өдөр баталгаажуулсан байна.

2023.06.02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-д ММ-06/2017 шифртэй зураг төслийг гүйцэтгэгч ММ архитектур ХХК-ийн зургийнЕТ 04 дугаарлалт бүхий хуудсанд13 машины ил зогсоолтой байхаар тус тус тусгасанМонгол Улсын стандарт Авто зогсоолын Ерөнхий шаардлага MNS 5342:2007-ийн 5 дахь хэсгийн 5.1-д Нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний газар, орон сууцны /хорооллын ба байрны/ ил зогсоолын төлөвлөлтийг Нийслэл болон тухайн орон нутгийн барилга хот байгуулалтын алба хариуцна гэж заасны дагуу Нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газраар загвар зургийг баталгаажуулсан байна...2.4...Батлагдсан зураг төслийн Ерөнхий төлөвлөгөө М1:1000 буюу 01 дугаарлалт бүхий зурагт нийт А, В, С, D, E, F, G буюу 7 блоктой байхаар тусгагдсан боловч А, В, С, D, G зэрэг блокуудын барилга баригдаж ашиглалтад орсон, E, F баригдаагүй, суурийн ажлыг эхлүүлсэн байдалтай байна. Хүүхдийн тоглоомын талбай руу орох 2 шат, авто машины ил зогсоол, орон сууцнуудын зоорийн давхар руу орох пандусны төлөвлөлт зураг төслийн дагуу хийгдсэн байна... гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн орон сууцны барилгын захиалагч талын хүсэлтээр үзлэг, шалгалт хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014.12.1-ний өдрийн 06/154/736 тоот Барилга угсралтын ажлын чанар, явц байдлын тухай, 2016.08.26-ны өдрийн 07/153/362 тоот Барилгын тухай, 2018.11.21-ний өдрийн 01-07-154/450 тоот Барилгын тухай дүгнэлтүүд гарсан байх бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажил холбогдох хууль, барилгын норм ба дүрэм болон Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх гэж заасантай нийцэж явагдсан тухай дүгнэсэн байна.

Хариуцагч ******* ******* ХХК-д, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын байцаагчийн 2019.10.31-ний өдрийн 034/91 дугаартай Заавал биелүүлэх албан шаардлага, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019.11.19-ний өдрийн 05/4415 тоот Зөрчил арилгуулах тухай албан бичгүүдийг явуулсан байх бөгөөд дээрх баримтуудад заасан шаардлага, зөрчлийг арилгасан талаар ******* ******* ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт явуулсан 2019.11.19-ний өдрийн 19/11/19 тоот албан бичиг, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст явуулсан 2019.12.17-ны өдрийн 13/12/17 тоот Зөрчил арилгасан тухай албан бичиг тус тус хэрэгт авагдсан байна.

Иймд хариуцагч барилгын ажлыг гүйцэтгэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3., 12.8.-д заасан шаардлагыг хангаагүй гэх талаар нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгчийн, хотхоны автомашины болон явган хүний гарц, орцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөх, байруудын гадна автомашины зогсоолыг нэмэгдүүлэх, автомашин зөрөх чиглэлээр явуулдаг нэг урсгал гаргахыг даалгах тухай шаардлагыг хангах боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо болон Ган урлал ******* ХХК-ийн хооронд 2020.03.01, 2020.09.14-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримтууд, дансны хуулгууд, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Суугчдад үлдэх хувь гэх дуудлагын баримтууд зэргийг нотлох баримтаар гарган хариуцагч ******* ******* ХХК-иас барилгын орцны хаалга солиулах, нийтийн эзэмшлийн шугам хоолойд гарсан гэмтлийг засварлуулахад зарцуулсан 4 509 340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тус СӨХ-ны харьяалах 47 А, Б, Е орон сууцны байруудын орцны 3 ширхэг хаалга эвдэрч гэмтсэн, ашиглах боломжгүй болсон талаарх шалтгаан тодорхойгүй буюу ашиглалтын явцад эдэлгээний нөхцөл, ашиглалтын горим зөрчигдсөнөөс эвдэрсэн эсэх, эсхүл уг хаалгууд чанарын доголдолтойн улмаас эвдэрсэн эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоосон баримтгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16.-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг тодорхойлсон бөгөөд дээрх орон сууцны байруудын 339 өрхийн инженерийн гадна шугам сүлжээ, халаалтын узель зэргийг хангагч байгууллага болох Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Төв түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 салбарт хүлээлгэн өгсөн болох нь 2018.10.19-ний өдрийн Есөн талст ХХК, ******* ******* ХХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Төв түгээх төвийн хооронд үйлдсэн Халаалтын узель, гадна инженерийн шугам сүлжээг хүлээлцсэн акт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 салбарын 2022.10.24-ний өдрийн 273 тоот албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооноос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т явуулсан 2018.10.04-ний өдрийн 5/1407 тоот Үйлчлэх хүрээний талаар гэсэн албан бичиг зэргээр нотлогдсон байх тул нийтийн эзэмшлийн шугамд 2020.06.17-ноос 2021.05.19-ний хооронд гарсан гэмтлийг засварлуулахад зарцуулсан 459 340 төгрөгийн зардлыг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК төлөх үүрэггүй болно.

 

8. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна, 14.4.-т Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ, 14.5.-д Энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно. гэж тус тус заасан.

Хариуцагч ******* ******* ХХК нь УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын үйлчилгээтэй орон сууцны дээрх барилгыг барьж зоорьтой, 14 давхар 124 автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй, 339 айлын хүчин чадал бүхий А, Б, Е, G орон сууцны барилга, байгууламжийг 2018.12.05-ны өдрийн 2018/696 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-р ашиглалтад оруулж, захиалагч нарт хүлээлгэн өгсөн.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш, барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд нь барилгын ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцах бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч СӨХ нь захиалагч УБЦТС ТӨХК, гүйцэтгэгч ******* ******* ХХК-д 2019.05.07-ны өдрийн 09 тоот, 2019.09.20-ны өдрийн 38 тоот албан бичгүүдээр уг барилгуудад гарсан зөрчил дутагдлын талаар хүсэлт, гомдол гаргаж байсан байна.

Мөн гүйцэтгэгч болох ******* ******* ХХК-иас барилгад гарсан зөрчил, дутагдлыг арилгаж, тухайн орон сууцны барилгын зураг төсвийн дагуу, олгогдсон техникийн нөхцөлөөр барилга анх баригдах үед өөр барилга байгууламж төлөвлөгдөөгүй байсан, барилгын зураг төсөвт тусгагдаагүй ч 47 А, Б байрны сууринд нэмэлт ус тусгаарлалтыг хийсэн, засвар үйлчилгээг үзүүлж байсан, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3., 19 дүгээр зүйлийн 19.1., 19.3., 19.4.-т заасан болон норм дүрмүүд, стандарт, техникийн шаардлагуудыг хангаж ажилласан талаар Хот байгуулалт, хөгжлийн газарт явуулсан 2019.11.19-ний өдрийн 19/11/19 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст явуулсан 2019.12.17-ны өдрийн 13/12/17 тоот Зөрчил арилгасан тухай албан бичгүүдэд дурджээ.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т зааснаар гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй боловч хуулийн 14.3.-д заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилгын захиалагч байгууллагууд, зураг төсөл зохиогч, барилгын ашиглагч, өмчлөгч нараас тухайн барилгын ашиглалтын талаар санал, гомдол гаргасан тухай баримтгүй байна.

Дээрхээс үзэхэд барилгын гүйцэтгэгч ******* ******* ХХК-иас тухайн барилгад гарсан доголдол, зөрчлийг арилгаж байсан гэж үзэхээр байх бөгөөд хуульд заасан барилга байгууламжийг зүгшрүүлэх, тохируулах хугацаа нь тухайн барилгыг ашиглалтад орсноос хойш 2019.12.17-ноос хойш Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн ******* ******* ХХК-иас барилгад гарсан зөрчил, дутагдлыг арилгаж ажилласан тухай Хот байгуулалт, хөгжлийн газарт болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст явуулсан дээрх албан бичгүүдийг үгүйсгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь 2020.01.07-ноос 2020.10.27-ны өдрийн хооронд захиалагч, холбогдох байгууллагад барилгын зөрчлийн талаар хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг зөрчөөгүй байх боловч барилга байгууламжийг зүгшрүүлэх, тохируулах хугацаа дууссанаас хойш нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон зөрчлүүд, доголдол дахин илэрсэн гэх нөхцөл байдал мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр болон нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч СӨХ-ны 47А, Б, Е орон сууцны байруудад хамтарсан үзлэг хийлгэж, тэмдэглэл үйлдэн зөрчлийг арилгахыг даалгах тухай шаардлагыг хангах боломжгүй байна.

 

9.Дээрх бүх нөхцөл байдлуудаас дүгнэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах, хүүхдийн тоглоомын талбайн гадна ба дотор ашиглагддаг савлуур, гулгуур, түүнтэй адил тоглоомуудыг хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон,

хариуцагч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК-ийн ажилчдын, 14 давхар, 124 автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй, 339 айлын хүчин чадал бүхий 47А, Б, Е, G орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ эрх бүхий холбогдох байгууллагын зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн гүйцэтгэж, барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг ханган барилга, байгууламжийг ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан шаардлагыг хангаж, мөн 14.3., 14.4., 14.5., 14.6., 14.7.-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

11.Хэрэгт шинжээч, барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Ганбатын 2022.12.22-ны өдрийн 990 520 төгрөгийн дүн бүхий шинжээчийн хөлсний тодорхойлолт, мөн шинжээч Хотын стандарт хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Энхсайханы 2023.05.11-ний өдрийн 675 000 төгрөгийн дүн бүхий шинжээчийн ажлын хөлсний тодорхойлолт тус тус авагдсан, уг шинжээчийн ажлын хөлсийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс дээрх шинжээчийн ажлын хөлсийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.,116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4., 14.7.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох, ******* ******* хотхоны 47 А, Б, Е байруудад илэрсэн доголдлуудыг арилгаж, Барилгын тухай хууль, Барилгын норм ба дүрмийн дагуу барилгын зоорийн давхрын ус тусгаарлагчийг технологийн дагуу хийлгэх, хотхоны автомашины болон явган хүний орц, гарцыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөх, хамтарсан үзлэг хийж тэмдэглэл үйлдэхийг даалгах, барилгын орцны хаалга солиулах болон нийтийн эзэмшлийн шугам хоолойд гарсан гэмтлийг засварлуулахад зарцуулсан 4 509 340 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гэрэл ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага зарим хэсэг болох нийт талбайн 30 хувьд ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулах, хүүхдийн тоглоомын талбайн гадна ба дотор ашиглагддаг савлуур, гулгуур, түүнтэй адил тоглоомуудыг хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 54 дүгээр зүйлийн 54.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шинжээчийн ажлын хөлсөнд 990 520 төгрөгийг гаргуулан шинжээч З.Ганбатад, 675 000 төгрөг гаргуулан шинжээч Хотын стандарт хяналтын газар /Э.Энхсайхан/-т тус тус олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА