Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Цолмон |
Хэргийн индекс | 182/2023/00722/И |
Дугаар | 182/ШШ2024/00935 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/00935
2024 02 29 182/ШШ2024/00935
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК /РД:/-д холбогдох
Гэрээний үүрэгт үндсэн төлбөр 34,936,693 төгрөг, анз 50 хувь 17,468,347 төгрөг, нийт 52,405,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Манай компани нь Хатансүлд ББСБ ХХК-тай 2016.04.20-ны өдөр 05/16 тоот MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ байгуулж гэрээнд заасан төхөөрөмжийг хариуцагчийн Платиниум зочид буудлын шугам хоолойнуудад суурилуулсан.
Хатансүлд ББСБ ХХК нь тухайн төхөөрөмжийн ашиглаж байгаа ба тухайн байгууллагын хүсэлтээр техник үйлчилгээ хийсээр ирсэн боловч хариуцагч нь худалдан авсан төхөөрөмжийн үнэ 34,936,693 төгрөгийг төлөөгүй болно.
Хатансүлд ББСБ ХХК нь манай компаниас зээлийн гэрээний үүргээ шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад нь манайх дээрх гэрээний үүргийг хамтад шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж хэрэгсэхгүй болгосон.
Манай компани гэрээний үүргийг хариуцагчаас амаар болон бичгээр удаа дараа шаардсан байдаг тул гэрээний хугацаа тасалдсан гэж үзэж байна.
Хариуцагч талаас 2016.04.20-нд 7,000,000 төгрөг зээлсэн, энэ зээлийн гэрээний барьцаанд усны чанар сайжруулагч төхөөрөмжийн нэг хэсгийг барьцаалсан гэж үзэж байна.
Иймд хариуцагчаас 2016.04.20-ны өдрийн гэрээгээр нийлүүлсэн эд зүйлийн үнэ 34,936,693 төгрөгийг, гэрээнд зааснаар анз 50 хувиас хэтрэхгүйгээр төгрөгийг нэмж, нийт 52,405,040 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
2.Хариуцагч татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна.
*******-тай 2016.04.20-ны өдөр 05/16 тоот MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний үнэ 34,936,693 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. ******* нь Хатансүлд ББСБ ХХК-аас 2016.04.20-ны өдөр 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлийн төлбөрийг хүлээж авсан ба мөн тухайн өдөр нь барьцааны гэрээ байгуулж усны чанар сайжруулагч төхөөрөмжийг бүхэлд нь барьцаанд тавьсан байдаг.
Гэтэл ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 7,000,000 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй тул барьцааны гэрээнд бариулсан эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан тул тус төхөөрөмжийн үнийг нэхэмжлэх эрхгүй байна.
Мөн 2016.04.20-ны гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Нэхэмжлэл, итгэмжлэл, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.04.20-ны 05/16 тоот гэрээ, гэрэл зураг, тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 01202 тоот шийдвэр, /хх1-25,46/,
4. Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,тусгай зөвшөөрөл, 2016.04.20-ны 3 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ,/, зарлагын баримт, төлбөр барагдуулах хэлцэл /хх31,41-44,48-50, 90-92/
5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: 2023.05.24-ний 66/21, 2021.11.08-ны 116/21, 2018.09.13-ны 203/18 /хх112-114/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* Хатансүлд ББСБ ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт үндсэн төлбөр 34,936,693 төгрөг, анз 50 хувь 17,468,347 төгрөг, нийт 52,405,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...гэрээгээр тоног төхөөрөмж нийлүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан тул хугацаа дуусаагүй...зээлийн гэрээний барьцаанд тус төхөөрөмжийн нэг хэсгийг тавьсан... нэхэмжлэл бүрэн үндэслэлтэй гэж, Хариуцагч татгалзлын үндэслэлээ...гэрээгээр тоног төхөөрөмж хүлээн авсан мөн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлж, энэ зээлийн гэрээний үүрэг дээрх тоног төхөөрөмжийг бүхэлд нь барьцаанд тавьсан...зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул барьцааны эд зүйлээр хангасан, төхөөрөмжийг үнэ бүрэн төлөгдсөн...хугацаа дууссан тул шаардах эрхгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт авагдсан баримтаар зохигч талууд 2016 оны 04 сарын 20-ны өдөр усны чанар сайжруулах гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулсан байх ба гэрээ тус бүрийг дараах байдлаар тайлбарлаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Хатан сүлд ББСБ ХХК-ийн хооронд 2016 оны 04 сарын 20-ны өдөр 05/16 дугаартай MON-P.T.H хатуулгаас бүрэн сэргийлэх, усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Уг гэрээний зүйл нь усны чанар сайжруулагч PTH төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмж нь PTH ф65мм, 1 1/2 буюу 19,803,683 төгрөг, PTH ф50мм 2 буюу 9,988,981 төгрөг, PTH ф20мм буюу 2,644,118 төгрөг гэсэн хэсэг тус бүрээр үнэлэгдсэн эд зүйлээс бүрдэж, нийт 32,436,693 төгрөгийн үнэтэй, суурилуулалтын ажлын хөлс 2,500,000 төгрөгийн хамт 34,936,693 төгрөгийн өртөгтэй, урьдчилгаа 50 хувь 17,468,347 төгрөгийг гэрээ байгуулсанд тооцох, үлдэгдэл төлбөр 17,468,347 төгрөгийг төхөөрөмжийг хүлээлцсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Гэрээний зүйл болох дээрх төхөөрөмжийг нэхэмжлэгч нь хариуцагчийн барилга байгууламжид суурилуулж, тэрээр одоог хүртэл ашиглаж байгаа талаар хэн аль нь маргаагүй байх тул дээрх гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Мөн 2016 оны 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хатансүлд ББСБ ХХК-иас 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ бичгээр байгуулсан байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зээлдэгч Хатансүлд ББСБ ХХК нь зээлдүүлэгч *******-д 7,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Мөн зээлийн гэрээний үүргийн хангахаар зээлдэгч ******* нь усны чанар сайжруулагч ф PTH65-ф дугаартай 9100 ам.долларын үнэ бүхий төхөөрөмж-ийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж, уг төхөөрөмжийг зээлдүүлэгч Хатан сүлд ББСБ ХХК-ийн барилгад суурилуулжээ.
Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ болох худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан буюу гэрээний талууд нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмж, мөнгөн хөрөнгийг хэн аль хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, барьцааны гэрээг бичгээр байгуулсан зэргээр тус гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээ байна. Эдгээр гэрээнүүд нь хоёр талын, хариу төлбөртэй тул гэрээний үүргийг хэн, хэрхэн гүйцэтгэсэн эсэх мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.
3. Иргэний хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна...хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөн үеэс эхлэн шаардах эрхээ хэрэгжүүлсэн, улмаар энэ эрхээ хэрэгжүүлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардаж байсан болох нь 2018 оны 09 сарын 13-ны 203/18 тоот, 2021 оны 05 сарын 24-ний 66/21 тоот бичгээр тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Харин худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал гэрээний үнэ 34,936,693 төгрөгийг бүхэлд нь шаардах эрхтэй эсэх, зээлийн гэрээний зээлдэгч тал нь барьцааны гэрээнд бариулсан эд зүйлээр зээлийн гэрээний үүрэг бүхэлд нь хангасан гэх маргааны зүйлийн тухайд:
Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь усны чанар сайжруулагч PTH төхөөрөмж ба уг төхөөрөмж нь PTH ф65мм, 1 1/2 буюу 19,803,683 төгрөг, PTH ф50мм 2 буюу 9,988,981 төгрөг, PTH ф20мм буюу 2,644,118 төгрөг гэсэн 3 хэсгээс бүрдсэн хэсэгтэй байна.
Барьцааны гэрээний зүйл нь усны чанар сайжруулагч ф PTH65-ф дугаартай 9100 ам.долларын үнэ бүхий төхөөрөмж ба тус төхөөрөмж нь талуудын 2016 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан усны чанар сайжруулагч нийлүүлэх гэрээний зүйлийн бүрдэл хэсэг гэж үзэхээр байна.
Гэрээний бүрдэл хэсэг тус бүр нь салгаж болох бөгөөд тус бүр нь өөр өөрийн үнэлгээтэй болох нь гэрээний 1.2 дах хэсгийн 1-т заасан PTH ф65мм, 1 1/2 буюу 19,803,683 төгрөгийн үнэтэй гэх байдал мөн гэрээний 2.2.-т заасан усны чанар сайжруулах PTH 65 мм диаметрийн 1 ширхэг гэж заасан байгаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь 04 хоногоос нэг сар хүртэл хугацаатай байгуулагдсан байх бөгөөд тэдгээрийн үүргийн гүйцэтгэлүүд нь мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэхээр байх тул харилцан шаардлага бүхий үүргийн зарим хэсгийг хасаж тооцох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Хатансүлд ББСБ ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 34,936,693 төгрөгөөс Хатансүлд ББСБ ХХК-иас зээлсэн 7,000,000 төгрөгийн барьцааны гэрээнд бариулсан төхөөрөмжийн үнэ 19,803,683 төгрөгийг хасаж, хариуцагч Хатансүлд ББСБ ХХК-иас төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 15,133,010 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч 50 хувиар анз шаардсан хэдий ч усны чанар сайжруулагч гэрээний 8.1-д торгуулийг 30 хувь гэж тохиролцсон байх тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 15,133,010 төгрөгийн 30 хувийн торгууль 4,539,903 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
4.Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Хатансүлд ББСБ ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 15,133,010 төгрөг, торгууль 4,539,903 төгрөг, нийт 19,672,913 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,732,212 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 419,975 төгрөгийн төрийн санд үлдээж, хариуцагч Хатансүлд ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамж 256,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН