Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/01114

 

 

 

 

 

 

 

 

 

2024  03   12   182/ШШ2024/01114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, 7/1, 00 тоот хаягт байрлах, Төрийн банк ХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С,

Хариуцагч: Б.Э нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21,360,520 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.Э,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

 

Тус банкинд хандаж Б.******* нь цалингийн зээл авах хүсэлт гаргасныг хүлээн авч, 2018 оны 08 сарын 31-ний өдөр 104100542597 тоот гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, нэг сарын 2,1 /жилийн 25,20 хувь/ хүүтэй зээл олгохоор тохиролцож банк үүргээ биелүүлж, зээлдэгч Б.*******ын харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахаар "Төрийн банк"ХХК болон Б.******* нарын хооронд 2018 оны 08 сарын 31-ний өдөр Б.Энхгэрэлийн өмчлөлийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 13 гудамж 5-166а тоот хаягт орших 91 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204062178 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, тус хаягт орших 449 мкв талбайтай, үл хөдлөх хөрөнгийн Г-2204022132 дугаарт бүртгэсэн гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.

 

Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,573,628 төгрөг, хүү 5,110,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,702 төгрөг тус тус төлсөн байна.

 

Талуудын гэрээний хугацаа 2021 оны 08 сарын 27-нд дууссан, хариуцагч зээлээ бүрэн төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн төлөхөөр гэрээнд заасан тул үндсэн зээл 10,426,371 төгрөг, зээлийн хүү 9,739,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,177,605 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 21,360,520 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Б.******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Б.******* миний бие нь өөрийн дүү Б.Энхгэрэлийн хувийн сууцыг барьцаалан 2018 онд Төрийн банкнаас хэрэглээний зээл авсан. Энэ зээлийг өөрийн найз Ү.Хүрэлтулгын хүсэлтээр түүнд өгсөн боловч тэрээр зээлээ төлөөгүй байдал үүссэн байна. Зээл авах үед Төрийн банк зээлийг сайтар судлаагүй зээл олгосонд гомдолтой байна. Тухайн үед миний бие зээлийн төлбөртэй, найдваргүй зээлдэгчийн бүртгэлтэй байхад зээл олгосныг буруутгаж байна.

 

Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү зөвшөөрөхгүй, барьцааны гэрээний тухайд тайлбаргүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтаар: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.08.31-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018.08.31-ны өдрийн 104100542597 дугаар барьцааны гэрээний хуулбар, мемориалын баримт, зээлийн төлбөрийн хүснэгт, мэдэгдэх хуудас, нэмэгдүүлсэн шаардлага, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбарын хуулбар, гэрэл зураг, итгэмжлэл, тооцооллын хүснэгт, зээлийн мэдээллийн сан, зээлийн үйл ажиллагааны журам /хх1-27,48-65/,

 

4. Хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар: хариу тайлбар, итгэмжлэл /хх35,79-81/, зэрэг баримтууд цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Төрийн банк ХК хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,360,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Энхгэрэлийг татан оролцуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа ихэсгэсэн байна. /хх48/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч Б.Энхгэрэлтэй зээлийн гэрээ байгуулан, 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлийн төлбөрийг гүйцэтгээгүй тул үндсэн зээл болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй...барьцааны гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж,

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17,000,000 төгрөг хүлээн авсан, үндсэн зээлийн үлдэгдэл дээр маргах зүйлгүй...хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Төрийн банк ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2018 оны 08 сарын 31-ний өдөр 104100542597 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 17,000,000 төгрөгийг сарын 2,10 хувь буюу жилийн 25,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зээл олгохдоо зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлж, мөн зээл олгох хэлбэрийг зээлдэгчтэй харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр зээлийн данс нээж, зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгосонд тооцно.

 

Хариуцагч Б.*******т хэрэглээний зээлийн зориулалтаар олгосон, талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон мөн Б.*******ын нэр дээр зээлийн данс нээж, тухайн дансанд зээлийн гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дүгээр зүйлийн 452.2-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч Б.*******аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.******* гэрээний хугацаанд үндсэн зээл 6,573,628 төгрөг, хүү 5,110,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,702 төгрөг, нийт 11,940,618 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 сарын 31-ний өдөр дууссан байна.

 

Нэхэмжлэгч тал нь гэрээний 6.1.1-д зээл, хүүгийн төлбөр, хэрэв бодогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар буюу гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн биелэгдсэнээр гэрээ дуусгавар болно гэж, 2.2.4-д гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан.

 

Гэтэл хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд зохигч талууд гэрээний хугацааг сунгах талаар бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Тодруулбал хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн үндсэн хүү 9,047,856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 275,351 төгрөг, нийт 9,323,207 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаанд төлсөн үндсэн хүү 5,110,288 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,702 төгрөг, нийт 5,366,990 төгрөгийг хасахад зээлдэгчийн гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн хүү 3,937,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,649 төгрөг, нийт 3,956,217 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

3.Хариуцагч Б.******* нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Төрийн банк ХК-тай 2018 оны 08 сарын 31-ний өдөр 104100542597 дугаартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Энхгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 13 гудамж 5-1а тоотод орших 91 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204062178 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 449 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Г-2204022132 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан байх ба уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн нотариатчийн зардалд төлсөн 17,000 төгрөг нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангана.

 

Иймд хариуцагч Б.*******аас үндсэн зээл 10,426,371 төгрөг, хүү 3,937,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,649 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 14,399,588 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Б.Энхгэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

4.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.*******аас үндсэн зээл 10,426,371 төгрөг, хүү 3,937,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,649 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 14,399,588 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 6,960,932 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.******* шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Энхгэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 13 гудамж 5-1а тоотод орших 91 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204062178 дугаарт бүртгэлтэй, хувийн сууц, мөн хаягт бүртгэлтэй 449 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн Г-2204022132 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 336,627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.*******, Б.Энхгэрэл нараас 229,948 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН