Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 335

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ч.Отгонбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч П.Т , түүний өмгөөлөгч Д.Мөнхцэцэг,

хохирогч Б.М , түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Х овогт П.Т д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020640 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт П. Т , 1982 оны 10 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны ...... дугаар байр ...........оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /Рд:,,,,,,,,,,,,,,/.

Шүүгдэгч П.Т  нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Алтай хотхоны ....... дугаар байрны ...........эхнэр Б.М ыг гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч П.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: Эхнэр бид хоёр хамт амьдарч эхлээд одоо 2 хүүхэдтэй. 2017 оны 2 дугаар сарын 13-ны маргааны улмаас намайг зодсон гэж цагдаа дуудаж би цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Би 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод эхнэртэйгээ эвлэрэх гэсэн боловч М  сонирхолтой байна гэж надад хэлж ба йсан. Би тухайн маргаан болсон өдрөөс хойш хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй байдалтай байна. М  бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байдаг гэв.

Хохирогч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт: Т  маш олон удаа намайг зодож гар хүрдэг байсан. 2-оос 3 удаа би ажилдаа явж чадахгүй үе байсан. Намайг орцонд хүртэл зодож байсан. Манай нөхөр надад гэмтэл учруулаагүй гэж байна. Т ын хувьд байнга өөрийгөө өмөөрдөг. Т  надаас 1 ч удаа уучлалт гуйсан тохиолдол байхгүй ба маш огцом ууртай 2013 онд найз нартайгаа хамт зодоон хийсэн гээд Эрүүгийн хэрэг үүсчихсэн би цагдаагийн газар очиж батлан даалтанд авч байсан бөгөөд хэрэгт холбогдсоны дараа Америк руу зугтаад яваад өгсөн. 1 жилийн дараа цагдаагийн байгууллагаас Т  хаана байгаа талаар лавлаж асууж байсан. Т  намайг цохиж зодоогүй гэж мэдүүлж байгаад нь би харамсаж байна. Эд хөрөнгийн маргааны улмаас биш би гэрт нь хүргэж өгөөгүй болохоор анх маргалдаж эхэлсэн. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна. Миний гаргаж өгсөн эмчилгээний баримтуудыг цуглуулж өгөх гэсэн боловч тухайн эмнэлэг зуны саруудад ажиллахгүй байсан болохоор баримтуудыг дутуу гаргаж өгсөн гэв.

Хохирогч Б.М ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Т  над руу яриад гэрээс юм авах хэрэгтэй байна, чи намайг нэгдүгээр хороолол цамбаргаравын орчим байрлах аавынхаас ирээд аваадах гэхлээр нь би 17 цаг өнгөрөөгөөд нөхөр Т ыг очиж аваад  20 цагийн орчим нөхөр Т  охин Т.Д нарын хамт Баянгол дүүргийн Алтай хотхоны .............байрлах гэррүүгээ орж ирсэн. Тэр үед манай нөхөр надаас хоёр хүүхдийнхээ төрсний гэрчилээг авах гэж ирсэн байсан бөгөөд би хүүхдүүдийн төрсний гэрчилгээг өгсөн чинь нөхөр Т  намайг одоо буцаагаад нэгдүгээр хороололд хүргэж өг гэхээр нь би чадахгүй өөрөө яв би ядраад байна гэсэн чинь өөдөөс намайг хүргэж өгөх ёстой гээд эд хөрөнгийн талаар шүүх дээр маргаж байгаа талаараа хэрүүл хийгээд байсан. Тэгээд Т  чи надад таксины мөнгө өг гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь дунд өрөөний ширээн дээр байсан миний цүнхийг аваад хэтэвчнээс мөнгө авах гэхээр нь би өгөхгүй гээд цүнхээ булаацалдсан. Тэгсэн чинь намайг түлхээд миний цүнхээр нүүр рүү саваад 2-3 удаа цохисон. Тэгээд миний нуруу руу өөрөөсөө холдуулж түлхээд байсан. Тэгснээ миний машины түлхүүр, гар утас цүнхийг аваад гэрээс гараад явчихсан. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3162 дугаар дүгнэлтэд: “Б.М ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 12/, 

Яллагдагчаар П.Т ын мөрдөн байцаалтад өгсөн: ”...манай аав хагалгаанд ороод би аавыгаа асарч байгаа. Аав гадагшаа яаралтай хагалгаанд явах шаардлагатай байгаа юм. Тиймээс асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Миний энэ үйлдлээс М ад учирсан шууд хохирлыг ямар нэгэн маргаангүйгээр шууд төлөхөө илэрхийлж байна. /хх-ийн 65/ гэсэн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 17/, ял шалгах хуудас /хх-ийн 18/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 19/, хохирол төлсөн тухай баримт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Т  нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны ...........эхнэр Б.М ыг гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.М ын “... намайг түлхээд миний цүнхээр нүүр рүү саваад 2-3 удаа цохисон. Тэгээд миний нуруу руу өөрөөсөө холдуулж түлхээд байсан” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3162 дугаар дүгнэлт,  хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 9, 107/, П.Т аас хохирогч М ын данс руу 588.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Баянгол дүүргийн прокурорын газраас, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Алтай хотхоны 20 дугаар байрны ...........эхнэр Б.М ыг гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 Иймд П.Т ын үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Т ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ

Хохирол төлбөрийн талаар хохирогч Б.М  нь баримтаар нийт 588.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс П.Т  нь 588.000 төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтуудаар нотлогдогдож байх тул хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч П.Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч П.Т ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ талаар гаргасан улсын яллагчийн санал үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч, түүний өмгөөлөгчийн “шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийн өвчтэй эцгээ асардаг байдал, хохирлоо төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт П.Т ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бимүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР