Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/001

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/851 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2114000000240 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВИ85080730

******* нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт байх цагдаагийн хэсгийн байрны гадна хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж “зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч *******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баяртогтохын 2021 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 360 дугаар дүгнэлтэд

1. *******ын биед зүүн атгаал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг үйлдлийг Д.Өсөхбаяр учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч мэдүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “хэргийг тал бүрээс бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт Д.Өсөхбаярын үйлдлийг уг хэрэгтэй нэгтгэсэн эсхүл тусгаарласан талаарх прокурорын үндэслэл бүхий тогтоол гараагүй хэрэгт авагдаагүй байна.

Шүүх энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд Д.Өсөхбаярын үйлдлийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Мөн хэрэгт авагдсан бичлэг бүхий СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд уг эд мөрийн баримтад Д.Өсөхбаярын үйлдэл тодорхой бичигдсэн байхад дан ганц *******ыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлж байгаа нь хэргийг бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болно гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч *******аас гаргаж эд мөрийн баримтаар хураан авсан бичлэг бүхий СД дээр хэсгийн төлөөлөгч Д.Өсөхбаярыг “согтуу байсан гэнэлээ” гэсэн үг хэллэг хэлж байгаа Баацагаан сумын эмнэлгийн ажилтныг олж гэрчээр асуух нь зүйтэй байна.

Уг гэрчээр Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч үйл баримт болох үед согтуу байсан эсэх, түүнийг согтуу байсныг хаанаас хэрхэн мэдсэн талаар тодруулж эх сурвалжийг олж тогтоон мэдүүлэг авч согтуу байсан эсэхийг мухарлан шалгах нь зүйтэй байна.

Иймд *******д холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

...Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ын эрүүл мэндэд учирсан хохирол Д.Өсөхбаярын үйлдэлтэй хамааралтай эсэх, уг үйлдэл нь Д.Өсөхбаяр нь гэм буруутай эсэхийг тогтоохоор 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 211400201 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

Иймд *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр Д.Өсөхбаярыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгээгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Д.Өсөхбаярын үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул прокурор уг үйлдлийг нэгтгэх болон тусгаарлах ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй тул шүүгчийн захирамжийн 1, 2 заалт үндэслэлгүй байна.

Эмнэлгийн ажилтан болох Д.Болормааг /Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай/ гэрчээр байцаасан байцаалт хэрэгт авагдсан тул эмнэлгийн ажилтныг дахин гэрчээр байцаах шаардлагагүй хэргийг Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Нөгөөтээгүүр Д.Өсөхбаяр нь *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдвол энэ хэрэг нь тусдаа хэрэг тул *******д холбогдох хэрэгт нэгтгэн шалгах шаардлагагүй болно.

Иймд шүүгчийн захирамжаар хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/851 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/851 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг харьцуулан шинжлэн судалж бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багт байх цагдаагийн хэсгийн байрны гадна Баянхонгор аймгийн Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж “зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Харин анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж улмаар гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг баримтлан хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэрэгт авагдаж Прокурорын яллах дүгнэлтэд бичигдэн улмаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн:

 хавтаст хэргийн 57-58 дүгээр талд авагдсан “...энгийн хувцастай шорт футболктой хүн манай найз Ууганбаярыг машинаас угз татаад буулгаад цамцнаас нь чирээд футболкыг нь сөхөөд мээмийг нь ил гаргаад чирээд байсан. ... тэр энгийн хувцастай хүн цахилгаан бороохой аваад манай эхнэрийг цахилгаан бороохойгоор цохиулсан. ... би ...өмөөрөөд ....тэр хүн намайг өчөөд гараас мушгиад хөл рүү хавираад газар унагасан. Тэгээд би босож ирэх гэсэн чинь миний гар эвгүй болчихсон...” гэх мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 17-18, 168-172 талд тус тус авагдсан “ ... тэр шорт футболктой залуу *******ыг гарыг нь мушгиад хавираад газарт унагасан. *******ын гарыг нь эвгүй дараад унагачихсан. Тэгээд тэр дороо гаран дээр нь овойж хавдаад помбойгоод гараад ирсэн....” гэх гэрч Байгальмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 21-22, 180-181 дүгээр талд авагдсан “...намайг машинаас буулгаад цагдаагийн кобон руу орж шалгана гээд чирээд байсан. ...тэр шорт футболктой залуу *******ын гарыг нь мушгиад газар унагасан. Тэгээд удалгүй гар нь гэмтээд нүдэн дээр гар нь хавдаж хүрэнтээд Болороо эмч ирээд аваад явсан...” гэх гэрч Т.Ууганбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 27-28, 191-192 талд тус тус авагдсан “...******* цагдаа хавираад унагааж байсан. Тэгээд удалгүй “Гар эвгүй болчихлоо” гэж байсан...” гэх гэрч О.Дашдаваагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...******* гэх залуу бууж ирээд хэсгийн төлөөлөгчийг гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиж авсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч *******ыг цааш нь түлхтэл гараа эвгүй дарж унасан..... Бүгд хэсгийн төлөөлөгч рүү дайрч хэл амаар доромжилж байсан. Хэсгийн төлөөлөгчийг хэл амаар доромжилж 2-3 удаа цохиж авсан. ******* нэлээн согтуу байсан ч өөрийгөө хянах чадвартай байсан. Хэсгийн төлөөлөгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... ” гэх гэрч Б.Доржнямбуугийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 32-33, 196-197 дугаар талд тус тус авагдсан”...постын дээгүүр 2 машин орж ирж байсан. ...дохитол зогсоогүй явсан. ...шалгатал жолооч нь согтуу байсан. ...2 эмэгтэйг нь “Үлээлгэнэ” гэтэл манай хүний урдаас хэрэлдээд өрөө рүү орохгүй байсан. ...цэнхэр майктай залуу бууж ирээд манай хүнийг цохиод авсан. ...цэнхэр майктай хүнийг өөрөөсөө зайлуулаад түлхтэл газар унаж байгаа харагдсан. ...Өөрсдийгөө хянах чадваргүй байсан. ...******* гэдэг хүн бууж ирээд Өсөхбаярын хажууд нь ирээд шууд цохиод авсан, 2-3 удаа нүүр лүү нь цохисон. ...тэр ******* манай нөхрийг цохих гэж байгаад газар унасан. ...гар нь эвгүй болчхож гээд эмч дуудаж үзүүлсэн....” гэх гэрч У.Хулангийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар талд авагдсан “....коридорт гараа бариад орилсон хүн хэвтэж байсан тэгээд би гарыг нь үзсэн чинь *******ын зүүн гар нь тохойн үеэрээ мултраад хавдчихсан байсан, ...*******ын биед зүүн гарын тохойн үеэр мултрал үүсээд, үений шингэн гадагшаа гарсан байсан, өөр гэмтэл байгаагүй ээ..гэх гэрч Д.Болормаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 187-189 дүгээр талд авагдсан “...Өсөхбаяр нь зогсоох гэсэн чинь зогссонгүй гэж байсан.... Өсөхбаяр нь *******ыг машин руу хойш нь боож дараад байсан, ...цэнхэр машинаас нэг эмэгтэй хүн бууж ирчхээд Байгалмааг янхан гичий гээд загнаад хэл амаар доромжлоод байсан. ...Өсөхбаяр нь *******ыг цахилгаан бороохойгоороо шар хийлгээд дараад цааш нь харуулаад гарыг нь мушгиад хөл рүү нь хавираад газар унагасан, ...унангуут нь гар нь хавдаад, хөхрөөд эхэлсэн....” гэх гэрч П.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

Хавтаст хэргийн 37-38,214-215 дугаар талд тус тус авагдсан “... *******ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй....”, “... *******ын биед зүүн атгаал ясны цууралт, тохойн үений мултрал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 322,360 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн үзэхэд нэг үйл баримтаар үйлдэгдсэн, үйлдэл болжээ.

Дээрх үйлдэлд Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан харин мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2114000201 тоот тогтоолоор *******т холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ./ хэргийн 46 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл/

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-д “хэргийг тал бүрээс бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт Д.Өсөхбаярын үйлдлийг уг хэрэгтэй нэгтгэсэн эсхүл тусгаарласан талаарх прокурорын үндэслэл бүхий тогтоол гараагүй хэрэгт авагдаагүй байна. ...Шүүх энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд Д.Өсөхбаярын үйлдлийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж ..” дүгнэсэн хэдий ч хохирогч Д.Өсөхбаярт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй гэж үзэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай нийцэхгүй буюу шүүх шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчимтай тус тус нийцэхгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүх “... хэрэгт авагдсан бичлэг бүхий СД-ийг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд уг эд мөрийн баримтад Д.Өсөхбаярын үйлдэл тодорхой бичигдсэн байхад дан ганц *******ыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлж байгаа нь хэргийг бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болно гэж...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн дээрх үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т заасан гэм буруугийн буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субъктив талын гол шинж болох хүсэл эрмэлзэл, сэдэлт, зорилгыг анхаарах шаардлагатай юм.

Иймд *******д холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин “... *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр Д.Өсөхбаярыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгээгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд Д.Өсөхбаярын үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул прокурор уг үйлдлийг нэгтгэх болон тусгаарлах ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй тул шүүгчийн захирамжийн 1, 2 заалт үндэслэлгүй...” гэх Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/851 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******ын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

                   Т.ЖАРГАЛСАЙХАН