| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2022/00546/И |
| Дугаар | 182/ШШ2024/01262 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/01262
| 2024 03 21 | 182/ШШ2024/01262 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: З ХХК /РД:/,
Хариуцагч: Г ХХК /РД:/,
Хариуцагч: Б. /РД:/,
гэрээний үүрэгт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч Н.Б.ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,
хариуцагч Н.Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,
хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь нэхэмжлэгч компанитай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №1 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулж Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Б.ийн өмчлөлийн Нийслэлийн.. хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү дугаартай, 70.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд авсан.
Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 09-р сарын 4-ний өдрийн хооронд нийт 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий Дизель түлш нийлүүлснээс 39,035,000 төгрөгийн төлбөрийг барагдуулж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 208,419,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно.
З ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан №1 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн буюу 100% төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлнө. гэж тус тус заасан байдаг.
Г ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 678-766 хоногоор хэтрүүлсэн байх тул тус гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 103,534,500 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 311,953,500 төгрөгийг төлж барагдуулах тооцоо гарч байна.
Иймд, Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах- худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 208,419,000 төгрөг болон алданги 103,534,500 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 311,953,500 төгрөгийн төлбөрийг хариуцагч Г ХХК-иас гаргуулах,
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг хөрөнгийн өмчлөгч болох "Г" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бовогт Нын Б. /РД:/-ийг хариуцагчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, дээрх төлбөрийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй байх тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бовогт Нын Б. /РД:/-ийн өмчлөлийн ..тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү дугаартай, 70.18 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Н.Б. шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Н.Б. нь СынБд уул, уурхайн ажил хийх зорилгоор Г ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Нтай хамтран ажиллахаар тохиролцож, тус компанид хөрөнгө оруулалт хийхийн тулд Г ХХК-ийн 50 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бие даан хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх захирлаар Н.Б.ийг томилох, үйл ажиллагаанаас олсон ашгийг 50 хувиар тэнцүү хуваах болзолтойгоор тохиролцсон байдаг. Улмаар Н.Б.өөс хөрөнгө оруулалт татаж уурхайн үйл ажиллагааг явуулах зорилгоор тухайн үед Г ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан М.Н нь нийт хувьцааны буюу 50 хувь болох 151.151 ширхэг хувьцааг Н.Б.өд, мөн адил 50 хувийн хувьцаагаа өөрийн дүү болох Э.О шилжүүлж, Компанийн гүйцэтгэх захирлаас М.Нг чөлөөлж, Н.Б.ийг томилохоор болсон. М.Н нь компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, Г ХХК-ийн 50 хувийн хувьцааг Э.О, 50 хувийн хувьцааг Н.Б.өд тус тус хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж, компанийн дүрмийг шинэ хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2019.05.14-ний өдөр шинэчлэн баталсан.
Ингээд Н.Б. тухайн үед өөрийгөө гүйцэтгэх захирал болсон гэж бодон компанийн өөрчлөлттэй холбоотой баримтыг М.Нгаас авч улсын бүртгэлд бүртгүүлэхээр очиход улсын бүртгэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт засвар оруулах шаардлагатай, алдаатай гарсан байх тул засаж ир гэсэн байдаг. М.Нд энэ талаар утсаар хэлэхэд би амжихгүй, чи өөрөө хурлын шийдвэрийг засаад миний гарын үсгийг зураад өгчих гэж тухайн үед хэлсэн тул уг хурлын шийдвэрийг нь танихгүй хүнээр гуйж засуулж бичүүлээд М.Нгийн гарын үсгийг дуурайлган зурж улсын бүртгэлд материалыг хүлээлгэн өгсөн байдаг.
Уурхайн үйл ажиллагааг явуулахын тулд түлш авах шаардлагатай болсон бөгөөд З ХХК-иас зээлээр түлш худалдан авах санал гаргахад барьцаа хөрөнгө шаардсан. Энэ талаар М.Нтай ярилцахад компанийн нэр дээр хөрөнгө байхгүй тул чи барьцаа хөрөнгө ол гэхээр нь аргагүйн эрхэнд өөрийн нэр дээр байсан орон сууцыг барьцаалахаар болсон. З ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд Г ХХК-ийг төлөөлж, хувьцаа эзэмшигч Н.Б. гарын үсэг зурж, компанийн тамга дарсан.
Уурхайн үйл ажиллагаанд оролцох гэсэн боловч 2019 оны 7 сараас Нинатай үл ойлголцол үүсч, ажил явахаа больсон, энэ хүртэлх хугацаанд Б.өөс уурхайн тохижилт түрээсийн тоног төхөөрөмж, ажилчдын цалин зэрэгт 740.000.000 төгрөгийн зардал гарсан. Гэтэл М.Н нь Б.өд мэдэгдэхгүйгээр түүний гарын үсгийг өмнөөс нь зурж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр компанийн улсын бүртэлд өөрчлөлт оруулж, өөрийгөө гүйцэтгэх захирал гэж бүртгүүлэн, Г ХХК-ийн Д ХХК-тай байгуулсан 5 жилийн хугацаатай гэрээг өөрийн дураар цуцалж, өөрийн хамаарал бүхий Түмэн эх зээрд ХХК-ийг оролцуулж, дахин гэрээ байгуулан олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, Г ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүжилт авахын тулд надад анхнаасаа худал ярьж компанийн хувьцаагаа шилжүүлэн өгч, чи захирал болсон гэж итгүүлэн маш их хэмжээний хөрөнгө оруулалт надаар хийлгээд, дараа нь хууль бусаар компанийн гүйцэтгэх удирдлагыг хүртэл шилжүүлэн авсан байдаг.
Улмаар хуурамч бичиг, баримт үйлдэн компанийн гүйцэтгэх удирдлагыг хууль бусаар хэрэгжүүлсний улмаас Н.Б. надад маш их хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст М.Нг шалгуулахаар гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарйн 11-ний өдрийн 3839 дугаартай прокурорын тогтоол гаргасан бөгөөд Дүгнэх хэсэгт ...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон мэтээр хуурамч баримт бүрдүүлж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд Г ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж өгсөн Н.Б.ийн үйлдэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргак Н.Б.ийн гарын үсгийг дуурайлган зурж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд Г ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж өгсөн М.Нгийн үйлдлүүд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ялагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүсэн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаав гэсэн дүгнэлт хийж, хэрэг бүртгэлтийн 190903709 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг Н.Б.ийн зүгээс эс зөвшөөрч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор, Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан боловч 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/378 тоот албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/478 тоот албан бичгээр тус тус гомдлыг хангах боломжгүй гэсэн хариуг Н.Б.өд өгсөн. Мөн Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч тус газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/1775 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарйн 11-ний өдрийн 3839 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Г ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлж 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд өгсөн Н.Б.ийн үйлдэл, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргаж, Н.Б.ийн гарын үсгийг дуурайлган зурж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн М.Нгийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй болохыг Прокурор тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл Н.Б., М.Н нар нь хэн аль нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа хууль бус үйлдэл хийсэн болохыг цагдаа, прокурорын байгууллагаас тогтоосон байдаг.
Г ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д зааснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд маргаан бүхий гэрээ хэлцлийг байгуулахад уг дүрмийн 3.6-д зааснаар М.Н гүйцэтгэх захирал буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8-д зааснаар хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд байсан байна. Улсын бүртгэлийн байгууллагаас Н.Б.ийг захирлаар бүртгэсэн хэдий ч Г ХХК-ийн дүрэмд захирал гэх албан тушаалын талаар зохицуулсан зүйлгүй, зөвхөн гүйцэтгэх захиралтай байхаар компанийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаарх хүчин төгөлдөр дүрэмд заасан байна.
Гэтэл Н.Б. нь хэдийгээр хувьцаа эзэмшигч байсан ч гэсэн З ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нд гүйцэтгэх захирлын удирдлагыг хэрэгжүүлж, Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, барьцаалуулагчийн өмнөөс гарын үсэг зурах боломжгүй байсан. Мөн Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох М.Н нь Н.Баямөнхөд тухайн хэлцлийг хийх зөвшөөрлийг олгосон аливаа итгэмжлэл олгоогүй байхад Н.Б. нь Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж гэрээнд төлөөлөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулсан нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т бичгээр олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх шардлагыг хангасан байна гэж, мөн хуулийн 64.3-т Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд энэ шаардлагыг хангасан итгэмжлэл хийгдээгүй байдаг.
Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4.1-т Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна. гэж заасан байх боловч барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгө нь Барьцаалуулагч Г ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө биш, иргэн Н.Б.ийн хөрөнгөд хамаарч байгаа. Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1.1-т Барьцаалуулагч нь Г ХХК байхаар заасан байна. Мөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 2.2-т Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан Үндсэн гэрээ, түүний хавсралтуудаар нийлүүлсэн барааны төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалуулагчийн эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлоход оршино гэж зааснаас үзэхэд барьцаалуулагч Г ХХК-ийн эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалахаар тохирсон байдаг.
Мөн хуулийн 4.4.-т Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээд бол барьцаагаар хангагдах үүргийг хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэлд тусгана гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний барьцаалуулагчаар буюу үүрэг гүйцэтгэгчээр Г ХХК бөгөөд нягтлан бодох бүртгэлд туссан эсэх нь тодорхой бус байхаас гадна барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байхыг шаарддаг /ҮХЭХБТХ-9.2/ Гэтэл Г ХХК нь барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч болж байгаагийн хувьд гуравдагч этгээдийн зөвшөөрлийг хуулийн дагуу авсныг нотлох баримт байхгүй.
Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3.-т барьцааны гэрээнд тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримтыг тусгахаар заасан байна. Маргаан бүхий барьцааны гэрээний барьцаалуулагч нь Г ХХК бөгөөд иргэн Н.Б.ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогддог, харин Г ХХК-ийн өмч болохыг нотлох баримт байхгүй.
Тэгвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно. гэж, мөн хуулийн 12.3.-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж тус тус зааснаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Иймд хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн буюу Г ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал М.Нгийн зөвшөөрөлгүй, аливаа итгэмжлэлгүйгээр, мөн илтэд хууль зөрчиж хийгдсэн тус компанийн хувьцаа эзэмшигч Н.Б.ийн барьцаалуулагч Г ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дээр дурдсан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр/17060/ Үйлдвэр гудамж ЗЗ дугаар байр, 21 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Г ХХК-д 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш нийлүүлснээс 208,419,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.
Тус компанийн хувьд З ХХК-аас гэрээний дагуу Дизель түлш авч байсан боловч 6 удаагийн ачилтаар 127,300 литр буюу 247,454,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш авч байсан удаагүй. Өөрөөр хэлбэл дээрх хэмжээний дизель түлшний захиалга өгч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн шатахуун тослох материалын зарлагын падаан дээр хүлээн авсан гэх этгээдүүдийн зарим нь тус компанийн ажилтан биш буюу компанид хамааралгүй хүмүүс юм. Мөн Г ХХК-аас тэдгээр хүмүүст дизель түлшийг хүлээн авах эрхийг олгож байгаагүй тул компанийн хүлээн авсан дизель түлшний хэмжээ болон үнийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй юм.
Мөн талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны зээлийн шугамын үнэ 105,000,000 төгрөг байна гэж, 5.1.1-д Гэрээний хавсралтуудаар нийлүүлж буй барааны төлөгдөөгүй үнийн дүн зээлийн шугамын хэмжээнээс хэтрээгүй байна гэж тус тус заасан бөгөөд гэрээнд зээлийн шугамын дээд хязгаарыг тогтоосон атал ямар ч итгэмжлэлгүй, байгууллагын ажилтан бус этгээдүүдэд зээлийн шугамын хязгаараас хэтрүүлэн дизель түлш худалдсан гэх нэрээр Г ХХК-ийн нэр дээр өр төлбөр үүсгэсэнд харамсаж байна.
Цаашлаад Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2-д Энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлүүдийг хавсралтаар баталгаажуулна гэж заасан атал ямар хэмжээний дизель түлшийг, хэзээ, хэнд хэрхэн хүргэж өгөх талаар худалдан авалтын захиалга баталгаажуулсан хавсралт үйлдэгдээгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй буюу үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээний 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1 дүгээр хавсралт, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Шатахуун тослох материалын зарлагын падаанууд, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэх, тооцоо, .. хаягт байрлах Ү дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.06-ны өдрийн Итгэмжлэл, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны 9/4250, 9/4252 тоот албан бичгүүд, сөрөг нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, дүүрэг, нийслэлийн болон Улсын ерөнхий прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19/22 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 52/18 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/23 дугаар Тодорхойлолт гаргах тухай бичиг, шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Г ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт зэрэг бичгийн баримт, гэрч Б.Д, В.Б., Д.Б, Г.Э, М.О нарын гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З ХХК нь Г ХХК, Н.Б. нарт холбогдуулан гэрээний үүрэгт 311,953,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Б. нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, хариуцагч Г ХХК нь худалдан авсан түлшний үнийг төлөлгүй, хугацаа хэтрүүлсэн, хариуцагч Н.Б. нь түлшний үнэ төлөх гэрээний үүрэгт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж үндэслэж, хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгчээс түлш авч байсан боловч нэхэмжлэлд дурдсан их хэмжээний түлш аваагүй, түлш хүлээн авсан гэх хүмүүс нь компанийн ажилчид биш, зээлийн шугамын хязгаараас хэтрүүлэн дизель түлш худалдсан, худалдан авалтын захиалга баталгаажуулсан хавсралт болон талуудын хооронд тооцоо нийлсэн болон санхүүгийн анхан шатны баримт үйлдэгдээгүй гэж, хариуцагч Н.Б. нь барьцааны гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, гэрээ нь хуульд заасан журмыг зөрчсөнөөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл ба үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлнэ гэж татгалзлаа тус тус тодорхойлж, улмаар Н.Б. сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Н.Б. нь тухайн цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан нь улсын бүртгэлийн баримтаар тогтоогддог, нэхэмжлэгчийн хувьд бүртгэл үнэн зөв, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж эсэргүүцэж байна.
2. Нэхэмжлэгч З ХХК 2008 онд байгуулагдсан, бүх төрлийн шатахууны худалдаа, бүх төрлийн шатахууны импортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Хариуцагч Г ХХК-ийг 2006 онд иргэн Г.Ж, М.Н, С.Л нар үүсгэн байгуулсан байх ба ашигт малтмалын хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байна. М.Н нь 2014 оноос 100 хувь эзэмшиж байсан Г ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Э.О, 50 хувийг Н.Б.өд 2019.05.17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2019.06.06-ны өдөр холбогдох өөрчлөлт хийгдэж Н.Б. нь компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирлаар бүртгэгдсэн, урьд нь 2006 оноос гүйцэтгэх удирдлагаар С.Л байсан, 2019.09.10-ны өдрөөс М.Н болж бүртгэгдсэн бүртгэл байна.
3. З ХХК, Г ХХК нар нь 2019.06.06-ны өдөр 1 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээг талууд 1 жилийн хугацаатай байгуулж тохиролцохдоо, гэрээний дагуу нийлүүлэгдэх бүтээгдэхүүний зээлийн шугамын үнэ 105,000,000 төгрөг /тээврийн зардал орохгүй/, гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцөлийг хавсралтаар баталгаажуулахаар, хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болохоор заасан.
Төлбөрийн нөхцөлийн талаар, гэрээний 5.2.1-т худалдан авагч хавсралтуудад заасан барааны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулсан байна, 5.2.2-т гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө, 5.2.3-т худалдан авагч 5.2.1-т заасан хугацаанд нийлүүлсэн барааны үнийг бүрэн төлж барагдуулаагүй, хавсралтаар нийлүүлсэн барааны төлөгдөөгүй төлбөр зээлийн шугамын үнэд хүрсэн тохиолдолд худалдагч тал барааны нийлүүлэлтийг зогсоож, төлөгдөөгүй үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулна гэж, мөн тээвэрлэлтийг гүйцэтгэх нь худалдан авагчийн үүрэг байхаар, худалдагч тал гүйцэтгэсэн тохиолдолд тээврийн зардлыг нэмж төлөх тухай гэрээний 7.3-т зааж тус тус тохиролцжээ.
4. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон талууд 2019.06.06-ны өдөр 2 дугаар барьцааны гэрээг байгуулж Н.Б.ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, .. тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Эдгээр гэрээг Г ХХК-ийг төлөөлж Н.Б. байгуулжээ. /хх 8-14/
5. Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгчээс түлш авч байсан боловч нэхэмжлэлд дурдсан их хэмжээний түлш аваагүй, шугаман зээлээр худалдан авах гэрээний дагуу худалдан авалт бүрийн захиалгыг баталгаажуулж тухай бүрт гэрээний хавсралт үйлдэж байх ёстой, нэг удаа ийм хавсралт бүхий 80,000,000 төгрөгийн түлш авсан, 39,000,000 төгрөгийг төлсөн, одоо 41,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж тайлбарлах боловч дараахь үндэслэлүүдээр шүүх хариуцагч Г ХХК-ийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн үнийг нь нэхэмжилж буй түлшийг хариуцагч компани бүрэн хүлээн авсан гэж дүгнэв. Үүнд:
5.1. Хэрэгт Шатахуун тослох материалын зарлагын падаанууд байна. Падаануудад ЖО ХХК, ПТ ХХК-иудын агуулахаас 2019.06.08-ны өдөр 22,220 литр, 2019.06.12-ны өдөр 20,000 литр, 2019.07.02-ны өдөр 20,000 литр, 2019.07.23-ны өдөр 21,100 литр, 2019.08.20-ны өдөр 21,100 литр, 2019.09.04-ний өдөр 22,880 литр буюу нийт 127,300 литр дизель түлшийг ачуулсан, борлуулагч буюу нийлүүлэгч байгууллага нь З ХХК, хүлээн авагч Г ХХК гэж тэмдэглэгджээ. Эдгээр нийлүүлсэн түлшээс 2019.08.20-ны өдрийн 21,100 литр түлшний үнэ байж болох 39,035,000 төгрөг 2019.08.19-ний өдөр төлөгдсөн, харин 106,200 литр түлшний үнэ 208,419,000 төгрөг төлөгдөөгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
5.2. 2019.06.08-ны өдөр 22,220 литр түлшийг жолооч Б.Д, 2019.06.12-ны өдөр 20,000 литр, 2019.07.02-ны өдөр 20,000 литр түлшүүдийг жолооч Г.Э, 2019.07.23-ны өдөр 21,100 литр, 2019.08.20-ны өдөр 21,100 литр түлшийг жолооч В.Б., 2019.09.04-ний өдөр 22,880 литр түлшийг жолооч Д.Б тээвэрлэсэн болох нь шатахууныг агуулахаас хүлээн авсан падаан, тэдний мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Дээрх түлшийг тээвэрлэсэн гэрч Б.Д нь 06.08-ны 22,220 литр шатахууныг хүлээн авч Г ХХК-нд тээвэрлэж хүргэсэн гэж, гэрч В.Б. нь миний машин 21,100 литр багтаамжтай, 7,8 саруудад машины хэмжээгээр түлш тээвэр хийсэн. Утсаар Жастын агуулахаас түлш аваад ир гэж захиалга өгч Сэлэнгийн Бугант руу тээвэрлэсэн, нярав ажилчид нь хүлээн авч байсан, Хаан банкны .. дансаар хөлсөө авсан гэж, гэрч Д.Б нь .. УНМ дугаарын автомашинаар 2019.09.04-ний өдөр дизель түлшийг З ХХК-иас хүлээн авч 2019.09.05-ны өдөр Сэлэнгэ аймгийнБоос хойш 10-15 км яваад уурхайд буулгасан, .. дугаарын данс ашигладаг ба Хаан банкны .. данснаас 2 хувааж шилжүүлсэн гэж, гэрч Г.Э нь өөрийн .. УБН дугаарын автомашинаар тухайн үед Сэлэнгийн Бугант руу түлш ачиж байсан санагдаж байна. Ачилт хийлгэх гэж байгаа байгууллага миний автомашины дугаарыг, багтаамжтай нь өгдөг, би падааныг аваад очдог, хүлээн авсан компанийн нэрийг сайн санахгүй, бид буулгаж өгөөд л явдаг, падаан дээрх гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн гэж тус тус мэдүүлжээ.
5.3. Нэхэмжлэгч З ХХК ЖО ХХК-тай Хамтран ажиллах гэрээг 2018.10.01-ний өдөр 1 жил 6 сарын хугацаатай байгуулж, агуулахад нь шатахуун хадгалуулж байсан, мөн ПТ ХХК-тай 2019.01.01-ний өдрөөс 10 сарын 31 хүртэл хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулах гэрээтэй байсан, уг хугацаанд Хан-Уул дүүргийн 3 хороо, Ажилчдын гудамжинд байрлах Тариалан эрхлэлтийг дэмжих сан-гийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад шатахуун хадгалуулж борлуулалт хийж байсныг ПТ ХХК тодорхойлсон байна. Дээрх компаниудын агуулахаас түлш ачиж авч байснаа гэрчүүд мэдүүлдэг.
5.4. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж хариуцагч компанид хүргэсэн жолооч нарын тээврийн хөлс нь тэдгээрийн данс руу хариуцагч компанид хамааралтай этгээдүүд болох Н.Б., М.Нгийн төрсөн дүү М.Оы данснаас шилжигдэн орж байсан байна.
Н.Б.ийн Хаан банкны .. тоот данснаас 2019.07.23, 26-ны өдрүүдэд тус бүр 700,000 төгрөг жолооч В.Б.ийн Хаан банкны .. тоот данс руу түлш тээвэр гэсэн утгатай шилжсэн,
М.Оы Хаан банкны .. гэсэн данснаас 2019.08.20-ны өдөр 600,000 төгрөг, 23-ны өдөр 700,000 төгрөг жолооч В.Б.ийн Хаан банкны .. тоот данс руу, 2019.09.04, 06-ны өдрүүдэд тус бүр 750,000 төгрөг жолооч Д.Бгийн Хаан банкны .. тоот данс руу түлш тээвэр гэсэн утгатай шилжсэн болох нь банкны дансны хуулгууд, банкны данс эзэмшдэг тухай тодорхойлолтоор тогтоогдож байна. Гэрч М.Ооос эгч Нинагийн мөнгө шилжүүлчих гэсэн данс руу шатахуун тээвэр гэсэн гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн.
Нэхэмжлэгч 2 удаагийн түлш тээврийг хариуцагчид хүргэсэн гэх ба тээврийн хөлс нь гэрээний хавсралтанд заасан гэрээний үнэ 80,000,000 төгрөгт орсон болохыг тайлбарлаж байна.
6. Хариуцагч Г ХХК-ийн хүлээн авсан шатахууны үнийг нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч 2019.08.19-ний өдөр төлөгдсөн 39,035,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 208,419,000 төгрөгийг, алданги торгууль 103,534,500 төгрөгийн хамт 311,953,500 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас нэхэмжилдэг. Нэхэмжлэгчийн түлшний үнийн тооцоолол 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан ба 1 литр түлшийг 1,850-2,000 төгрөгөөр тооцож байсан нь тухайн үеийн зах зээлийн түлшний бөөний үнийг /1 литр түлш 1,970-2,063 төгрөг/ тодорхойлсон Ашигт малтмал, газрын тосны газрын үнэтэй ойролцоо байна.
Талууд гэрээний дагуу 2019.06.06-ны өдөр 1 дугаартай хавсралтыг үйлдсэн ба тус хавсралтын дагуу 40,000 литр дизель түлшийг нэгжийн үнэ 1,940 төгрөгөөр тооцон нийт 77,600,000 төгрөгөөр худалдахаар, нийт төлөх төлбөр тээврийн зардлын хамт 80,000,000 төгрөг байхаар тохиролцжээ. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үнэ, гэрээний 5.2.2, 5.2.3-д зааснаар торгууль, алданги шаардах эрхтэй байна. Иймд гэрээний хавсралтаар нотлогдож байгаа хэмжээнд 80,000,000 төгрөгт тооцсон торгууль, алдангийг 40,000,000 төгрөгөөр хязгаарлан хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгчийн бусад нийлүүлсэн түлшний хувьд захиалга, худалдан авалтыг баталгаажуулсан хавсралт үйлдэгдээгүй байх бөгөөд үнийг хэдийд, хэрхэн яаж төлөх нь харагдахгүй байх тул үнэ төлөх үүргийг хугацаандаа төлөөгүй гэж гэрээний дагуу хариуцлага тооцох боломжгүй, зөвхөн түлшний үнийг гаргуулах нь зүйтэй байна.
Ийнхүү хариуцагч Г ХХК-иас нийлүүлэгдсэн түлшний төлөгдөөгүй үнэ 208,419,000 төгрөгийг, алданги торгуулийн 40,000,000 төгрөгийн хамт, нийт 248,419,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 63,534,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хариуцагч Н.Б.ийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, Компанийн дүрэмд гүйцэтгэх захирлаар М.Нг томилсон, Н.Б.ийг захирлаар томилсон гэсэн нь дүрмээр заагаагүй албан тушаал байсан, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь М.Н байсан тул үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн, хуульд заасан журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шаардлагаа үндэслэсэн.
8. Н.Б. нь Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Нтай хамтран ажиллахаар тохиролцсон гэх бөгөөд хамтын ажиллагааны явцад хөрөнгө оруулалт, компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор маргаан үүсч хохирол учруулсан гэх асуудлаар Н.Б. нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгасан байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.11.11-ний өдрийн 3839 дугаар прокурорын тогтоолоор М.Н нь 2019.09.10-ны өдрөөс өөрийгөө гүйцэтгэх захирал болсон гэж улсын бүртгэлд бүртгүүлэхээр баримт бичиг бүрдүүлэн өгөхдөө хувьцаа эзэмшигч Н.Б.ийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дуусч, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Н.Б. 2019.06.06-ны өдөр компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирлаар бүртгэгдэхдээ М.Нгийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх асуудал шалгагдсан гэх боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй ба шүүх компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирлыг тодорхойлохдоо улсын бүртгэлийг үндэслэх юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл нь гуравдагч этгээдийн хувьд үнэн зөв байдаг.
9. Улсын бүртгэлээр Г ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу захирлыг 2019.06.06-ны өдрөөс 2019.09.10-ны өдрийн хооронд, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах тухайн цаг хугацаанд Н.Б. хэрэгжүүлж байсан байна. Энэ утгаараа З ХХК, Г ХХК нарын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч нар хийсэн хүчин төгөлдөр гэрээ болно.
10. Харин дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд Г ХХК нь Н.Б.ийн өмчлөлийн ..тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү дугаартай, 70.18 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байж чадахгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг барьцаалагч гэж З ХХК, барьцаалуулагч гэж Г ХХК-иуд байгуулжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна, 9 дүгээр зүйлийн 9.1-т Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж заажээ. Гэтэл Г ХХК гэрээний үүрэгт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалалгүй, бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчсөн байна.
Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Б. Г ХХК-д өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийг олгосон боловч энэ нь гэрээг төлөөлж хийх эрхийг Г ХХК-д олгож байгаа болохоос биш, Г ХХК-ийг хөрөнгийн эзэн буюу барьцаалуулагч болгож буй асуудал биш юм.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байх ба хангаж шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,787,917 /1,717,717+70,200/ төгрөг, хариуцагч Н.Б.өөс төлсөн 753,150 /682,950+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1,400,045 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д, нэхэмжлэгч З ХХК-иас 753,150 төгрөг гаргуулж Н.Б.өд тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 248,419,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 63,534,500 төгрөгийн шаардлагыг болон үүргийн гүйцэтгэлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай хариуцагч Н.Б.өд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан З ХХК, Г ХХК-иудын хооронд байгуулагдсан 2019.06.06-ны өдрийн №2 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Н.Б.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай 70,48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг З ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,787,917 төгрөг, хариуцагч Н.Б.өөс төлсөн 753,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1,400,045 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д, нэхэмжлэгч З ХХК-иас 753,150 төгрөг гаргуулж Н.Б.өд тус тус олгосугай.
4. Хариуцагчид холбогдуулж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5429 дугаар захирамжийн 2 дахь заалтын үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болмогц дуусгавар болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С. БУД