| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/04049/И |
| Дугаар | 182/ШШ2024/00446 |
| Огноо | 2024-01-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/00446
2024 01 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК /РД:6931782/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Т.Э холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,568,325 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О,
Хариуцагч Т.Э,
Гэрч Д.Э, Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
...Манай компани хариуцагч Т.Энхтуяатай 2023 оны 06 сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, Булган аймгийн Хутаг Өндөр суманд байрлах 3 хаусны дотоод заслын ажил гүйцэтгүүлэхээр, гэрээний үнэ 16,262,000 төгрөг, хугацаа 06 сарын 30-ны өдөр дуусгахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа 8,000,000 төгрөг болон зардал 300,000 төгрөг, нийт 8,3000,000 төгрөгийг төлсөн. Зардлын 300,000 төгрөг хамааралгүй.
Т.Энхтуяаг манай барилгын талбай дээр хамтран ажиллаж байсан М.Ганболдын санал болгосны дагуу сонгосон юм.
Хариуцагч нь 2023 оны 06 сарын 20-дын үеэр ажлын байран дээр очиж ажилласан бөгөөд эхний 2 хаусны дотоод заслыг бүрэн гүйцэтгээгүй, дутуу орхиод 2023 оны 07 сарын 05-нд ажлын байраа орхиод явсан байдаг. Мөн эргэж хэзээ ирэх талаар мэдэгдээгүй тул манайх гэрээг цуцалсан гэж ойлгоод дараагийн барилгын компаниар үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлсэн болно.
Хуульд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэж заасан ба хариуцагч нь ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй болно.
Гэрээнд зааснаар Т.Энхтуяа нь 2 хаусанд хийсэн ажлын тоо хэмжээ, үнэлгээг үзэхэд 4,502,675 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх ба урьдчилгаа төлбөр 8,000,000 төгрөгөөс хасаад 3,497,325 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Барилгын ажлын талбай дээр ажиллаж байсан инженер Д.Эрдэнэзаяа нь Т.Энхтуяагийн ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар 2 хаусанд хийсэн ажлын гүйцэтгэл 4,502,675 төгрөг, үүн дээр нэмэлтээр хийсэн ажлын хэмжээ үнийн дүн 1,605,000 төгрөг, нийт ажлын тоо хэмжээ, үнийн дүн 6,107,675 төгрөг гэж тооцоолсон болно.
Иймд хариуцагч Т.Энхтуяагаас урьдчилгаа 8,000,000 төгрөгөөс, гүйцэтгэсэн ажлын дүн 6,107,675 төгрөгийг хасаад 1,892,325 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
...Миний бие нь 4 хүний бүрэлдэхүүнтэй барилгын бригад ажиллуулдаг бөгөөд компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгчийн Булган аймгийн Хутаг Өндөр суманд байрлах 3 хаусны дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 8,300,000төгрөгийн урьдчилгаа авсан.
Манай бригад 2023 оны 06 сарын сүүлээр ажлын байран дээр очиж ажиллаж эхэлсэн боловч биднээс шалтгаалахгүйгээр ажил явагдахгүй байсан. Тухайлбал барилгын хана барьж бэлэн болгох М.Ганболд ажлаа гүйцэтгэхгүй байсан нь бидний ажилд шууд нөлөөлж, өдөр 2 цаг гаран ажиллаж байсан. Энэ талаар холбогдох хүмүүст нь хэлж байсан боловч хүлээж авахгүй байсан, хийх ажил байхгүй тул 07 сарын 05-ны үеэр хот руу буцсан. Харин бид наадам өнгөрөөгөөд ирж ажиллана гэж хэлсэн боловч утсаа авахгүй байсан тул буцаж ирээгүй.
Манай бригадын эхний 2 хаусанд хийсэн барилгын ажил нь гэрээнд зааснаар 5,796,000 төгрөг, нэмэлтээр хийсэн ажил 2,865,000 төгрөг, нийт 8,661,000 төгрөгийн ажил хийсэн.
Иймд ажил дутуу гүйцэтгэсэн гэж 1,892,325 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн гэрчилгээ, итгэмжлэл, 2023.06.13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Хас банкны цахим гүйлгээний мэдээлэл, ажлын гүйцэтгэлийн тооцоолол /хх-ийн 1-10/,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Ажлын гүйцэтгэлийн тооцоолол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-47/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Би тү брос ХХК нь хариуцагч Т.Энхтуяад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн 8,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй ажлын үнэ 3,568,325 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагыг дараах байдлаар багасгасан бөгөөд үндэслэлээ хариуцагч нь гэрээнд зааснаар 4,502,675 төгрөгийн ажил, нэмэлтээр 1,605,000 төгрөгийн ажил, нийт 6,107,675 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнийг урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгөөс хасаад 1,892,325 төгрөг нэхэмжилнэ гэж тодруулсан байна.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа 8,000,000 төгрөг төлсөн, хариуцагч нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй орхисон тул гэрээ цуцалсан...гүйцэтгэгчийн гэрээнд заасан гүйцэтгэсэн ажил болон нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын нийт гүйцэтгэл 6,107,675 төгрөг болсон...урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгөөс түүний 6,107,675 төгрөгийн гүйцэтгэсэн ажлыг хасаад үлдэгдэл 1,892,325 төгрөгийг нэхэмжилнэ гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...3 хаусны гэрээ байгуулж урьдчилгаанд 8,000,000 төгрөг хүлээн авсан...2 хаусны дотоод заслын ажил гүйцэтгэж байсан боловч гүйцэтгэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдалтай байсан тул ажлын талбайг орхисон...2 хауснд гэрээнд заасан болон нэмэлтээр 8,316,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Т.Энхтуяа нарын хооронд 2023 оны 06 сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх 23/06/13-01 дугаартай гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Т.Энхтуяа нь Булган аймгийн Хутаг Өндөр суманд байрлах 3 ширхэг хаусны заслын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд 1 хаус 147 м.кв буюу 3 хаус 441 мкв талбайн заслын ажлыг 4 хүний бүрэлдэхүүнтэй, 2023 оны 06 сарын 18-наас 2023 оны 06 сарын 30-ны дотор чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгөх,
Захиалагч ******* нь гэрээний ажлын хөлс 16,262,000 төгрөг төлөх, урьдчилгаанд 8,000,000 төгрөгийг олгож, гэрээнд заасан ажлыг зургийн дагуу бүрэн хийж дуусган инженерийн акт үйлдэн хүлээн авч, аливаа доголдол илрээгүй нөхцөлд үлдэгдэл 8,262,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын хөлсний хэмжээг тогтоож, хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээнд зааж тодорхойлсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д нийцсэн байна.
Хариуцагч Т.Энхтуяа нь гэрээний зүйл болох 3 хаусны ажил гүйцэтгэхээс 2 хаусны тэгшилгээ, замасканы ажил болон нэмэлт ажил болох кнауф буюу амалгааны ажлыг 2023 оны 06 сарын 20-дын үеэс 2023 оны 07 сарын 05 хүртэл хугацаанд гүйцэтгэж, ажлын талбайг орхиж явснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар цуцалсан гэж үзэхээр байна.
Зохигч талууд гэрээ байгуулагдсан тухайд мөн урьдчилгаа төлбөр 8,000,000 төгрөг хүлээн авсан, гэрээнд заасан 3 хауснаас 2 хауснд ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй харин хариуцагчийн 2 хауснд гүйцэтгэсэн ажил нь гэрээнд заасан болон нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын үнийн тухайд маргасан.
Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь 2023 оны 06 сарын 18-наас 2023 оны 06 сарын 30-ны дотор гүйцэтгэх хэдий ч гүйцэтгэгч нь 2023 оны 07 сарын 05-нд өөрийн гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүйгээр ажлын талбайг орхисон болох нь зохигч талуудын тайлбар, гэрч Д.Эрдэнэзаяа, Г.Оюунаа нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.
Хуулийн зохицуулалт болон талуудын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч буюу захиалагчийн гаргасан баримт болох гүйцэтгэгчийн гэрээнд заасан болон нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын тооцооллыг үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал хариуцагч нь өөрийн гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй байх тул түүний гүйцэтгээгүй ажлын дүнг нэхэмжлэгчээс гаргасан баримтыг үндэслэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч нь гэрээнд болон нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын тооцооллыг гаргасан хэдий ч ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлыг тухайн ажлын талбайг орхисон 2023 оны 07 сарын 05-ны өдрийн цаг хугацаанд хүлээлгэн өгөөгүй байх тул татгалзлын үндэслэл болох баримтыг үнэлэх боломжгүй байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнгийн хэмжээгээр хөлс төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй ажлын үнэ 1,892,325 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Т.Энхтуяагаас 1,892,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 72,043 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Энхтуяагаас 72,043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН