| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/04863/И |
| Дугаар | 182/ШШ2024/01120 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/01120
2024 03 12 182/ШШ2024/01120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 06 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж-46, хаягт байрлах, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /РД:9080821/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах М ХХК /РД/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 204,507,947 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.Д,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.
Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан.
******* нь 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 142,201,101 төгрөгийг дутуу төлсөн байна. Энэ зөрчлийн улмаас тус хуулийн этгээдийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.
Улсын байцаагчийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 00000060 тоот албан шаардлагаар *******-ийг нийгмийн даатгалын шимтгэлийн өр 43,633,396 төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Гэтэл тус байгууллага нь дээрх өрийг төлөөгүй бөгөөд улмаар дараагийн сарын шимтгэл нэмэгдэж 2023 оны 09 дүгээр сарын байдлаар 142,201,101 төгрөгийн болж нэмэгдсэн бөгөөд уг шимтгэлийн өрийг төлүүлэхээр байгууллагын харилцах дансны гүйлгээг зогсоосон.
Хариуцагч байгууллагын дээрх төлөх үүрэг болох 142,201,101 төгрөгийн өр нь тус байгууллагын 38 ажилтны цалин хөлсөнд тооцогдох шимтгэл бөгөөд байгууллага энэ талаар өөрөө тайлан гаргаж мэдүүлсэн байдаг. Үүнд 2022 оны 12 дугаар сарын үлдэгдэл дээр 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны шимтгэлийн өр багтсан тул хариуцагч байгууллагаас гаргуулж Нийгмийн даатгалын байгууллагад олгож өгнө үү.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлээр Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн хэсгийн 3... Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Энэ хуулийн тайлбар хэсэгт ... Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэжээ.
Иймд хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүй тул дээрх хуульд зааснаар алданги 62,306,846 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Манай компани нь 2022 онд байгуулагдаж, төсөл хэрэгжүүлэн ажиллаж байсан, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болно. Иймд энэ шимтгэлийг төлөхийг зөвшөөрч байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8-т Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг заасан ба тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.15-т нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17-т заасан зөрчилд хариуцлага тооцно гэсэн байна. Иймд зөрчлийн тухай хуулийг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын тайлан, ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдэл, хавсралт, улсын байцаагчийн албан шаардлага,ажил олгогчийн мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 38 ажилтны цалингийн хүснэгт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, шимтгэл, алдангийн тооцоолол /хх1-19/.
4. Хариуцагч талаас нотлох баримтаар: Тайлбар, хуулийн этгээдийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх23-24,28,43/ зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч *******-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй өр 142,201,101 төгрөг, алданги 62,306,846 төгрөг, нийт 204,507,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй.
Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын байгууллага" гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээд гэж,
нийгмийн даатгалын сан" гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг,
"нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг,
"нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа" гэж ажил олгогч болон даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг,
"шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ гэж тусгажээ.
Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийн этгээдийн бүртгэлд 2008 онд 9080821 дугаартай регистрийн дугаараар бүртгэгдсэн бөгөөд түүний үйл ажиллагааны үндсэн чиглэлээр нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж, ******* нь хуулийн этгээдийн бүртгэлд 2022 онд******* дугаартай регистрийн дугаараар бүртгэгдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн байх тул хариуцагч гэж үзнэ.
Хуулийн этгээд нь төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд төлөөлөл нь хуульд заасан шаардлага хангасан байна.
Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна. Нийгмийн даатгалд өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ажилтан албан журмаар даатгуулна гэж заажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:
1 /хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;
2 /шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх;
3 /нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах;
4 /нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.
Хариуцагч ******* нь нийгмийн даатгалын санд 2023 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын үлдэгдэл 25,124,248 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 142,201,101 төгрөгийн шимтгэл төлөх үүрэгтэй болох нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл тогтоосон хүснэгтээр тогтоогдож байгаа ба хариуцагч нь шимтгэлийн үнийн дүнг зөвшөөрсөн бөгөөд энэ тухайд маргаагүй байна.
Харин зохигч талууд дээрх шимтгэлд тооцсон алданги болох 62,306,846 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж, хариуцагч нь хэргийн харьяаллын талаар маргаж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ гэж заажээ.
Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно...гэж,
дээрх хуулийн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг тогтоосон ба уг хуулийн 6.15...д нийгмийн даатгалын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил-ийг шалгахаар заажээ.
Иймд хариуцагч хуулийн этгээдийн шимтгэл төлөх үүрэгт ногдуулах алдангийг шийдвэрлэх харьяаллыг хуулиар тусгайлан зохицуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч энэхүү шаардлагыг хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад гаргахад шийдвэр саад болохгүй болно.
Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар хариуцагч *******-иас нийгмийн даатгалын шимтгэл 142,201,101 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 62,306,846 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 868,955 гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН