Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2023/05307/И |
Дугаар | 182/ШШ2024/01905 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/01905
2024 04 29 | 182/ШШ2024/01905 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч хаягт байрлах ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух Х овогт Б-н ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 12 409 285.66 гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.*******тэй 2018.04.19-ний өдөр ******* банкны Сансар тооцооны төв нь 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулсан бөгөөд үүний үндсэн дээр 5 000 000 төгрөгийн алтан кредит картын бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд 3 хувь буюу жилийн 36 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд хэрэглээний зориулалттай зээл олгосон.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэл гаргаж байгаа өдрийн байдлаар буюу 2023.11.27-ны өдөр үндсэн зээлийн өр 4 941 572 төгрөг, хүүгийн өр 5 482 316.34 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл буюу нэмэгдүүлсэн хүүд 1 921 976.46 төгрөг, гүйлгээний шимтгэл 50 600 төгрөг, нийт 12 396 285.66 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн төлбөрөөс 10 374 306.50 төгрөг, хүү 2, 501 217.19 төгрөг, гүйлгээний шимтгэлд 2 300 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 60 000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021.03.16-нд дууссан боловч цар тахлын үед хэрэглээний зээлийг 1 жилээр сунгасан, ингээд 2021.03.16-нд хугацаа дууссан. Хэрэгт зээлийн дансны хуулга, зээлийн хүүгийн тооцооллыг нарийвчлан тооцож гаргасан баримтуудыг өгсөн.
Кредит карт нь зээлийн хэрэглээний зориулалттай. Лимит олгож байгаа картыг харилцагч нь зарцуулж ч болно, зарцуулахгүй байж ч болно. Кредит карт нь зарцуулсан, төлөгдсөн дүнгээрээ эрх нь сэргээд явдаг. Б.******* нь 2018.04.19-нд зээл аваад 2020.01.30-ныг хүртэл 9 704 000 төгрөг зарцуулсан. Энэ зарцуулалтаас 7 864 000 төгрөг төлсөн. Бэлэн бус зарцуулалтаар 5 484 879 төгрөг зарцуулr, үүнээсээ 2 383 370 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ бэлэн болон бэлэн бус зарцуулалтын дүн нь 15 188 879.40 төгрөг болсон. Үүнээс нийт бэлэн болон бэлэн бус төлөлт нь 10 247 340 төгрөг, зарцуулалтын үлдэгдэл нь 4 941 572.86 төгрөг болж үлдсэн. 2020.01.31-нээс хүү төлөх үүрэг үүссэн. Хүүд нийтдээ 2 602 280.79 төгрөг төлсөн байна.
Энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан банкны зээлийн гэрээ бөгөөд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гэрээнд тусгасан бол зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан, үүний дагуу л төлөгдөх төлбөрүүд юм. Зээлийн хүүг банкны Кредит картын журамд заасан аргачлалын дагуу болон мөн Монголбанкнаас баталсан зээлийн хүү тооцох аргачлалын дагуу нарийвчлан тооцсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12 396 285.66 төгрөг, нэхэмжлэлийг гаргахтай холбогдуулан гарсан нотариатын зардал 13 000 төгрөг нэмэгдэж нийт 12 409 285.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны гүйцэтгэх захирлын 2017.08.16-ны өдрийн А/277 тоот тушаалаар салбаруудын захирлуудад 5 сайн харилцагчид хүсэлтийг үндэслэн 5 хүртэлх сая төгрөгийн эрхтэй алтан кредит карт олгох, банкны ажилчдад 1 000 000 төгрөг хүртэлх эрхтэй кредит карт олгох тушаал гарсан байна.
Үүний дагуу тус банкны Сансар тооцооны төв нь Б.*******тэй 2018.04.19-ний өдрийн 18/90 дугаартай карт эзэмших гэрээгээр 5 000 000 төгрөг олгосон. Хэрэгт авагдсан Кредит картын журмыг шинэчлэн баталсан. Энэ журмын 1.2-т нь кредит картыг судалж олгох, нэгж, картын үйл ажиллагаанд оролцогч банкны газар хэлтсийг нэгтгэж ажиллахыг, 2.1.1-т иргэний эрх зүйн чадамжтай байх, 2.1.2-т энэ картыг авч байгаа хүн банктай хамтран ажиллах гэрээний хүрээнд 6 сарын хугацаанд банкаар дамжуулан цалингаа авсан, бизнесийн орлогын 50-с доошгүй хувь нь 6 сараас доошгүй хугацаанд банк дахь дансаар дамжин хийгдсэн сайн харилцагч байх, эсвэл банканд хугацаатай хадгаламж эзэмшдэг иргэн байх, банкны хувьд стратегийн ач холбогдолтой харилцагч байх гээд тодотгож заасан. Энэ шаардлагуудыг алийг нь ч Б.******* хангаагүй, Хятад улсад сурч байсан оюутан гэдгээ хүсэлтдээ бичсэн. Алтан кредит картын журмын 2.2.2-т банк шаардлагатай тохиолдолд хөдлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийг нэмж барьцаалж болно гэсэн. Гэтэл 15-87 УБЭ Тоёота альфард машин барьцаалсан нь тухайн үедээ өөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай байгаа нь хавтаст хэрэгт авсан баримтаар тогтоогдож байгаа. Хавсралтын 1.1-д заасан ирээдүйн бизнесийн орлого гэдэг зүйл картын журамд байхгүй. Гэтэл ирээдүйн бизнесийн орлого хэвийн, 3 000 000 төгрөг гэж заасан мөртлөө 5 000 000 төгрөг олгоод байгаа нь ойлгомжгүй. Журмын 2.3.5, 2.3.6-д орлого нотлох баримт, нийгмийн даатгалын дэвтэр байх ёстой, орлого тодорхойлох баримт бичгүүд байх ёстой, барьцааны зүйлийн бичиг баримт, лавлагаа, итгэмжлэл, зөвшөөрөл гэх мэт зүйлүүд нь бүгд байхгүй.
Эдгээр баримтыг гаргаж өгсний дараа банк судалгаа шинжилгээ хийх ёстой юм байна. Судалгаа шинжилгээ хийхдээ сарын орлого нь өр, зээлийн төлбөрийг тогтмол төлж чадах эсэхийг тогтоох ёстой. Хэрвээ тийм биш бол алтан кредит карт олгохдоо тухайн үнийн дүнгээр хугацаатай хадгаламжийн картыг дуусах хүртэл хугацаатай хадгаламжийг барьцаалдаг зээлийн журам байдаг. Гэтэл *******д хугацаатай хадгаламж байхгүй. Зөвхөн нэгж байгууллагын банкны захирлын тодорхойлсон стратегийн ач холбогдолтой харилцагчид уян хатан нөхцөл тогтоохдоо зөвхөн кредит картын зээлийн лимитийн хэмжээнд хөнгөлөлт үзүүлнэ гээд заалт байдаг. Энэ картыг олгохдоо картын өргөдөл, судалгааны маягт гэж байгаа. Энэ маягт, иргэний үнэмлэх, судалгаа шинжилгээ хийсэн баримт, зээлийн хорооны хурлын шийдвэрийг хавсаргаж байж зээл олгох ёстой. Хадгаламж, бизнесийн орлого, сарын цалингийн орлогыг барьцаалж тухайн авч байгаа зээлийн хэмжээнд хүрэхэд банканд эрсдэлгүй байдлаар олгох гэж байгаа зээлийн төлбөр тооцоолох аргачлалыг заасан байна. Бэлэн болон бэлэн бус гүйлгээг томьёогоор бодож, систем дээр банкны ажилтан автоматаар тооцдог.
Гэтэл үндсэн шаардлагуудыг хангаагүй зээл дээр оюутан хүнд шууд 5 000 000 төгрөг өгсөн нь банк өөрсдийн журамтайгаа уялдуулж зээл өгөөгүй. Алтан кредит картын журмын 4 дүгээр зүйлд картын хүү, шимтгэлийг тооцох болон карттай холбоотой нэмэлт үйл ажиллагааг хийнэ, 5.5-д картыг хаах гэж байгаа, 5.4.1-т хугацаатай хадгаламж барьцаалсан карт эзэмшигчийн эрх, үүрэг, карт эзэмшигч нь хуурамч материал бүртгүүлсэн, санаатай журам зөрчсөн давуу байдлаар карт олгогдсон тогтоогдсон гэсэн. Банкны удирдлага, зээлийн гэрээний мэргэжилтэн, ажилтан нь санаатайгаар банканд хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Б.******* бол оюутан гэдгээ хэлсэн. Өөр байгууллагад барьцаатай машиныг барьцаалсан. Сүүлийн 6 сард хийгдсэн гүйлгээ байхгүй. Өөрсдийн 5 000 000 төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж байхгүй. Алтан кредит картын журмын 5.4.4-д картыг сүүлийн нэг жилийн хугацаанд ашиглаагүй бол картыг цуцална гэж заасан. Өртэй гэдгээр нь цуцлахгүй, хүү бодоод нэмээд байдаг. 5.4.5-т барьцааны зүйл дутагдсан, өөрчилсөн, үрэгдсэн, шилжсэн, ашиглах боломжгүй болсон, барьцаа хөрөнгө өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал, чанар, бүрэн бүтэн байдал нь гэрээ хийсэн үеэс зөрчилтэй, эсвэл маргаантай болохыг нь банк илрүүлсэн эсвэл гуравдагч этгээд тогтоосон бол цуцална гэж заасан. Журмын 5.5-д банкны санаачилгаар буюу 5.4-д заасан үндэслэлээр картыг хаахдаа зээлийн ажилтан, нэгжийн захирал картыг хаах үндэслэл шалтгааны талаар бичгээр тайлбар гаргаад картыг банкны санаачилгаар хаах тухай мэдэгдлийг карт эзэмшигчид цахим шуудангаар мэдэгдэн 5.3.1, 5.3.2-т заасны дагуу картын дансыг хаах арга хэмжээг авна гэж заасан. Картын хугацаа дууссан эсвэл хадгаламж барьцаалсан кредит карт руу зээлийн мөнгөний хугацаа дууссан бол банк картыг эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсноор картыг хүчингүй болгож хаана гэж заасан.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлд стандарт нөхцөл, гэрээнээс салшгүй хэсэг болно, 200.1-т гэрээний нэг тал нь нөгөө талдаа санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж заасан.
Гэтэл Б.*******тэй байгуулсан 2008.04.19-ний өдрийн 18/90 дугаартай карт эзэмших гэрээний нэг тал нь буюу банк хуулиар тодорхойлох буюу хуулийн заалтыг тодотгосон журмаар зөрчиж, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг зөрчсөн. Стандарт нөхцөлийг зөрчиж, хийгдсэн гэрээ байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдалд талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан байна.
Иймд гэрээг стандарт бус, хэвийн бус гэрээ гэж үзэж 2018.04.19-ний өдрийн 18/90 дугаартай Кредит карт эзэмших гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү.
Банкийг хохиролгүй болгох үүднээс хариуцагчийн авсан 5 000 000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 4 941 527 төгрөгийг буцааж төлнө, бусдыг нь төлөхгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет, 2018.04.19-ний өдрийн 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ, хавсралт, зээлдэгчийн анкет, Б.*******гийн тус банк дахь 103100517630 тоот кредит дансны хуулга, кредит дансны зээл, хүүний тооцооллын хүснэгт, Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-үүд /хх-ийн 7-32, 139/, кредит дансны дэлгэрэнгүй хуулга, лавлагаа, хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 61-129/ зэргийг,
4. Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Б.*******гийн Е-1213439 дугаартай гадаад паспортын хуулбар /хх-ийн 43, 46-49/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
5.Тус шүүхийн шүүгчийн 2024.03.20-ны өдрийн 5076 дугаартай захирамжийн дагуу хариуцагч талын хүсэлтээр, Авто тээврийн үндэсний төвийн 2024.03.25-ны өдрийн 109 тоот лавлагаа, хавсралт, 2018.04.19-ний өдрийн ******* банк ХХК-ийн Сансар тооцооны төв-ийн Зээлийн хорооны хурлын шийдвэр /хх-ийн 59-60, 130/,
Тус шүүхийн шүүгчийн 2024.04.10-ны өдрийн 6603 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн ******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.06.28-ны өдрийн А/246 тоот Кредит картын журам шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Кредит картын журам, гүйцэтгэх захирлын 2017.08.16-ны өдрийн А/277 тоот Эрх олгох тухай тушаал /хх-ийн 154-161/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4 941 572.86 төгрөг, зээлийн хүүнд 5 482 316.34 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэлд 1 921 796.46 төгрөг, гүйлгээний шимтгэлд 50 600 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 12 409 285.66 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс, нэхэмжлэлийн шаардлагын 10 414 488 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, Б.******* нь 2018.04.19-ний өдөр 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний дагуу 5 000 000 төгрөгийн алтан кредит картын бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд 3 хувь буюу жилийн 36 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд хэрэглээний зориулалттай зээл олгосон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар зээлийн өр 4 941 572 төгрөг, хүүгийн өр 5 482 316.34 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 1 921 976.46 төгрөг, гүйлгээний шимтгэл 50 600 төгрөг, нийт 12 396 285.66 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг нэмэгдэж нийт 12 409 285.66 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
2. Хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлээс үндсэн зээл 5 000 000 төгрөгөөс үлдсэн 4 941 572 төгрөг буюу зарим хэсгийг зөвшөөрч, ******* банк ХК нь Кредит картын журам-ын 2.1.2, 2.2.2-д заасан бизнесийн орлогын 50-с доошгүй хувь нь 6 сараас доошгүй хугацаанд банкан дахь дансаар дамжин хийгдсэн сайн харилцагч байх, банканд хугацаатай хадгаламж эзэмшдэг иргэн байх, банкны хувьд стратегийн ач холбогдолтой харилцагч байх гэсэн шаардлагыг хангаагүй оюутан гэдгээ бичсээр байхад зээл олгосон, 2.3.5, 2.3.6-д заасан нотлох баримтуудыг бүрдүүлээгүй, ирээдүйн орлого нь 3 000 000 төгрөг гэсэн мөртлөө 5 000 000 төгрөг олгосон нь үндэслэлгүй, бусдын барьцаанд байсан автомашиныг зээлийн барьцаа болгосон, 5.4.4, 5.4.5-д зааснаар картыг сүүлийн нэг жилийн хугацаанд ашиглаагүй бол картыг цуцлах, барьцааны зүйл нь зөрчилтэй бол картыг цуцлах мэдэгдэл өгч цуцлах ёстой байхад цуцлаагүй хүү тооцсон, Б.*******тэй байгуулсан 18/90 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1.-д зааснаар стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч, нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх тул гэрээг стандарт бус, хэвийн бус гэрээ гэж үзэж хүчингүйд тооцох үндэслэлтэй, үндсэн зээлээс бусад хүүг төлөх үүрэггүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-иас 2018.04.19-ний өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын зээлийг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд 3 хувь буюу жилийн 36 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалттай зээлсэн болох нь талуудын хооронд байгуулсан 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ, гэрээний хавсралт, Б.*******гийн зээл хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет, зохигчдын тайлбар, Б.*******гийн тус банк дахь 103100517630 тоот кредит дансны хуулга зэргээр нотлогдсон.
Гэрээний 1.2.1-д зааснаар Кредит карт гэж банкнаас олгосон эрхийн хэмжээнд зээлээр төлбөр тооцоо гүйцэтгэх, зарцуулалтаа тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөл бүхий карт-ыг, 1.2.4-т зааснаар Зээлийн лимит гэж банкнаас карт эзэмшигчид олгосон картаар ашиглах боломжит зээлийн дээд хэмжээ-г, 1.2.5-д зааснаар Ашигласан зээл гэж картын бэлэн болон бэлэн бус гүйлгээгээр зарцуулсан дүн-г ойлгохоор, 1.2.12-т зааснаар Зээлийн хүү гэж картаар хийгдсэн бэлэн болон бэлэн бус гүйлгээнд тооцох хүүгийн хувь хэмжээ-г, Бэлэн бус гүйлгээ гэж худалдаа үйлчилгээний байгууллагаас картаар худалдан авалт хийх-г, Бэлэн гүйлгээ гэж банкны нэгж АТМ эсхүл картаар үйлчлэгч байгууллагаас ...бэлэн мөнгө авах болон карт, картын данснаас шилжүүлэг хийх, төлбөр төлөх гүйлгээ-г тус тус ойлгохоор талууд тодорхойлж заасан байна.
3.3.Үүнээс үзэхэд хариуцагч нь банкнаас олгосон эрхийн хэмжээнд зээлээр төлбөр тооцоо гүйцэтгэх, зарцуулалтаа тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөл бүхий кредит картыг ашиглан гэрээний 2.5.1-д зааснаар бэлэн гүйлгээнд жилийн 36 хувийн, 2.5.2-т зааснаар бэлэн бусаар хийх гүйлгээнд жилийн 24 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан 08/90 тоот Кредит карт эзэмших гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1./ заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болно.
3.4.Талуудын хооронд байгуулсан 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний дагуу нэхэмжлэгч банкнаас 2018.04.19-ны өдрөөс 5 000 000 зээлийн эрхийг нээж, зээлдэгч нь мөн өдрөөс эхлэн 2020.01.31-нийг хүртэл хугацаанд бэлэн зарцуулалтаар 9 704 000 төгрөг, бэлэн бус зарцуулалтаар 5 484 879 төгрөг, нийт 15 188 879 төгрөг зарцуулж ашигласан байх бөгөөд гэрээнд заасны дагуу кредит картын бэлэн болон бэлэн бус зарцуулалтын хүүд гэрээний хугацаанд болон түүнээс хойш 2023.11.27-ныг хүртэлх хугацаанд нийт 7 983 533 төгрөгийн хүү хуримтлагдсан байна.
Үүнээс зээлдэгч нь 2018.05.12-ноос 2020.01.31-нийг хүртэл хугацаанд бэлэн гүйлгээний зарцуулалтаас 7 864 000 төгрөг, бэлэн бус гүйлгээний зарцуулалтаас 2 383 307 төгрөг, хуримтлагдсан зээлийн хүүнээс 2 602 281 төгрөг тус тус төлж, кредит картын зээлд 4 941 572 төгрөг, зээлийн хүүд 5 482 316 төгрөгийн үүрэгтэй үлдсэн нь Б.*******гийн тус банк дахь 103100517630 тоот кредит дансны дэлгэрэнгүй хуулга, кредит дансны зээл, хүүний тооцооллын хүснэгт, лавлагаа зэргээр нотлогдсон.
4.Талуудын хооронд байгуулсан 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний 2.3-т зааснаар зээлийн лимитийн хугацаа 24 сар гэж заасан, энэ хугацаа 2020.04.19-нд дууссан байх бөгөөд нэхэмжлэгчээс 202021.12.13, 2023.03.01, 2023.06.07-нд тус тус зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан нь зээлдэгч Б.*******гийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж байсан талаарх Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-дээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тасалдсан, нэхэмжлэгчээс 2023.12.04-нд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.
Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1., 240 дүгээр зүйлийн 240.1.-д заасан үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдоогүй байна.
5.******* банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.06.28-ны өдрийн А/246 тоот Кредит картын журам шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан Кредит картын журам-ын 2.1-д харилцагчид тавих шаардлагыг тусгаж, 2.1.2-т Банктай хамтран ажиллах гэрээний хүрээнд 6 сарын хугацаанд банкаар дамжуулан цалингаа авсан, бизнесийн орлогын 50-с доошгүй хувь нь 6 сараас доошгүй хугацаанд банк дахь дансаар дамжин хийгдсэн сайн харилцагч байх,эсхүл банканд хугацаатай хадгаламж эзэмшдэг иргэн, банкны хувьд стратегийн ач холбогдолтой харилцагч байх гэж, 2.3.5-д Орлого нотлох баримт /цалингийн тодорхойлолт, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох баримтууд, хадгаламжийн дэвтэр эх хувиар/, 2.3.6-д Нийгмийн даатгалын дэвтэр /орлого тодорхойлох баримт бичгүүд орно/ гэж тус тус заасан байна.
Хэрэгт дээрх журамд заасан нөхцөлүүдийг хангасан, орлого тодорхойлсон баримт авагдаагүй хэдий ч тус банкны гүйцэтгэх захирлын 2017.08.16-ны өдрийн А/277 тоот Эрх олгох тухай тушаалын 2 дахь хэсэгт заасны дагуу 2018.04.19-ний өдрийн Б.*******гийн зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет зэргийг үндэслэн нэхэмжлэгч банкнаас дээрх зээлийг олгосон нь түүний хүсэл зориг, эрх ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан гэж, 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасны дагуу гэрээний талууд сайн дурын үндсэн дээр, хүсэл зоригоо илэрхийлэн, зээлдэгч нь банкнаас тогтоосон эрхийн хэмжээнд өөрийн хэрэгцээ, шаардлага үүссэн үед Кредит картын журам-ын 1.6.1-д заасны дагуу зээлийн лимитээс бэлэн бус гүйлгээгээр зарцуулах хэмжээнд хязгаарлалт тогтоохгүйгээр, 1.6.2-т заасны дагуу зээлийн лимитийн хэмжээгээр картаас бэлэн мөнгө авах, шилжүүлэг хийх, төлбөр төлөх зэргээр бэлэн гүйлгээг хийх, ингэхдээ бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд 3 хувь буюу жилийн 36 хувийн хүү, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 2 хувь буюу жилийн 24 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзнэ.
6.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж, 202 дугаар зүйлийн 202.1.-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Тус банкны Кредит картын журам-р тодорхойлж тогтоосон кредит карт эзэмших хүсэлт гаргасан харилцагчид карт олгох, картын төлбөрийг төлүүлэх харилцааны хүрээнд банкнаас олгосон зээлийн лимитээс ашигласан зээлийн дүнгээр зээлжих эрх буурч, төлөгдсөн зээлийн дүнгээр зээлжих эрх нь сэргэж байх онцлогтой Кредит карт эзэмших гэрээ-г талууд байгуулж, харилцагчид банкнаас тогтоосон зээлийн эрхийн хэмжээнд хэрэглээний зориулалтаар зээлийг олгохдоо зээлийн лимит бүхий кредит картын хугацаа, зээлийн хүү, шимтгэл хураамж, эргэн төлөгдөх нөхцөл зэрэг тус банкны харилцагч нарт байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөлүүдийг 18/90 тоот гэрээндээ зааж тодорхойлсон байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан дээрх 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-р тохиролцсон гол нөхцөлүүд нь гэрээний нөгөө талд буюу зээлдэгчид хохиролтой, шударга ёсны зарчимд харшилсан гэх, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.-т заасан гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.
7. Зохигчдын хооронд байгуулсан 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний 1.2.11-д Хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж төлбөр төлөх хугацаанд багтаан төлөөгүй хамгийн бага төлбөрийн дүнгээс банкны ҮХШЕН-д заасны дагуу тооцох шимтгэлийг ойлгохоор, 3.3-т Карт эзэмшигч нь гэрээний 2.6.2-т заасан төлбөр төлөх хугацаанд банкнаас банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрөөс багагүй төлбөрийг буцаан төлөх ба хамгийн бага төлбөрийг төлөөгүй, эсхүл дутуу төлсөн тохиолдолд банк гэрээний 2.5.1-д заасан хугацаа хэтрүүлсэн шимтгэлийг тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч нь дээрх хугацаа хэтрүүлсний шимтгэл буюу нэмэгдүүлсэн хүүд 1 981 796 төгрөг тооцогдож, төлсөн 60 000 төгрөгийг хасч 1 921 796 төгрөгийг нэхэмжилсэн боловч гэрээний дээрх заалтууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх заалттай нийцэхгүй байна.
Иймд 1 981 796 төгрөгийг хугацаа хэтрүүлсний шимтгэлд тооцох, үлдэгдэл гэх 1 921 796 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй болно.
8. Нэхэмжлэгч нь 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний хугацаа 2020.04.19-нд дууссан боловч 2021.04.19-нийг хүртэл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж тайлбарлаж байх боловч, талууд уг гэрээний хугацааг сунгасан тухай гэрээ хэрэгт авагдаагүй байна.
Мөн Кредит картын журам-ын 5.4.4-т зааснаар картын сүүлийн 1 жил ашиглаагүй бол банк картыг хаах арга хэмжээг авах бөгөөд 5.5-д зааснаар зээлийн ажилтан нэгжийн захиралд картыг хаах үндэслэл, шалтгааны талаар бичгээр тайлбар гаргаж, картыг банкны санаачилгаар хаах тухай мэдэгдлийг карт эзэмшигчид цахим шуудангаар хүргүүлэн, 5.3.1, 5.3.2-т заасны дагуу ашигласан зээлийн төлбөрийг бүрэн төлүүлж карт, картын дансыг хаах арга хэмжээг авсан талаар хэрэгт баримтгүй байна.
Талуудын хооронд байгуулсан 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний гэрээний 6.2-т Банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно. Үүнд: 6.2.6. Картыг сүүлийн 1 жилийн хугацаанд ашиглаагүй бол банкнаас гэрээг цуцлах боломжтой байхаар заасан байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Кредит карт эзэмших гэрээ-г талууд хэн аль нь цуцлах санал гаргаагүй байх бөгөөд гэрээний 3.9-д Гэрээний хугацаа дуусгавар болж карт эзэмшигч картын төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь картын төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ гэж зааснаас үзэхэд 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ-г гэрээний талууд цуцалж дуусгавар болгоогүй байна.
9.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүтөлөх үүрэгтэй гэж, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү...төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү...төлнө гэж тус тус заасан.
Иймд хариуцагч нь тухайн үед буюу зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx хаяг бүхий Монголбанкны вэб сайтад нийтлэгдсэн Монголбанкны ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236, /2018.07.23-ны өдрийн А-203/ дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам түүнчлэн Кредит картын журам-ын 4.1.2, 4.1.3-т заасны дагуу зээлдэгчийн зээлийн дансны хуулга, зээлийн хүү тооцооллыг үндэслэн тооцоход кредит картын зээлд 4 941 572 төгрөг, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүүд 5 482 316 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй.
10.Эдгээр үндэслэлүүдээр, хариуцагч Б.*******гээс 2018.04.19-ний өдрийн Кредит карт эзэмших гэрээ-ний үүрэгт болон гүйлгээний шимтгэлд нийт 10 414 488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлээс хугацаа хэтрүүлсний шимтгэлд 1 981 797 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангах үүргээ хэрэгжүүлэн зарцуулсан гэх нотариатын зардалд төлсөн гэх 13 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэх боломжгүй тул нийт 1 994 796 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.*******гээс 181 581 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 10 414 488 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлээс 1 994 796 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА