| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 139/2022/00310/И |
| Дугаар | 182/ШШ2024/00796 |
| Огноо | 2024-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/00796
2024 02 22 182/ШШ2024/00796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Д.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Н.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Тэвшийн говь ХХК нь 2022.04.05-ны өдөр байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах 1/06 тоот гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 6 дугаар сарын 07-ны өдрийн хүртэлх хугацаанд нийт 20064,72 литр дизелийн түлш 495,7 литр Аи-92 бензин бүгд 60 522 401 төгрөгийн бараа худалдан авсан боловч төлбөрийг гэрээний хугацаанд төлөхгүй хүндрэлтэй байдал үүсгэж байна.
Талуудын байгуулсан гэрээний гэрээний 4.2, 4.3 11.4-д зааснаар анхан шатны баримтыг үндэслэн төлбөр тооцоог хийх, шатахуун хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөх хариуцлага заасан байгаа.
Манай компанийн Дундговь аймаг дахь ШТС-аас, хариуцагч компанийн тээврийн хэрэгслүүдэд дизелийн түлш, Аи-92 бензинийг дээр заасан хугацаанд олгосон бөгөөд ингэхдээ тус компанийн захирал, нягтлан бодогчийн гарын үсэг бүхий шатахуун олгохыг хүссэн анхан шатны баримтаар (яаралтай зарим тохиолдолд баримтыг нөхөж өгөхөөр утсаар ярьсны дагуу) бензин, шатахууныг олгож, тооцоог компанийн борлуулалтын өдөр тутмын мэдээнд тусгаж, хөтөлж байсан.
Хариуцагч компанид төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлж төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй маргаан үүсгэх болсон тул хариуцагч компаниас бензин, шатахууны үнэ 60,522,401 төгрөгийг гэрээний 4.3-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага болох алданги шаардах эрхтэй болно.
Алдангид сар тус бүр нийлүүлсэн бензин, шатахууны үнийн дүнгээр тус тусад нь тооцож дараах төлбөрийг нэхэмжилнэ. Үүнд:
2022 оны 4 дүгээр сард нийлүүлсэн дизелийн түлш, Аи-92 бензин үнэ бүгд 48 110 401 төгрөгийг 5 дугаар сарын 30-ны дотор төлөөгүй тул 2022.05.30-аас 2022.07.04- ны өдрийг хүртэл 34 хоногт гэрээний үүргийн хариуцлага болох алданги 0,5%-иар тооцоход (48,110,401 *0,5%=240,552 *34)=8,178,768 төгрөг,
05 дугаар сарын 01-ны өдрөөс 23-ныг хүртэл хугацаанд нийлүүлсэн дизелийн түлш, Аи-92-н үнэ 12 362 000 төгрөгийг 6 дугаар сарын 23-ны дотор төлөөгүй тул 2022.06.23-аас 2022.07.04-ны өдрийг хүртэл 11 хоногт гэрээний үүргийн хариуцлага болох алдангийг 0,5%-иар тооцоход (12,362,000 *0,5%=61,810 *11)=679,910 төгрөг, тус тус бүгд (8,178,768 +679,910 ) 8,858,678 төгрөгийн алданги нийт (60,522,401 +8,858,678) 69,381,079 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна.
Манай компани нь Хөрс автосервис ХХК-тай 2022 оны 04 сарын 01-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулан А-92 болон Дизль түлшийг Дундговь аймаг дахь тухайн сарынх нь үнэ ханшаар худалдаж авахаар тохиролцон гэрээ байгуулж, үүний дагуу түлш, шатахуун зээлээр худалдаж авч байсан.
Манай компаниас 2022 оны 03 сарын 30-наас 4 сарын 30-ны хооронд зээлээр худалдаж авсан шатахууны үнийн үлдэгдэл 4.905.900 төгрөгийг төлөх Тооцооны үлдэгдлийг баталгаа-г Хөрс автосервис ХХК нь Дундговь салбарын захирал Э.Мөнхтуяатай хийж баталгаажуулсан. Үүний дараа 2022.04.30-нд 2.000.000 төгрөгийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрс ШТС-ы эрхлэгч Э.Мөнхтуяагийн өөрийнх нь өгсөн данс болох 5458027049 тоот данс руу шилжүүлж, төлсөн.
Иймд******* нь шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр худалдаж авсан шатахууны үнэд Хөрс автосервис ХХК д одоо манайх 2.905.900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Хэргийн баримтуудтай танилцахад манай компанийн нэрийг барьж, ашиглаж дараах тээврийн хэрэгсэлд шатахуун компанийн зөвшөөрөлгүйгээр өгсөн байна. Өөрөөр хэлбэл 77-05 УБР тээврийн хэрэгсэлд олгосон шатахууныг манай компани аваагүй, 77-05 УБР улсын дугаартай маяти маркийн автомашин нь манай компанитай огт хамааралгүй, шатахуун авах ёсгүй машин юм. Иймээс нэхэмжлэгч компани энэ асуудлыг хуулийн хүрээнд тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй байх.
Манай 2 компанийн хооронд байгуулсан гэрээний 3.1, 3.2-т зааснаар худалдан авагчийн захиалгын дагуу / цохолт бичиг/ тээврийн хэрэгсэлд шатахуун олгох ёстой байтал ийм баримтгүйгээр 77-05 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд олгосон шатахуунаа манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:
2022.04.16-ны өдөр 77-05УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6000 литр буюу 17.400.000 төгрөгийн үнэтэй дизль түлшийг ня-бо Цэцэгжаргал баримт нөхөж өгөхөөр өөрөө утсаар ярьж авсан гэх,
2022.04.21-ний өдөр 77-05УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3300 литр буюу 9.570.000 төгрөгийн үнэтэй дизль түлшийг ня-бо Цэцэгжаргал баримт нөхөж өгөхөөр өөрөө утсаар ярьж авсан гэх,
2022.04.23-ны өдөр 77-05УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4700 литр буюу 13.630.000 төгрөгийн үнэтэй дизль түлшийг ня-бо Цэцэгжаргал баримт нөхөж өгөхөөр өөрөө утсаар ярьж авсан гэх,
2022.05.07-ны өдөр 77-05УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3000 литр буюу 9.570.000 төгрөгийн үнэтэй дизль түлшийг ня-бо Цэцэгжаргал баримт нөхөж өгөхөөр өөрөө утсаар ярьж авсан гэх тайлбартайгаар нийт 50.170.000 төгрөгийн дизль түлшийг 77-05 УБР дугаартай тээврийн хэрэгсэлд запрушкаагаар авч ачиж явуулсан байна. Энэ бол манай компанид огт хамааралгүй болно.
Хөрс автосервис ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрс ШТС-ын зээлийн тооцооны баримтын 20 дугаарт бичигдсэн 2022.04.29-ний өдрийн 37350 төгрөгийн шатахууныг, мөн 24-рт бичигдсэн 2022.06.07-ны өдөр авсан гэх 50.000 төгрөгийн шатахууныг манай компани зээлээр худалдаж аваагүй гэж үзэж байна.
Учир нь тооцооны баримтад бичсэн байх боловч түлш олгох цохолт бүхий бичиг байхгүй байна. Бичиггүйгээр шатахуун, түлш авах ёсгүй. Иймээс энэ 87.350 төгрөг манай компанид хамааралгүй болно.
Хөрс автосервис ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрс" ШТС-ын зээлийн тооцооны баримтын 22-рт бичигдсэн 2022.05.12-ны өдөр 200 литр , 680.000 үнэтэй дизль түлшийг манай компани аваагүй. Учир нь 2022.05.12-нд зуухны үйл ажиллагаа зогсчихсон байсан тул түлш авах шаардлагагүй. Иймээс ямар учиртай болох талаах ня-бо Цэцэгжаргал, жолооч Энхбаатар нараас тодруулж байж шийдвэрлэх болно.
Хөрс автосервис ХХК-ний Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрс ШТС-ын зээлийн тооцооны баримтын 5-р бичигдсэн 57 литр нь Түлш олголтын баримтад 50 литр гэж байх бөгөөд зөрүү 7 литр*2760= 19.320 төгрөгийн илүү зөрүү гарч байна.
Эдгээр байдлаас үзэхэд 50.170.000+87.350+680.000+19.320=50.956.670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Манай компани нь Хөрс автосервис ХХК Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрс ШТС-ын эрхлэгч Э.Мөнхтуяагийн өөрийнх нь өгсөн данс болох 5458027049 тоот Э.Мөнхтуяа данс руу шатахууны үнэд 2022.04.03-нд 1.500.000 төгрөгийг, 2022.04.29-нд 2.721.250 төгрөгийг, 2022.04.30-ны өдөр 2.000.000 төгрөгийг нийт 6.721.250 төгрөгийг шилжүүлж, шатахууны үнийг төлсөн. Энэ мөнгө нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасагдах ёстой. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Итгэмжлэл, 2022 оны 04 сарын 01-ний өдрийн №1/06 Шатахуун худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт №01, зээлийн тооцооны баримт, баримт 1-26, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 08 сарын 28-ны өдрийн тайлбар, хүсэлт, /хх-ийн 1-14, 29-31/
4.Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хас банкны дансны хуулга, итгэмжлэл, хүсэлт, тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-ийн 21-27, 39-41, 157, 231-233/
5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Э.Мөнхтуяа, П.Цэцэгжаргал нарын мэдүүлэг, мэдүүлгийн тэмдэглэл, Хаан банкны 5450247165 тоот дансны 2021.03.01-2022.06.01-ний өдрийн хоорондох хуулга, Дундговь аймгийн Прокурорын газрын Э.Мөнхтуяа, П.Цэцэгжаргал нарын гэрч нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн №43 дугаар тогтоол, /хх-ийн 46-69, 90-111, 163-174/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК хариуцагч*******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр, алданги нийт 69,381,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь талууд гэрээ байгуулж шатахуун нийлүүлсэн, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хүлээн авсан шатахуун болон гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй гэж, хариуцагч нь тооцоо нийлсэн актын дүнгийн хэмжээнд шатахуун хүлээн авсан тул актын дүнг зөвшөөрнө, энэ актаас төлсөн 2,000,000 төгрөгийг хасаад үлдэх төлбөрийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК худалдагч талыг, хариуцагч******* худалдан авагч талыг төлөөлөн талууд 2022 оны 04 сарын 01-ний өдөр 1/06 дугаартай Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр олон улсын болон Монгол улсын чанар, стандартын шаардлагад нийцсэн дизель түлш худалдах, худалдан авсан шатахууны төлбөрийг төлж барагдуулах харилцааг зохицуулж...2022 оны 12 сарын 30 хүртэл хугацаанд үргэлжилж, худалдагч нь худалдан авагчид нийлүүлэх шатахууныг худалдан авагчийн өгсөн захиалгын дагуу Дундговь-Сайнцагаан сумаас нийлүүлнэ...худалдан авсан шатахууны тоо хэмжээ нь зарлагын падаанаар тодорхойлно...шатахууны төлбөрийг дансаар шилжүүлнэ...шатахууныг төлбөрийг 30 хоногийн дотор төлнө... нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө...гэж гэрээний гол нөхцөлийн талаар тохирч, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд тухайн гэрээгээр худалдагч нь шатахуун нийлүүлж, худалдан авагч нь хүлээн авснаар тухайн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болгож Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хөрс ШТС-ын шатахууны тооцооны баримт буюу хариуцагч*******-ийн хүлээн авсан гэх шатахууны жагсаалт бүхий 60,522,401 төгрөгийн үнийн дүнтэй хүснэгт, мөн*******-ийн санхүүгийн тэмдэг дарсан, нягтлан бодогч П.Цэцэгжаргалын гарын үсэгтэй шатахуун олгохыг хүссэн 29 баримтыг тус тус гаргасан.
Дээрх 2 нотлох баримтаас хариуцагч*******-ийн санхүүгийн тэмдэг дарсан 29 баримт нь талуудын гэрээнд хугацаанд буюу 2022 оны 04, 05 дугаар сарын огноотой, тус компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Цэцэгжаргалын гарын үсэгтэй байх ба энэ нь талуудын гэрээний 3.1-д заасан нөхцөлтэй тохирсон байх тул тухайн баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Шатахуун олгохыг хүссэн 29 баримтаас 27 баримт нь нотлох баримтын шаардлага хангасан буюу огноо, гарын үсэгтэй байх ба үүнээс 1,994,000 төгрөгийн шатахуун /12 баримт/, 3,587,371 төгрөгийн түлш /15 баримт/-ийг хариуцагч тал хүлээн авсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн 27 баримтаар худалдсан шатахууны үнийг тодорхойлохдоо шатахуун олгосон гэх хүснэгтэд заасан үнэтэй харьцуулан үзсэн бөгөөд хариуцагч нь тухайн баримтаар гэрээ болон хуульд зааснаар 7,174,742 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заажээ.
Хариуцагч тал татгалзлын үндэслэл болох тооцоо нийлсэн актаар 4,905,900 төгрөг, үүнээс 2,000,000 төгрөгийг төлсөн гэж маргасан хэдий ч тухайн тооцоо нийлсэн акт нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй байх тул үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Мөн гэрээнд төлбөрийг худалдагчийн дансанд төлнө гэж заасан, нөгөө талаар гэрчийн мэдүүлэг өгсөн Э.Мөнхтуяагийн дансанд төлөхийг зөвшөөрсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийг 2,000,000 төгрөгийг гэрээний үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор заасан байх тул нэхэмжлэгч тал нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс алданги шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 7,174,742 төгрөг, алданги 3,587,371 төгрөг, нийт 10,761,813 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч*******-иас гэрээний үүргийн үлдэгдэл 7,174,742 төгрөг, алданги 3,587,371 төгрөг, нийт 10,761,813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,619,266 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 504,855 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч*******-иас 187,139 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөрс автосервис ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН