Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, Улсын яллагч: Г.Цогтгэрэл, Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа, Шүүгдэгч Г, Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г, Б нарт холбогдох эрүүгийн 201725020190 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: 1. Монгол Улсын иргэн, ..ий өдөр Төв аймгийн .. суманд төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..., Г. 2. Монгол Улсын иргэн, ...ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..., Б.

Яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/: Яллагдагч Г нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны орчимд 1 килограм төмөр бортогон савлагаатай химийн хорт бодис буюу мөнгөн усыг хууль бусаар худалдан авч хадгалсан, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны үед Б-т дамжуулсан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар-32” худалдааны төвийн орчимд 91-12 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн автомашинаар тээвэрлэсэн, Яллагдагч Б  нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны үед Г-с 1 килограм төмөр бортогон савлагаатай химийн хорт бодис буюу мөнгөн усыг хууль бусаар авч хадгалсан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар-32” худалдааны төвийн орчимд 15-11 УНЕ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ганбат /хх-ийн 28-29/, гэрч Д.Сугар /хх-30-32/, гэрч У.Энхболд /хх-ийн 35-36/, яллагдагч Б, Г /хх-ийн 75-76, 239- 240, 81-82, 233-234/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн автомашинуудын техникийн үнэлгээ /хх-ийн 146-147, 154/, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны яамнаас ирүүлсэн 06/3682 дугаартай албан бичиг /хх-ийн 163-164/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7, 10-13/, харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-56/, геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 60/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 130/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 131/, эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол /хх-ийн 189/, шүүгдэгч Г, Б нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85, 93/, зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч Г, Б нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх үзэв. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч хадгалсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, шүүгдэгч Б нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авч хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Гэрч О.Ганбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...Г энд нэг хүнтэй уулзмаар байна гэж хэлээд 32 тойргийн Номингийн ард талын гудамжинд очсон. Г нэг хар өнгийн машинтай хүмүүстэй уулзаад намайг түрүүлээд явж бай гэхээр нь би за яахав ойрхон юм чинь хүргээд өгчихье гээд хүлээж байсан чинь Г хүмүүстэйгээ уулзаад буцаад миний машинд суусан чинь цагдаагийн машинтай хүмүүс гарч ирээд бид нарыг шалгаад мишины түлхүүр хурааж авсан. ...Би мөнгөн ус авч явж байгаа гэдгийг мэдээгүй цагдаагийн хүмүүс миний машиныг унаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тэгээд Г мөнгөн устай байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, Гэрч Д.Сугар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б руу нэг хүн утсаар ярьсан чинь Б хүний юм аваачиж өгье гэж хэлсэн. Буцаад “Сансар-32” худалдааны төвийн орчим ирээд Г-т бортоготой зүйлийг нь өгөөд явах гэж байгаад цагдаа нарт баригдсан юмаа...” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32/, Гэрч У.Энхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэтэл таньдаг Г ах ирэхээр нь би нутгийн ах гээд хамт очиж уулзахад Г төмөр савтай зүйлийг Б-т өгсөн. Тэгэхдээ дотор яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр өдөр Г ах Б-т тэр төмөр савтай зүйлийг өгсөн. Тэр дотор нь юу байсныг би мэдэхгүй байна. Б тэрийг аваад машиндаа хийсэн. ...Г болохоор энэний доторхийг үзмээр байна л гэж хэлсэн. Тэрнээс Г зараад өгөөч гээд Б зарна гэж ярилцаагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, Шүүгдэгч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өдрийг нь санахгүй байна. Цагдаагийн байгууллагад баригддаг өдрөөс 4-5 хоногийн өмнө найзынхаа ажил дээр Шархаданд байж байтал Г утсаар залгаад хаана байна гэхээр нь найзынхаа ажил дээр байна гээд байгаа газрынхаа хаягийг хэлсэн чинь ах нь ойрхон явж байна яваад очьё гэж хэлээд нэг их удалгүй хүрээд ирсэн. Тэгээд надтай ойр зуурын юм ярьж байснаа савтай /төмөр жижиг бортоготой/ юм гаргаж ирээд энийг үзэж харах хүн байна уу дотор нь юу байгаа юм бол гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэхэд чи наадахаа аваад яваач дотор нь юу байгааг нь мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би сайн мэдэхгүй байна хүнээс асууж өгье гэж хэлээд бортоготой зүйлийг нь аваад үлдсэн. Төв аймгийн Эрдэнэ сум руу эхнэр хүүхэд рүүгээ явсан. Эрдэнэ суманд 2-3 хоночихоод Улаанбаатар хотод ирсэн бөгөөд энэ зүйлийг нь өгье гэж бодоод аваад явж байсан. Тэгээд Г лүү юмаа аваарай гэж хэлчихээд Сугараатай уулзаад хоол идчихээд найзынхаа засварын газарт байж байгаад орой Г над руу залгаад бортоготой зүйлээ авъя гэхээр нь 23 цагийн орчимд байх гэрийнхээ гадаа аваачиж өгчихөөд явах гэж байгаад баригдсан юм. Намайг найзынхаа ажил дээр байхад ирээд надад төмөр бортоготой зүйл өгсөн гэдгийг манай найз Энхболд мэдэж байгаа. Би энэ төмөр бортоготой мөнгөн усыг өмнө нь авчихсан байсан. Тухайн өдөр бол би Г-с аваагүй, юу байгааг нь мэдээд өгөөч миний дүү гирнээс гардаг юм шиг байна гэж хэлсэн. Тэрнээс надад зараад өгөөч гэж хэлээгүй. Би тэрийг нь аваад хүнд үзүүлэх гэж байсан боловч ямар хүнд үзүүлэхээ мэдэхгүй байсан. Тэгээд ч би Эрдэнэ суманд 2-3 хоног байсан. Тэгээд хүний биед хортой байж магадгүй гэж бодоод Улаанбаатар хотод орж ирээд буцааж өгсөн юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/, Шүүгдэгч. Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би сонирхоод авчихсан юмаа. Гэртээ байлгаж байгаад Болдбаяр луу утсаар ярьсан юмаа. Б-г би танил олонтой тэгээд ч бас багаас нь мэдэх болохоор итгэлтэй байх болов уу гэж бодоод утсаар ярьж зарж өгөөч гэж хэлсэн. Б надад ганц нэг хүнд үзүүлье асууж өгье гэж хэлсэн. Би 2-3 удаа задалж үзэх гэсэн боловч хортой гэж ярьдаг болохоор нь айгаад задалж чадаагүй юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 06/3682 дугаартай мэдээлэл өгөх тухай албан бичигт: “...Мөнгө ус нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис юм. Үүнийг импортлох, ашиглахын тулд БОАЖЯ-наас химийн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлт, холбогдох химийн хорт болон аюултай бодисын тусай зөвшөөрөл авсан байх шаардлагатай болно. Тус хэрэгт холбогдогч Б, Г нар тус яамнаас химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авч байгаагүй болно...” /хх-ийн 163-164/, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн:”...ХФ17/0237 захиалгын дугаартай ногоон өнгийн тагтай варианы шилтэй мөнгөлөг зүйлийг металл зэстэй амальгам үүсэх чанарын урвал хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо...” /хх-ийн 60/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7, 10-13/, харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-56/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 130/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 131/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г, Б нарын гэм буруутай үйлдэлүүд нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэв. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь тус бүр өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугийн болон прокуророос сонсгосон зүйл анги, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно. Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Г, Б нарт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна. Шүүгдэгч Г, Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч Г, Б нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны харъяа химийн хорт бодис хадгалах агуулахад хадгалагдаж буй 1 килограм төмөр бортогон савлагаатай мөнгөн усыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Ингүүн Од Финанс” ББСБ /хх-ийн 14/-н өмчлөлд бүртгэлтэй 1511УНЕ улсын дугаартай Тоёота Приус-20, Хан Агьт ХХК-ны өмчлөлд бүртгэлтэй 9112УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээдүүдийн өмчлөлд үл хамаарч байх тул дээрх автомашинуудыг захиран зарцуулах эрх хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч нарт буцаан олгохоор тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Г-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар худалдан авч хадгалсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, шүүгдэгч Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авч хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч Г, Б нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, Б нарт тус бүр оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Шүүгдэгч Г, Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд мэдэгдсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 килограм төмөр бортогон савлагаатай мөнгөн усыг шийтгэх тогтоолын хамт Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт шилжүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар 1511УНЕ улсын дугаартай Тоёота Приус-20, 9112УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинуудын захиран зарцуулах эрх хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч нарт буцаан олгосугай. 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г, Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР