Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0649

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          08           28                                      128/ШШ2023/0649

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Шанью овогт Пүрэвжавын Долгорсүрэн /РД: РБ33091501/,

            Хариуцагч: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс,

            Маргааны төрөл: “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговрын материал гаргаж хандсан эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч нь “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтанд 2019 оны 3 дугаар сард нөхөх олговрын материал гаргаж хандсан эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч П.Долгорсүрэнгийн нөхөр[1] Дугарын Нацагийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэжээ.[2]

2.2. БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх дээрх хэргийг хянаад 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар магадлалаар Д.Нацагийг цагаатгасан байна.[3]

2.3. Улсын хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор Дугарын Нацаг нь эхнэр Пүрэвжавын Долгорсүрэн, хүү Нацагийн Баасандаваа нарын хамтаар амьдарч байсан[4] бөгөөд Дугарын Нацаг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас баржээ.[5]

2.4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар Нацагийн Баасанжаваас Хөвсгөл аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст өргөдөл[6] ирүүлснийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгээр[7] хүргүүлсэн байна.

2.5. Улмаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №239 /6971/ дугаарын “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт” булангийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн эхнэр хэсгийн 1 дүгээрт “Пүрэвжавын Долгорсүрэн, Хөвсгөл аймаг, нөхөх олговрын хэмжээ 40,000,000 төгрөг” гэж нийтлүүлжээ.[8]

2.6. Нэхэмжлэгч П.Долгорсүрэнгээс “Цагаатгалын нөхөх олговрын материалыг 2019 оны 3 дугаар сард хүлээн авахаас татгалзсан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтанд 2019 оны 3 дугаар сард цагаатгалын нөхөх олговрын материал гаргаж хандсан эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж тодорхойлсон болно.

Гурав. Маргаж буй үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “цагаатгалын нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд нөхөх олговрын материал Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст гаргаж хандсан эсэхийг тогтоолгох шаардлага үүссэн. Бид нөхөх олговрын материалаа энэ хуулийн үйлчлэлийн хугацаанд анх 2019 оны 03 сард өгсөн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгохгүй болохоор иргэний хэргийн шүүх “хуулийн үйлчлэлийн хугацаанд хандсан гэдгийг нотлох”-ыг шаардаад байгаа юм.” хэмээн эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тайлбарлаж,   

3.2. Хариуцагч “нөхөх олговрын материалаа хуулийн хугацаанд 2019 оны 03 сард өгсөн, эрх зүйн харилцаа байсан гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчээ.

3.1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний нөхөр Дугарын Нацаг нь 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар хөрөнгөө хураалгаж, 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар магадлалаар өөрийн эцэг Жамцын Дугарын хамт хоёул цагаатгагдсан.

Хэлмэгдэгч миний нөхөр Д.Нацаг нь 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1249/12 дугаар шийдвэрээр 1,000,000 /нэг сая/ төгрөгний нөхөн олговор авсан, мөн Хөвсгөл аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2008 оны 02 дугаар сарын 01 дүгээр тогтоолоор гэр, хашааны мөнгө гэж 3,000,000 төгрөгийг гэрт маань авчирч өгсөн.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулинд 12 удаа өөрчлөлт орсон байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөр, тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.2 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг" гэсэн өөрчлөлт орсон тул хэлмэгдэгчийн эхнэр П.Долгорсүрэн би дээрх өөрчлөлтийн дагуу 40,000,000 төгрөгийн нөхөн олговрыг авахаар /өөрөө босч явж чадахгүй тул/ өөрийн төрсөн хүү Н.Бат-Өлзийгөөр хөөцөлдүүлж, хүү Н.Бат-Өлзий нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас хамгийн сүүлийн лавлагааг гаргуулан авч, аавынхаа хэлмэгдлийн материалыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс дээр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аваачиж өгөхөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны ажилтан нь хүлээн авч хянаад "таны ээжид гэр хашаа байшингийн мөнгө 3 сая төгрөг өгсөн тул хуулийн энэхүү өөрчлөлтөнд хамаарагдахгүй юм байна" гэж бүрдүүлсэн материалыг хүлээн аваагүй буцаасан.

Ингээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтаны дээрх хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул би хүүхдүүдээрээ аавд чинь орон сууц олгоогүй юм чинь хэлмэгдэлийн нөхөн олговор олдох байх, явж мэддэг хүн амьтантай нь уулз гэж шаардсанаар хүүхдүүд минь удаа дараа хөөцөлдөж байсан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард Хөвсгөл аймагт ирж ажиллаж байгаа сураг гарахаар нь миний хүү Нацагийн Баасанжав нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтантай очиж уулзаж бүрдүүлсэн материалаа үзүүлэхэд материалыг нь үзээд "шаардлага хангасан байна, өмнө манайхан хуулиа буруу ойлгож танай ээжийн материалыг хоцроосон байна, одоо ч та Салбар комиссоороо дамжуулаад өгчих” гэж хэлэхэд нь уг материалаа Хөвсгөл аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисст өгснөөр Хөвсгөл аймгийн Салбар комисс нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичгээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлж, улмаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "Зууны мэдээ" сонины № 239 /697/ дугаарт нийтлэгдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх шалган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед шүүгчийн туслах нь хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна, яагаад хуулийн үйлчлэл дууссан хойно нэхэмжлэл гаргаж байгаа, 2019 онд материалаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст яагаад өгөөгүй болох, хууль батлагдахаас өмнө цагаатгагдсан хүний материалыг яагаад хуулийн үйлчлэл дууссан хойно буюу 2022 оны 12 сард сонинд нийтэлсэн болохыг асууж, удаа дараа нотлох баримт шаардаж байсан, улмаар би шүүх хурал болдог өдөр биеийн байдал муудаж, түргэн дуудаж охин маань намайг эмнэлэгт хүргэх эмчид үзүүлж явсаар шүүх хурлаасаа хоцорсон тул нэхэмжлэлийг маань буцаасан байна.

Одоо би шүүхэд дахин хандахын тулд хуулийн үйлчлэл дуусахаас өмнө Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст материалаа өгсөн боловч улсын комиссоос "та 3 сая төг авсан тул танд 40,000,000 төгрөгийн нөхөн олговор олдохгүй" гэж материалыг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байсан болохыг тогтоолгож байж Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй юм байна гэж ойлгосон.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын энэхүү хууль бус татгалзлаас болж би нөхрийнхөө цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг авч чадахгүйд хүрч байгаагаас гадна хуулийн үйлчлэл дууссан хойно би танил талаараа, хууль бусаар сонинд нийтлүүлчихсэн юм шиг ойлгогдоод байх шиг байна. Би нөхрийнхөө цагаатгалын нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг авахаар хүү Н.Бат-Өлзийгөөр удаа дараа хөөцөлдүүлж Улаанбаатар хотын Үндэсний төв архиваас олон төрлийн лавлагаа авахуулж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтанд 2019 оны 03 дугаар сард буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэл дуусахаас өмнө аваачиж өгсөөр байтал хууль зүйн үндэслэлгүйгээр нөхөх олговрын материалыг хүлээн авахаас татгалзсан ЦАУЗБУК-ын татгалзлыг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

1.2 Нэхэмжлэгч П.Долгорсүрэн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: “Одоо би иргэний хэргийн шүүхэд дахин хандахын тулд хуулийн үйлчлэл дуусахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст материалаа өгч тус байгууллагын ажилтан нь хууль хэрхэн хэрэглэх талаар албан ёсны тайлбар гараагүй, Улсын дээд шүүх хэрэг маргаан шийдвэрлэх журмаар хууль тайлбарлах болсон зэрэг хуулийн өөрчлөлтийг тайлбарлан буцааж байсан зэргээр тодорхой хугацаанд эрх зүйн харилцаанд орж байсан болохыг тогтоолгох шаардлагатай байх тул Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтан болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож өгнө үү...” гэж өөрчилжээ.

            1.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: “Манай хадам аав Д.Нацаг гэж хүн хэлмэгдсэн. Манай дүү 2019 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаад 2008 онд орсон нэмэлт өөрчлөлт орсон хуулийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн. 2022 оны намар өдийд буюу 9 сард байх. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх салбар комисс ажиллах явцад, пэйж хуудсанд “бид ийм ажлаар ирсэн” гэхэд нь “2019 онд нөхөн олговрын материалаа гаргахад олгогдохгүй гээд хүлээж аваагүй, яах вэ” гэж асуусан юм. Тэгэхэд “та хүсэлтээ гаргаад манайх руу явуулчих, биеэр хүргэж болно, шуудангаар өгч болно эсхүл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх салбар комиссоор дамжуулж болно” гэсэн. Тэгээд салбар комисст өмнө нь 2019 онд бүрдүүлсэн байсан бүх материалаа, хүсэлтдээ цуг өгсөн бөгөөд тэр баримт нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст ирж “сонинд зарлуулчихлаа, та иргэний хэргийн анхан шатны шүүхдээ хандаж шийдвэрээ гаргуулж болно” гэсэн хариу авсан. Шийдвэрээ гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад “2019 онд буюу хуулийн хугацаанд материалаа өгсөн, эсхүл хоцорч өгсөн гэх шалтгаанаа нотол” гэсэн. Тэгээд иргэний хэргийг түдгэлзүүлсэн.

Бид өмгөөлөгч авсан. Бид хуулийн хүн биш учраас нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Өмгөөлөгч юу гэж зөвлөсөн бэ гэхээр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах нь зүйтэй юм байна гээд шүүхэд хандсан.

Хариуцагчийн хэлж буйгаар “одоогийн мөрдөж буй хуулиар цаашаа тохиолдлын журмаар шийдэж болох байсан юм байна. Бид буруу ойлгоод ийм зүйл болсон байна.” гэсэн. Бид энэ байгууллагыг буруутгахаас илүү тэр үед нөхөн олговрын материалаа өгч харилцаа үүсэж, тэр үед энэ хүн үнэхээр нөхөн олговор авах өргөдлөө гаргаад хөөцөлдөөд явж байсан  гэдгийг тогтоолгох гээд байна. Тухайн үед хуулиа өөрөөр тайлбарлаж хэрэглэж байснаас нөхөн олговор олгохгүй гэж байснаа одоо шүүхэд хуулийг тайлбарлаж хэрэглээд нөхөн олговор олгогдоод явж байгаа гэсэн тул тэр үед нөхөн олговор авахаар хандаж байсан эрх зүйн харилцаа комиссын ажилтантай үүссэн  гэдгийг тогтоолгох шаардлагатай болсон, өмгөөлөгч маань зөвлөөд нэхэмжлэл гаргасан.  Бидний зүгээс бол иргэний хэргийн анхан шатны шүүхэд хугацаандаа өргөдөл гаргасан гэдгээ нотлох хэрэгтэй болоод ийм нотлох баримт шаардаад байгаа юм. Иргэний хэргийн шүүх “Яагаад 2021 оны 12 дугаар сард 31-ний өдөр уг хуулийн үйлчлэл нь дууссан байхад 2022 онд нэхэмжлэл гаргасан юм гээд байгаа юм. Хариуцагч тал “хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэж байхад нөхөн олговор олгохгүй байсан, одоо өөрөөр тайлбарлаж хэрэглэж байна нөхөн олговор олгож болохоор байгаа” гэсэн. Нотлох баримтаар “манай дүү 2019 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хүмүүстэй очиж уулзсан эсэх, орсон, гарсан гэх камерын бичлэгээр нотолгоо гаргуулах” гээд хүсэлтээ захиргааны хэргийн шүүхэд гаргаад авахуулах гэтэл тийм бичлэг гардаггүй юм билээ. Тэгээд гаргуулж чадаагүй. Манай ээж П.Долгорсүрэн 90 нас хүрсэн хөгшин байгаа. Энэ хүний яриад байгаа, хүсээд байгаа зүйлийг болдог бол бүтээгээд өгөх үүднээс явж байгаа юм.”

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх 1998 онд гарсан байгаа. 2018 онд уг хуульд шинээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу байр, орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно” гэж, 13.2.1, 13.2.2 дахь хэсэгт зааснаар 40,0, 80,0 сая төгрөг олгож байсан. Мөн хуулийн 23.1 дэх хэсэгт хашаа байшин, гэр, орон сууц олгоно гэсэн байгаа юм. Мөн 2005 оны Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Сангийн сайдын 2005 оны 15/155 тоот хамтарсан тушаалын хавсралтын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт “хэлмэгдэгч бэлэн мөнгө авсан тохиолдолд орон сууц авсанд тооцно.” гэж байгаа. Нэхэмжлэгч, хэлмэгдэгчийн эхнэр болох П.Долгорсүрэн нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын салбар комиссоос 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолоор гэр хашааны мөнгө 3 сая төгрөг авсан. Тэр нь 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байдаг. Хуульд хашаа байшин, орон сууц авсан хүмүүс болохоор хуульд хамрагдахгүй болоод байгаа юм. Хуулийн зүйл заалт нь тийм байсан юм.   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлд “хашаа байшин, байр орон сууц” гэсэн байгаа. Харин энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “хашаа байшин, гэр” гэж байхгүй мөртлөө 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “байр, орон сууц аваагүй улс төрийн хил хэрэгт хэлмэгдсэн бол ... ” гэж хууль хэрэглээний эргэлзээтэй байдал үүссэн. 2018 оноос хойш Улсын дээд шүүх хууль тайлбарлах эрх бүхий субъект биш болсон. Хууль тайлбарлах эрх бүхий субъект байхгүй болсон. Манай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хууль тайлбарлахгүй. Улсын дээд шүүхэд хууль тайлбарлах эрх нь байж байгаад нэг хэсэг түдгэлзсэн байсан. Тийм болохоор хуульд ямар зүйл заалт заасан “хашаа байшин, гэр орон сууц” авсан хүмүүсийг хуулийн хавсралтад заасан болон Сангийн сайд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хамтарсан 2005 оны тушаалд бичигдсэнээр хуулийн тайлбарыг өгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг  явуулж байсан. Сүүлдээ Улсын дээд шүүх хууль тайлбарлахгүй болж, энэ хүмүүс ч гэсэн “гэр, орон сууц” гэдгийг авсан бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт байгаагүй олон хүн хүсэлт, өргөдөл, гомдлоо өгч байсан. Эдгээр хүсэлтийн дагуу нийтэд сонинд зарлаад үзье гэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Шүүхийн тухай хуульд заасан итгэл үнэмшлийн дагуу шийдэх байх гэж нийтэд зарлаад үзсэн. Тэгэхэд иргэний хэргийн анхан шатны шүүхээс “гэр, орон сууц” гэх үг өгүүлбэр байхгүй болсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “байр” гэж байсан болохоор энэхүү иргэнтэй адилхан иргэдийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Түүнээс биш бид хүсэлт гаргасан ямар ч иргэнийг нийтэд зарлаад явж байгаа. Шүүхээр ч гэсэн ороод “байр, орон сууц, хашаа, байшин” авсан гэдэг утгаар шийдвэрлээд явж байгаа. Хуулийн хугацаа ийм байдлаас болж хоцорсон байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааны зүйл заалтад “боломжтой юм байна” гэж би өөрөө харсан. Зарлах боломжтой юм байна гэж хурлаараа оруулаад энэ хүмүүсийг нийтэд зарласан байгаа. Эрх зүйн харилцаанд гэж үзэж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр П.Долгорсүрэнгийн хүү иргэн Н.Бат-Өлзий гэж хүн манай байгууллагад хандсан. Тухайн үед нь ижил төсөөтэй хүсэлттэй иргэдэд хуулийн тайлбар өгч, буцаагаад явуулсан. Хуульд хамрагдахгүй гэх зөвлөгөө мэдээллийг комиссын зүгээс өгөөд явж байсан. Буцаах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайн үед комисс Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар буюу Засгийн газрын 11 дүгээр байранд байрлаж байсан. Тэр байранд орсон, гарсан эсэх камерын бичлэг нөхөж шүүх боломжгүй юм билээ. Камерын бичлэг нь 14 хоногийн хугацаатай серверт нь хадгалагддаг, устаад бичигдээд явдаг юм билээ. Иргэний хүсэлтийн дагуу сүүлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл болон Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолд тусгагдсан бүрдүүлдэг материалуудыг татаж авна нийтэд зарласан. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн номер 2406972 тоот сонинд зарлагдсан. Ийм учраас энэ иргэний хувьд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өргөдлөө гаргаж ирж байсан, бид буцаасан харилцаанд орсон гэж үзэж байгаа. Манай мэдээллийн сангаас энэ иргэний хандаж манайд гаргаж байсан хүсэлт, хавсаргасан материалуудын талаарх мэдээллийг хуулбарласан бичиг байгаа, хэрэгт өгсөн. Даргын зөвлөлийн хурлаар оруулан нийтэд зарлах эсэхээ шийддэг юм. Нотлох баримтууд нь шаардлага хангаж байгаа эсэх зэргийг энэ мэдээлэлд тусгасан. Хэлмэгдэгчийн эхнэр хэсгийн 1 дүгээрт зарлагдсан.

Нөхөн олговрын нэлээн олон хүсэлт ирсэн. Манай комисс “шүүх яаж шийдвэрлэхийг харья” гэсэн. Шүүх шийдсэн, дараа, дараагийн асуудлыг шүүх шийдсэн. Тиймээс хүсэлт гаргаж байсан иргэдийн өргөдлийг сонинд зарлахаар болсон. Хуульд “хашаа байшин, гэр орон сууц” гэдэг үг байхгүй болохоор бид ч гэсэн хурлаар орж, шүүх шийдсэн юм чинь нөхөн олговрын хүсэлт хүлээж авах боломжтой юм байна гэж үзсэн. Энэ байгууллага байгуулагдаад 30 гаруй жил болж байна. Хэлмэгдсэн иргэдэд нөхөн олговор олгох, өргөдлийг шийдэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн тул аль болох хэлмэгдсэн иргэдийнхээ төлөө явдаг. Хуулийн хугацаанд яагаад хоцорсон гэдгийг тайлбарлаж болно. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаанд иргэд өөрийн буруугаас биш бол сэргээх зүйл заалтууд байдаг. Ер нь хуулийн үйлчлэлийн хугацаа дууссан ч гэсэн иргэний талаас буруу байхгүй болохоор тэр бүгдийг хэлж, хууль тухайн үед тийм байсан талаар тайлбарлаад аль болох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаас нь оролцож болно. Зохицуулалт нь байгаа гэж бодож байна.

Нөхөн олговор олгох хуульд хамрагдах боломжтой гэвэл иргэний үнэмлэхээр нь бүртгэж аваад зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Хамрагдах боломжгүй гэж үзвэл бүртгэлгүйгээр буцаадаг байсан. Тухайн үед хуулийн заалтыг баримтлаад байр, орон сууцтай холбоотой үндэслэлээр амаар зөвлөгөө, мэдээлэл өгч буцаасан. 

Өргөдлийг бүртгэлд аваад “өмнө нь 1 сая төгрөг авсан учраас 13.1 дэх заалтад хамаарахгүй юм байна” гэж бичгээр хариу өгч болох л байсан, бид “хуулийн зохицуулалт нь ийм байна, болохгүй” гээд өргөдлийг авахгүй буцаачихдаг байсан. Бүртгэхгүй буцааж байсан. Иргэдийн өргөдлийг авсан бол албан бичгээр хариу өгдөг.  Иргэд өөрсдөө биечлэн ирж байгаа тохиолдолд амаар зөвлөгөө, мэдээлэл өгөөд буцаадаг.

2018, 2019 онд нийтэд ерөөсөө зарлаагүй. Улсын дээд шүүхийн хууль тайлбарлах эрх нь нээгдэх байх гэж харсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөн олговрын хуулийн хугацаа дуусгавар болж байгаа. Ийм нөхцөлтэй хүмүүсийг 2020 онд зарлаж эхэлсэн. Хуулийн хугацаа дуусах гэж байсан учир хүмүүсийг зарлаад үзье гээд зарласан. 

Мэдээллийн санд бүх мэдээллийг бүртгэдэг, бэлэн материал авдаггүй. Мэдээллийн санд хуулаад, 21 дүгээр зүйлд тусгагдсан материалууд, 12 дугаар зүйл тусгагдсан материалууд байгаа.  Мэдээллийн санд бүртгээд, материалыг нь тэр дор нь буцаагаад эх хувиар нь өгдөг юм. Материал авдаггүй. Би мэдээллийн санд бүртгэсэн хуудсыг нь хуулаад гаргаад хэрэгт өгсөн. Хэлмэгдэгчийн мэдээлэл урд талын нүүр нь дээр байгаа. Анх эрх зүйн харилцаанд орж байсан гэх бүх мэдээлэл нь наад баримтад байгаа. Энэ баримт бүхэлдээ Д.Нацаг гэж хүнийх. 2019 оны 03 сарын 20-нд хамгийн сүүлийн материалыг архиваас авсан. Тагнуулын ерөнхий газрын архив лавлагаа нь  3 дугаар сарын 20-нд авснаар байгаа. Хамгийн сүүлийн байдлаар тэр баримтууд юм. Ирж байсан хүмүүсийг бүртгэхгүй буцааж байсан болохоор энэ хугацаагаар манайд хандаж байсан гэж тайлбарлаж байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч П.Долгорсүрэнг төлөөлөн түүний хүү Н.Бат-Өлзий Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтанд 2019 оны 3 дугаар сард нөхөх олговрын материал гаргаж эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэлээ.

Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэхийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн хүрээнд талуудын хооронд ямар харилцаа үүссэн, байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн хувьд өөр ямар нэгэн эрх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үндэслэл болох учиртай.

Нэхэмжлэгч П.Долгорсүрэнгийн нөхөр Дугарын Нацагийг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэснийг БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар магадлалаар цагаатгасан тул хэлмэгдэгчийн эхнэр болох нэхэмжлэгч П.Долгорсүрэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэхэд уг хуулийн үйлчлэлийн хугацаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандаж, нөхөх олговор хүссэн өргөдөл, материалаа өгч байсан гэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгох нь ач холбогдолтой байна.

Тиймээс талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгох энэ нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Хариуцагчаас олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдоогүй тул хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн агуулгатай ч шүүх тухайн үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.  

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчид нөхөх олговор олгох үндэслэлтэй эсэхийг захиргааны хэргийн шүүх харьяалан дүгнэхгүй болно.

Харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тодорхой хугацаа болох 2019 оны 3 дугаар сард нэхэмжлэгч П.Долгорсүрэнг төлөөлөн түүний хүү Нацагийн Бат-Өлзий нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст одоо иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “нөхөх олговорт 40,000,000 сая төгрөгийг олгуулахыг хүсэж өргөдөл болон материалыг гаргаж хандсан” болох нь тухайн үед буюу 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагаас нас барсны бүртгэлийн лавлагаа, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний төв архивын Лавлагаа үйлчилгээний төвөөс архивын магадлагаа, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний төв архивын 03-6/1044, 03-6/1045, 03-6/1046, 03-6/1047 тоот лавлагаанууд, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний төв архивын 03-6/1108 тоот лавлагаа, 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын 14/23 тоот тодорхойлолт бүрдүүлсэн[9] байгаагаар, ийнхүү бүрдүүлсэн материалыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэдээллийн санд бүртгэснээр[10] тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нөхөн олговрын өргөдөл, материалыг мэдээллийн санд бүртгээд, материалыг нь тэр дор нь буцаагаад эх хувиар нь өгдөг, тухайн үед хууль хэрэглээний маргаантай байдлаас нөхөн олговрыг олгох үндэслэлгүй гэж тайлбарлаад өргөдөл, материалыг хүлээж авахгүй буцаадаг байсан” талаараа тайлбарлаж, хэлмэгдэгч Д.Нацагийн эхнэр П.Долгорсүрэнгээс 40,000,000 төгрөгийн нөхөх олговор хүссэн өргөдөл, материал улсын комисст ирүүлж байсан гэх үйл баримттай маргаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хэлмэгдэгч Д.Нацагийн эхнэр П.Долгорсүрэнгээс төлөөлүүлэх замаар “40,000,000 төгрөгийн нөхөх олговор хүссэн өргөдөл, материал”-ыг 2019 оны 3 дугаар сард Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст гаргаж эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.5, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэлмэгдэгч Д.Нацагийн эхнэр П.Долгорсүрэнгээс төлөөлүүлэх замаар “40,000,000 төгрөгийн нөхөх олговор хүссэн өргөдөл, материал”-ыг 2019 оны 03 дугаар сард Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст гаргаж эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА

 

 

 

  

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа.

[2] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/537 тоот албан бичиг.

[3] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 36дугаар хуудас, Хөвсгөл аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот албан бичиг

[7] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[8] Зууны мэдээ сонины 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №239 /6971/ дугаарын 3 дугаар нүүр

[9] Хавтаст хэргийн 17, 22, 30- 31, 33-36 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас