| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 187/2018/0311/э |
| Дугаар | 476 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 091.2.12, 091.2.15, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 476
Ж.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 825 дугаар магадлалтай, Ж.Г-ад холбогдох 1710000000182 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “***“ ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, уг тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Нийслэлийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сар 24 хоногийн хорих ялаар тогтоосон,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1,920,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн Г овогт Ж-н Г.
Ж.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний хооронд, *** тоотод, хамтран амьдрагч Б.Ж-ыг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Г-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ын цагдан хоригдсон нийт 264 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэм хорын хохиролд 3,807,300 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-т олгож, сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг гаргуулна гэх шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Г- гаргасан гомдолдоо: “... Миний бие хэрэг шалгаж эхэлснээс хойш давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хүртлээ талийгаачийн биед олон тооны шарх учруулаагүй, амь насыг нь хохироогоогүй гэж мэдүүлж ирсэн. 2018.09.06-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр үйлдсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж буйгаа илэрхийлэх гэсэн боловч онлайн хуралд оролцох үед техникийн саатлаас болж хангалттай мэдүүлж чадаагүй. Тиймээс эцсийн удаа үйлдсэн хэргийнхээ тухай үнэн зөвөөр тайлбар өгөхийг хүсч байна. Хэрэг болох үед манай эхнэр 2017.10.23-ны өглөө гаднаас согтуу орж ирэхэд би дөнгөж сэрсэн байсан. Бид маргалдаад 2-3 удаа алгадаад мөн зөрүүлээд намайг цохих гэхээр нь цээж рүү 2 удаа өшиглөсөн юм. ...эхнэр хөнжлөө нөмрөөд уйлж байгаад чимээгүй болсон. Тэгэхээр нь би хөнжлийг нь сөхөж үзтэл царай нь сонин болоод хөдлөхгүй байсан учир би эхнэрээ үхчихлээ гэж бодож айсандаа гараад явсан юм. Би эхнэрийнхээ аминд хүрье гэж бодоогүй. Гэхдээ миний цохиж, өшиглөснөөс болж нас барсан нь үнэн учир хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Өөрийн болчимгүй үйлдлээс болж хүүдээ болон эхнэрийнхээ гэр бүлд нөхөж баршгүй гарз учруулсандаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Учирсан хохирол, төлбөрийг би заавал барагдуулах болно. Тиймээс үйлдсэн хэрэгт маань тохирсон шийтгэл хүлээлгэж шүүхээс надад оногдуулсан 18 жил хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь насанд хүрээгүй гэрч, хохирогчийн ар гэрийнхний мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Хохирогчийн нийт 11 хавирга, сээрний сэтэрхий хугаралт зэрэг олон тооны гэмтэл учирснаас болж нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Ж.Г- нь нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний хооронд *** тоотод, хамтран амьдрагч Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дугаар зүйлд заасан онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх Ж.Г-ын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн шүүх Ж.Г-ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Г-ын үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 825 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН