Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0634

 

   2023          08           21                                      128/ШШ2023/0634

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Дархчуул овогт С******* Г******* /РД: *******/,

            Хариуцагч: Оюуны өмчийн газар нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Ц*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч С.Г*******оос “Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч С.Г******* нь Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 тоот тушаалаар[1] Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.

2.2. Улмаар Нийслэлийн Соёл урлагийн газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 тоот албан бичгээр[2] Оюуны өмчийн газрын даргад хандан Зохиогчийн эрхийн газрын дарга С.Г*******ийг Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн даргаар шилжүүлэн авах хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд үүний хариуд Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/154 тоот албан бичгээр[3] зөвшөөрсөн хариу өгчээ.

2.3. Ингээд Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 тоот “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар[4] С.Г*******ийг Зохиогчийн эрхийн хэлтсийн даргаас чөлөөлж, Соёл урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

2.4. Соёл урлагийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 тоот тушаалаар[5] С.Г*******ийг тус газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилсон байх бөгөөд нэхэмжлэгч С.Г******* нь үүнийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд хандан хууль бусаар шилжүүлсэн томилсон тухай гомдол[6] гаргажээ.

2.5. Төрийн албаны зөвлөл дээрх гомдлыг хянан үзэж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1454 тоот албан бичгээр “таны гомдолд дурдсан асуудлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэх хариу[7] өгсөн байна.

2.6. Улмаар С.Г*******оос “Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан.

2.7. Тус шүүх С.Г*******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6558 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

2.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч С.Г******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар” шүүхэд ихэсгэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч С.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оюуны өмчийн газрын дарга Г.Э******* нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр томилогдож, түүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлаа өг, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргаар шилжин ажилла” гэсэн бөгөөд үүнд би тодорхой хариу өгөөгүй байсан боловч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон.

Ер нь үүнийг нь зөвшөөрөөгүй, гэхдээ “Зохиогчийн эрхийн хэлтсийн даргаар томилогдон ажилла, цаашдаа энэ “хэлтэс” маань “газар” болж байгаа учраас яамтайгаа аятайхан харьц” гэх зүйл ярьж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлсэн.

Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлж, төрийн албаны зөвлөлд болон шүүхэд өгөх гомдлын хугацаа дуусмагц буюу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр над руу дахин “Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын ажлаа өг, Н.С******* гэх хүнийг томилох гэж байна, манай Монгол Ардын намаас ирж буй хүн” гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхэд “Би энэ ажлыг өгөхгүй, Оюуны өмчийн газарт сүүлийн 4 жил орчим удирдах албан тушаал хашиж байгаа” гэсэн бөгөөд надаас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар руу шилжүүлсэн...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газраас Соёл урлагийн газар руу шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1, 2.5 дахь заалтыг баримтлан шилжүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заасан ба энэ заалтад үндсэн хоёр гипотез хэсгийг заасан байгаа.

Үүнээс “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож” гэх нэг ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн зохицуулалт болон баримталсан журмыг харвал өөртэй нь тохиролцох зохицуулалтыг хэрэглэж, Оюуны өмчийн газраас Соёл урлагийн газар руу шилжүүлсэн гэж харагддаг. Уг журмын 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар “өөртэй нь тохиролцож” гэдгийг зайлшгүй бичгийн хэлбэрээр үйлдэж баталгаажуулсан, мөн нэг байгууллагаас нөгөө байгууллагын хооронд харилцан тохиролцож шилжүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар тохиролцсон, нэхэмжлэгч С.Г*******ийг өөрөө зөвшөөрсөн гэх үйл баримт огт байдаггүй. Өөртэй нь тохиролцоогүй, хүчээр Соёл урлагийн газраас ирүүлсэн бичгийг үндэслэн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Оюуны өмчийн газраас шилжиж ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, энэ албан тушаалд шилжин ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй.

Хариуцагчаас “Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг бөглөсөн” гэх тайлбарыг хэлдэг. Нэгэнт өөр албан тушаалд шилжүүлэх тухай шийдвэр гарч байгаа учраас миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн баталгаа, цалин хөлс авах, нийгмийн баталгааг хангах үүднээс тухайн албан тушаал руу шилжсэн.

Гуравдугаарт, хариуцагчаас “одоо Цахим хөгжлийн яаманд газрын дарга хийж байгаа” гэх үндэслэлийг тайлбарладаг. Энэ албан тушаалд сонгон шалгаруулалт зарласны дагуу өөрөө оролцож, нэгээр гарч томилогдсон. Өөрөөр хэлбэл, Оюуны өмчийн газарт ажиллаж байсантай холбоотой нөхцөл байдал байдаггүй. Дашрамд хэлэхэд, миний үйлчлүүлэгчийн хувьд оюуны өмчийн эрх зүйгээр мэргэшсэн Монголын цөөхөн хуульчдын нэг. Ийм учраас Оюуны өмчийн газарт ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Тийм боловч түүнийг хүчээр Г.Э******* дарга шилжүүлсэн.

Оюуны өмчийн газрын даргын 2023 оны Б/10 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлэхэд гуравдагч этгээдээр татагдсан Н.С******* 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Зохиогчийн эрхийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Н.С******* нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн талаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харвал төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаагүй. Өмнө нь томилогдож ажиллаж байсан газар нь төрийн үйлчилгээний албан тушаал буюу нийтлэг үйлчилгээний газарт хуульчаар, мөн Монгол Ардын намд ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан тушаалд ажиллаж байсан албан хаагч юм.

Түүнийг эрхэлсэн түшмэл буюу төрийн захиргааны удирдах албан тушаалтны ангилалд хамаарах албан тушаалд томилсон. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчиж, хэрвээ “эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах гэж байгаа бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэх хуулийн шаардлагыг тавьдаг. Тийм боловч төрийн ахлах түшмэлийн болон төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байгаагүй.

Иймд эдгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Зохиогчийн эрхийн хэлтэс буюу Зохиогчийн эрхийн газрын даргаар эгүүлэн томилж, тэр хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шүүхээс хүсч байна.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Г*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаанд Оюуны өмчийн газрын даргаас ажлаа хүлээлгэж өгөх, өөр байгууллага, албан тушаалд ажиллах талаар санал тавьж, дарамт шахалт үзүүлсэн гэх нь үндэслэлгүй юм. Түүнийг ажиллаж байх хугацаанд удирдлагын зүгээс ажлын байрны санал тавьж, дарамт шахалтыг огт үзүүлээгүй болно.

Харин Оюуны өмчийн газарт С.Г******* нь Зохиогчийн эрхийн даргаар ажиллаж байх хугацаандаа өөрийн биеэр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Санал авах тухай” албан бичгийг Оюуны өмчийн газарт ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, С.Г******* нь Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар “энэ хүн ажиллах шаардлагатай байна, ийм учраас С.Г*******ийг Соёл урлагийн газарт шилжүүлэн ажиллуулна уу” гэх албан бичгийг өөрөө Оюуны өмчийн газарт авчирсан.

Үүнийхээ дагуу удирдлага хооронд санал солилцож, хууль журмын дагуу тухайн хүнийг шилжүүлсэн. Надаас зөвшөөрөл аваагүй гэх асуудал яригддаг. С.Г******* гэх хүн Оюуны өмчийн газарт ажиллаж байхдаа Соёл урлагийн газарт Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд горилон Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлсэн. Энэ нь Соёл урлагийн газрын даргын тушаал дээрээс харагддаг.

Иймд хууль журамд заасны дагуу төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин томилогдсон, тус байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр түр чөлөөлөгдсөн, тус байгууллагын Захиргааны хэлтсийн даргын нөөцөд бүртгэлтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Төрийн албаны салбар зөвлөлөөс тусгай шалгалт зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг санал болгосны дагуу Н.С*******г Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалд томилсон. Энэ шаардлага буюу хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага манайд хамааралгүй асуудал. Энэ асуудлыг ярих гэж байгаа бол тусад нь нэхэмжлэл гарган Төрийн албаны салбар зөвлөлийг хариуцагчаар татаж, энэхүү асуудлаа ярих ёстой. Мэдээж Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол нь хүчингүй болбол Н.С*******г томилсон тушаал дагаад хүчингүй болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд тусдаа нэхэмжлэл гаргана уу хэмээн хүсч байна...” гэжээ.

3.4. Гуравдагч этгээд Н.С******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд С.Г*******ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох хэрэгт миний бие Н.С******* нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд хариуцагчаар оролцож буй Оюуны өмчийн газрын байр суурийг дэмжиж байгаа болно.

Миний бие Нямжамаагийн С******* нь 2022 оны гуравдугаар сарын 25-ны едер Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын даргаар томилогдсон бөгөөд тус газарт энэхүү албан тушаал сул орон тоо байсан юм. Тодруулбал, С.Г******* намайг энэ албан тушаал томилогдохоос өмнө буюу 2022 оны гуравдугаар сарын 21-нд Соёлын яамны Соёл урлагийн газарт шилжсэн байсан.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөл нөлөөллийг бууруулах тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудын хүрээнд хууль ёсоор тус сул орон тооны албан тушалд томилогдон Төрийн албаны тухай хуулийн дагуу тусгай шалгалт өгч Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоол, Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаарын 25-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалд томилогдсон болно.

Мөн миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 тоот албан бичгээр “байгууллагад шаардлагатай мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөц бүрдүүлэх, онцгой түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга С.Г*******ийг Захиргааны хэлтсийн даргаар шилжүүлэн авах” хүсэлтийг Оюуны өмчийн газрын даргад хүргүүлсэн, Оюуны өмчийн газрын дарга 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/154 тоот албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 44.1-д зааснаар зөвшөөрсөн” хариу өгсөн байдаг.

Нэхэмжлэгч нь “өөртэй нь тохиролцоогүй шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр түүнийг шилжүүлэн ажиллуулахаар хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөн Соёл урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын /энэ хугацаанд бүтцийн өөрчлөлтөөр хэлтэс нь газар болсон/ даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг, мөн “төрийн албанд ажиллах туршлагын шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр түүний ажиллаж байсан уг албан тушаалд Н.С*******г томилсон 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан.  

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын удирдлагаас түүнд ажлын зайлшгүй шаардлагаар Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах хүсэл зоригийг өмнө удаа дараа илэрхийлж байсан талаар, улмаар энэ хугацаанд Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Соёл урлагийн газрын эрх бүхий албан тушаалтнаар эрх нээлгэх замаар Авлигатай тэмцэх газарт цахимаар урьдчилан гаргасан болохоо, түүнчлэн Соёл урлагийн газрын удирдлагын зөвшилцөх албан бичгийг удирдлагадаа өөрийн биеэр авчирч өгсөн, удирдлагаас нь түүний саналыг сонссон үйл баримт болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, энэ үйл баримттай маргаагүй нь “өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх хэсгийн “өөртэй нь тохиролцож” гэснийг зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж байна.

2. Нөгөөтэйгүүр Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан шийдвэртэй маргаагүй тул уг сонгон шалгаруулалтад иргэн орж, тэнцэн, нэр дэвшүүлснээр томилсон шийдвэр буюу Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдах ашиг сонирхлыг хөндөхгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг  баримтлан “Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/15, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэгч С.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА

 

 

 

 

[1] 1-р х.х-ийн 9-р хуудас

[2] 1-р х.х-ийн 212-р хуудас

[3] 1-р х.х-ийн 35-р хуудас

[4] 1-р х.х-ийн 36-р хуудас

[5] 1-р х.х-ийн 211-р хуудас

[6] 1-р х.х-ийн 11-р хуудсанд авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1454 тоот албан бичгээс үзнэ үү.

[7] 1-р х.х-ийн 11-12-р хуудас