Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/01406

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 02

182/ШШ2024/01406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Н /РД:/ 

 

Хариуцагч: Б ХХК /РД:/, 

 

Санхүүгийн түрээсийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь иргэн И.Стэй гэр бүл болж 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү Н.Т мэндэлсэн. Гэрлэгчид хүүгээ бага байхад гэрлэлтээ цуцлуулж тус тусын амьдралыг хөөсөн мөчөөс хойш хүү Н.Т нь эмээтэйгээ хамт тусдаа амьдрах болсон.

Гэтэл хүү Н.Т нь и-монголиа системээс Ц.Нын зээл авахад шаардагдах мэдээллүүдийг харилцан ярилцахгүй, мэдэгдэхгүйгээр татан авч хэвлээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Б ХХК-иас 5,799,000 төгрөгийн үнэ бүхий Samsung Z-Fold 3 (хар өнгөтэй, 128GB) маркийн гар утсыг №43005782 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж сарын 2.8%-ийн хүү төлөхөөр харилцан тохиролцож худалдан авчээ.

Ц.Нын хувьд Өмнөговь аймгийн Х ХХК-д ээлжийн ахлах албан тушаалыг хашдаг бөгөөд тухайн үед гар утас лизингээр авах шаардлага байгаагүй. Мөн тухайн Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах явцад Ц.Н өөрийн биеэр оролцоогүй бөгөөд гэрээнд тусгагдсан гарын үсэг өөрийнх нь биш болно.

 

Ц.Н нь Н.Т хүү нь хаана юу хийж амьдарч байгааг өнөөдрийг хүртэлх хугацаанд мэддэггүй. Гэтэл нэг өдөр Н.Т Ц.Н руу залгаад үүнээс хойш эцэг хүүгийн харилцаатай, цаашид хамт амьдрах талаар ярьсан.

Ц.Н нь БНХАУ-ын хилээр орох зайлшгүй шалтгаанаар и-монголиа системээс иргэний үнэмлэхийн хуулбар, мэдээлэл лавлагаа авах зайлшгүй шаардлагатай болж, эдгээр баримтуудыг и-монголиагаас хүү Н.Төөр нэвтрэх нууц үг, мэдээллээ өгөөд гаргуулж авч байсан байдаг. Гэтэл энэ нууц үгийг ашиглаад Н.Т нь Б ХХК-иас 5,979,000, төгрөгийн үнэтэй Samsung Z-Fold 3 маркийн гар утсыг санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр худалдаад авсан байсан.

Энэ явдлыг Ц.Н мэдээгүй бөгөөд цалингийн зээл авах зорилгоор банк дээр очиж, зээлээ судлуултал лизингийн өртэй байгаа учраас зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр орсон байна гэдэг. Ингээд Б ХХК дээр очиж лавлахад хүү Н.Т нь авсан болж таарсан.

Б ХХК нь ямар нэгэн байдлаар харилцаа тогтоогоогүй хүний өмнөөс өөр хүнийг төлөөлүүлж хуульд заасан үндэслэлийг зөрчин гэрээ байгуулж утас олгосон нь буруу гэж үзэж байна. Гэрээ байгуулах санал гаргасан этгээдийн авч ирсэн баримт бичиг нь хуульд зааснаар олж авсан эсэхийг нягталж шалгаагүй нэхэмжлэгч Нын гарын үсгийг Н гэж бичиж зээл авсан үйлдэл нь түрээслэгч талын шинжийг агуулахгүй байна.

Өөрийнх нь зөвшөөрөлгүй нэрийн өмнөөс нь хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 43005782 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч овогтой Н нь манай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээ хийгдсэн учир хүчин төгөлдөрт тооцогдоно. Б ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Манай байгууллага Sl компанитай хамтран ажиллаад цахилгаан барааны зээл гаргадаг байсан. Тухайн газар нутаг дээр тухайн зээлдэгчтэй манай ажилчид харьцдаггүй, манай байгууллагатай хамтран ажиллаж байгаа Sl компанийн ажилчидтай харьцдаг.

Ц.Н өөрөө ирээгүй гэдгийг манайх мэдэхгүй, тухайн өдрийн бичлэгийг шалгах гэхээр сар нь дүүрсэн байсан учир бичлэг устгагдсан байсан. Ц.Н өөрөө манай байгууллага дээр ирж би өөрөө авч өгч байгаа юм, энэ зээлийг манай хүү төлнө гэж тохиролцсон гэж хэлж байсан.

Ц.Н нь өөрөө авч өгч байгаа гэж хэлсэн болохоор манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Санхүүгийн түрээсийн гэрээ, Түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, Батлан даалтын гэрээ, Sl компанийн төлбөр шаардсан нэхэмжлэл, Санхүүгийн түрээсийн хүсэлт, Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн Зээлийн мэдээллийн лавлагаа, хариуцагчийн хариу тайлбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.               Нэхэмжлэгч Ц.Н нь Б ХХК-д холбогдуулж Санхүүгийн түрээсийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үндэслэж буй тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага байна гэж үзнэ.

 

2.               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч Ц.Н нь өөрөө хариуцагч байгууллагад ирж хүүдээ зээл авч өгч байгаа гэж хэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3.               Хэргийн нөхцөл байдлын тухайд, иргэн Ц.Нын Б ХХК-д гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч болох Б ХХК нь 5,799,000 төгрөгийн үнэ бүхий Samsung Z-Fold 3 маркийн гар утсыг түрээслэгч болох Ц.Нын эзэмшил ашиглалтад шилжүүлж, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлж барагдуулах, түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлснөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжих, түрээсийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр талууд тохиролцжээ. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба бараа нийлүүлэгч байгууллагыг Sl компани гэсэн байна.

 

Дээрх Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр Нын хүү Т Б ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулжээ.

 

Гар утсыг хүлээн авсан нэхэмжлэх дээр Н гэж гарын үсэг зурсан боловч бодит байдал дээр Нын хүү Т авч ашиглаж буй нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Ц.Н Санхүүгийн түрээсийн гэрээг Б ХХК-тай байгуулаагүй, гар утсыг аваагүй гэдэг ба гэрээ болон түүнтэй холбоотой бичиг баримтууд дахь Ц.Н гэсэн гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш болохыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

 

Шинжээчийн дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээ, Түрээсийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудын баруун доод хэсэгт байх уншигдах бүтэцтэй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Нын гэх гарын үсгийн уншигдах болон бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй.

2021 оны 11 сарын 29-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээ, Түрээсийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтуудын баруун доод хэсэгт байх гарын үсгүүд нь уншигдах бүтэцтэй байх тул Ц.Нын гэх үл уншигдах бүтэцтэй гарын үсгийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй.

Харин дээрх гарын үсгүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн Санхүүгийн түрээсийн хүсэлт гэсэн баримтын арын нүүрний Түрээс хүсэгчийн баталгаат гарын үсэг гэсний ард бичигдсэн байх Ц.Н гэж уншигдах гарын үсэг буюу бичвэртэй тохирно гэжээ.

 

Шинжээчийн дүгнэлтээс харахад гар утасны түрээс хүссэн хүсэлтэд зурагдсан

Н гэсэн гарын үсэг, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Санхүүгийн түрээсийн гэрээ, Түрээсийн эргэн төлөлтийн хуваарь гэсэн баримтууд дээр зурагдсан Н гэсэн гарын үсгүүд хоорондоо ижил ба тэр нь нэхэмжлэгч Ц.Нын гарын үсэгтэй тохирохгүй, түүний гарын үсэг биш болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч өөрийгөө Sl компанитай хамтран ажиллаж цахилгаан барааны зээл гаргадаг байсан, тухайн газар нутаг дээр тухайн зээлдэгчтэй хариуцагчийн ажилчид харьцдаггүй, Sl компанийн ажилчид харьцдаг гэж тайлбарладаг ба эндээс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Н гэрээ байгуулахад өөрөө хүрэлцэн ирсэн эсэхийг хариуцагч мэдэхгүй байна. Ц.Н өөрөө хариуцагч байгууллага дээр ирж хүүдээ зээл авч өгч байгаагаа хэлсэн гэж хариуцагч тайлбарладаг боловч энэ нь нотлогдохгүй, Ц.Н хэдийд хэнтэй уулзсан нь тодорхойгүй байна.

 

5. Дээрх Санхүүгийн түрээсийн гэрээг эцэг Ц.Нын нэрээр түүний хүү

Т хийж, гар утсыг авч ашигласан байдал тогтоогддог.

 

Иргэний тухай хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг тодорхойлохдоо 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тодорхойлжээ.

 

Өөрөө гар утас авах чадавхигүй, ажлын байртай эцгийн нэрийг ашиглан гар утас авах гэсэн хүүгийн санаархлыг дэмжин хариуцагч Б ХХК нь түүнтэй Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, гар утсыг өгсөн байх бөгөөд хүүгийн дээрх байдлыг хариуцагч ашгийн төлөө ажилладаг өөрийн ашиг сонирхолд санаатайгаар ашигласан гэж үзэж болохоор байх тул энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзнэ.

Мөн дээрх гэрээ нь эцэг Ц.Над үүрэг үүсгэж байхад түүний зөвшөөрлөөр хийгдээгүйгээрээ Иргэний хуулийн хуулийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. Нөгөө талаас, Ц.Нтай хийсэн Санхүүгийн түрээсийн гэрээг Б ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хийсэн гэж үзэх боломжгүй юм. Гэрээг түрээслүүлэгч талаас лизингийн мэргэжилтэн байгуулж, компанийн дэд захирал баталж, гэрээнд Б ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх авто 22 салбарын тамга дарагджээ. Компанийн дэд захиралд компанийг төлөөлж гэрээ байгуулж, батлах эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43005782 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэв. Тухайн хэлцлийн хувьд, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн гэж шийдвэрлэх үр дагавар үгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Б ХХК болон иргэн Ц.Н нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43005782 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 107,734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                 С.БУД