Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/01319

 

 

 

 

 

 

 

 

 

2024  03   27   182/ШШ2024/01319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХХК ,

Хариуцагч: А ХХК,

Хариуцагч: Б.Э нарт холбогдох,

Гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс 189,746,000 төгрөг, хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 400,344,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч М ХХК-ийн 2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, өмгөөлөгч Ш.А,

Хариуцагч Б.Э, А ХХК нарын өмгөөлөгч М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие өөрийн гэр бүлийн өмчлөлийн хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 хэсэг Оргил хотхонд байрлах 1003 мкв талбайтай хувийн сууцандаа засвар хийлгэх зорилгоор хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК буюу Матт блэк ХХК-ийн захирал Б.Энхтөгөлдөртэй 2022 оны 03 дугаар сараас харилцаж эхэлсэн.

Интерьер дизайн комьюнити ХХК-ийн захирал Б.Энхтөгөлдөр нь тус сууцтай танилцаад нийт 914 мкв талбайд 6 нэр төрлийн засварын ажлыг 509.193.435 төгрөгийн үнэлгээтэй хийх боломжтой гээд тухайн үнийн хүрээнд ажлын төсөв боловсруулж ирүүлсэн.

Ингээд нэхэмжлэгчийн зүгээс засварын ажилтай холбоотой гаргасан төсвийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь 2022 оны 03 дугаар сараас эхлэн засварын ажлаа эхлүүлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд бидний дунд ажил гүйцэтгэх агуулга бүхий гэрээ бичгээр хийгдээгүй. Гагцхүү бид амаар харилцан тохиролцож засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн засварын ажилтай холбогдох зардлыг хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК-д төлж эхэлсэн.

Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч талуудын дунд засварын ажил эхлүүлсэн 2022 оны 03 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулаагүй ч хийгдэх ажлын хэмжээ, хязгаар ажлын хөлс зэргийг тодорхой тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ-ний агуулгыг тодорхойлсон хэлцэл хийгдсэн байна. Энэ хэлцлийн хүрээнд хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь 2022.08.01-ны өдөр засварын ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэвч хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь хэлцлээр тохиролцсон 2022.08.01 -ны өдөр засварын ажлыг дуусгах боломжгүй нөхцөл байдал нь тодорхой болж, түүнд засварын ажлаа хугацаанд нь хийж дуусгавар болгохыг нэхэмжлэгч С.******* миний зүгээс удаа дараа шаардсан. Гэтэл талуудын дунд үүссэн маргаан бүхий асуудал нь зөвхөн засварын ажил дуусгах хугацаанаас үл хамаарч хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК-ийн хийж гүйцэтгэсэн засварын ажилд гологдол, чанарын шаардлага хангахгүй нөхцөл байдлууд ч давхар үүссэн. Тухайлбал:

Хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хувийн сууцанд засварын ажил гүйцэтгэхдээ өмнө хэвийн ажиллаж байсан дулааны шугамыг эвдлэх /одоо хүйтний улирал эхэлсэн тул дулаан авч чадахгүй, засвар үйлчилгээ хийх боломжгүй нөхцөл байдалд байгаа/, засвар хийсэн гэх таазны ажлуудад хагарал үүссэн, өрөө хоорондын дулааны ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй, паркетин шалны зориулалт, технологийг зөрчиж угсарсны улмаас 100 мкв шал эвдэлсэн гэх мэтчилэн гүйцэтгэгчээс шалтгаалсан ажлын алдаанаас болж нийт засварын ажил удааширч, нэхэмжлэгчид нийт 77.150.000 төгрөгийн бодит хохирол учруулсан.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд засварын ажил удааширсан нөхцөл байдалд дүгнэлт хийж 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөр засварын ажлыг дуусгавар болгох зорилгоор 2021.08.26-ны өдөр №220501 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулсан боловч хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь өмнө хэлэлцэн тохиролцсон хэлцэл болон бичгээр байгуулсан гэрээний үүргээ цаг хугацаанд биелүүлж чадалгүй захиалагч С.******* намайг хохироосоор байна.

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын дунд 2022 оны 03 дугаар сард хэлэлцэн тохиролцсон хэлцэл болон 2022.08.26-ны өдөр байгуулсан №220501 дугаартай гэрээний үүргийн дагуу хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК-д 2022.03.23-ны өдрөөс 2022.10.30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 709.353.462 төгрөгийн төлбөрийг тус компанийн захирал Б.Энхтөгөлдөрийн ХААН банкин дахь 5007178876 дугаарын дансаар шилжүүлсэн.

Түүнд шилжүүлсэн 709.353.462 төгрөгөөс 316.253.462 төгрөг нь хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК-ийн гэрээгээр хүлээсэн засварын ажлын үүрэгт хамааралгүй буюу энэ нь бусад бараа материалын үнэ юм.

Харин үлдэх 393.100.000 төгрөг нь сууцанд хийх засварын ажлын төлбөр юм.

Засварын ажил эхэлсэн 2022 оны 03 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн ажил дуусгавар болоогүй, гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс шалтгаалж талуудын дунд байгуулагдсан гэрээний харилцаа зөрчигдөж буй нөхцөл байдалд талууд дүгнэлт хийж ажлын хөлсөнд хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК-д төлсөн 393.100.000 төгрөгөөс чухам хэчнээн төгрөгийн өртөг бүхий засварын ажил гүйцэтгэсэн эсэхэд тооцоо, дүгнэлт хийж үзээд нийт 203.354.000 төгрөгийн ажлыг /материалын зардлыг оруулан тооцоод/ хүлээн авч, үлдэгдэл 189.746.000 төгрөгт ногдох ажил болон материал дутуу байгааг гаргасан болно. Энэ тооцоог нэхэмжлэгч С.******* болон Б.Энхтөгөлдөр нар нь хоорондоо тохиролцож, тооцоо нийлж гаргасан бөгөөд харин бичгийн баримтын шаардлага хангаагүй байдлаар тохиролцсон байдаг.

Ингээд цаашид талуудын дунд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ үргэлжлэх боломжгүй, гүйцэтгэгч Интерьер дизайн комьюнити ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал тодорхой болсон тул хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр 189.746.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

хариуцагч нь засварын ажил гүйцэтгэх явцад хэвийн ажиллаж байсан дулааны шугамыг эвдэлсэн, засвар хийсэн гэх таазны ажлуудад хагарал үүссэн, өрөө хоорондын дулааны ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй, паркетин шалны зориулалт, технологийг зөрчиж угсарснаас 100 мкв шал эвдэлсэн тул түүнийг засахад зарцуулсан зардал 77.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь засварын ажлыг 2022.08.01- -ны өдөр бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд талуудын байгуулсан 2022.08.26-ны өдрийн №220501 дугаартай гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу хоног тутамд 0.05 хувийн алданги тооцно гэж зааснаар алданги төлөх төлөх үүрэгтэй. Харин Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасан ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... гэж зааснаар хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 266.896.000 төгрөгийн 50 хувиар алданги тооцож 133.448.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь 2022 оны 03 дугаар сард харилцан тохиролцсон хэлцэл, 2022.08.26-ны бичгээр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нэхэмжлэгч С.******* миний гэр бүлийн өмчлөлийн хувийн сууцанд засварын ажлыг хэлэлцэн тохиролцсон хугацаанд гэрээний дагуу хийж гүйцэтгэх хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал нь Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон хохирлыг хариуцагч нараас шаардах эрхтэй юм.

Хариуцагч Интерьер дизайн комьюнити ХХК нь Мат блек ХХК болж нэрээ өөрчилсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг Мат блек ХХК,*******, Б.Энхтөгөлдөр нарыг хамтран хариуцагчаар татсан байдаг.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь хэсгүүд, талуудын хооронд байгуулсан 2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.4.8, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгүүдийг үндэслэн хариуцагч Матт блэк ХХК,*******, Бээжин овогтой******* нараас гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс 189.746.000, хохирол 77.150.000, алданги 133.448.000 нийт 400.344.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож өгнө үү. /2хх99-101/ гэжээ.

2.Хариуцагч******* татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

С.******* нь "Артиор Студи" ХХК-тай 2021.08.26-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхтөгөлдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний эхний хэсэгт гүйцэтгэгчээр "Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн нэрийг дурдаж, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Энхтөгөлдөртэй харилцан тохиролцож байгуулав гэснээс үүдэн ажил гүйцэтгэгч талыг "Интерьер дизайн комьюнити" ХХК гэж тодорхойлон шүүхэд хариуцагчаар татжээ.

Гэвч тус гэрээний 9.1.2 дахь заалтад заасан ажил гүйцэтгэгч талын мэдээллээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, Твин ком тауэр 5 тоот хаягт байрлах, 9011817212 улсын бүртгэлийн дугаартай,******* регистрийн дугаартай, "Артиор Студи" ХХК байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болоод гүйцэтгэх захирал нь хамтран хариуцагч Бээжин овогтой******* байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн гэрээ байгуулах үеийн байдлаар болон одоогийн байдлаар ч "Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Баяндалай байх бөгөөд энэ нь "Матт Блэк" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл 2021.08.26-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулах үед Б.Энхтөгөлдөр нь "Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш, гүйцэтгэх захирал нь Ц.Баяндалай байсан, түүнд уг гэрээг байгуулах эрх олгоогүй байна.

Харин С.******* нь Хаан банкин дахь өөрийн 5085031818 тоот данснаас, мөн өөрийн "Залуу Монгол" ХХК-ийн Төрийн банкин дахь 106030084624 тоот данснаас хамтран хариуцагч Б.Энхтөгөлдөрийн 5007178876 тоот данс руу төлбөр мөнгийг шилжүүлж байсан байх ба энэхүү гэрээний хүсэл зориг, агуулга, хэлбэрээс харвал С.******* нь гэрээг "Артиор Студи" ХХК-тай байгуулсан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Энхтөгөлдөр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Оргил хотхонд байрлах 1003 мкв талбайтай хувийн сууцанд засварын ажил гүйцэтгэхээр С.*******оос хөлс төлбөр авсан байдаг.

Энэ төлбөрөөс Ц.Баяндалайн данс руу 260,397,500 төгрөг шилжүүлсэн, үүнээс 21,200,000 төгрөгийг Б.Энхтөгөлдөр өөрөө буцаан авсан.

Ц.Баяндалай нь үлдэх 239,197,500 төгрөгөөс 31 сая төгрөгөөр барилгын ажилд, 9,600,000 төгрөгөөр барилгын нураалт, 68,580,000 төгрөгөөр шал цутгалт, 103 сая төгрөгөөр заслын ажил, 10,800,000 төгрөгөөр хаалганы ажил зэрэг, ойролцоогоор 200 сая гаран төгрөгөөр нэхэмжлэгчийн тус сууцанд засварын ажил хийсэн. Үлдэгдэл 38 сая гаруй төгрөг нь Ц.Баяндалайн ашиг гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд барилгын ажилд 393 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээс 189 сая төгрөгийн гүйцэтгээгүй ажлын төлбөр гэж нэхэмжилсэн. Үүнээс Ц.Баяндалай нь 239 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгийг зөвшөөрсөн, харин Б.Энхтөгөлдөр нь үлдэх 160 орчим сая төгрөгийн ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, ямар байдлаар зарцуулсан талаар тайлбарлах байх, иймд нэхэмжлэлийн шаардлага болох 189 сая төгрөгийг Матт блэк ХХК-иас шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2хх17-19/

3.Хариуцагч Б.Энхтөгөлдөр,******* татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

...С.*******ын нэхэмжлэлтэй, "Матт блек" ХХК, Б.Энхтөгөлдөр нарт холбогдох гэрээний дагуу гүйцэтгээгүй ажлын хөлс 189.746.000 төгрөг, хохирол 77.150.000 төгрөг, алданги 133.448.000 төгрөг, нийт 400.344.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй.

2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч С.*******оос шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хамтран хариуцагчаар татагдсан "Артиор студи" ХХК болон Б.Энхтөгөлдөр нар нь хувьдаа ашигласан эсвэл тухайн компани, иргэний хувиар барилгын ажилд зарцуулаагүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагад 709,353,462 төгрөгийг Б.Энхтөгөлдөрийн Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж нотлох баримт гаргасан байдаг. Үүнээс 393,100, 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт зарцуулсан нь тодорхой болж байна.

С.*******оос барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг тэр даруй "Матт блек" ХХК-ийн захирал Ц.Баяндалайн Хаан банкны 5753545237 тоот данс руу, нягтлан Г.Гантогтохын Хаан банкны 5040366766 тоот данс руу, талбайн инженер Ц.Бямбадоржийн 5163144611 тоот данс руу тус тус шилжүүлсэн ба эдгээр данснууд нь компанийн кассын данс хэлбэрээр ашиглагдаж байсан болно.

Матт блек ХХК нь эрх үүсээгүй байхад хэлцэл хийсэн гэх үндэслэлийг гаргаж байна. Гэтэл хариуцагч Б.Энхтөгөлдөр нь зах зээлээс харилцагчтай холбоо тогтоож,******* нь засварын ажил хийж ашиг орлогоо хувааж хүртдэг хамтран ажилладаг, хамтын харилцаатай байсан. Тийм болохоор нэхэмжлэлийг хариуцагч******* хариуцна гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын нэг хохирол шаардсан, энэ нь ирээдүйд гарах хохирол биш, харин учирсан хохирлын тухай байна. Энэ хохиролд шалыг хуулж, дахин наасан, таазны хагарал, дулааны шугам, өрөө хоорондын дулааны холболт дутуу, паркетан шал зэрэг гэж дурдсан бөгөөд үүнд бодитоор учирсан хохирол нь тодорхойгүй буюу баримтаар нотлогдохгүй байна. Тухайлбал дулааны ажлыг дутуу хийж гүйцэтгэснээс дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн гэдэг, гэтэл тэр компани нь эвдсэн байх магадлалтай. Мөн паркетан шал хуулж дахин хийсэн гэдэг, гэтэл энэ нь шал хуулахтай холбоотой гарсан зардал уу эсвэл хуулаад өөр шал авч дахин суурилуулсантай холбоотой зардал уу гэдэг нь тодорхой бус байна.

Үндсэндээ барилгын засвар хийж гүйцэтгэхтэй холбогдуулан шилжүүлсэн мөнгөн дүнг*******-ийн захирал Баяндалай руу шилжүүлсэн, тус компаний хийгээгүй ажилд Б.Энхтөгөлдөр, Артер студи ХХК хариуцлага хүлээх үндэслэлгүй гэв. /2хх61, шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хариуцагч Мат блек ХХК сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

С.******* нь "Артиор Студи" ХХК-тай 2021.08.26-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхтөгөлдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний эхний хэсэгт гүйцэтгэгчээр "Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн нэрийг дурдаж, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Энхтөгөлдөртэй харилцан тохиролцож байгуулав гэснээс үүдэн ажил гүйцэтгэгч талыг "Интерьер дизайн комьюнити" ХХК гэж тодорхойлон шүүхэд хариуцагчаар татжээ.

Гэвч тус гэрээний 9.1.2 дахь заалтад заасан ажил гүйцэтгэгч талын мэдээллээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, Твин ком тауэр 5 тоот хаягт байрлах, 9011817212 улсын бүртгэлийн дугаартай,******* регистрийн дугаартай, "Артиор Студи" ХХК байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болоод гүйцэтгэх захирал нь хамтран хариуцагч Бээжин овогтой******* байна.

Харин Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн гэрээ байгуулах үеийн байдлаар болон одоогийн байдлаар ч "Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Баяндалай байх бөгөөд энэ нь "Матт Блэк" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдоно.

Өөрөөр хэлбэл 2021.08.26-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулах үед Б.Энхтөгөлдөр нь "Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, харин итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш, гүйцэтгэх захирал нь Ц.Баяндалай байсан, түүнд уг гэрээг байгуулах эрх олгоогүй байна.

Дээрхээс үзэхэд, хариуцагч С. ******* болон "Артиор Студи" ХХК нарын хоорондын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан "Барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч тал нь одоогийн "Матт Блэк" ХХК буюу тухайн үеийн "Интерьер дизайн комьюнити ХХК биш бөгөөд С.*******, "Матт Блэк" ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Иймд 2021.08.26-ны өдөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ" нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн мөн хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд дараах байдлаар тайлбарлаж байна.

Хариуцагч Мат блек ХХК нь хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохдоо Б.Энхтөгөлдөр нь гэрээ байгуулах үед*******-ийн эрх бүхий этгээд биш гэж тодорхойлсон. С.*******той байгуулсан гэрээнд Интерьер дизайн комюьнити буюу одоогийн*******-ний гүйцэтгэх захирал Б.Энхтөгөлдөр гэж тус байгууллагын регистрийн дугаарыг бичиж гарын үсэг зуран баталгаажуулсан учраас бид Матт блек ХК-ийг хариуцагчаар татах үндэслэл үүссэн. Тус гэрээг байгуулах үед Б.Энхтөгөлдөр нь нэхэмжлэгч С.*******т өөрийгөө тус компанийг төлөөлөх эрхтэй мэт итгүүлсэн байдаг. Хариуцагч талууд энэ гэрээг маш олон талаас дүгнэж ярьж, огноо, бичвэр гэх мэт алдаа хэдий ч гэрээний дагуу төлбөр мөнгө нь төлөгдөөд, засварын ажил хийгдээд, хэрэгжиж байсан. Тухайн төлбөрийг Б.Энхтөгөлдөр болон******* -ийн дансаар авч, зарцуулсан тухайгаа хэн аль нь зөвшөөрч байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Ү-2206004965 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээний хүснэгт, материалын үнийн санал, материалын түүвэр, РД:6449336 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны дотоод заслын ажил гүйцэтгэх үнийн санал, засал гүйцэтгэл үнийн санал, 12 сарын 02-ны өдрийн гарч бичмэл, Хаан банкны 5007178876 дугаарын дансанд төлбөр шилжүүлсэн байдал, Хаан банкны 5085031818 дугаар дансны 2022.02.01-2022.12.06-ны өдрийн хуулга, Хаан банкны 5085031818 дугаар дансны 2022.05.01-2022.12.06-ны өдрийн хуулга, Хаан банкны 5085031818 дугаар дансны 2022.08.01-2022.12.06-ны өдрийн хуулга, Төрийн банкны 106030084624 дугаар Залуумонгол дансны 2022.02.01-2022.12.06-ны өдрийн хуулга, Төрийн банкны 102700024727 дугаар ******* Сономпил дансны 2022.02.01-2022.12.06-ны өдрийн хуулга, дотор зургууд, №018 дугаар Зураг төслийн гэрээ,*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.01.20-ны өдрийн №0012 итгэмжлэл, 2022.12.13-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Чин чавчир ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Залуу монгол ХХК-ийн Төрийн банкны дансны хуулга, /1хх-ийн 1-165, 185, 2хх-ийн 134-142, /

7.Хариуцагч Б.Энхтөгөлдөр,*******-иас гаргасан нотлох баримт: 2023.03.01-ний өдрийн №0066 дугаар итгэмжлэл, 2023.03.06-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шүүхийн мэгдэх хуудас, Б.Энхтөгөлдөрийн Хаан банкны 5007178876 дугаар дансны 2022.03.01-2023.04.13-ны өдрийн хоорондох дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.04.21-ний өдрийн итгэмжлэл, С.*******ын шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусад руу шилжүүлсэн Б.Энхтөгөлдөрийн дансны хуулгын түүвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, /1хх-ийн 234, 2хх-ийн 3-5, 29-32, 51, 64-95, 103-104, 215-221/

8.Хариуцагч*******-иас гаргасан нотлох баримт: 2023.02.28-ны өдрийн №02/28-1 дугаар итгэмжлэл, РД:6449336 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Матт блэк ХХК-ийн дүрэм, сөрөг нэхэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, 2023.03.27 сөрөг нэхэмжлэл, 2023.05.11 сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.05-ны өдрийн итгэмжлэл, 2024.01.15-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ц.Баяндалайн хаан банкны 5753545237 тоот дансны 2022.05.01-2024.02.06-ны дансны хуулга, 2022.12.13, 2022.09.12, 2022.03-16-2022.11.01-ний дансны хуулга, /1хх-ийн 229-232, 238-240, 2хх-ийн 8-9, 17-19, 23-25, 118-123, 3хх-ийн 7-8, 16-47/

9.Гуравдагч этгээд Залуу монгол ХХК-иас гаргасан нотлох баримт: 2023.12.11-ний өдрийн №23/146 итгэмжлэл, тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2024.01.15-ны өдрийн №0022 итгэмжлэл, /2хх-ийн 197-206, 3хх-ийн 5,/

10.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.*******-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хавсралт, 2023.05.24-ний өдрийн Лэндс ХХК-ийн шинжээчийн нэрс, 2023.10.16-ны өдрийн Лэндс ХХК-ийн хүсэлт, Шинжээчийн тайлан, хавсралт зураг, Тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, үнэлгээчний гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, үнийн санал, Ц.Баяндалайн Хаан банкны 5753545237 тоот дансны 2022.03.01-2024.01.04-ний өдрийн дансны хуулга, шинжээчийн тайлан, /1хх-ийн 189-211, 2хх-ийн 133, 160-186, 222-250, 3хх-ийн 1-2, 88-101/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагчаар Интерьер дизайн комьюнити" ХХК-ийг тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тус хуулийн этгээдийг*******-иар сольж, улмаар хамтран хариуцагчаар иргэн Б.Энхтөгөлдөр,*******-ийг татан оролцуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч*******, Б.Энхтөгөлдөр,*******-ид холбогдуулан 2022 оны 03 дугаар сард байгуулсан хэлцэл, 2021.08.26-ны ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын хөлс 189,746,000 төгрөг, хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 400,344,000 төгрөг-ийг гаргуулах гэж ,

Хариуцагч******* нь нэхэмжлэгч С.*******т холбогдуулан 2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж сөрөг шаардлагыг тус тус тодорхойлж, тус бүр тухайн шаардлагуудыг дэмжиж оролцсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Залуу монгол ХХК, М.Сономпил нарыг татсан бөгөөд хэргийн оролцогч нь нэхэмжлэгчийг дэмжсэн байр суурьтай оролцсон.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо...С.******* нь гэр бүлийн хөрөнгө болох хувийн сууцанд засварын ажил гүйцэтгүүлэхээр Б.Энхтөгөлдөртэй тохиролцож, түүнд 709,353,462 төгрөгийг дансаар шилжүүлсэн...үүнээс 316,253,462 төгрөгөөр засварын ажилтай хамааралгүй бараа материал авсан...үлдэх 393,100,000 төгрөгөөр засварын ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг 2022 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон...уг засварын ажил 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 12 сар хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй, доголдол илэрсэн тул 2022 оны 08 сард нөхөж Б.Энхтөгөлдөрийн компанитай бичгээр гэрээ байгуулсан...Б.Энхтөгөлдөр тус компаний захирал гэж танилцуулсан...компани болон иргэнтэй хэн алинтай амаар болон бичгээр гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөр төлсөн...хариуцагч талууд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй...тэдгээрийн дутуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь илүү төлсөн мөнгөн хөрөнгөтэй нийлж байгаа тул шаардах эрхтэй...мөн гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажилд илэрсэн доголдлыг засварласан тул хохирол шаардах эрхтэй...бичгээр байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан тул алданги шаардах эрхтэй гэж,

Хариуцагч******* татгалзлын үндэслэлээ...нэхэмжлэгч С.*******той амаар болон бичгээр гэрээ байгуулаагүй боловч түүний сууцанд засварын ажил гүйцэтгэсэн...энэ ажлын хүрээнд Б.Энхтөгөлдөрөөс 239 сая төгрөг хүлээн авч, 200 сая гаран төгрөгөөр барилгын нураалт, шал цутгалт, заслын ажил, хаалганы ажил зэрэг нэхэмжлэгчийн тус сууцанд засварын ажилд зарцуулсан, үлдэх 39 орчим сая төгрөг нь манай компаний ашиг юм ...одоо нэхэмжилсэн 189 сая төгрөгийг Б.Энхтөгөлдөр ямар байдлаар зарцуулсныг баримтаар гаргаж ирээгүй тул өөрөө хариуцах үүрэгтэй...бичгээр байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна...компани зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Б.Энхтөгөлдөр,******* татгалзлын үндэслэлээ...С.*******той сууцанд засварын ажил хийхээр тохиролцож өөрийн дансаар 709,353,462 төгрөг хүлээн авсан маргахгүй...үүнээс бараа материал 316,253,462 төгрөгөөр худалдан авсан гэдгийг зөвшөөрнө...засварын ажлын 393,100,000 төгрөгөөс 189,746,000 төгрөгийг хийгээгүй ажлын үнэ гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй...Б.Энхтөгөлдөр зах зээлээс харилцагч олж гэрээ байгуулах,*******-ийн захирал Ц.Баяндалай засварын ажлыг биечлэн гүйцэтгэхээр тохиролцож хамтран ажилладаг байсан...иймд нэхэмжлэгч С.*******той эхэлж Б.Энхтөгөлдөр хэлцэл байгуулж, хийж гүйцэтгэх ажил үүргээ тохиролцсоноор нийт 709 сая төгрөг хүлээн авснаас сууцанд хийх засварын ажлын хөлс 393,100,000 төгрөгийг Ц.Баяндалай болон түүний ажилтан руу бүрэн шилжүүлсэн тул хариуцахгүй, үүнийг*******-ийн Ц.Баяндалай хариуцна...нэхэмжлэгч тал сууцанд хийж гүйцэтгээгүй ажлын хэмжээг бодитоор тогтоогоогүй...ажил гүйцэтгэх явцад илэрсэн доголдлыг засварласан гэх баримтгүй зэргээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

3. Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаар иргэн Б.Энхтөгөлдөр, хуулийн этгээд*******,*******-ийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас бүхэлд нь шаардсан.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх нь хариуцагч иргэн, хуулийн этгээдтэй хэнтэй нь эрх зүйн ямар харилцаа үүссэнээр тодорхойлогдох бөгөөд хариуцагч тус бүрд холбогдох үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Хариуцагч Б.Энхтөгөлдөрийн тухайд:

Нэхэмжлэгч С.******* хариуцагч Б.Энхтөгөлдөртэй 2022 оны 03 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Оргил хотхонд байрлах 1003 мкв талбайтай, М.Сономпилийн өмчлөлийн хувийн сууцанд засварын ажил хийхээр аман хэлцэл байгуулсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Уг хэлцлийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч С.******* нь төлбөр төлөгч буюу захиалагч тал, хариуцагч Б.Энхтөгөлдөр нь гүйцэтгэгч буюу ажил гүйцэтгэгчээр оролцсон байх ба гүйцэтгэгч нь захиалагчийн зардлаар дээрх сууцанд засвар үйлчилгээ хийж, ажлын үр дүнг 2022 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Талуудын дээрх хэлцлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Ажил гүйцэтгэх гэрээг амаар болон бичгээр байгуулж болох бөгөөд талууд дээрх хэлцлийг бичгээр байгуулаагүй хэдий ч эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж заасантай мөн нийцжээ.

Тодруулбал хариуцагч Б.Энхтөгөлдөр нь гэрээний зүйлд заасан 1003 мкв талбайтай хувийн сууцанд ханын ажил, таазны ажил, сангийн ажил, туслах материал, шалны ажил зэрэг нийт 6 төрлийн ажлыг 369,962,000 төгрөгөөр гүйцэтгэхээр ажлын төсөв зохиосныг захиалагч буюу нэхэмжлэгч С.******* зөвшөөрснөөр ажил гүйцэтгэгч Б.Энхтөгөлдөрийн Хаан банкинд эзэмшдэг данс руу 2022 оны 03 дугаар сараас эхлэн уг хэлцлийг үндэслэн хөлс төлбөрийг шилжүүлж, тус төлбөрийг гүйцэтгэгч Б.Энхтөгөлдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэгч С.******* болон хариуцагч Б.Энхтөгөлдөр нарын дансны хуулгаар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иймд ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022.03.23-2022.10.30-ны өдөр хүртэл 709,353,462 төгрөг шилжүүлсэн болох нь банкны баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч Б.Энхтөгөлдөр энэ талаар маргаагүй болно.

Харин дээрх төлбөрөөс 393,100,000 төгрөг нь талуудын ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж тодорхойлж, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 189,746,000 төгрөг шаардсаныг хариуцагч Б.Энхтөгөлдөр зөвшөөрөөгүй үндэслэлээ сууцны засварын ажлыг*******-ийн Ц.Баяндалай гүйцэтгэхээр тохиролцсон тул Б.Энхтөгөлдөрөөс хүлээн авсан 393 сая төгрөгийг бүхэлд нь түүнд шилжүүлсэн, өөрөө хариуцахгүй харин төлбөр авсан******* хариуцах үүрэгтэй гэж маргасан байна.

Гэтэл хариуцагч Б.Энхтөгөлдөр нь дээрх төлбөрөөс 409,000,000 төгрөгийг******* руу шилжүүлсэн гэх хүснэгтийг, түүний шилжүүлсэн мөнгөн дүнгээс Ц.Баяндалай 239,000,000 төгрөг хүлээн авсан гэх тайлбарыг тус тус гаргасан хэдий ч нэхэмжлэгч С.*******той, хариуцагч Б.Энхтөгөлдөр,*******-ийн Ц.Баяндалай нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал С.*******, Б.Энхтөгөлдөр нарын хооронд нь 2022 оны 03 дугаар сард амаар хэлцэл байгуулагдаж, тухайн хэлцэл хүчин төгөлдөр болсны дараа хожим 2022.08.26-ны өдөр Интерьер дизайн комьюнити" ХХК буюу*******-тэй бичгээр байгуулсан хэдий ч тус гэрээгээр талуудын хооронд эрх үүрэг үүсээгүй, тухайн гэрээ хүчин төгөлдөр болоогүй болох нь нэхэмжлэгч нь хариуцагч Матт блек ХХК-ийн захирал Ц.Баяндалайтай харилцаж байгаагүй гэх тайлбар болон засварын ажлын төлбөрийг Б.Энхтөгөлдөрийн дансаар шилжүүлсэн талаарх баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Энхтөгөлдөрөөс гүйцэтгээгүй ажлын төлбөрт төлсөн 189,746,000 төгрөгийг түүнээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь хэлцлээр тохирсноор 2022 оны 10 дугаар сард дээрх сууцанд засварын ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүрэг буюу ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй, ажлын үйл явц 2022 оны 03 дугаар сараас эхэлж 2022 оны 10 дугаар сард зогссон, засварын үйл ажиллагаа дуусгаагүй орхисон болох нь тус сууцанд хийсэн үзлэгийн ажиллагаа, нэхэмжлэгчийн тайлбар болон гэрэл зургийн үзүүлэлт баримтаар тус тус тогтоогдсон гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сууцанд хийсэн засварын ажлын гүйцэтгээгүй ажлын хэмжээ болон үнийн дүнг тодорхойлохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Лэндс ХХК-д хуульд заасан эрх, үүрэг тайлбарласнаар нэмэлт дүгнэлт гаргасан. Шүүхээс тус сууцанд 393,100,000 төгрөгийн засварын ажил гүйцэтгэсэн эсэх мөн засварын гүйцэтгээгүй ажлын хэмжээг тодорхойлохыг даалгасан. Шинжээч нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тохиролцсон хана, тааз, цахилгаан, сан, шал, туслах материал гэсэн 6 ажлыг зах зээлийн хандлагын аргаар тооцоолж, засварын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 198,527,355 төгрөг, гүйцэтгээгүй үлдсэн ажлын хэмжээг 194,572,645 төгрөг гэж гаргасан байна. Шинжээчийн гаргасан энэхүү тоо хэмжээ нь нэхэмжлэлээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 393,100,000 төгрөг, талуудын ажлын хэмжээний үлдэгдэл 189,746,000 төгрөг гэж тохиролцож байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудтай харьцуулан үзээд тус дүгнэлтээр гаргасан гүйцэтгээгүй ажлын хэмжээг үнэн зөв гаргасан гэж дүгнэлээ. Харин дүгнэлтэд гүйцэтгээгүй ажлын хэмжээг 194,572,645 төгрөг гэж гаргасан байх хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 189,746,000 төгрөг бүхий үнийн дүнгээр тэнцүүлж гаргах боломжгүй тул шаардлагад дурдсан тус үнийн дүн болох 189,746,000 төгрөгөөр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

Шинжээч нь захирамжид тусгасан 2 дах асуултанд дүгнэлт гаргаагүй боловч тухайн хүсэлт гаргасан нэхэмжлэгч тал энэ талаар ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлээгүй мөн шүүх хуульд зааснаар нэмэлт дүгнэлт гаргасан байх тул дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хариуцагч Б.Энхтөгөлдөр нь нэхэмжлэгч С.*******оос дансаар 709,353,462 сая төгрөг хүлээн авсан маргаагүй, үүнээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 393,100,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжилж буй гүйцэтгээгүй ажлын төлбөрт шаардсан 189,746,000 төгрөгийн татгалзлыг бичгийн нотлох баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Хариуцагч Мат блек ХХК,*******-д холбогдох шаардлагын тухайд:

Интерьер дизайн комьюнити" ХХК нь 2022.04.08-нд Мат блек ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, 2022.12.08-ны өдөр Мат блек ХХК болгон нэрээ өөрчилсөн бөгөөд энэ талаар тус компаний дүрэмд тусгаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болжээ. /1хх189-211/

Артиор студи ХХК нь 2020 онд бүртгэлд бүртгэгдсэн, гүйцэтгэх захирлаар Б.Энхтөгөлдөр бүртгэгдсэн байна. /1хх165/

Хэдийгээр хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн ч Интерьер дизайн комьюнити" ХХК-ийн бусад этгээдийн өмнө хүлээсэн эрх үүрэг хэвээр байх ба түүний эрх үүрэг шинээр бүртгүүлсэн*******-д шилжсэн байна. Иймд нэхэмжлэгч нь анх Интерьер дизайн комьюнити" ХХК-ийг хариуцагчаар татаж, уг хариуцагчийг*******-иар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.Энхтөгөлдөр нар нь 2022 оны 03 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулсны дараа хожим 2021.08.26-ны огноотой тус сууцанд засварын ажил гүйцэтгэхээр Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээг бичгээр байгуулжээ.

Уг гэрээнд захиалагчаар С.*******, гүйцэтгэгчээр Интерьер дизайн комьюнити" ХХК,*******-ийг төлөөлж Б.Энхтөгөлдөр гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч гэрээний зүйл болох сууц засварын ажлын талбай хэмжээ, гүйцэтгэх ажил үүрэг, захиалагчийн үнэ, хугацаа, хөлс төлөх арга хэлбэр, талуудын эрх үүрэг зэргийг тодорхойлоогүй зэргээс үзэхэд тус гэрээ хэрэгжих боломжгүй байжээ.

Мөн дээрх гэрээгээр захиалагч нь нэр бүхий хуулийн этгээдэд хөлс төлөөгүй харин хариуцагч Б.Энхтөгөлдөрийн иргэний дансанд төлбөр шилжүүлсэн болох нь бичгийн баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагчаар тодорхойлсон Интерьер дизайн комьюнити" ХХК,*******-иас шаардах эрхгүй байна.

Хариуцагч*******-ийн хуралдаанд гаргасан Б.Энхтөгөлдөрөөс 263 сая төгрөг хүлээн авч, М.Сономпилийн сууцанд 5 төрлийн засврын ажлыг 200 сая гаран төгрөгөөр хийсэн, 39 сая төгрөг нь компаний ашиг гэсэн тайлбар нь нэхэмжлэгч С.*******оос хариуцагч Б.Энхтөгөлдөрийн данс руу засварын ажилд шилжүүлсэн 393,100,000 төгрөгөөс*******,*******-ийн данс руу бус харин иргэн Ц.Баяндалайн данс руу шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд*******,******* нь С.*******, Б.Энхтөгөлдөр нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд тус гэрээний тухайд хариуцагч Б.Энхтөгөлдөр ерөнхий гүйцэтгэгч гэж үзэхээр байна.

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагч*******,*******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6. Учирсан хохирол нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.*******, Б.Энхтөгөлдөр нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь 2022 оны 03 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд уг гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн үүргээ зөрчсөн үйлдэл буюу тогтоосон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй мөн ажлын доголдол гаргасан нөхцөл байдал болон тус ажиллагаанд нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй үндэслэлээр талууд гэрээгээ цуцалсан гэж үзэхээр байна.

Хуульд зааснаар гэрээ цуцалснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Харин тухайн хохирол нь бичгийн нотлох баримтаар тогтогдсоноор нэхэмжлэгч шаардах эрх хангагдах боломжтой байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон хэдий тус шинжээчийн дүгнэлтийг ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр үнэлэх боломжгүй болж, нэмэлт дүгнэлт гаргуулсан.

Нэмэлт дүгнэлтэд учирсан хохирлын талаар тусгаагүй байх ба нэхэмжлэгч энэ талаар дахин хүсэлт гаргаагүй тул шүүх дүгнэлтийг бүрэн гүйцэд гэж үзээд үнэлсэн болно. Нөгөө талаар нэхэмжлэгчид учирсан хохирол нөхөн төлүүлэх шаардлага нь бичгийн бусад баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7.Алданги шаардсан шаардлагын тухайд: Иргэний хуульд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Зохигч талууд болох С.*******, Б.Энхтөгөлдөр нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь бичгээр хийгдээгүй болохыг нэгэнт дүгнэсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй байна.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Мат блек ХХК, нэхэмжлэгч С.*******т холбогдуулан 2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэсэн агуулга бүхий шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

2021.08.26-ны огноотой Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээнд захиалагчаар С.*******, гүйцэтгэгчээр Интерьер дизайн комьюнити" ХХК,*******-ийг төлөөлж Б.Энхтөгөлдөр гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч гэрээний зүйл болох сууц засварын ажлын талбай хэмжээ, гүйцэтгэх ажил үүрэг, захиалагчийн үнэ, хугацаа, хөлс төлөх арга хэлбэр, талуудын эрх үүрэг зэргийг тодорхойлоогүй байна.

Тус гэрээгээр захиалагч нь ажил гүйцэтгэгч тал болох хуулийн этгээдэд хөлс төлөөгүй, тэдгээр нь ажил үүрэг гүйцэтгээгүй зэргээр тус гэрээ хэрэгжээгүй болохыг шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ дүгнэсэн. Дээрх гэрээ нь хуульд зааснаар байгуулагдаагүй, уг гэрээгээр талуудад эд хөрөнгө шилжүүлээгүй болох нь тогтоогдсон тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлагагүй, энэ талаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

9. Шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хэвээр үргэлжилнэ. Шинжээчийн зардлын 50 хувийг хариуцагчаас, зохигч талуудын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.Энхтөгөлдөрөөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 189,746,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийг шаардлагаас хохирол 77,150,000 төгрөг, алданги 133,448,000 төгрөг, нийт 210,598,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.*******т холбогдох хариуцагч*******-ийн 2021.08.26-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй болохыг тогтоолгож, тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар тус тус нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,159,670 төгрөг, хариуцагч*******-ийн төлсөн 3,778,318 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас тэмдэгтийн хураамжид 1,106,680 төгрөг, шинжээчийн зардал 5,000,000 төгрөг, нийт 6,106,680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар тус шүүхийн шүүгчийн

2023 оны 01 сарын 11-ний өдрийн 182/ШЗ2023/00807 дугаар захирамжид заасан Интерьер дизайн комьюнити ХХК, Бээжин овогтой******* нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон,

2023 оны 02 сарын 17-ны өдрийн 182/ШЗ2023/02590 дугаар захирамжид заасан Чингэлтэй дүүрэг, 05 дугаар хороо, Самбуугийн гудамж, Твинком тауэр 7-б тоот хаягт байрлах,*******-ийн /РД:6449336/ дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон,

2023 оны 04 сарын 12-ны өдрийн 182/ШЗ2023/04515 дугаар захирамжид заасан******* /РД:6558844/-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тус тус арга хэмжээ шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.ЦОЛМОН