| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2026/0328/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/352 |
| Огноо | 2026-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Ж.*******жаргал,
шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2026.02.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003.07.21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт *******зүрх дүүргийн 18 дугаар хороо 10-46 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:*******) ******* овогт *******ийн ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул өргөө хотхоны зогсоолын харалдаа “машин явуулахгүй саатууллаа” гэх шалтгаанаар Б.*******тай маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл /х.х-4/,
- хохирогч Б.*******ын “Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 06 цаг 25 минутанд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Ивээл хотхон 41в байрны 201 тоот гэрээсээ гараад ажилдаа Саруул өргөө гэх хотхоны хажууд явган явж байх үед хойноос машин дуугараад миний хөлийг мөргөөд дахин хажууд байсан 2 машиныг бас мөргөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт зогсоолд байсан 2 машиныг үл таних тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөөд зугтаасан гэх дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн марк-2, чазер маркийнх уу, ямар ч байсан тээврийн хэрэгслийн дугаар нь 74-31 УАВ дугаартай машин байсан.
Тэгээд би зогсоолд байсан мөргүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч нарт утсаар холбогдож мэдэгдсэн. Тэгсэн чинь нөгөө мөргөсөн тээврийн хэрэгсэл нааш цааш маш хурдтай яваад байсан. Тэгэхээр нь тухайн мөргөсөн тээврийн хэрэгслийг зогсоогоод явж болохгүй гэж шаардлага тавьсан. Буцаж дахин эргэх үед нь би тээврийн хэрэгслийн урдуур нь ороод зогсоож дахин 2 дахь удаагаа шаардлага тавьсан. Тэгсэн тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь хажуу дахь эмэгтэйгээ хүргэж өгнө гэж явах гэж оролдсон. Тэгээд миний бие машиных нь түлхүүрийг авсан болно. Тэгээд нөгөө тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирээд “чи ямар овоо пизда вэ” гэж хэлээд гартаа атгасан зүйлээрээ миний нүүр хэсэгт цохиж намайг гэмтээсэн ба миний хөмсөг хэсэгт цохин гэмтээж улмаар би 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /х.х-9-10/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2026.01.12-ны өдрийн ЕГ0726/******* дугаартай “Б.*******ын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-19-20/,
- Сэжигтэн Г.*******гийн: “Би 2026 оны 01 дүгээр сарын 07-ны үүрээр гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ орсон чинь эхнэр уурлаад байхаар нь би буцаад гарсан. Тэгээд хотхоноосоо дөнгөж гараад машиндаа сууж байгаад өөрийн гэр рүүгээ харъя гэж бодоод машинаа асаагаад хурдтай огцом хааз өгсөн чинь цас орчихсон байсан болохоор бөгсөө хаяад гулгаад зогсоолд байсан 3 машины хамрыг мөргөчихсөн. Миний машин механик араатай, хойноо хөтлөгчтэй болохоор жаахан хааз өгөхөд бөгсөө хаячихсан. Тэгээд эргэх газар байгаагүй болохоор хаалтан дээр очиж ирээд эргэж ирээд зогссон. Зогсчихоод машинаасаа буугаад шүргэсэн 3 машины эздүүдийг дуудах гээд буутал нэг ах байсан тэр ах “чи зугтаах гэж байна” гэж дайраад байхаар нь “би зугтаахгүй” гээд машины түлхүүрээ өгсөн чинь тэр ах намайг заамдаад байхаар нь зөрөөд заамдалцаж зогсож байсан чинь тэр ах надруу цохих гээд гараа далайсан. Би цочсондоо тэр ахыг 1 удаа духаараа мөргөчихсөн. Тэгээд цагдаа нар хүрч ирээд намайг аваад замын цагдаа руу аваад явсан. Би тэгээд маргааш нь 3 машины хохирлоо барагдуулаад дууссан” гэх мэдүүлэг /х.х-14/,
- хохирогч Б.*******ын “сэтгэцэд гарсан хохирол тогтоолгохгүй болно. Г.******* хийсэн үйлдэлдээ харамсаж эрүүл мэндийг минь үзүүлж гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэх хүсэлт /х.х-43/,
- Яллагдагч Г.*******гийн: “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-56/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.*******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул өргөө хотхоны хажууд Б.*******тай тухайн үед үүссэн маргааны улмаас нүүрэн тус газар нь цохиж биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь иргэн Б.*******тай маргалдаж, шууд бус санаатайгаар нүүр хэсэгт нь мөргөсний улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.*******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2026.01.12-ны өдрийн ЕГ0726/******* дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б.******* нь “сэтгэцэд гарсан хохирол тогтоолгохгүй болно. Г.******* хийсэн үйлдэлдээ харамсаж эрүүл мэндийг минь үзүүлж гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг хөнгөн шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэх хүсэлт гаргаж /х.х-43/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо.
Шүүгдэгч Г.******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-23/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч Г.*******гийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, 500000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар тусгайлан шийдвэрт тусгах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Б.*******ад 2500000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын газрын төрийн санд 190000 төгрөг тус тус шилжүүлсэн, хохирогч иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Г.*******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ