Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/00641

 

 

 

 

 

 

2024   02   08   182/ШШ2024/00641

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53/3 ТОСК өөрийн байранд байрлах, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК /РД:5745535/-д холбогдох

Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь 2020 оны 09 сарын 24-ний өдрийн гэрээг хууль бусаар цуцалсан болохыг тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу  тоот орон сууцыг У.У-ийн өмчлөлд буцаан шилжүүлж, түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

...Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 06 сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр нь орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ, шаардлагын харгалзаж Түрээсийн орон сууц төсөлд хамрагдсан иргэдийн түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх, мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, харж, хандах үр хүүхэдгүй ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр орон гэргүй болсон айл өрх, ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу гэр бүл, төв суурин газарт түр хугацаагаар ирж ажиллаж, суралцаж байгаа оюутан, залуусын түр амьдрах орон байрны асуудлыг шийдвэрлэх зорилготой хөтөлбөр байсан.

У.******* миний бие дээрх хөтөлбөрт хамрагдаж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2-р хорооллын 1029-р байрын 16 тоот орон сууцыг 2016 оны 5 дугаар сараас хойш түрээслэн амьдарч эхэлсэн.

Засгийн газар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 138 дугаар тогтоолоор Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам баталснаар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууц түрээслэн амьдарч буй иргэдэд тухайн орон сууцаа ирээдүйд өмчлөх боломж олгосон. Тодруулбал, тухайн журмын 1.1-д Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмын зорилго нь Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд орон сууц түрээслэн амьдарч байгаа иргэдэд түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 2.2-т Түрээсийн орон сууцыг дараах нөхцөлөөр өмчлүүлнэ гэх зэргээр тусгасан.

Миний бие уг журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж байсан тул холбогдох баримт материалыг бүрдүүлэн 2016 оны 5 дугаар сараас хойш өөрийн түрээслэн амьдарч буй 1029 дүгээр байрын 16 тоот орон сууцыг өмчлөх нөхцөлтэйгөөр Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №БУ-2/ӨТЭ-022 тоот Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан.

Миний бие 1029 дүгээр байрын 16 тоот орон сууцыг 2016 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл түрээсэлж гэрээний хугацаанд нийт 20,200,000 төгрөг төлсөн. Тухайн орон сууцыг олон жилийн хугацаанд түрээслэн амьдарч байгаа нь орон сууцны нийт төлбөрийг бүрэн төлж дуусган өмчлөлдөө шилжүүлэн авч хувийн орон сууцтай болно гэсэн хууль ёсны итгэл найдварт оршиж байгаа билээ.

Гэтэл Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь надтай байгуулсан №БУ-2/ӨТЭ-022 тоот Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээг цуцалж байгаа тухай албан бичиг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэж манай дүүгээр дамжуулж надад мэдэгдсэн. Гэрээг цуцалж буй үндэслэлээ тухайн гэрээний 5.1 буюу ... орон сууцанд гэрээнд заагдсанаас өөр өрхийг амьдруулахгүй байх,... гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ.

Миний бие цэцэрлэгийн багш мэргэжилтэй, аутизмтай хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох ажил эрхэлдэг бөгөөд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, суралцах зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Австрали улсыг 1 жилийн хугацаагаар зорьсон. Гэсэн хэдий ч гэрээнд заасан түрээсийн төлбөрөө сар бүр өөрөө (өөрийн хүүхдүүдээр дамжуулж) төлж байсан. Харин Монгол Улсад буцаж очих хүртлээ орон сууцны аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах, нийтийн орон сууцанд үүсэж болох гал гарах, ус алдах, хулгай орох зэрэг эрсдэлээс сэргийлж байрыг шалгуулж байхаар түлхүүрийг өөрийн төрсөн дүү У.Уянгад үлдээсэн.

Гэвч миний дүү У.Уянга надаас асуулгүйгээр орон сууцыг дур мэдэн гуравдагч этгээдэд гэрээ байгуулан түрээсэлсэн байх бөгөөд би байрны түлхүүрийг У.Уянгад үлдээхдээ байрыг бусдад түрээслүүлэх ямар ч эрх олгоогүй, миний байрыг бусдад түрээслүүлсэн тухай би мэдээгүй.

Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн ямар гэрээний төрлөөр байгуулагдсан эсэх нь тодорхойгүй ч гэсэн нэхэмжлэгч нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж байна. Ялимгүй зөрчил буюу 8 хоног түрээсэлснээр нэг талын санаачилгаар шууд цуцлах үндэслэлд хамаарахгүй бөгөөд эхний шаардлагаар зөрчлийг арилгасан.

Гэтэл Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр өөрийн санаачилгаар бусдад түрээсэлсэн гэж гэрээг шууд цуцалсан нь өнөөдрийг хүртэл орон сууцныхаа төлбөрийг тасралтгүй төлж, аливаа зөрчил маргаан гаргаж байгаагүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь надтай байгуулсан 2020.09.24-ний өдрийн №БУ-2/ӨТЭ-022 тоот Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээг хууль бусаар цуцалсан болохыг тогтоож, У.******* миний зөрчигдсөн эрхийг сэргээх буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2-р хорооллын 1029-р байрын 16 тоот орон сууцыг миний эзэмшилд буцаан шилжүүлж, №БУ-2/ӨТЭ-022 тоот Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээг үргэлжлүүлэхийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь У.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул өөрсдийн тайлбар, татгалзлаа дараах байдлаар гаргаж байна. Үүнд:

У.******* нь манай байгууллагатай 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БУ-2/ӨТ-35 дугаар Төрийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр БУ-2/ӨТЭ-022 дугаар Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээг тус тус байгуулсны үндсэн дээр тодорхой нөхцөлийн дагуу Буянт-Ухаа 2 хорооллын 1029 дүгээр байрны 16 тоотод оршин сууж байсан.

ТОСК-ийн эрх бүхий ажилтнуудын зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр холбогдох дүрэм, журам болон гэрээний хэрэгжилтийг шалгах зорилгоор Буянт-Ухаа 2 хороолол дахь төрийн түрээсийн орон сууцны санд бүртгэлтэй орон сууцуудад шалгалт явуулсан бөгөөд тус шалгалтаар иргэн У.******* нь тухайн орон сууцыг ТОСК-ийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдийн хяналтад шилжүүлж, Ч.Шинэбаяр гэх иргэнийг гэр бүлийн хамт оршин суулгасан буюу түрээслүүлсэн зөрчил илэрсэн.

У.*******гийн дээрх үйлдэл нь зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам, Түрээсийн орон сууцанд иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулан өмчлүүлэх үйл ажиллагааны журам болон талуудын хооронд байгуулагдсан БУ-2/ӨТЭ-022 дугаар төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээний холбогдох зүйл, заалтуудыг зөрчиж байсан тул түрээслүүлэгч тал болох ТОСК-ийн зүгээс гэрээг цуцалсан.

Нэхэмжлэгч тал гэрээний нэрээр талуудын тохиролцсон нөхцөлийг үгүйсгэх байдлаар үндэслэлээ гаргасан гэж ойлгож байна. Гэтэл хоёр талын байгуулсан гэрээнд түрээслэгч орон сууцыг дамжуулан түрээслэхийг хориглосон заалтыг ноцтой зөрчил гэж тусгаж энэ нь гэрээг цуцлах үндэслэлийг заасан нь гэрээний нэршилтэй хамааралгүй юм.

Түрээслэгч нь орон сууцыг 8 хоног түрээсэлснийг ялимгүй зөрчил гэж байгаа зөвшөөрөхгүй. Энэ төсөл хэрэгжсэнээр олон айл өрх оршин сууж байгаа бөгөөд тэдгээр нь түрээсийн төлбөрийг 1 сараас дээш олон сараар төлөөгүй тохиолдол байгаа боловч манай зүгээс энэ байдлыг ялимгүй гэж үзээд нэмэлт хугацаа тогтоож, төлбөрийг төлүүлдэг. Гэтэл бусдад дамжуулан түрээсэлсэн үйлдлийг хориглосон тул үүнийг ялимгүй зөрчил гэж үзэхгүй. Иймд иргэн У.******* нь гэрээний үүргийг зөрчсөн тул түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт: Нэхэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл иргэний үнэмлэхийн хуулбарууд, өргөдлийн загвар, орон сууц хүлээлцэх акт, 2020.09.24-ний 022 тоот гэрээ, төлбөр төлөх хуваарь, төлбөр төлсөн баримтууд, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, ТОСК ТӨХХК-ийн гэрээ цуцлах мэдэгдэл, төлбөр төлөлтийн түүх, Б.Чимэдванчигийн дансны хуулга, төлбөрийн баримт, төрсний гэрчилгээ, төгсөлтийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Австралийн дотоод хэргийн яамны баримтууд англи болон монгол хэлээр, ТОСК ХХК-д гаргасан гомдол, тодорхойлолт, У.Уянгын дансны хуулга, У.Ундмармаагийн дансны хуулга, төлбөр төлсөн баримт /хх1-47, 63-103,171/

4. Хариуцагчийн гаргасан нотлох баримт: итгэмжлэл, ажлын тайлан, 2020.09.24-ний 022 тоот гэрээ, 105,118-121/, ТОСК-ийн захирлын 2020.07.07-ны А/111 тоот тушаал, хавсралт, Засгийн газрын тогтоол, хавсралт 2015.06.15-248, 2019.04.10-138, Хот байгуулалтын сайдын 2017.02.06-26 тоот тушаал, хавсралт, /122-170/

5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: 2017.05.30-ны БУ-2/ӨТ-35 тоот орон сууц түрээслүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөрийн түүх зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдуулан Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь 2020 оны 09 сарын 24-ний өдрийн гэрээг хууль бусаар цуцалсан болохыг тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1029 байрны 16 тоот орон сууцыг У.*******гийн өмчлөлд буцаан шилжүүлж, түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...түрээсийн орон сууцыг өмчлөх гэрээ байгуулж төлбөрийг тогтмол төлж эзэмшиж байсан, 2023 оны 03 дугаар сард гадаад улсад суралцах болсон тул орон сууцыг аливаа эрсдэлээс сэргийлэхээр түлхүүрээ дүү У.Уянгад үлдээсэн...дүү маань бусдад түрээсэлсэн талаар надад мэдэгдээгүй, би өөрөө мэдээгүй...8 хоног түрээсэлсэн нь ялимгүй зөрчил...нэмэлт хугацаа өгөхгүйгээр шууд цуцалсан нь үндэслэлгүй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...түрээслээд өмчлөх орон сууцны гэрээг 2 тал гол нөхцөлийг тохирч гэрээ байгуулсан, уг гэрээнд түрээслэгч дамжуулан түрээсийг хориглоно гэж тодорхой тусгаж энэ нь гэрээ цуцлах үндэслэл гэж заасан, орон сууцыг бусдад түрээсэлснийг нэхэмжлэгч өөрөө мэдээгүй хэдий ч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хийсэн зөрчлийг эзэмшигч буюу түрээслэгчийн эрсдэлийн асуудал...нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч У.*******, хариуцагч ТОСК ТӨХХК-ийн хооронд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1029 байрны 16 тоот хаягт орон сууцыг 2017 онд түрээслүүлэх, 2020 онд түрээсийн орон сууцыг өмчлөх тухай гэрээ тус тус байгуулжээ.

Дээрх гэрээний зүйл болох орон сууц нь бүхэлдээ буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт Ухаа 2 гудамж 1029 тоот хаягт байршилтай 3840 мкв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2206040066 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-т өмчлөлд бүртгэлтэй байна.

Талууд гэрээ тус бүрийг өөр, өөр нэрээр нэрлэсэн хэдий ч тухайн гэрээний нөхцөл, зорилго, агуулга, төлбөрийн нөхцөл, хугацаа зэргээс үзэхэд 2017 оны гэрээ нь Орон сууц хөлслөх гэрээ, 2020 оны гэрээ нь Худалдах, худалдан гэрээний харилцаагаар зохицуулагдсан гэрээ байна. Тухайлбал:

2.1. У.*******, ТОСК ТӨҮГ нь 2017 оны 05 сарын 30-ны өдөр Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслүүлэх тухай БУ-2/ӨТ-35 тоот гэрээ байгуулжээ.

Энэ гэрээний зорилго нь Монгол улсын Засгийн газраас төрийн мэдлийн түрээсийн санд шилжүүлсэн орон сууцыг түрээслэх, түрээсийн төлбөрийг төлөх үүнтэй холбоотой талуудын хариуцлагыг зохицуулсан бөгөөд гэрээний гол нөхцөл болох хөлсний хэмжээ болон хугацаа зэргийг тохиролцож түрээслэгч У.*******гийн эзэмшилд шилжүүлсэн.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн бөгөөд орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч У.******* нь тухайн орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 сарын 25 хүртэл хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж энэ хугацааны төлбөр 12,120,645 төгрөг төлсөн нь орон сууц хөлслөх гэрээний үүрэг болох хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн талаар хэн аль нь маргаагүй болно.

2.2. Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор Түрээсийн орон сууц өмчлүүлэх журам, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалаар Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журамд нийцүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцыг Монгол улсын иргэнд түрээслүүлэн өмчлүүлэх талаар баталснаар гэрээний талууд нь дээрх орон сууц хөлслөх гэрээгээ өөрчилж, 2020 оны 09 сарын 24-ний өдөр Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх тухай БУ-2/ӨТЭ-022 дугаартай гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр гэрээний зүйл болох орон сууцыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Буянт Ухаа 2 дугаар хороолол 1029 дүгээр байрны 16 тоотод орших, 39.3 кмв талбайтай, 2 өрөө орон сууцны нэг мкв талбайн үнэ 1,350,000 төгрөг гэж,

түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийн нөхцөл нь түрээслээд өмчлөх хугацаа 60 сар, нийт үнэ 53,055,000 төгрөг, барьцаа төлбөр 660,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 15,916,500 төгрөг, түрээслээд өмчлөх төлбөр нэг сард 364,753 төгрөг, 2020 оны 09 сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 сарын 24 хүртэл гэж,

3.7-д ...түрээслээд өмчлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн... тохиолдолд түрээслэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй,

3.8-д Түрээсийн орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн, эсвэл 30 хувийн төлөлт хийсэн тохиолдолд ипотекийн зээлийн шийдвэр нь гарсан түрээслээд өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэж гол нөхцөлийг тохиролцжээ.

Гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 сарын 24-ний өдрийн Төрийн түрээсийн орон сууцыг өмчлөх тухай БУ-2/ӨТЭ-022 гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдах-худалдан авах гэрээнд үнийг тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан бөгөөд дээрх гэрээ болон гэрээний хавсралтад нийт төлбөр, төлөх нөхцөл, хугацаа, хуваарь зэргээс үзэхэд орон сууцны нийт үнэ 53,055,000 төгрөг, урьдчилгаа төлбөр 21,885,180 төгрөгийг 60 сарын хугацаанд хувааж, нэг сарын төлөлт 364,760 төгрөгөөр тогтмол төлж, улмаар үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 244.1-д нийцжээ.

Дээрх нөхцөл нь гэрээний гол нөхцөл бөгөөд талууд энэ талаар тохиролцож, баталгаажуулсан, худалдан авагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлсэн, худалдан авагч нь 2020 оны 09 сарын 25-наас эхлэн сар тутам 364,753 төгрөгөөр үнийг төлж эхэлснээр дээрх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлд Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам зэргийг тохиролцоно гэж заасан ба харин талууд энэ талаар гэрээнд тохиролцоогүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээний талаар тохиролцоогүй өөрөөр хэлбэл гэрээний зүйлийн үнэ өсөөгүй байх тул ердийн худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан байна.

Үүргийг тогтоосон газар шударгаар гүйцэтгэх зарчим үйлчилнэ, гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй.

2020 оны 09 сарын 24-ний өдрийн БУ-2/ӨТЭ-022 гэрээний 6.2-д түрээслүүлэгчийн санаачилгаар дараах нөхцөлд гэрээг хугацаанаас өмнө цуцална...6.2.2-д энэ гэрээний 5.1, 5.2, 5.3-д заасныг зөрчсөн тохиолдол гэжээ.

Гэрээний 5 дугаар зүйлд түрээслээд өмчлөгч буюу худалдан авагчийн хариуцлага, хориглох зүйлийн 5.1-д түрээслээд өмчлөгч нь сууцанд гэрээнд заагдсанаас өөр өрхийг амьдруулахгүй байх, орон сууцыг дамжуулан түрээслэх, барьцаалах, түүгээр баталгаа гаргах, худалдан борлуулахыг хориглоно гэж тус тус заажээ.

Гэтэл түрээслээд өмчлөгч буюу худалдан авагч У.******* нь гэрээний зүйл болох уг орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс дамжуулан түрээсэлсэн болох нь гэрч У.Уянгын эгч ******* надад байрны түлхүүрээ үлдээсэн, түүний зөвшөөрөлгүй бусдад түрээсэлсэн гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг хүлээн авсан дансны хуулга, тухайн орон сууцанд 2023.09.06-2023.09.07 өдөр хийсэн ажлын тайланд 1029/16 тоот давхар түрээслүүлсэн, түрээсийн гэрээтэй гэсэн бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд гэрээний зүйл болох орон сууцыг дамжуулан түрээслж, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түрээслүүлэгч буюу худалдагч ТОСК ТӨХХК нь гэрээ цуцлах тухай 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 1/848 тоот мэдэгдлийг У.*******д хүргүүлж, талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсан нь хуульд нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч тал гэрээний дагуу төлөх төлбөрийг тогтмол төлсөн харин дамжуулан түрээсэлсэн нь ялимгүй зөрчил нэмэлт хугацаа тогтоогоогүй гэрээ цуцалсан нь үндэслэлгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч У.******* 2020 оны 09 сарын 25-наас 2024 оны 02 сарын 25 хүртэл нийт 15,318,299 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа хэдий ч гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал гэрээг цуцалж болно гэж талууд гэрээний 3.7, 5.1, 6.2.2-д энэ талаар тусгасан байх тул нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг нэг талын санаачлагчаар цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх зорилготой байна.

Нэхэмжлэгч У.******* нь 2023 оны 03 дугаар сараас гадаад улсад сурч, амьдарч байгаа, дамжуулан түрээсэлсэн талаар мэдэх боломжгүй гэж дурдсан хэдий ч тэрээр уг орон сууцыг У.Уянгад итгэмжлэн хариуцуулсан байх тэдгээрийн хооронд иргэний хуульд заасан төлөөллийн харилцаа үүссэн бөгөөд төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байжээ.

Иймд дээрх үндэслэлээр гэрээний тал буюу ТОСК ТӨХХК нь нэхэмжлэгч У.*******тай байгуулсан 2020 оны 09 сарын 24-ний өдрийн БУ-2/ӨТЭ-022 тоот гэрээ цуцалсан нь хууль болон гэрээнд заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д холбогдох 2020 оны 09 сарын 24-ний өдрийн БУ-2/ӨТЭ-022 тоот гэрээг хууль бусаар цуцалсан болохыг тогтоолгож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх буюу Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1029 байрны 16 тоот орон сууцыг У.*******гийн өмчлөлд буцаан шилжүүлж, түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-д даалгуулах агуулга бүхий нэхэмжлэгч У.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.ЦОЛМОН