Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2023/0024

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г,

Хариуцагч: ОА-ийн ЗДТГ /дарга Ш.Г/,

Хариуцагч: ТАЗ-ийн ОАДСЗ,

Нэхэмжлэлийн шаардлага: ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗ-ийн ОАДСЗ-д даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

          ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г нь ТАЗ-ийн ОАДСЗ-д холбогдуулан

-ОА-ийн ЗДТГ /цаашид ЗДТГ гэх/-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

- “Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэх”,

ОА-ийн ЗДТГ-ын Тамгын газар /дарга Ш.Г/-т холбогдуулан

- “ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах”-аар тус тус маргажээ.

2. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд хандсан ба тус зөвлөл нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/818 дугаартай албан тоотоор хариуг өгч, иргэн Г.Г нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хандсан тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч нь анх 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд:

3.1. “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын ахлах түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтад шаардлага хангаагүй хүнийг оролцуулан томилсныг хүчингүй болгуулах”, /Хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

3.2. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэр, ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” /Хавтаст хэргийн 221 дүгээр тал/,

3.3. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗОАДС-т даалгах” гэж тодорхойлж, шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцов.

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

4.1. ОА-ийн ТАЗ-өөс зохион байгуулсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын ахлах түшмэлийн албан тушаалд, тусгай шалгалтад уг албан тушаалын тодорхойлолтод дурдсан албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй хүнийг оруулж өрсөлдүүлсэн.

Дээрх Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаал нь дэс түшмэл ТЗ-10 ангилал, зэрэглэлд хамаарах бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар ... бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байхаас гадна туршлага буюу Төрийн албанд 5-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, мөн хяналт шалгалт үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх үндсэн шаардлага тавигддаг. Гэтэл Б.О нь хяналт-шинжилгээ үнэлгээний чиглэлээр огт ажиллаагүй байхад буюу хуульд заасан шаардлага хангаагүй хүнийг бүртгэж шалгалтад оруулсан.

4.2. Б.О нь хуучин ажиллаж байсан газартаа Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод хяналтын зөвлөлд огт байгаагүй бөгөөд энэ албан тушаалын шалгаруулалтад нэр дэвшихийн тулд хуурамч баримт бүрдүүлсэн тухайлбал 2019- 03-07-ны өдрийн А/17, 2021-02-19-ний өдрийн А/13, 2022-01-07-ны өдрийн А/06 дугаар тушаалуудыг бүгдийг урдчилан бэлдэж, хуурамчаар нөхөж гаргасан.

Б.О нь Мэргэжлийн хяналтын газартаа тус газрын даргын тушаалаар дотоод хяналтын зөвлөлд 2019, 2021, 2022 онуудад гишүүнээр ажиллаж байсан тушаалаа тухайн байгууллага татан буугдахаас өмнө урьдчилан бэлдэж тус газрын дарга Ж, Б, Б нарын оролцоотой ажлын хэсгийн тушаалыг засварлан хуурамчаар үйлдэж Б.О нь ажлын хэсэгт ажилласан мэтээр баримтжуулсан.

4.3. АТАСЗ тухайн иргэнд илт давуу байдал олгож шалгалтад оруулсан. Апбан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэх нөхцөл бололцоо бий болгосон зэрэг нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн олон удаагийн зөвлөмж, чиглэлтэй зөрчилдөж байна.

4.4. Иймд ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗОАДС-т даалгах” шаардлагуудыг гаргасан.

4.4. Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би цагдаагийн академийн сургуулийг Цагдаагийн байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжлээр 2004 онд төгссөн. Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан. Төрийн тусгай болон төрийн захиргааны байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. ОА-ийн ТАЗ-өөс зохион байгуулсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын ахлах түшмэлийн албан тушаалд, тусгай шалгалтад уг албан тушаалын тодорхойлолтод дурдсан албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангаагүй хүнийг оруулж өрсөлдүүлсэн. Энэ талаар Төрийн албаны зөвлөлд Б.О гэх иргэний ажилласан туршлага байхгүй, ахлах түшмэлийн багц сургалтад сурч төгссөн эсэх талаар гомдол гаргахад өмнө нь ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын газарт тус газрын даргын тушаалаар дотоод хяналтын зөвлөлд 2019, 2021, 2022 онуудад гишүүнээр ажиллаж байсан гэсэн хуурамч тушаал үзүүлсэн.

Үүгээр тухайн албан тушаалын тусгай шаардлага гэсэн хэсгийн, туршлага гэсэн хэсэгт дурдсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлагыг хангаж байгаа хэмээн үндэслэлгүй хариу ирүүлсэн. Шүүхийн байгууллага шударга үнэний талд зогсож шийдэх байх гэсэн үүднээс нэхэмжлэл гаргасан. Үнэний төлөө явах ёстой гэж бодож төрийн албан хаагчдын төлөөлөл болоод ингээд зогсож байна. Б.О-ийн гүйцэтгэж байсан Хэмжил зүйн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод хяналт шинжилгээ үнэлгээний чиглэлээр ажиллах чиг үүрэг тусгагдаагүй байхад Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан гэж үзсэн хуурамч баримт бүрдүүлэн ОА-ийн ТАСЗ-ийг хуурсан. Өөрөөр хэлбэл Б.О нь мэргэжлийн хяналтын газрын Хэмжил зүйн улсын байцаагч бөгөөд харин дотоод хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний гишүүн гэдэг нь албан тушаал биш байгууллага дотор байдаг хэд хэдэн албан тушаалтан сонгогддог зөвлөл юм. Энэ нь байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд түр хугацаатай ажлын хэсэгт орж ажилласан хугацааг ажилласан туршлагад хамааруулсан ноцтой зөрчил юм. Үүнээс гадна Б.О нь хуучин ажиллаж байсан газартаа Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод хяналтын зөвлөлд огт байгаагүй бөгөөд энэ албан тушаалын шалгаруулалтад нэр дэвшихийн тулд хуурамч баримт нөхөн гаргуулсан байсан. Энэ тушаалуудыг хуурамч гэдгийг дээрх зөвлөлийн гишүүд болох Ш.С, Х.А, О, Б нар гэрчилнэ. Би шүүхийн шийдвэр гарсны дараа холбогдох байгууллагаар шалгуулна гэж бодож байна.

 Б.О нь Мэргэжлийн хяналтын газартаа тус газрын даргын тушаалаар дотоод хяналтын зөвлөлд 2019, 2021, 2022 онуудад гишүүнээр ажиллаж байсан тушаалаа тухайн байгууллага татан буугдахаас өмнө урьдчилан бэлдэж тус газрын дарга Ж, Б, Б нарын оролцоотой ажлын хэсгийн тушаалыг засварлан хуурамчаар үйлдэж, ажлын хэсэгт ажилласан мэтээр баримтжуулсан. АТАСЗ тухайн иргэнд илт давуу байдал олгож шалгалтанд оруулсан. Албан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэх нөхцөл бололцоо бий болгосон зэрэг нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн олон удаагийн зөвлөмж, чиглэлтэй зөрчилдөж байна. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг  журам”-ыг зөрчсөн тул ОА-ийн ТАЗ-өөс зохион байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ОА-ийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтын комиссын шийдвэрээс Б.О-д холбогдох хэсэг болон Б.О-ийг ОА-ийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилсон ОА-ийн ЗДТГ-ын дарга Ш.Г-ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/28 тушаалыг тус тус хүчингүй болгож,  АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗ-ийн ОАДСЗ-д даалгах шаардлагаа дэмжиж байна. Б.О нь өөр ажилд томилогдож, өөрийн хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан учир гэрчүүдээс мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Мөн сул орон тоо гарсан тул даалгах шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Орхон аймгийн  Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Г/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, ТАЗ-ийн ОАДСЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “1.АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний  хэлтсийн даргын сул орон тоог нөхөх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлд заасны дагуу ТАСЗ-өөс дээрх албан тушаалын  тусгай шалгалтыг зохион байгуулсан. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар төрийн албаны шалгалт өгөх болзол, журмыг Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл баталдаг. Үүнийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-аар уг шалгалтыг зохион байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ...”Б.О нь албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага /туршлага/-ыг хангахгүй байхад иргэнд илт давуу байдал олгож шалгалтанд оруулсан нь Төрийн албаны тухай хууль, ЗГ-ын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчсөн байна” гэсэн байдаг. АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын “туршлага” хэсэгт Хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй ажил ажилласан байх нэмэлт шаардлага тавигдсан бөгөөд Б.О нь Мэргэжлийн хяналтын газрын даргын шийдвэрээр тус газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын зөвлөлийн гишүүнээр 2019, 2021, 2022 онуудад ажилласан байна.

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 4.1-д “Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бүхий нэгж, эсхүл ажилтантай байна” гэж заасан бөгөөд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоонд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгж, албан тушаалтан байхгүй бөгөөд тухайн чиг үүргийг дээр дурдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын зөвлөл /нэгж/ хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ нь Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 4.1, 4.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Б.О нь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж, байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан байдаг тул уг зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилласан хугацааг Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажилласан хугацаанд оруулан тооцох боломжтой учир түүнийг албан тушаалын тодорхойлолтын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх туршлагын тусгай шаардлагыг хангасан” гэж үзэн холбогдох комисс шалгалтанд оруулсан.

2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн   Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Б.Оийг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Дээрх журмын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг болон Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар томилох эрх бүхий байгууллага нь тухайн албан тушаалд нэр дэвшигчийг томилохоор заасан тул аймгийн ЗДТГ нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд томилохыг үүрэг болгосон.

Харин хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзаж болох бөгөөд Б.О-ийг томилохоос татгалзах шалтгаан байгаагүй тул нэр дэвшүүлэх тухай тогтоолыг үндэслэн түүнийг аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар томилж, шийдвэрийн хувийг ТАЗ-ийн ОАДСЗ-д хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл нь хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд Б.О-ийг сонгон шалгаруулж, тухайн албан тушаалд нэр дэвшүүлсэн. Уг ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын зүгээс ямар нэгэн байдлаар оролцох боломжгүй, гагцхүү нэр дэвшүүлэх тухай тогтоолд заасан үүргийг биелүүлж, тухайн албан тушаалд томилсон.

Г.Г нь тусгай шалгалтын зохих хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар ТАЗ-ийн ОАДСЗ болон Монгол улмын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар уг гомдлын дагуу холбогдох баримт, материалыг судлан шалгаж үзээд салбар зөвлөлийн  шийдвэр хууль, тогтоомж зөрчөөгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл “салбар зөвлөлөөс зохион байгуулсан тусгай шалгалтын зохион байгуулалт, шийдвэр нь хууль зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн гэж” Төрийн албаны төв байгууллага дүгнэсэн. Нэгэнт салбар зөвлөлөөс гаргасан шийдвэр нь хуульд тогтоомжид нийцсэн нь тодорхой болсон тул уг шийдвэрийг үндэслэн  аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 тушаал гарч Б.О-ийг  томилсон. Төрийн албаны шалгалтыг зохион байгуулах, албан тушаалд томилох  ажиллагаанд хариуцагчийн зүгээс ямар нэгэн хууль болон эрх зүйн хэм хэмжээ зөрчөөгүй бөгөөд ТАЗ-ийн ОАДСЗ-ийн тогтоол болон АЗДТГ-ын даргын 2023 оны Б/28 дугаар тушаал зэрэг шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн  Засаг даргын Тамгын газрын дарга /Ш.Г/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх нэхэмжлэлийн шаардлага нь 2 байсан сүүлд өөрчилж нэмэгдүүлсэн байсан. ОАДТАСЗ-өөс зохион байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүйд тооцож, Б.О-ийг ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилсон ОА-ийн ЗДТГ-ын дарга Ш.Г-ын 2023 оны 04 дүгээр 14-ний өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Г.Г-ийг ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтооолын дагуу төрийн албаны тусай шалгалтыг явуулсан. Бүртгэлтэй холбоотой гомдлоо шалгалт эхлэхээс өмнө нь гомдол гаргах ёстой байсан. Шалгалтанд оролцож байгаа хүмүүсийн мэдээлэл цахим системд овог, нэрний зарим нэг үсгийг нууцлалтайгаар нээлттэй байдаг. Нэхэмжлэгч тухайн шалгалтанд Б.О-ийг оролцох гэж байгааг шалгалт эхлэхээс өмнө мэдэх боломжтой байсан. Хэрвээ шалгалт эхлэхээс өмнө  гомдол гаргавал гомдлыг шийдвэрлэх хүртэл шалтгалтыг түр хугацаагаар хойшлуулж болдог. Шалгалт эхлэхээс өмнө ямар нэгэн гомдол гараагүй, тусгай шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Г.Г нь шалгалтын үр дүн гарсаны дараагаар гомдол гаргасан. Хэдийгээр гомдол гаргах хугацаа нь хэтэрсэн байсан ч гомдлыг хүлээн авч бүртгэж авсан. Б.О-ийн ирүүлсэн материалыг хуурамч гэж үзэх боломжгүй. Тухайн албан бичгүүд нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй, он, сар, өдөр, тамга тэмдэгтэй, байгууллагын бланк нь дээр хэвлэсэн тухайн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэгтэй шаардлага хангасан материалыг ирүүлсэн байсан учир Орхон АТАСЗ энэ баримт бичиг хуурамч байна гэж үзэх боломжгүй. ТАЗ-ийн ОАДСЗ-ийн хурлын шийдвэрээр тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэрийг үндэслэн аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаал гарч, Б.О-ийг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар томилсон. Төрийн албаны зөвлөлийн ажиллах дүрэмд зааснаар ТАСЗ үйл ажиллагаагаа хараат бусаар явуулна, мөн нэр дэвшүүлсэн тогтоолыг захиалагч байгууллага биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Орхон АТАСЗ нь үйл ажиллагааны журмаа зөрчөөгүй, нэр дэвшүүлсэн акт нь хууль бус гэж үзээгүй учир томилсон тиймээс хүчингүй болгох үндэслэлгүй юм. Б.О нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гаргасан хэдий ч Г.Г-ийг шууд тухайн албан тушаалд томилох боломжгүй. ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоо үүссэн гэж үзээд тусгай шалгалтыг дахин зарлана. Үүн дээр Г.Г-ийн оролцох эрх нь нээлттэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ТАЗ-ийн ОАДСЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариу тайлбарыг бичгээр хүргүүлсэн. ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоог нөхөх зорилгоор тусгай шалгалтыг Төрийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Их Хурлын 2019 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу шалгалтын комиссыг байгуулсан. Иргэдийн материалыг цахимаар хүлээн авч, үнэлгээ хийж, шалгалтад оруулах эсэхийг шийдвэрлэсэн. Тухайн комисс нь Б.О-ийг аймгийн Мэргэжлийн хяналтын газартаа тус газрын даргын тушаалаар хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод хяналтын зөвлөлд 2019, 2021, 2022 онуудад гишүүнээр ажиллаж байсан гэх баримт нь стандартын шаардлага бүрэн хангасан материалыг ирүүлсэн байсан. Үүнийг үзээд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт, бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын 4.1, 4.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна гэж үзэн шалгалтанд оруулсан.

Шалгалтанд оролцогч нар нь бүртгэлтэй холбоотой гомдлоо шалгалт эхлэхээс 1 хоногийн өмнө гаргах ёстой гэж журамд заасан байдаг. Г нь шалгалт дууссаны дараагаар гомдлоо гаргасан. Гомдлыг хүлээн авч холбогдох бүх материалыг танилцуулсан. ТАЗ-ийн ОАДСЗ болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд тухайн үед нэхэмжлэгч гомдол гаргасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс уг гомдлын дагуу холбогдох баримт, материалыг судлан шалгаж үзээд салбар зөвлөлийн шийдвэр хууль, тогтоомж зөрчөөгүй болохыг албан бичгээр мэдэгдсэн. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тоггоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7.2 дахь хэсэгт зааснаар ТАЗ-ийн ОАДСЗ-өөс тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан Б.О-ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн. ТАЗ-ийн ОАДСЗ-ийн хурлын шийдвэрээр тусгай шалгалтаар хамгийн өндөр оноо авсан Б.О-ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэрийг үндэслэн аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаал гарч Б.О-ийг аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар томилсон. Хэрвээ шалгалтад орсон хүн нь хуурамч материал бүрдүүлэн өгсөн нь нотлогдох юм бол тэр хүн өөрөө хариуцлагаа хүлэээнэ. Бид бүхэн ирүүлсэн материалыг стандартын шаардлага хангасан байна уу?  үгүй байна уу? гэдгийг л шалгадаг. Тэрнээс биш зөвлөлд ажиллаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Дахин гомдол гаргахад нь Төрийн архивын газраас материалыг нь шүүлгэж хуулбар үнэн гэсэн тамга, тэмдэг даруулж авсан. Иймд Г.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г нь ОА-ийн ЗДТГ /дарга Ш.Г/, ТАЗ-ийн ОАДСЗ-д тус тус холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗОАДС-т даалгах”-аар өөрчилж, шүүх хуралдаанд тус шаардлагуудаа дэмжиж оролцов.

2.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарт дараах хууль зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг тухайд:

4. Орхон аймгийн ЗДТГ-ын даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/74 тоот тушаалаар М.Ж ажлаас чөлөөлөгдөж, ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шилжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоо гарсан байна. /ХХ-ийн 82, 83 дугаар тал/

5. Энэ дагуу ОАДТАСЗ-өөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №162 дугаартай албан тоотоор дээрх сул орон тооны сонгон шалгаруулах зар болон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах саналыг Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт хүргүүлжээ. /ХХ-ийн 81, 82 дугаар тал/

6.  ОАДТАСЗ-өөс  2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай шалгалт зохион байгуулах комисс томилох тухай” 01 тоот тогтоолоор комисс томилж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус шалгалтыг зохион байгуулж шалгаруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тус тус нотлогдож байна./ ХХ-ийн 67-79, 129-142 дүгээр тал/

7.Нэхэмжлэгч Г.Г нь “Б.О нь тухайн албан тушаалд тавигдах Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх” гэх нэмэлт шаардлагыг хангаагүй, “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны А/17, 2021 оны А//13, 2022 оны А/06 тоот тушаалуудыг урьдчилан засварлан бэлдэж, хуурамч баримт бичиг ашиглан шалгалтанд орсон” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар тогтоогдсонгүй.

8. “Хуурамч бичиг баримт ашиглах” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”  гэмт хэрэгт тооцогдох бөгөөд энэ талаар тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй, Г.Г нь энэ талаар шалган шийдвэрлэх эрх  бүхий хуулийн байгууллагад хандаагүй тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан тул “Б.О-ийг хуурамч баримт бичиг ашиглаж төрийн тусгай албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн” гэж үзэх үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгч Г.Г нь шүүх хуралдаанд “Б.О-ийг Мэргэжлийн хяналтын газартаа тус газрын даргын тушаалаар дотоод хяналтын зөвлөлд 2019, 2021, 2022 онуудад гишүүнээр ажиллаж байсан тушаалаа тухайн байгууллага татан буугдахаас өмнө урьдчилан бэлдэж  тус газрын дарга Ж, Б, Б нарын оролцоотой ажлын хэсгийн тушаалыг засварласан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул тус ажлын хэсэгт олон жил ажилласан О, А, С, Б нараар гэрчлүүлэх хүсэлт гаргасан”-аа  “Б.О нь өөр ажил, албан тушаалд шилжин ажиллаж байгаа бөгөөд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан  тул тус гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзаж байгаа”-гаа илэрхийлсэн болно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлин 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд Төрийн архивын Орхон аймгийн Архивын тасаг болон ТАЗ-ийн ОАДСЗ-өөс Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны А/17, 2021 оны А//13, 2022 оны А/06 тоот тушаалуудыг нотлох баримтаар гаргуулан авсан бөгөөд Б.О нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын зөвлөлийн гишүүнээр тус тус томилогдсон болох нь нотлогдож байна. /Хавтаст хэргийн 51-54, 160-162 дугаар тал/

11. Захиргааны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр  зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” заасан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд баримт, бичиг хуурамчаар ашигласан, үйлдсэн гэх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйл баримтыг тогтоох үүргийг гүйцэтгэхгүй.

12. Түүнчлэн, ОАДТАСЗ-өөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/818 дугаартай албан бичгээр:

 - нэхэмжлэгч Г.Г-д

“Б.О-ийг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар 2019, 2021, 2022 онуудад Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3 жил ажилласан гэж үзэж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн  хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 4.1-д “Бүх шатны захиргааны байгууллага нь өөрийн  хариуцсан асуудлын хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгж эсхүл ажилтантай байна” гэж заасан бөгөөд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоонд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нэгж, албан тушаалтан байхгүй бөгөөд тухайн чиг үүргийг дээрх дурдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын зөвлөл хэрэгжүүлсэн байна...” гэх хариу өгсөнийг буруутгах үндэслэлгүй. /Хавтаст хэргийн 125-126, 151 дүгээр тал/

13.Иймд нэхэмжлэгч Г.Г-ийн “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

14. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар тухайн комиссыг байгуулсан ОАДТАСЗ-ийг шүүхээс хариуцагчаар татаж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

15. Нэхэмжлэгчийн “ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

16. Дээр дурьдсан маргаан бүхий сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн ОАДТАСЗ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” №38 дугаартай тогтоолоор хамгийн өндөр оноо авсан Б.О-ийг ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. /Хавтаст хэргийн 124, 143-146 дугаар тал/

17. ОАЗДТГ-ын даргаас ОАДТАСЗ-ийн 2023 оны  “Нэр дэвшүүлэх тухай” №38 дугаартай тогтоолыг үндэслэн  2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, хуульд нийцсэн байна. /Хавтаст хэргийн 123 дугаар тал/

18. Иймд нэхэмжлэгч Г.Г-ийн  “ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 19. Нэхэмжлэлийн “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗ-ийн ОАДСЗ-д даалгах” шаардлагын тухайд:

20. Тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Б.О-оос  Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Захиргаа аж ахуйн албаны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллах хүсэлт гаргасныг тус газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар томилж, мөн түүний аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар чөлөөлж тус тус шийдвэрлэсэн бөгөөд ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоо гарсан гэж үзэхээр байна. /Хавтаст хэргийн 234-237 дугаарт тал/

21. Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж, татгалзлаа шүүхэд ирүүлсэн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1  дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтад хамааралгүй” болсон тул шүүхээс түүнийг гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж дүгнэсэн болно. /Хавтаст хэргийн 233 дугаар тал/

22.Нэхэмжлэгч Г.Г нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймгийн Удирдах албан тушаалын тусгай шалгалт /20230207/-ын комиссын шийдвэрээр онооны дарааллаар 2 дугаарт эрэмбэлэгдэж, нөөцөд бүртгэгдсэн. /Хавтаст хэргийн 76-79 дугаар тал/

23.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын Долоогийн 7.4-т “... Салбар зөвлөл тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлнэ”,  7.7-д “Төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа нэр дэвшигчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 22.1.3, 22.1.5-д тавигдсан шаардлагыг хангаж байгаа тухай баримтыг холбогдох байгууллагаас авсан байна, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 /Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс/, 27.3-т “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно  гэж тус тус заасан.

24. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т “... Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална“ заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасныг баримтлан ТАЗ-ийн ОАДСЗ-өөс маргаан бүхий сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд энэ тухайгаа тайлбарласан.

25. Нэхэмжлэгч Г.Г нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” үйлчилж байх хугацаанд сонгон шалгаруулалтад орж, онооны дэс дарааллаар 2 дугаарт эрэмбэлэгдэж нөөцөд бүртгэгдсэн ба уг шийдвэр хүчинтэй  талаар хэргийн оролцогчид тайлбарлаж, энэ талаар маргаагүй.

26. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд “Г.Г нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолд зааснаар дахин сонгон шалгаруулалтанд орох эрх нээлттэй” гэж тайлбарлаж байгаа боловч Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх тул иргэний зүйн байдлыг дордуулсан хууль, журмыг хэрэглэхгүй байх нь эрх зүйт төрийн үндсэн зарчимд нийцнэ.

27. Хариуцагч ОАДТАСЗ-өөс  “Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоо нь гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх бөгөөд онооны дарааллыг баримтлан нэхэмжлэгч Г.Г-ийг нэр дэвшүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

28. Учир нь, төрийн албан хаагчийн тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад 2 хүн оролцож, хамгийн өндөр оноо авч томилогдсон этгээд нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, талууд маргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, тухайн үед мөрдөгдөж байсан  Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын Долоогийн 7.4-т заасныг адилтган хэрэглэж, сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан дараагийн нэр дэвшигчийг дэвшүүлэх боломжтой.

29.Хэдийгээр хамгийн өндөр оноо авсан этгээдийн хувьд түрүүлж томилогдох хуулийн зохицуулалттай боловч тэрээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр дараагийн нэр дэвшигчийг нөхөн дэвшүүлэх шийдвэр гаргах нь дээрх хууль, журамд нийцэх тул нэхэмжлэгчийн ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗ-ийн ОАДСЗ-д даалгах”  шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.12, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Г-ийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг ТАЗ-ийн ОАДСЗ-д даалгаж”, үлдэх “ОА-ийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалт авсан комиссын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  шийдвэрийн Б.О-д холбогдох хэсэг, ОА-ийн ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн “Б.О-ийг албан тушаалд томилох, цалин хөлсний хэмжээ тогтоох тухай” Б/28 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, ОА-ийн ЗДТГ-ын санхүүгээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ