Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1815

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02283 дугаар шийдвэртэй

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.У-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36 916 647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь “У” ХХК-аас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, ЗГ2018000020 тоот зээлийн гэрээгээр авсан. Мөн УФ2018000020 тоот барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48в байр 101 тоот хаягт байршилтай 44.1 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тэрээр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд үндсэн зээл хүүгийн хамт нийт 11 039 637 төгрөг төлсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал 238 хоногийн хүү 8 484 127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 696 825 төгрөг, үндсэн зээл 26 735 695 төгрөг, нийт 36 916 647 төгрөгийг М.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус “У” ХХК-аас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Зээл авсан асуудал дээр маргахгүй, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, одоогоор барилгын салбар уналтад ороод бэлэн мөнгөний боломжгүй байгаа тул зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 36 916 647 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48В байрны 101 тоот хаягт байрлах 44.1 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412 733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Би зээл авсан асуудалд маргаагүй бөгөөд зээлсэн мөнгийг барилгын салбарт хөрөнгө оруулсан боловч барилгын салбар уналтад ороод эргэн төлөлтийн график тасалдсан. Цаашид зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх хүсэлт сонирхолтой байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч М.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 916 547 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч М.У нь нэхэмжлэгч “У” ХХК-аас 30 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.16-19/

            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч М.У нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, шүүх энэ талаар зөв дүгнэжээ. 

            Хариуцагч М.У нь зээлийн төлбөрийн хэмжээг үгүйсгэсэн талаарх тайлбар, баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргаагүй байх тул шүүх зээлдүүлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоололд /хх.53/ үндэслэж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 36 916 647 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “У” ХХК нэхэмжлэлийн нэг шаардлагаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүх барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, 48в байр 101 тоот хаягт байршилтай, 44.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 412 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                            ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО