Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/01483

 

 

 

 

 

 

 

2023 04 09

182/ШШ2024/01483

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/, 

 

Хариуцагч: Н

 

Нийслэлийн өмчийн Урт цагаан үйлчилгээний төвийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтын зардалд 1,480,081,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдааны гудамж-2005 төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Урт цагаан ахуй үйлчилгээний төвийн барилгын тухайн үед ашиглах боломжгүй болсон байсан 5-р корпус, 6-р корпусын 2 давхрын 1 өрөөг шинэчлэн засварлаж үйлчилгээний зориулалтаар ашиглах зорилготой Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 9 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/41 дүгээр захирамжийг үндэслэн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай 6 тоот гэрээг Н, Х ХХК-тай байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу манай компани уг объектод өөрсдийн хүч хөдөлмөрөөр их засварын ажлыг амжилттай гүйцэтгэж

-       1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гадна фасадын засварт 5,232,200 төгрөг, барилгын 5-р корпус, 6-р корпусын 2 давхрын 1 өрөөний шинэчлэл засварын ажилд 127,101,945 төгрөг нийт 132,333,945 төгрөг зарцуулж 18 тоот акт,

-       2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 31 тоот актаар 5-р корпусын 3 давхрын дээврийн хонгилд 4 давхрын өргөтгөлийн барилгын засварт 24,513,916 төгрөг, 5-р корпусын арын хэсэгт хийсэн авто зогсоолын засварт 1,383,706 төгрөг нийт 25,897,622 төгрөг,

бүгд энэ 2 актаар 158,231,567 төгрөгийн их засвар хөрөнгө оруулалтыг нийслэлийн өмчид хүлээлгэн өгч гэрээний 2 тал гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан.

1999 оноос 2019 оныг дуусталх хугацаанд манай компани түрээслүүлэгч талын бүх шаардлагыг биелүүлж, жил бүр түрээсийн гэрээний дагуу бүх төлбөрийг төлж, нийслэлээс ямар ч санхүүгийн дэмжлэг авалгүйгээр тухайн хөрөнгийг засан сайжруулж зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгө бий болгож ирсэн бөгөөд түрээсийн төлбөрийг зах зээлийн ханшид тохируулна гэх үндэслэлээр байнга нэмэгдүүлж байсан. 2020 оноос уг төвийн ус, цахилгааныг тасалж бидний үйл ажиллагааг зогсоож, эдийн засгийн хүндрэлд оруулж хохироож байна.

Өнгөрсөн хугацаанд гэрээ болон холбогдох хууль дүрэмд заасны дагуу хөрөнгө оруулалтын төлбөрөө удаа дараа нэхэж, нэхэмжилж байсан боловч ямар ч шийдвэрлэх санаа санаачилга гаргаагүй, хүлээж аваагүй болно.

Тухайн үедээ нурах дөхсөн ашиглах боломжгүй байсан барилгыг биднээр засан сайжруулж, хөрөнгө оруулалт хийлгэж улмаар түрээсийн төлбөр л авах сонирхолтой, түрээслэгч нарын ашиг сонирхлыг хохироож ирсэн.

Түрээслэгч тал нь өөрсдийн хийж бүтээж босгосон хөрөнгөндөө өөрсдөө түрээсийн төлбөр төлж, эдийн засгийн давхар дарамт хохиролд орж байна гэж үзэх тул тухайн эд хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрийг зах зээлийн ханшаар хариуцагч, өмчлөгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж авах нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4, 88 дугаар зүйлийн 88.4, 94 дүгээр зүйлийн 94.4, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасны дагуу, мөн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6 тоот гэрээнд зааснаар бусдын эд хөрөнгийг засан сайжруулж шинэ өмч хөрөнгө бий болгосон санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон хөрөнгийг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллага болох З ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дээрх хөрөнгөд оруулсан 1,475,003,000 төгрөгийг хариуцагч, өмчийн эзэн болох Н гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн нотариатын төлбөр 78,000 төгрөг, Өмгөөлөгчийн гэрээний төлбөр 5,000,000 төгрөг нийт нэхэмжлэлийн үнийн дүн 1,480,081,000 төгрөг гэв.

 

1.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урт цагаан үйлчилгээний барилга нь 1962 онд баригдсан бөгөөд 1992 онд нийгэм өөрчлөгдсөнтэй холбоотой энэ барилга нь балгас болон орхигдсон. 1998 онд Н уг барилгад Худалдааны гудамж-5 төсөл хэрэгжүүлэхээр болж, төслийг хэрэгжүүлэх эрхийг Засаг дарга Наранцацралтад өгч тухайн үеийн компаниудад санал тавьсан. Үндсэн нөхцөлд дурдахдаа энэ барилгыг том хэмжээгээр нь засварлаж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болгохоор түрээсэлж ашиглах, үүний дараа тухайн компанид удаан хугацаагаар эзэмшиж ашигласнаар давуу эрхээр хувьчлан шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр 1999 оноос тус төвийн 5 дугаар корпусыг бүхэлд нь, 6 дугаар корпусын 2 давхрын нэг өрөөг их засвар хийж хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулсан хөрөнгийг тухайн үед төлж баталгаажуулсан. 1992 онд 132,333,945 төгрөгийг, 2000 онд 25,897,622 төгрөг гээд тухайн үеийн үнэлгээгээр 158,231,567 төгрөгийн их засварын хөрөнгө оруулалтаар засвар хийж гүйцэтгэсэн.

Үүний дараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 1165 дугаар тогтоолоор нийслэлийн хөрөнгөөс хувьчлалд орох эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан. Хамгийн сүүлийн хуудаст Чингэлтэй дүүрэг, Урт цагаан төв, 30 Аж ахуйн нэгж иргэд түрээсээр эзэмшдэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэж ашиглалтыг сайжруулах гэсэн тогтоол гарсны дагуу Х ХХК-ийн зүгээс мөн хөрөнгө оруулалт, засан сайжруулалтыг хийсэн. Та нар хөрөнгө хувьчлах жагсаалтад орсон учир танай хөрөнгө болох үүднээс байнга засан сайжруулаад явж бай гэсэн учир байнгын хөрөнгө оруулалтыг хийгээд явсан.

Гэтэл дараа нь 1165 дугаар тогтоолыг Н нь хүчингүй болгохдоо зөвхөн Х ХХК-д холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүх буюу 2 шатны шүүх 2018 онд эцэслэн шийдвэрлээд 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1165 дугаар тогтоолын Х ХХК-д холбогдох хэсгийг биелүүлэх хэрэгжилтийг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга болон Нд даалгаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 30 Аж ахуйн нэгжээс Х ХХК хэвээр үлдэж байгаа учир маш их итгэл үнэмшилтэй болж үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд өнөөдрийг хүртэлх хөрөнгө оруулалтын дүн нь 1,475,181,000 төгрөг болсон. Энэ хөрөнгө оруулалтыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр, хөрөнгө оруулалт хийж ашиглах тухай гэрээгээр хууль ёсоор ашиглаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчөөс хасах тухай шийдвэрээр Урт цагааны барилгыг бүхэлд нь нураагаад иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн барих шийдвэр гаргасан. Олон хүний эрх ашгийг хамгаалж байгаа шийдвэрийн тухайд бид хүндэтгэлтэй хандаж байгаа гэхдээ өмнө нь гаргаж байсан шийдвэрийн дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг Иргэний хуульд заасны дагуу засан сайжруулалт хийсэн энэ дүнгээ буцаан шаардах эрхтэй гэж үзэж 1,475,181,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн И, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ, 35 дугаар зүйлийн 35.1-т И дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.11 орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх; Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 И нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна., 7.2. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар И дараах бүрэн эрхтэй: 7.2.1. орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах; 7.2.2. И, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх гэх мэт хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Х ХХК-ийн хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй болно.

Иймд Х ХХК-ийн Нийслэлийн өмчийн урт цагаан үйлчилгээний төвийн 5-р корпуст оруулсан хөрөнгө оруулалтын төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Урт цагаан үйлчилгээний төвийн хувьчлахтай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 63 дугаартай тогтоол гарснаас хойш Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаас гомдол гарч шүүхийн маргаан эхэлсэн. Маргаж байгаа талууд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үйл ажиллагаа явуулж байсан объектуудыг хувьчилж авах ёстой байсан гэх маргаан байсан. Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэхэд гэрээнд давуу эрхээр хувьчлах талаар тусгаагүй байсан. Өмчлөлтэй холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Иймд энэ хувьчлах асуудал нь боломжгүй, хуулийн шаардлага хангаагүй гэдэг байдлаар шийдвэрлэгдсэн.

Тухайн үед концессын гэрээ байгуулсан байсан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх 06 дугаар гэрээтэй холбоотой маргаан үүссэн байна. Гэрээний 1.1, 1.2, 2.1, 3.6, 3.7 дахь заалтуудаас харахад, энэ гэрээ нь үйлчилгээний төвийн ашиглалтыг сайжруулахаар хөрөнгө оруулалт хийсэн байна. Н Нийслэлийн өмчийн харилцааны газрын давуу эрхээр түрээслэх талаар тусгасан гэрээ байна. 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр актаас харахад түрээсэлж байгаа өрөөний хэмжээ нь ойролцоогоор 50 метр талбай байгаа юм. Мөн уг өрөөг өөр компани хүлээн авч засвар хийх байсан боловч уг ажлыг дуусгаж чадахгүй байсаар Х ХХК-д санал тавьснаар Х ХХК нь санхүүжилтийг хийгээд явсан байна. Иймд энэ гэрээ байгуулагдаад Н нь тухайн цаг үеэс эхлээд Х ХХК-д түрээслээд явсан.

Гэрээнд түрээсийн хугацаанд энэ компани үйл ажиллагаа явуулаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авах зохицуулалттай байсан. Тэгэхээр тэр үед Х ХХК барилгыг ашиглаж байсан юм чинь хөрөнгө оруулалтаа авсан гэж үзэж байна. Урт цагаан худалдааны гудамж 5 төслийн гол зорилго нь гадна дотоодоос хөрөнгө оруулалт татаж, Урт цагааны ашиглалтыг ил болгох байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар буцааж хөрөнгө өгөх агуулга байхгүй. 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгаа ч үүнээс өөр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Иймд хөрөнгө оруулалтаа нөхөж авах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №6 дугаар Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай байгуулсан гэрээ, Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх акт, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №12 Хурлын протокол, Урт цагааны 5-р корпусын 3 давхрын дээврийн хонгилыг өргөтгөж 4 дүгээр давхар болгон өөрчилсөн ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх акт, Үйлчилгээний барилгын (Урт цагааны V корпус ба VI корпусын 2 дугаар давхрын зүүн талын нэг өрөө) их засвар, өөрчлөлт шинэчлэлтийн ажлын төсвийн гүйцэтгэл, Урт цагаан үйлчилгээний төвийн 5-р корпус Х ХХК-ийн барилгын өргөтгөлийн гүйцэтгэл, Урт цагааны барилгын V корпус, VI корпусын 2 дугаар давхрын зүүн талын 1 өрөө бүхий барилгыг хүлээлцсэн акт, Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, Төлбөрийн даалгавар №132, Хариу тайлбар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоол , тогтоолын хавсралт, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0320 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0370 дугаар шийдвэр, Урт цагаан үйлчилгээний төвийн 5,6-р корпуст засварын ажил хийхээр хүлээн авсан акт, фото зургууд, Х ХХК-ийн түрээсийн төлбөрийн тооцоо, Хөрөнгийн үнэлгээний тайлан №8/2023, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №9 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.     Х ХХК нь Нд холбогдуулан Нийслэлийн өмчийн Урт цагаан үйлчилгээний төвийн барилгад оруулсан хөрөнгө оруулалтын зардалд 1,480,081,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Нтай байгуулсан 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №6 тоот гэрээний дагуу нийт 158,231,567 төгрөгийн засварын ажил гүйцэтгэж, нийслэлийн өмчийн газарт актаар хүлээлгэн өгсөн, давуу эрхээр хувьчлан авна гэж түрээслэж байсан хэсгийг засан сайжруулсаар байсан, давуу эрхээр үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлан авах боломжгүй болсон тул тухайн үеийн засвар, хөрөнгө оруулалтын төлбөрийг өнөөгийн зах зээлийн ханшаар гаргуулж авах, нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон хөрөнгийг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээний байгууллага З ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 1,475,003,000 төгрөгийг хариуцагч, өмчийн эзэн болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Н нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн, Х ХХК-ийн хөрөнгө оруулалттай холбоотой гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, гэрээг үйлчилгээний төвийн ашиглалтыг сайжруулах зорилгоор хийсэн, түрээсийн хугацаанд түрээслэгч үйл ажиллагаа явуулаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авах зориулалттай байсан, түрээслэгч барилгыг ашигласан учир хөрөнгө оруулалтаа авсан гэж үзнэ, хөрөнгө оруулалт хийсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 тоот тогтоолоор Худалдааны гудамж 2005 төслийг дэмжиж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалт татан оролцуулах, хөрөнгийн эх үүсвэр, инженерийн байгууламж барих асуудлыг дэс дараатай, иж бүрэн шийдвэрлэхийг Нийсэллийн Засаг даргад даалгажээ. Үүнд Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын асуудал орсон байна.

 

4.Х ХХК нар Нийслэлийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/41 тоот захирамжийг үндэслэн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №6 дугаар Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээ байгуулж, гэрээгээр

түрээслэгч Х ХХК /Б тал/ Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороонд байрлах Ахуй үйлчилгээний төвийн (Урт цагаан) 5 дугаар корпус, 6 дугаар корпусын 2 дугаар давхрын 1 өрөө байранд их засвар, хөрөнгө оруулалт хийх,

түрээслүүлэгч Н /А тал/ Б талаас барилгын их засварын ажилд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нөхцөлд уг зарцуулсан хөрөнгийг эргүүлж төлөгдөх хугацаанд Б барилгыг эзэмших Б талын эрхийг хөндөхгүй байх, талуудаас хамааралгүй шалтгаанаар барилгыг хугацаанаас өмнө (хөрөнгө оруулалтад зарцуулсан хөрөнгийг эргүүлж төлөгдөх хугацаанд) буцаан авахад хүрвэл их засварт гарсан зардлын төлөгдөөгүй үлдэгдлийг буцаан төлж, Б талыг хохиролгүй болгох,

их засварын ажлыг 1999 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1999 оны 05 дугаар сарын 01-ний хооронд багтаан хийж гүйцэтгэх,

Х ХХК нь барилгад их засвар хийхэд зарцуулсан хөрөнгөө түрээсийн гэрээгээр эзэмшиж байгаа хугацаандаа өөрийн үйл ажиллагааны ашгаас нөхөн олох бөгөөд түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж байх,

их засварыг хийж дууссаны дараа 7 хоногт Х ХХК хийсэн ажлын гүйцэтгэлийг Нт гаргаж өгөн 2 тал засварын ажилд зарцуулсан хөрөнгийн тооцоог хийж акт үйлдэх зэрэг нөхцөлүүдийг зааж тохиролцжээ.

 

5.Н, Х ХХК Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын 5 дугаар корпус, 6 дугаар корпусын 2 давхрын баруун талын 11,45х4,40 м хэмжээтэй өрөөнүүдийг иж бүрэн засвар хийхээр хүлээлцэж авсан тухай 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн акт, фото зургууд байна.

 

6.Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын 5-р корпус, 6-р корпусын 2-р давхрын 1 өрөө, гадна фасадны засварын ажлыг түрээслэгч Х ХХК нь гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн байх бөгөөд уг хөрөнгө оруулалтад 132,333,945 төгрөг зарцуулсан болохыг түрээслүүлэгч, түрээслэгч талууд тус тус хүлээн зөвшөөрч, ажлын үр дүнг хүлээлцэж 1999 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 18 тоот акт үйлдсэн байна.

 

7.Талуудын оролцсон 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар Нийслэлийн өмчийн газар, "Х" ХХК-ийн хооронд байгуулсан 1999 оны 03-р сарын 16-ны өдрийн Түрээсийн барилгад хөрөнгө оруулалт хийлгэх 06 тоот гэрээ, "Х" ХХК-ийн 1999 оны 12-р сарын 20-ны өдрийн түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх 18 тоот актыг үндэслэн "Худалдааны гудамж 2005" төслийн хүрээнд шинээр ажлын байр бий болгох зорилгоор тус компанийн эзэмшиж буй 5-р корпусын 3-р давхрын ашиглагдахгүй байгаа дээврийн хонгилд өргөтгөл хийж нэмж 4-р давхар болгон өөрчлөх тухай тус компанийн саналыг авч хэлэлцээд:

 

зургийн дагуу 4-р давхрын өргөтгөлийн ажлыг 2000 онд багтаан ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх актыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Уртцагааны ашиглалтын захиргаатай хийх,

4-р давхрын өргөтгөлийн зургаар тус давхрын ашигтай талбай нь 141м2,

нийтийн эзэмшлийн талбай 22.0м2 бүгд 163.0м2 талбай байгаа ба хувьчлах хүртэл 4-р давхрын нийт талбайнд түрээсийн төлбөр ногдуулахгүй, бусад давхарт түрээсийн төлбөр төлж байхыг тус бүр "Х" ХХК-нд үүрэг болгож,

Энэхүү протоколыг Н, "Х" ХХК-

ийн хооронд байгуулсан 1999 оны 03-р сарын 16-ны өдрийн Түрээсийн барилгад хөрөнгө оруулалт хийлгэх 06 тоот гэрээ болон "Х" ХХК-ийн Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх 1999 оны 12-р сарын 20-ны өдрийн 18 тоот актын салшгүй нэг хэсэг болгож шийдвэрлэсэн байна.

 

Урт цагааны 5-р корпусын 3-р давхрын дээврийн хонгилд гүйцэтгэсэн 4-р давхрын өргөтгөлийн барилгын ажил 2000 оны 12 дугаар сард дуусаж, уг ажлыг 5-р корпусын арын хэсэгт хийсэн авто зогсоолын ажлын хамт хүлээн авч 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 31 тоот акт үйлдэж, нийт 25,897,622 төгрөг зарцуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

8.Улсын их хурлын 1999 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот Аймаг нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолоор Урт цагаан ахуй үйлчилгээний төвийг нийслэлийн өмчид шилжүүлжээ.

 

9.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т И нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, 78.2.1-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэж заасны дагуу Түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийлгэх гэрээг 1 талаас Нийслэлийн өмчийн газрын мэргэжилтэн Г.Г, нөгөө талаас Х ХХК-ийг төлөөлж дэд захирал Д.С нар байгуулж, Нийслэлийн өмчийн газрын дарга Б.Б, Х ХХК-ийн ерөнхий захирал Д.Б нар баталсан байх тул тус гэрээ хүчин төгөлдөр, хуульд заасан эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.

 

10. Нэхэмжлэгч 1999 оноос тус барилгыг түрээсэлсэн бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 11/65 дугаар тогтоолоор 30 аж ахуйн нэгж, иргэд түрээсээр эзэмшдэг Урт цагаан үйлчилгээний төвийг хувьчлахаар шийдвэрлэж улмаар Төрийн өмчийн хорооны 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн өмчөөс эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай 191 дүгээр тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төвийг нэмэлт хөрөнгө оруулалт хийж хувьчлахыг зөвшөөрч шийдвэрлэж байжээ. Хувьчлах учир шалтгааныг их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийлгэж, ашиглалтыг сайжруулах гэсэн байна.

 

Гэвч үйлчилгээний төвийн барилгыг хувьчлахтай холбоотой асуудлаар 30 гаруй түрээслэгч нараасудаа дараа шүүхэд нэхэмжлэл гарган, хувьчлах асуудлыг түдгэлзүүлж, тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байжээ.

 

11.Нэхэмжлэгч сүүлийн 2019 оны түрээсийн гэрээг шүүхэд ирүүлсэн ба уг гэрээнд Урт цагаан байрны 5 корпусын 1-4 давхарт байрлах 727.32 м кв талбай бүхий 21 өрөөг түрээслэх, түрээсийн төлбөрийг төлж байхаар заасан байх бөгөөд 64,3 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн тухай тайлбарлаж, сүүлийн баримтуудыг ирүүлсэн.

 

12.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 370 дугаар магадлалаар 11/65 дугаар тогтоолын Ход холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулалтыг Нийслэлийн засаг дарга, Ид даалгасан байна. Үүний үндэслэлийг заахдаа, Х ХХК Урт цагаан үйлчилгээний төвийн барилгаас 18 дахь жилдээ түрээсээр эзэмшиж байгаа болон өөрийн хөрөнгөөр нэмж барьсан 4 дүгээр давхрын хамт давуу эрхээр хувьчлан авах эрх, хууль ёсны ашиг сонирхол үүссэн болох нь тогтоогдсон, тодруулбал, Х ХХК тус барилгын 5 дугаар корпусыг бүхэлд нь, 6 дугаар корпусын 2 давхар буюу нийт орон нутгийн өмчийн 577,59 м кв талбай бүхий хэсгийг өөрийн 132,3 сая төгрөгөөр засварлан, түрээсээр эзэмшин, улмаар 1999 онд шинээр 4 дүгээр давхрын 149,73 м кв талбайг өөрийн 26 сая орчим төгрөгөөр нэмж өргөтгөн барьж, нийт 727,32 м кв талбай бүхий хэсгийг эзэмшиж ирсэн, ингэж барихдаа Нийслэлийн өмчийн газрын зөвшөөрлөөр барьсан, дээрх байдлаас үзэхэд уг хувийн өмчөөр баригдсан барилга нь орон нутгийн өмчтэй холилдсон барилга болсон байна гэж үзжээ.

 

13.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төвийн барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Засаг даргад зөвшөөрч, барилгыг буулгаж тус газарт ногоон байгууламж байгуулан тохижуулж, нийтийн эдэлбэр газарт авч ажиллахыг Засаг даргад үүрэг болгосон байна. Ийнхүү Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг түрээслэгчид давуу эрхээр хувьчлах асуудал боломжгүй болжээ.

 

14.Дээрх байдлуудаас дүгнэхэд "Х" ХХК нь Урт цагаан үйлчилгээний төвийн барилгад хөрөнгө оруулж холимог өмч бүхий байдлыг бий болгосон, удаан хугацаагаар түрээслэж засвар үйлчилгээг хийж байсан зэргээр тус барилгыг хувьчлахад давуу эрхээр хувьчилж авах эрхтэй болсон байх бөгөөд давуу эрхээр хувьчилж авах боломжгүй нөхцөлд бий болгосон өмчийн үнэ, хөрөнгө оруулалтын засварыг барилгын өмчлөгчөөс шаардах эрхтэй байна гэж шүүх үзнэ.

 

15.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8.-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй,

289 дүгээр зүйлийн 289.2.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах гэж тус тус заажээ.

 

16.Хөрөнгийн үнэлгээний З ХХК Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн 5 дугаар корпус, 1-3 давхруудад хийгдсэн хөрөнгө оруулалт, 4-р давхрын өргөтгөлийн хэсгийн үнэлгээний өртгийг тооцоолжээ.

Х ХХК-ийн Урт цагаан үйлчилгээний төвийн 5-р корпусын 1-3 дугаар давхруудад оруулсан хөрөнгө оруулалт 661,669,700 төгрөг (зах зээлийн аргаар тодорхойлсноор), Урт цагаан үйлчилгээний төвийн 5-р корпусын 4 дүгээр давхарт өргөтгөл бий болгосон хөрөнгө оруулалт 361.717.650 төгрөг (өртгийн аргаар тодорхойлсноор)-ийг тус тус хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

17.Хариуцагч талаас З ХХК-ийн үнэлгээний дүнг зөвшөөрөөгүй боловч шинжээч томилох хүсэлт гаргаагүй, өөрийн тайлбарыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч тухайн барилгыг ашиглаж байх үедээ олсон ашиг орлогоор хөрөнгө оруулалтын зардлыг нөхөхөөр талууд гэрээгээр тохиролцсон гэх боловч түрээслүүлэгч талаас түүнийг хянасан зүйлгүй, нэхэмжлэгчийг ашиг орлого олсон гэдгийг хариуцагч нотлоогүй, харин нэхэмжлэгч талаас ашиг орлого олж байгаагүй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 1,023,387,350 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 456,693,650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 5,274,887 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн төлсөн 7,558,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД