Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/00797

 

 

 

 

 

 

2024   02   22   182/ШШ2024/00797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах байрлах, Х-Ас ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах Б ХХК /РД:/-д холбогдох,

 

Шатахуун худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 146,786,686 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 2018/09 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, өмгөөлөгч Д.Э,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ж.Э /цахимаар/

Гэрч Г.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

...Хариуцагч******* нь 2018.05.01-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах 2018/09 тоот гэрээ байгуулж шатахуун худалдан авч 2019 оны 8 сар хүртэл тооцооны үлдэгдэлгүй байсан боловч мөн оны 9-12 дүгээр сараас эхлэн 2020, 2021, 2022 онд авсан шатахууны үнийг бүрэн төлж дуусгаагүй байна.Үүнд:

1. 2019 оны 9 дугаар сард худалдан авсан шатахууны үнэ 71,838,800 төгрөг, 10 дугаар сарын 41,632,800 төгрөг, 11 дүгээр сарын 1,680,800 төгрөг, 12 дугаар сарын 37,679,750 төгрөг, бүгд 152,832,150 төгрөгөөс 140,603,750 төгрөг төлснийг хасаад 12,228,400 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2. 2020 онд 74,808л, 136,313,500 төгрөгийн шатахуун худалдан авч 135,570,600 төгрөг төлсөн, үлдэгдэл 742,900 төгрөг,

3. 2021 онд 149,205л 290,512,090 төгрөгийн шатахуун худалдан авч 199,654,304 төгрөг төлсөн үлдэгдэл 90,857,786 төгрөг,

4. 2022 оны 1, 2 дугаар саруудад тус компани 10,660.5 литр, 28,250,325 төгрөг төлөөгүй байна.

Дээрх тооцоогоор 2019, 2020, 2021,2022 оны үлдэгдэл төлбөр нийт (12 228 400+742 900 + 90 857 786+28 250 325) 132,079,411 төгрөгийн төлбөртэй байна.

 

Төлбөрөөс 2022.03.26-нд төлсөн 12,004,500 төгрөг, 04.28-ны өдөр төлсөн 29,000,000 төгрөгийг хасаад 91,074,911 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд 2018.05.01-ний өдөр байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах 2018/09 тоот гэрээний 4.2-т заасны дагуу 2019-2022 онд худалдан авсан шатахууны төлбөрийг одоо болтол бүрэн төлөхгүй хохироож байх тул хариуцагчаас 91,074,911 төгрөгт 50%-иар хэтрүүлэхгүйгээр тооцож 45 537 455 төгрөг нэхэмжилнэ.

 

Гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул 2019 оны дутуу төлбөр 12,228,400 төгрөг, мөн 2021 оны дутуу төлбөр 90,857,786 төгрөгт ам.долларын зөрүүгээр хохирол тооцож гаруулна. Үүнд :

2019 онд худалдан авсан шатахууны төлбөрийг 2020 оны 2 дугаар сарын 14-нд төлөхдөө 12,228,400 төгрөг дутуу төлж төлбөрийн үлдэгдэлтэй болсон бөгөөд энэ өдөр Монгол банкны ам.долларын ханшаар 1 ам.доллар 2758 төгрөгтэй тэнцэж буюу 12,228,400 төгрөг (12,228,400:2,758)=4,433 ам доллар тэнцэх байсан бол нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022.06.22-нд 1 ам.доллар 3.120 төгрөг болж 12 228 400 төгрөгт(12,228,400:3,120)=3,919 ам доллар худалдан авах болж (4,433-3,919) ханшийн зөрүү 514 ам.доллар буюу (514*3120)=1 603 680 төгрөгийн,

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мөн оны хамгийн сүүлчийн төлбөрт 14,021,100 төгрөг төлж төлбөрийг бүрэн төлөхгүй 90,857,786 төгрөг үлдээсэн ба энэ өдөр Монгол банкны ам.долларын ханшаар 1 ам.доллар 2,851 төгрөгтэй тэнцэж буюу 90,857,786 төгрөгт (90,857,786 төгрөг:2,851) 31,868 ам доллартой тэнцэх байсан бол нэхэмжлэл анх шүүхэд доллар буюу (2,747*3,120 )= 8,570,640 төгрөгийн алдагдал ханшийн зөрүүнээс үүссэн тул (1,603,680+8,570,640) 10,174,320 төгрөгийг хариуцагч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцож байна.

Бензин, шатахууныг ОХУ-аас ам.доллароор худалдан авдаг бөгөөд төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс мөн хэмжээний валют барааны эргэлтэд ороогүй алдагдал болдог, иймд хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан нөхцөлөөр шаардах эрхтэй гэж үзэж байна. Хохирлыг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.6.28-ны өдрийн цаг хугацаагаар тооцсон болно.

 

Иймд шатахууны төлөгдөөгүй үлдэгдэл 91 074 911 төгрөг, алдангид 45 537 455 төгрөг, хохирол 10 174 320 төгрөг бүгд 146 786 686 төгрөгийн хариуцагч*******-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь 8,578,050 төгрөг төлсөн, тооцооллын алдаанаас илүү нэхэмжилсэн 20,446,880 төгрөгийг тус тус үндсэн төлбөр 91 074 911 төгрөгөөс хасаад, үлдэгдэл төлбөр 62,049,981 төгрөг болж байна.

Энэ гүйцэтгээгүй үүргийн алданги 31,024,990 төгрөг, хохирол 10,174,320 төгрөг, нийт 103,249,291 төгрөг болгон багасгасныг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Хөрс-Авто сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй шатахууны төлөгдөөгүй үлдэгдэл 91.074.911 төгрөгийн хувьд дараах тайлбарыг гаргана.

-2019 оны 11 дүгээр сарын 13-нд 20.000.000 төгрөг, 11 сарын 20-нд 48.368.000 төгрөг, 12 дугаар сарын 27-нд 40.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-нд 2.010.000 төгрөг, 30.234.750 төгрөг, нийт 140.603.750 төгрөгийн шатахуун худалдан авсан төлбөрийг тус тус төлсөн байна.

-2020 онд худалдан авсан шатахууны тооцооны хувьд: 2020 оны 01 сард Үенчээс 1498л, Хөшөөтөөс 20701л нийт 31304л х 2300=71.999.200 төгрөг, 2020 оны 10 сард Үенчээс 1498л, Хөшөөтөөс 16362л, нийт 17.860л х 1450=25.897.000 төгрөгийн шатахуун худалдан авсан боловч Хөрс-Авто сервис ХХК нь 2020 оны 01 сард Хөшөөтөөс 2^886л нийт 31489л х 2300=72.424.700 төгрөг, 2020 оны 10 сард Үенчээс 1498л, Хөшөөтөөс 16676л, нийт 18.174л х 1450=26.352.300 төгрөгийн шатахуун худалдан төлбөр илүү нэхэмжилсэн байх бөгөөд манай******* нь 2020 оны төлбөрт 135.570.600 төгрөг төлж барагдуулсан. Харин манай компани 137.900 төгрөг илүү төлсөн.

-2021 онд худалдан авсан шатахууны тооцооны хувьд: 2021 оны 03 сард Үенчээс 14374л, Хөшөөтөөс 118.75.5, нийт 26249л түлш авсан, 2021 оны 4 сард Үенчээс 20396л, Хөшөөтөөс 20182л, нийт 40578л түлш тус тус авсан. Гэтэл Хөрс-Авто сервис ХХК нь 2021 оны 03 сард Үенчээс 14374л, Хөшөөтөөс 15020л, нийт 29394л түлш авсан, 2021 оны 4 сард Үенчээс 20396л, Хөшөөтөөс 31058л, нийт 51454л түлш гэж илүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 онд манай компани нь 208,231,754.00 төгрөг төлсөн.

-2022 онд нийт 10660.5л х 2650= 28.250.325 төгрөг төлөх ёстойгоос авсан 12.754.175 төгрөг илүү төлж 41.004.500 төгрөг төлсөн байна. Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч Баттуяагийн дансанд түлшний үнэ 8.578.050 төгрөгийг шилжүүлсэн.

Нэхэмжлэгч Хөрс-Авто сервис ХХК-ийн Ховд аймгийн Үенч сумын Үенчийн Улаан үзүүр колонкоос авсан шатахууны нэхэмжлэл ирүүлээгүй, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцгийн хаяанд байх бензин клонкоос авсан шатахууны нэхэмжлэхүүд цаг хугацаандаа ирдэггүй байсан, тооцоо нийлдэггүй байснаас шалтгаалж******* нь төлбөрийн үлдэгдэл нийт 52.053.611 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хэргийн баримттай танилцаад дараах тооцоолол гарч байна. Үүнд 2020.03.27-ны өдрөөс 2022.04.28 хүртэл худалдан авсан шатахууны төлбөр 379,706,854 төгрөгийн үлдэгдэл 61,913,631 төгрөгийг төлнө.

 

Харин шатахууны төлөгдөөгүй үлдэгдэл алданги нэхэмжилсэн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

2018.05.01-ний 2018/09 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ-нд Хөрс Авто Сервис ХХК-ийн зүгээс захирал Ч.Гантулга,*******-ийг төлөөлж дэд захирал Г.Үүрцолмон гэх нар гарын үсэг зурж, худалдан авагчийг төлөөлж нябо Б.Даваабал гэх хүн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна.

Энэ гэрээг Хөрс Авто Сервис ХХК-ийн захирал Ч.Гантулгын төрсөн ах Ч.Гантөмөрийн хүүхэд Г.Үүрцолмон гэх хүн*******-ийн дэд захирлыг төлөөлж гарын үсэг зурсан боловч түүнийг уг тушаалд ажиллаж байгаагүй, мөн хуурамч тамга дарсан байна. Манай компанид гэрээнд дарсан тамга байдаггүй, уг тамгыг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, ня-бо Б.Даваабал гэх хүний гарын үсгийг дуурайлган зуржээ. Ховд аймгийн Цэцэг сумын колонкийн эрхлэгч Баттуяагаас аман гэрээгээр манай компанийн жолооч нарын гарын үсэгтэй баримт үзүүлж, Үенч сумын Улаанүзүүрийн колонкоос аман гэрээгээр түлш авдаг байсан ба Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч Баттуяагийн дансанд түлшний үнэ 8.578.050 төгрөгийг шилжүүлж байсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.7.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.

Иймд 2018.05.01-ний №2018/09 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулагдаагүй, хэрэгт авагдсан гэрээ хуурамч тул шатахууны төлөгдөөгүй үлдэгдлийн алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.

Валютын ханшны зөрүү хохиролд 10.174.320 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

2018.05.01-ний 2018/09 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, хуурамч бөгөөд амаар байгуулагдсан гэрээнд валютын ханшны зөрүү, хохирол тооцохгүй, энэ талаар Хөрс-Авто сервис ХХК-ийн захирал Ч.Гантулгатай биечлэн болон амаар гэрээ байгуулаагүй. Ховд аймгийн Үенч сумын Улаан үзүүрийн колонк, Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч нараас жолооч нар гарын үсэг зурж түлш авдаг байсан тул хохирол 10.174.320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.гэжээ.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2018.05.01-ний 2018/09 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ-нд Хөрс Авто Сервис ХХК-ий Ч.Гантулга,*******-ийг төлөөлж дэд захирал Г.Үүрцолмон гэх нар гарын үсэг зурж, худалдан авагчийг төлөөлж нябо Б.Даваабал гэх хүн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна.

Энэ гэрээг баталсан Г.Үүрцолмон нь*******-ийн дэд захирлаар ажиллаж байгаагүй, түүнийг томилсон тушаал байхгүй, гэрээнд дарсан тамга нь хуурамч байна.

Бадрах буд ХХК нь 2018 оны 02 сард үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээдийн******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр нэг хүний компани, гүйцэтгэх захирал нь Б.Батсайхан, тэрээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм.

Бадрах буд ХХК хувьд Хөрс-Авто сервис ХХК-тай гэрээ байгуулдаггүй байсан бөгөөд Ховд аймгийн Цэцэг сумын колонкын эрхлэгч Баттуяагаас аман гэрээгээр манай компанийн жолооч нарын гарын үсэгтэй баримт үзүүлж, Ховд аймгийн Үенч сумын Улаанүзүүрийн колонкоос аман гэрээгээр түлш авдаг байсан.

Бадрах буд ХХК-ийн нэр дээр 50 жолооч бүртгэлтэй тээвэр хийж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 50 жолоочийн тээврийн хөлс, цалин, нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, дотоод бараа, үйлчилгээний суутгасан татвар, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, цалин, хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар, улсын тэмдэгтийн хураамж, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автын агаарын бохирдлын төлбөр зэргийг төлдөг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд 2018.05.01-ний өдрийн №2018/09 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ болон №01 гэрээний хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2018.05.01-ний 2018/ 09 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахуун худалдах үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд уг гэрээнд хариуцагчийг төлөөлөх эрх олгосон этгээд нь гарыг үсэг зурж баталгаажуулсан байгаа. Гэрээний дагуу шатахуун авч ажил үйлчилгээгээ явуулсан атлаа, шүүхэд маргаан гаргаж гэрээ хүчин төгөлдөр бус гэж байгаа нь хариуцагчийн бизнесийн ёс зүйгүй, шударга бус байдлыг харуулж байна.

Энэ гэрээний 2019.12.31-нийг хүртэл хүчинтэй гэж заасан боловч гэрээний хугацаа, шатахууны үнэ, хэмжээг гэрээний 2.2, 11.3-т заасны дагуу тухайн, тухайн хавсралтаар тодотгон тохиролцож байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2021.03.05-ны өдрийн Гэрээний хавсралт-2 гэсэн баримтад хариуцагч*******- ийн захирал Б.Батсайхан өөрөө гарын үсэг зурж, шатахууны үнэ, гэрээний хариуцлагыг тохиролцон, улмаар энэхүү хавсралт нь дээрх 2018/ 09 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохыг баталгаажуулсан болно.

Тус компанийн захирлын энэхүү үйлдэл нь гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн, гэрээний дагуу талууд хэн аль нь хариуцлага хүлээхийг хүлээн зөвшөөрсөн баримт мөн юм.

Иймд гэрээнд зохих этгээдийн зөвшөөрөлгүй этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байх тул гэрээний үүргийн хариуцлага болох алданги, мөн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол төлөхгүй гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт,хуулийн этгээдийн гэрчилгээ,2018.05.01-ний 2018/09 тоот гэрээ, хавсралт 01, Монгол банкны ханш,*******-ийн 2020, 2021,2022 оны шатахууны тооцоо, жагсаалт, /1хх-40,/ сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, хавсралт, /1хх142-145/

6. Хариуцагчаас гаргасан нотлох баримт: хариу тайлбар, тооцоо, сөрөг нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, татварын албаны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын лавлагаа, тамга тэмдгийн лавлагаа, /1хх19-131/,*******-ийн Хаан банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа /2хх/,

7. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Д.Хорлоогийн мэдүүлэг, үзлэгийн ажиллагааны тэмдэглэл,түүний хавсралтууд, гэрч Б.Даваабалын мэдүүлэг, /1хх154-250, 2хх1-28/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК хариуцагч*******-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 91,074,911 төгрөг, алданги 45,537,455 төгрөг, хохирол 10,174,320 төгрөг, нийт 146,786,686 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хуралдаан дээр үндсэн төлбөр 62,049,981, алданги 31,024,990 төгрөг, хохирол 10,174,320 төгрөг, нийт 103,249,291 төгрөг гэж багасгасан.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан 2018.05.01-ний шатахуун худалдах, худалдан авах тухай 2018/09 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талууд үндсэн төлбөрийн талаар маргаагүй, харин 2018.05.01-ний 2018/09 тоот гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги, хохирол төлөхгүй гэж маргасан.

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК худалдагч талыг, хариуцагч******* худалдан авагч талыг төлөөлөн талууд 2018 оны 05 сарын 01-ний өдөр 2018/09 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр олон улсын болон Монгол улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн дизель түлш худалдах, худалдан авагч нь хүлээн авсан шатахууны төлбөрийг төлж барагдуулах харилцааг зохицуулах бөгөөд 2019 оны 12 сарын 31 хүртэл хугацаагаар үргэлжилнэ...Шатахууныг худалдан авагчийн урьдчилан өгсөн захиалгын дагуу Хөшөөт, Үенч сум, Улаан үзүүрийн шатахуун түгээх станцаар нийлүүлнэ...Шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж гэрээний гол нөхцөлийн талаар тохирсон байна.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд хариуцагч нь 2018.05.01-ний өдөр 80,000 литр дизель түлшийг 2000 төгрөгөөр тооцож 160,000,000 төгрөгийн шатахуун хүлээн авснаар гэрээ байгуулагдсан байна.

Улмаар тухайн гэрээгээр худалдагч нь 2019, 2020, 2021, 2022 онд шатахуун худалдаж, худалдан авагч хүлээн авсан болох нь талуудын тайлбар, шатахуун олгосон тэмдэглэл, тооцооны хуудас зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд байгуулсан 2018.05.01-ний өдрийн 2018/09 тоот гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 2019 оны 12,228,400 төгрөг, 2020 оны 742,900 төгрөг, 2021 оны 90,857,786 төгрөг, 2022 оны 28,250,325 төгрөг, нийт 132,079,411 төгрөгийн үлдэгдлээс 2022 онд төлсөн 41,004,500 төгрөгийг хасаад 91,074,911 төгрөг гэж нэхэмжилсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 8,578,050 төгрөг, тооцооллын алдаанаас илүү нэхэмжилсэн 20,446,880 төгрөг, нийт 29,0249,930 төгрөгийг хасаад үндсэн төлбөр 62,049,981 төгрөг гэж тодорхойлсон.

Хариуцагч нь 2020.03.27-ны өдрөөс 2022.04.28 хүртэл худалдан авсан шатахууны төлбөр 379,706,854 төгрөгийн гүйцэтгээгүй үүрэгт 61,913,631 төгрөгийг зөвшөөрсөн тооцооллыг гаргасан.

Талуудын дээрх тооцооллоос үзэхэд нэхэмжлэгчийн шаардсан 62,049,981 төгрөг, хариуцагчийн зөвшөөрсөн 61,913,631 төгрөгийн хооронд 136,350 төгрөгийн зөрүү гарсан хэдий ч хариуцагчийн үндсэн үүргийг зөвшөөрсөн 61,913,631 төгрөгийн хэмжээнд тухайн хуулийн этгээдийн банкны дансны хуулгатай харьцуулан үзэж үнэн зөв гэж үзлээ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т алдангийн талаар заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 61,913,631 төгрөгт хуульд зааснаар алданги 30,956,815 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

Хариуцагчийн үүрэг гүйцэтгэх сүүлийн өдөр болох 2021.11.02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.06.28-ны өдөр хүртэл хугацааны ханшийн зөрүү 10,174,320 төгрөг нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүссэн хохирол гэж нэхэмжлэгч нь үндэслэлээ тодорхойлсон.

Гэтэл талуудын байгуулсан гэрээгээр 2018 оноос 2022 он хүртэл хугацаанд шатахуун нийлүүлсэн болох нь талуудын тооцооллын баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд дээрх 2021.11.02 - 2022.06.28 хүртэл хугацааг хэдэн оны үлдэгдлээс тооцсон талаар баримтгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 61,913,631 төгрөг, алданги 30,956,815 төгрөг, нийт 92,870,446 төгрөгийг хангаж, шаардлагаас 10,378,845 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.2. Хариуцагч тал 2018.05.01-ний 2018/09 гэрээ байгуулахыг Г.Үүрцолмонд зөвшөөрөөгүй, тэрээр дэд захирлаар ажиллаж байгаагүй, тус компани нь Ховд аймаг,*******, гэрээний гэсэн бичиглэлтэй тамга, тэмдэг ашигладаггүй гэж үндэслэлээ тодорхойлж, тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын байгуулсан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэрээ болохыг нэгэнт дүгнэсэн.

Түүнчлэн эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж хуульд заажээ. Гэтэл хариуцагч нь талуудын 2018.05.01-ний өдрийн 2018/09 тоот гэрээ болон түүний хавсралтад заасан нөхцөлийг зөвшөөрч 2018 оноос 2022 оны хооронд шатахуун хүлээн авсан байх ба улмаар үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрсөн үйл баримтаас үзэхэд тухайн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч*******-иас 92,870,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,378,845 төгрөг болон 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 2018/09 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай*******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 891,883 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас тэмдэгтийн хураамж 622,302 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.ЦОЛМОН