Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1814

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02245 дугаар шийдвэртэй

Э.Э-ы нэхэмжлэлтэй хариуцагч Х.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 41 400 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 4 370 000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Давааравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Давааравдан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 588/11:50 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр авсан мөнгөө хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч мөнгөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Иймд Х.Э-ээс зээлийн гэрээгээр төлөөгүй үндсэн зээл 11 500 000 төгрөг, хүү 24 150 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 41 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 4 дүгээр сард мөнгө хэрэгтэй болсон тул иргэн Э.Э-аас гар бичмэлээр баримт үйлдэж 11 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан юм. Мөнгө авснаасаа хойш сар бүр 11 500 000 төгрөгөө хүүгийн хамт дансаар болон бэлнээр 690.000 төгрөгийг тасралтгүй төлж дууссан. Сүүлд зээлсэн мөнгөнөөс 2, 3 сарын төлөлт үлдсэн байхад ажил дээр ирж хүү, алданги тооцож хугацаагаа бичмээр байна гээд бүтэн нэг өдөр намайг ажил хийлгэхгүй элдвээр доромжлон үүдний харуул, жижүүр, зохион байгуулагч нарын дэргэд асуудал үүсгээд хүчээр дарамталж байгаад ойрхон нотариат дагуулж ороод зээлийн гэрээ хийлгэн ямар ч ойлголцолд хүрч чадалгүй яваад өгсөн. Өөрт нь миний гараар хийсэн баримт байсан учир надад дахин нотариатаар гэрээ хийх шаардлага байхгүй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Э-аас 11 500 000 төгрөг хүлээн аваагүй, 2014 онд мөнгө авсан юм. Зээлсэн мөнгөний төлбөрөө авахдаа хариуцагч нь өөрийнхөө эзэмшдэг Голомт, Хаан банкны дансаар, мөн бэлнээр авч байсан. Зарим үед энэ хүний данс руу хийчих гээд өөрийн дүү болох Э.Энхбаатарын Хаан банкны 5003931951 тоот данс, найз А.Энхбаярын Хаан банкны 5020240862 тоот данс руу мөнгөө хийлгэж, төлбөрийг төлж дуусгасан. Надад ямар ч тооцоо байхгүй, нийт 16 490 000 төгрөг төлсөн гэжээ.    

  Хариуцагч Х.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээгээр Х.Э-т 11 500 000 төгрөгийг шилжүүлээгүй, зээлээгүй тул Э.Э нь тус гэрээгээр зээл, хүү, алданги шаардах эрхгүй байна. Харин Х.Э нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 500 000 төгрөгийг Э.Эаас авч сар бүр 690 000 төгрөг төлсөөр нийт 15 870 000 төгрөг болгон төлж барагдуулсан ба төгрөгийг илүү төлсөн 4 370 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Давааравдан нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн 588/11:50 дугаартай гэрээнд 11 500 000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцсон ба зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр авсан мөнгөө төлөлгүй өнөөдрийн хүрсэн нь үнэн юм. Сөрөг нэхэмжлэлд дурдсан нэг сарын 690 000 төгрөг нь 11 500 000 төгрөгийн сарын хүү байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш надад ямар ч мөнгө, хүү, алданги төлөөгүй. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлж авсан 11 500 000 төгрөгөө төлөхгүй, хүүг нь өгөхгүй байсан тул зээлийн гэрээгээ хууль зүйн хувьд баталгаажуулах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 588/11:50 дугаартай гэрээг байгуулсан нь хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу Х.Э-т 8 000 000 төгрөг, 3 500 000 төгрөг нийт 11 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингэснээр бидний хооронд зээлийн гэрээ бодитой байгуулагдсан бөгөөд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн байдаг юм. Х.Э-ээс үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхийг шаардахад янз бүрийн шалтаг тоочин өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлэхгүй, мөнгө орж ирэх гэж байна, зээл хөөцөлдөж байгаа удахгүй төлнө, түр хүлээгээч гэснээр иргэн намайг чирэгдүүлсээр байна. Зээлдэгч Х.Э нь зээлийн хүүнд буюу 11 500 000 төгрөгийн нэг сарын хүүнд 690 000 төгрөгийг хийхээр тохиролцсон бөгөөд Голомт банкны 2705014366 дугаар дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн хүү 690 000 төгрөгийг нийт 1 380 000 төгрөг, Хаан банкны 5009342202 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр хүү гэж 7 удаа 690.000 төгрөгөөр нийт 4 830 000 төгрөг, 210 000 төгрөгөөр 2 удаа 420 000 төгрөг, 1 удаа 480 000 төгрөгөөр нийт 5 730 000 төгрөг нийт 7 110 000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн. Өөрөөр ямар ч зээл болон хүү төлж байгаагүй юм. Би хэзээ ч бэлнээр нь зээлийн хүү авч байгаагүй бөгөөд зээлийн үндсэн мөнгийг ч аваагүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 4 370 000 төгрөгийн илүү төлөлт огт хийгээгүй бөгөөд зээлийн хүү гэж 7 110 000 төгрөг л төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдана. Иймд надаас 4 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Э-ээс 19 320 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д, нэхэмжлэгч Э.Э-аас 2 070 000 төгрөг гаргуулан хариуцагч Х.Э-т олгож, үндсэн нэхэмжлэлээс 22 080 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 2 300 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 364 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 84 870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-ээс 254 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д, нэхэмжлэгч Э.Эаас 48 070 төгрөг гаргуулан хариуцагч Х.Э-т олгож, хариуцагч Х.Э, нэхэмжлэгч Э.Э нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү,алданги нийт 41 400 000 төгрөгийг шаардсан. Гэтэл уг гэрээ нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 11 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж өгөөгүй, тухайн гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй ба шүүх "...өмнө зээлийн гэрээнд заасан зээл болон хүү төлөх хугацааг шинэчилж, алданги төлөхөөр нэмэлт тохиролцоо хийсэн байна" гэж нотлогдож тогтоогдоогүй зүйлд хийсвэрээр дүгнэлт хийсэн мөн Иргэний хуулийн 196, 281, 282 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх "... нэхэмжлэгчээс хариуцагчид 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээл нийт 11 500 000 төгрөг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй..." гэжээ. Хариуцагч нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 6 хувийн хүүтэйгээр авсан 11 500 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдэж аваад 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нийт 16 490 000 төгрөг болгон төлж, 4 370 000 төгрөгийг илүү төлсөн. Хариуцагч нь 8 000 000 төгрөгт 480 000 төгрөгийн хүү, 3 500 000 төгрөгт 630 000 төгрөг, нийт 1 110 000 төгрөгийн хүү, үндсэн зээл 11 500 000 төгрөг нийт 12 610 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч 16 490 000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн байдаг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101\ШШ2019\02245 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч Э.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Х.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн 4 370 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэргийн 147 дугаар талд хариуцагч Х.Э “2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Эаас 11 500 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлж авсан бөгөөд сар бүрийн 28-ны өдөр 6 хувиар тооцож хүүг шилжүүлэхээр тохиролцсон, мөн Э.Эаас сарын 6 хувийн хүүтэй доорх мөнгийг тус тус зээлэв. 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 500 000 төгрөгийг 3 сарын хугацаа, сар бүр хүүг төлнө” гэсэн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн бичгийн баримт авагдсан байна.

 

Үүний дараа зохигчид 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 11 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Хариуцагчийн үйлдсэн дээрх бичгийн баримтыг үндэслэн мөнгө зээлсэн болохоо хэн аль нь хүлээн зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бичгийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ. Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Э “... нэхэмжлэгчийн сар бүр төлсөн 690 000 төгрөгийг зээлийн мөнгөний хүүд төлж байсан ” гэж, хариуцагч  “ ... сар бүр үндсэн зээлд 690 000 төгрөг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд илүү 4 370 000 төгрөгийг төлсөн” гэсэн зөрүүтэй тайлбаруудыг тус тус гарган маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн мөнгө төлсөн баримт, үнийн дүн, төлөлтийн давтамж, зохигчдын тохиролцоо зэргийг харгалзан нэхэмжлэгчийн сар бүр төлж байсан мөнгө нь зээлийн гэрээний хүүг төлж байсан байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин дээрх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт 11 500 000 төгрөгт тооцох тухай хариуцагчийн тайлбар болон илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тодорхой хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул талуудын зарчмыг хангах үүднээс уг шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 254 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

 

                                             ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО